Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 213/МА2022/00001

 

Ч.*******ын нэхэмжлэлтэй

А.*******д холбогдох иргэний хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.*******сайхан, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 131/ШШ2021/00640 дугаар шийдвэртэй,

 Нэхэмжлэгч *******гийн *******ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч *******гийн *******д холбогдох

Худалдах худалдан авах гэрээний үүрэг буюу малын үнэ 11.050.000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч А.*******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа, хариуцагч А.*******, хариуцагчийн өмгөөлөгч С.Должинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 А.******* нь нь Ч.*******оос 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 203 тооны эм хонь нэр бүрийг 50.000 төгрөгөөр нийт 10.150.000 төгрөг, 30 хурга нэр бүрийг 30.000 төгрөгөөр нийт 900.000 төгрөгөөр тооцож нийт 11.050.000 төгрөгийн 233 тооны бог малыг бэлэн мөнгөөр авахаар харилцан тохиролцсон. Тохиролцсон ёсоор Л.Амаржаргалын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас 35км зайд орших Шар нүдэн гэх газраас малаа туулж Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1-р багийн төв дээр А.*******д тоо ёсоор хүлээлгэх өгсөн. Тухайн үед А.******* хүүгийн хамт явж байсан. А.*******д малаа хүлээлгэх өгөөд малаа авах гэтэл мөнгө байхгүй 200 хонь буюу 10.000.000 төгрөгийн оронд Toyota prius-20 маркийн автомашин өгье гэсэн санал тавьсан. Миний хувьд нэгэнт туугаад ирсэн болохоор яаж буцаагаад туугаад явах билээ гэж бодоод зөвшөөрсөн. Гэтэл Toyota prius 20 маркийн автомашин Улаанбаатар хотод хүүхэд унаж байгаа ирэхээр нь утсаар ярьж байгаад удахгүй өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэдийгээр хуучин навсгар ч гэсэн Toyota Prado-78 маркийн автомашиныг нь Toyota prius-20 автомашинаа өгөх хүртэл хугацаанд хашаанд байж байг гэхэд А.******* зөвшөөрсөн тул би унаад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-16-05 тоот хашаа болох аав *******гийн хашаанд тавьсан тэр цагаас хойш унаагүй хэвээрээ байгаа. Түүнээс хойш А.******* руу удаа дараа утсаар ярихад Toyota prius-20 автомашинаа өгч чадахааргүй болсон, наад машиныг чинь янзлуулаад өгнө ямар ч байсан чамайг хохиролгүй болгож өгнө гэж хэлснээс хойш одоог хүртэл утсаа авахгүй байна. Иймд А.*******аас бог малын үнэ 11.050.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь шүүхэд хандан А.*******аас бог малын үнэ 11,050,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд нэхэмжлэгчээс А.******* нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 203 тооны эм хонийг нэг бүрийг 50,000 төгрөгөөр нийт 10,150,000 төгрөг, 30 хурга нэг бүрийг 30,000 төгрөг нийт 900,000 төгрөг бүгд 11,050,000 төгрөгийн 233 тооны мал авахаар утсаар ярьж харилцан тохиролцсон. Тохиролцон ёсоор Л.Амаржаргалын хамт Шар нүдэн гэх газраас малаа туугаад Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн төвд авчирч А.*******д тоо ёсоор хүлээлгэн өгөөд мөнгөө авах гэтэл А.******* нь бэлэн мөнгө байхгүй гэдгээ хэлсэн. Эдгээр хүмүүс хоорондоо А.*******ын хүүхдийн Toyota Рrius-20 маркийн автомашиныг худалдан авахаар харилцан ярилцаж байсан бөгөөд тухайн үед Toyota Рrius-20 маркийн автомашин нь Улаанбаатар хот руу А.*******ын хүү унаад явсан байсан. Тухайн үед тохиролцохдоо зарсан малын үнэ 10,000,000 төгрөгт Toyota Рrius-20 маркийн машиныг авахаар болж, үлдсэнийг бэлэн мөнгөөр өгөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч нь Toyota Рrius-20 машинаа Улаанбаатар хотоос ирэхээр Ч.*******т хүлээлгэх өгнө гэсэн асуудлыг ярьсан байдаг. Нэхэмжлэгч Ч.*******ын зүгээс А.*******ын Toyota Prado-78 маркийн автомашиныг барьцаанд авч үлдээд Toyota Рrius-20 машинаа хүлээлгэж өгөөд Toyota Prado-78 машинаа буцаагаад авах талаар хэлж малаа хүлээлгэн өгснөөр тухайн үйл явдал дууссан байдаг. Уг барьцаанд авсан гэх Toyota Prado-78 маркийн машиныг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 16-05 тоотод аваачиж тавьсан, тэр өдрөөс хойш байрнаасаа хөдлөөгүй байдаг. Энэ үйл явдлаас хойш нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай Toyota Рrius-20 маркийн автомашинаа авах талаар утсаар ярихад машинаа зарсан талаар хэлсэн тул нэхэмжлэгч нь А.*******аас мөнгөө нэхэхэд мөнгийг нь өгөхгүй, сүүлдээ утсаа авахаа больсон тул шүүхэд хандсан. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь малын тоо дээр маргаж байгаа энэ нөхцөлд тухайн үйл явдал дээр байсан Л.Амаржаргал нь 233 тооны эм хонь байсан гэдгийг мэдүүлдэг тул түүний мэдүүлгийг чухалчилж хараасай гэж хүсэж байна. Toyota Рrius-20 машиныг хоорондоо авах талаар ярилцаж байсан гэсэн зүйлийг ярьдаг. Нэхэмжлэгч нь хонио тууж очихдоо мөнгөөр зарна гэж бодож очсон боловч хариуцагч мөнгө байхгүй гээд Toyota Рrius-20 машинаа санал болгож энэ талаар А.*******ын хүүхдээс асуухад зөвшөөрөөгүй тул нэхэмжлэгч нь мөнгөө автлаа Toyota Prado-78 машиныг нь барьцаанд авсан байдаг. Гэрчийн мэдүүлгүүдийг уншихад хариуцагч талаас асуулгасан гэрчүүд нь зөрүүтэй мэдүүлгийг өгсөн нь харагддаг. Гэрч н.Ихбаяр ганц А.*******ын тууж явсан 230 тооны малыг машинд ачсан гэдэг боловч, Мөнхбаатар нь олон тооны мал ачиж явсан тул тоог мэдэхгүй гэсэн зүйлүүдийг ярьдаг. Үнэхээр туранхай малууд байсан бол хариуцагч А.******* Улаанбаатар хот руу эрсдэл үүрч борлуулах шаардлага байсан эсэх нь эргэлзээтэй байдаг. Борлуулсан гэх баримт дээр 165 хонийг борлуулж 7,191,600 төгрөгийг ашиг олсон байна гэдэг нь харагддаг. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч А.*******д өөрийн өмч хөрөнгийг хүлээлгэн өгсөн болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид малынх нь оронд Toyota Prado-78 машинаа хүлээлгэн өгсөн гэж тайлбарладаг боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, гарган өгөөгүй байдаг. Иймээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.******* шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Харууцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ч.******* танил нь 2020 оны 9 дүгээр сард 200 эм хонь зармаар байна та аваадах уу гэж надтай уулзсан. Хариуд нь би чи хэдээр зарах юм бэ гэхэд 1 хонийг 40.000 төгрөгөөр зармаар байна гэж хэлэхэд би зах зээлийн үнэ 30.000 төгрөг байна энэ үнээр авна гэсэн. Тэгээд бид хоёр үнэн дээр тохиролцоогүй гэтэл Ч.******* өмнө нь манай хүүгийн унадаг Toyota prius-20 маркийн автомашиныг сонирхдог байсан. Тэгээд тухайн үед манай хүүгийн машиныг 200 эм хониороо сольж авъя гэхэд хүү маань малыг үзээд үнээ барихгүй юм байна гээд больчихсон юм. Ингээд 2020 оны 10 дугаар сард болсон орон нутгийн сонгуулийн өдөр над руу 88251551 дугаарын утсаар миний 80080122 дугаарын утас руу ярьж манай гэр Жинст сумын Нарийн хар гэх газар руу нүүж байна би нөгөө 200 ширхэг хонио, Улаанбаатар руу хүнд зарах 30 хургатай Өлзийт сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Шар нүдэн гэх газарт аваад үлдлээ. Би тань руу малаа туугаад аваад очлоо таны Toyota Prado-78 маркийн автомашиныг малаараа авахаар боллоо, өмнөөс машинаа унаад хүрээд ирээ газрын дунд солилцъё гэсэн. Ч.******* 4-5 жилийн өмнө миний Toyota Prado-78 маркийн автомашиныг худалдаж авна гээд сонирхож байсан хүн юм. Тухайн үед машиныхаа үнийг 15.000.000 төгрөгөөр зарна гэж хэлж байсан. Ингээд миний бие машинаа 200 хониор сольж түүнд зарахаар болоод машинаа унаад урдаас нь очсон. Машин мал хоёрыг солихдоо Өлзийт сумын 1 дүгээр багийн төв дээр байрлах мал угаах хашаанд малаа авч ирж өгөөд манай хүүхэд бид хоёрыг Өлзийт суман дээр хүргэж өгчхөөд Toyota Prado-78 маркийн машиныг унаад явсан. Түүнээс хойш бид хоёр хоорондоо утсаар холбоотой байсан. 2020 оны 11 дүгээр сард машины хойд хоёр амортизатор сольё цохиод байна. Та надад амортизатор худалдан авсан 150.000 төгрөгийг өгөөрэй гэхэд нь би зөвшөөрч өгөхөөр болсон. Би Ч.*******оос бэлэн мөнгөөр болон Toyota prius-20 маркийн автомашин сольж өгөх талаар ямар нэгэн хэлцэл болон гэрээ хийгээгүй. Надад анхнаасаа мал бэлэн мөнгөөр худалдан авах уу гэсэн санал тавьсан мөн Toyota prius-20 маркийн автомашиныг малаар солих санал л тавьсныг би хүлээн зөвшөөрөөгүй. Харин надаас миний Toyota Prado-78 маркийн автомашиныг малаар худалдан авах санал тавиад энэ саналыг нь би хүлээн зөвшөөрч машинаа зарсан. Харин автомашинаа өөрийнх нь нэр дээр шилжүүлж өгөөгүй байгаа. Учир нь коронавирус цар тахлын нөхцөл байдлаас болоод мөн миний бие 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хөлөө гэмтээгээд Улаанбаатар хот руу явж хагалгаанд ороод 2021 оны 02 дугаар сарын дундуур ирээд гэрийн асаргаанд байж байгаад 2021 оны 05 сарын эхээр хөл дээрээ боссон. Энэ хооронд Ч.******* над руу ярьж байсан машиндаа дрилл өнгөлгөө болон хаалганы цоожнуудаа янзлуулмаар байна. Та төгрөгийг нь өгнө биз дээ гэж ярьж байсан. Би тухайн засваруудынх нь төгрөгийг хүлээн зөвшөөрч байсан. Улаанбаатар хот руу явуулах 30 хурганы хувьд би өөрөө Ч.*******т зарж өгнө гээд тухайн үед 200 хоньтойгоо хамт аваад үлдсэн. Хургыг миний бие 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Өндөр ширээт сумын иргэн Баяраа гэх хүнд худалдсан, мөнгийг нь тэгж байгаад өгнө гээд надад хэлсэн. 2021 оны 02 дугаар сард би хурганы мөнгийг Баяраагаас нэхэхэд хаш хөөрөг байна сонирхох уу нөгөө хүндээ хэлээд өгөх үү гэхэд нь би Ч.*******т санал болгоход хөөргийг нь сонирхоод үзье зургийг нь фейсбүүкээр явуулчих гэсэн. Ингээд өнөөдрийг хүртэл Баяраа хөөрөгний зураг явуулаагүй тул би *******т зургийг явуулаагүй. Баяраа гэх хүнээс 30 хурганы 750.000 төгрөгийг миний бие удалгүй авч өгнө. Миний хувьд нэхэмжлэгчид ямар нэгэн өгөх өр байхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч А.*******аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 11.050.000 /арван нэгэн сая тавин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191.750 /нэг зуун ерэн нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******аас 191.750 /нэг зуун ерэн нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгож шийдвэрлэжээ.

 Хариуцагч А.******* тус шүүхэд гаргасан гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар 131/ШШ2021/00640 шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаагийн шүүхэд “А.*******аас бог малын үнэ 11 050 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болно."

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа болон хариуцагч миний шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэл тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргийг үнэлж дүгнэн А.******* надаас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 11.050.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгуулж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

Миний бие Ч.*******ын өөрийнх нь хүсэлтийн дагуу Прадо-78 маркийн автомашинаа түүнд 200 хониор худалдаж өгсөн. Ингэхдээ 30 хургийг намайг хонио зарахаараа зараадхаарай гэж хамт өгсөн. 30 хургийг би тухайн үеийн зах зээлийн ханшаар 1 ширхгийг нь 25.000 төгрөгөөр өгч нийт 750.000 төгрөг болсон. Энэ төгрөгийг Ч.*******т өгөх гэтэл Ч.******* хургийг 1 ширхгийг 30.000 төгрөгөөр өгөх байсан юм. Надаас 30.000 төгрөгөөр бодож авна гэж маргасан. Миний бие хурганы үнийг зарсан үнээр буюу 750.000 төгрөгийг Ч.*******т төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн түүнчлэн тухайн жил буюу 2020 оны 10 дугаар сарын байдлаар мал махны зах зээлийн хан маш хямд үнэтэй, зуншлага муугаас малын тарга тэвээрэг муу, малчин иргэд үй олноороо амьд мал, малын махыг ихээр зарж борлуулж байсан бөгөөд үүнтэй холбоотойгоор амьд малын үнэ маш хямд байсан. Засгийн газраас нэгдсэн бодлогоор амьд хонийг 15 кг жингээс дээш жинтэй хонийг 40 000 төгрөгөөр, 15 кг жингээс доош жинтэй хонийг 30 000 төгрөгөөр хувийн хэвшил болон улсын үйлдвэрийнх худалдалдаж авч байсан цаг байсан.

Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн “Энх нахиа" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй хэт нэг талыг барьсан дүгнэлт байсан бөгөөд шүүх энэ дүгнэлтээр тухайн үеийн нөхцөл байдлыг үнэлсэн.

Миний эзэмшлийн Прадо-78 маркийн автомашин нь Ч.*******т худалдах тухайн үед ямар ч эвдрэл гэмтэлгүй бүрэн бүтэн байсан бөгөөд миний бие машинаа өөрийн биеэр унаж очин Ч.*******т хүлээлгэн өгч байсан. Прадо-78 маркийн автомашиныг Ч.*******т худалдсаны дараагаар машины эзэмшлийг Ч.*******ын нэр дээр шилжүүлж өгнө гэж байтал миний бие эрүүл мэндийн шалтгаанаар Эмнэлэг болон гэрийн асаргаанд байж байгаад 2021 оны 05 дугаар сараас хөл дээрээ босож, Ч.*******той уулзах гэж байтал намайг шүүхэд өгсөн байсан.

Анхан шатны шүүх бодит нөхцөл байдлыг үнэлж дүгнэлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн дугаар 131/ШШ2021/00640 шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагч А.*******ын давж заалдах журмаар бичсэн гомдлын үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад:

Нэхэмжлэгч Ч.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа нь А.*******ын өмчлөлд шилжүүлсэн 200 эм хонь, 30 хурганы үнийн 11 050 000 төгрөгийг хариуцагч А.*******аас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн, хариуцагч А.******* нь өөрийн Прадо-78 маркийн автомашинаа 200 хониор нь сольсон, 30 хурганы үнийн 750.000 төгрөгийг Ч.*******т төлнө гэх гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд нэхэмжлэгч Ч.******* нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 200 эм хонь, 30 хургыг хариуцагч А.*******ын өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч А.******* нь хонь, хургыг биет байдлаар үзэж хүлээн авсан талаар талууд маргаангүй, хариуцагчид хонийг хүлээлгэж өгөх үед хамт байсан Л.Амаржаргалын гэрчээр мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогджээ.

 Хариуцагч 200 эм хонийг нэг бүрийн 30,000 төгрөг, 30 хургыг хүнд зарж өгөхөөр 25,000 төгрөгөөр худалдаж авсан. 200 эм хонины өртөгт бодож Toyota Pradо-78 маркийн автомашиныг нэхэмжлэгч Ч.*******т өгсөн, одоо 30 хурганы үнэ 750,000 төгрөгийг төлнө гэх маргаан бүхий тайлбарыг нотлох, нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

 Нэхэмжлэгч нь Toyota Prado-78 маркийн автомашиныг “...Toyota prius-20 автомашинаа өгөх хүртэл хугацаанд барьцаанд авсан..”, хариуцагч нь “... нэхэмжлэгч Ч.*******т 200 эм хонины өртөгт өгсөн...” гэх зөрүүтэй тайлбаруудыг гаргасан байх бөгөөд хариуцагч Toyota prius-20 автомашинаа өгөх хүртэл хугацаанд Toyota Prado-78 маркийн автомашинаа нэр бүхий айлын хашаанд тавьсан талаар гэрч Д.*******, Д.Цэндээ нарын мэдүүлсэн хэдий ч Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.3-т “...Энэ хуулийн 156.1-д заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байдаг болно.

 Мөн хариуцагч А.*******ын анхан шатны шүүхэд гаргаж өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 165 ширхэг 2013 кг хонины мах 6,441,600 төгрөг гэх Эмээлт Эрдэнэ трейд ХХК-ийн зарлагын баримт, “...Гомбо овогтой Мөнхжаргал миний бие 2020 оны 10 дугаар сарын 20-нд Өлзийт сумын иргэн А.*******аас 25 тооны хурга нэг бүрийн үнэ 25,000 төгрөгөөр худалдаж авсан үнэн Т.Мөнхжаргал” гэх баримт нь А.*******ын хонины махны зарлагын баримт мөн эсэх нь тодорхойгүй, хонины тоог 165 гэж, хургийг 25,000 төгрөгөөр авсан гэх баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан хуулийн шаардлагад нийцээгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 Нэхэмжлэгч тал “... Баянхонгор аймагт 2020 оны 9, 10 дугаар сарын байдлаар нэг эм хонь 70,000 төгрөг...” гэх Энх-нахиа” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг шүүхэд гаргаж өгснийг нотлох баримтад авч үнэлээгүй, харин нэхэмжлэгч нэг эм хонийг 50,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэл гаргасны дагуу шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй юм.

Нэхэмжлэгч Ч.******* нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх ...үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.” гэж, 208 дугаар зүйлийн 208.2-т “Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй ...бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна.” гэж тус тус заасны дагуу хариуцагч А.*******аас 200 эм хонь, 30 хурганы үнийн 11 050 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар хариуцагч А.*******аас “Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд малын үнийн 11 050 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.*******ын давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хангахгүй орхиж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191750 төгрөгийг төвлөрсөн төсвийн санд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 131/ШШ2021/00640 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191750 төгрөгийг төвлөрсөн төсвийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч талууд давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь Монгол Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй дурдсугай.

 

 

               

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 

 ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

 

                                                                                     Г.УЛАМБАЯР