Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 131/ШШ2021/00676

 

Баянхонгор аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Батдорж даргалж, шүүгч Т.Гангэрэл, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******н *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******гийн *******д холбогдох,

“Авто машинд учруулсан хохиролд 5,236,000 төгрөг, үнэлгээний зардалд 300,000 төгрөг, Улаанбаатар хот руу машин ачих зардалд 350,000 төгрөг нийт 5,886,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Должинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгон, хариуцагчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Должинсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А.******* би 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос 18 цагийн орчим өөрийн эзэмшлийн Toyota Prius-20 маркийн 0375 БНА улсын дугаартай автомашинаар Баянхонгор аймгийн төвд байрлах гэр рүүгээ явахаар хамт хань болж явах Өлзийжаргал гэх танилын Toyota Prius-10 маркийн автомашинтай хамт гараад Улаанбаатар хотоос 130 км зайтай явж байгаад замдаа Төв аймгийн Лүн сумын Урьхан гэх хоолны газар зогсож хамт явж байсан машинаа хүлээгээд ирэхээр нь өөрийн машинд сууж явсан өөрийн дүү болох А.Бат-Эрдэнийг хамт явж байсан Toyota Prius-10 маркийн автомашин руу суулгасан. Учир нь манай дүү архи уусан байсан. Миний бие спиртийн харшилтай харшил хөдлөөд байхаар нь дүүгээ хамт явж байсан машин руу орж суулгасан. Гэтэл миний машинд дүүтэй зөрөөд нөгөө машинаас Д.******* гэх залуу орж ирж миний машинд хамт сууж явсан. Ингээд Урьхан хоолны газрын гаднаас хөдлөөд Өвөрхангай аймгаас наана 70км орчим зайд явж байтал хамт явж байсан машины клим нь салаад би зогссон. Буцаад хөдлөх үед миний машинд сууж явсан Д.******* гэх залуу би том болон жижиг тэрэг барьдаг, таны машиныг бариад жаахан явах уу гэхээр нь чи машин сайн барьж чадах уу... бичиг баримт чинь байгаа юу... гэж асууж байгаад байгаа гэхээр нь хүлээн зөвшөөрөөд машинаа бариулсан. Миний машиныг бариад 50 км яваад машин гүйцэд түрүүлэх үйлдэл хийж байгаад жолоо алдаж машиныг маань унагаж машины гадна болон дотор талд нэлээдгүй гэмтэл учирсан. Тухайн үед Д.******* ...миний буруу би машинд чинь учруулсан бүх хохирлоо төлнө гэхээр нь цагдаагийн байгууллагад мэдээлэлгүйгээр бид тухайн осол гарсан замаасаа хөдлөөд Өвөрхангай аймгийн төв рүү орж аймгийн Цагдаагийн газар нь очиж тухайн мэдээлэл болон гомдлын талаар авто замын цагдаа Батцэрэн гэх хүнд хэлтэл Машиндаа үнэлгээ гаргуулаад ир гээд Өвөрхангай аймгийн Хөрөнгийн үнэлгээ төслийн Лэндс ХХК-ийн үнэлгээчин Д.Оюундарь гэх хүнээр Toyota Prius-20 маркийн авто машины хохирол, эвдрэл гэмтлийн үнэлгээг гаргуулаад дахин байцаагч Батцэрэн дээр очтол ...та нар хоорондоо тохирч байгаа бол яах вэ.. хол газрын хүмүүс хоорондоо зохицоо..., Д.*******д хандаж энэ хүний машинд нь учруулсан хохирлоо барагдуулаарай гээд бид нарыг явуулсан. Ингээд миний бие Баянхонгор аймагт 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ирээд, ирсэн өдрөөс хойш Д.*******гоос машинд учруулсан хохирлоо төлөхийг удаа дараа шаардсан болов ч одоог хүртэл миний хохирол гомдлыг барагдуулахгүй харин ч урдаас төлөх боломжгүй, заримыг нь төлнө гэх мэтээр ярьж хохирлыг маань барагдуулахгүй байгаа учир дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Д.*******гоос машинд учруулсан таван сая хоёр зуун гучин зургаан мянган төгрөг /5.236.000/, Үнэлгээний зардал болох 300.000 төгрөг, аймгийн төвөөс Улаанбаатар хот руу машин ачиж явах зардал 350.000 төгрөг нийт 5.886.000 төгрөгийг Баянхонгор сумын 5 дугаар багийн 10-6 тоотод оршин суух Д.*******гоос гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: “2020 оны 10 дугаар сард А.*******тэй хамт Баянхонгор аймаг явж байсан юм. А.******* нь жаахан үүрэглээд, ядраад байна гээд байсан ба миний дүү машин бариад жаахан яваадхаач гэж надаас гуйсан. Би машиныг нь жолоодож яваад замын хажуу руу унгаасан юм. Хүн гэмтэж бэртээгүй машины салхины шил, урд копут, 1 толь, борооны хаалт зэрэг нь эвдэрсэн байсан. Харин машиныг босгохдоо хүмүүс хүчтэй түлхэж хаалгыг нь бага зэрэг цөмлөсөн байсан. Тэр үед би цагдаа дуудъя, даатгал дуудъя гэсэн ч А.******* нь “...дуугүй наад машин босгоодох, хүний машин унагаачхаад яасан ичдэггүй юм гээд загнаад”, мөн дүү нь согтуу байж байгаад намайг хэд, хэдэн удаа цохисон. А.******* Өвөрхангай аймагт үнэлгээ гаргуулсан байсан. Би мэдээгүй. Энэ үнэлгээ нь 50-51 БНХ гэсэн өөр машин дээр үнэлгээ хийлгэсэн байсан. А.*******ийн машин бол 03-75 БНА гэсэн машин юм. Үнэлгээ хийлгэсэн өөр машин буюу 50-51 БНХ гэдэг машины эвдрэл нь хаалга зүүн хойд, салхины шил урд, копут, хаалга зүүн урд, кузов, толь зүүн, борооны хаалт 2, шатун 2 ш, кришикний жийрэг, агаар шүүгч гэх мэт эвдрэл үнэлсэн байсан. А.*******ийн машин 03-75 БНА бол салхины шил, копут, борооны хаалт, хаалга эвдрэлтэй байсан. Өөрөөр хэлбэл ******* өөрийн машинаа хөлөөр нь аймаг руу орж ирсэн. Буцаад үнэлгээ хийлгэхээр Өвөрхангай аймаг явсан. Буцаад аймагт ирсэн юм. Тийм машин кришик, шатун, кузов эвдэрсэн байх боломжгүй юм. Тийм эвдрэлтэй бол унасан газраасаа ч хөдлөхгүй юм. Үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Учир нь өөр машины үнэлгээ юм. А.*******ийн машины эвдрэлийг засах сэлбэгийн зах зээлийн ханш 1.200.000 төгрөгт бүрэн багтана. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Бодит хохирол, үнэлгээг үндэслэж эвлэрэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.

Нэхэмжлэгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор луу өөрийн автомашинаар явж байсан. Замд явж байтал Б.******* гэх залуу миний машинд суусан. Тухай үед Д.******* нь эгчээ би таны машиныг жоохон жолоодоод явъя, би таван толгойд машин жолооддог байсан, машин барих туршлагатай гээд дахин дахин гуйгаад байсан. Тэгээд би бичиг баримттай эсэхийн тодруулж, машинаа жолоодуулсан. Жолоог солиод 50 километр явсны дараа машин осолдсон. Миний машинд учирсан эвдрэл, гэмтлийн хохирлын мөнгийг үнэлгээний компанийн гаргасан үнэлгээгээр нэхэмжилж байгаа. Тухайн үед Д.******* үнэлгээний компанийн гаргасан үнийг хүлээн зөвшөөрч 14 хоногийн дотор 2 хувааж төлнө гэж хэлж байсан. Ингээд нотариат орохоор тохирсон боловч надтай уулзахаас зугтаж өдийг хүртэл уулзаагүй байдаг. Би өөрийн машины эвдэрсэн эвдрэл гэмтлийг өөрөө мөнгө гарган засуулж бусдад зарсан” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан 5,886,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн машинд 1,300,000 төгрөгийн засвар хийх боломжтой байсан. Мөн А.******* нь тухайн автомашиныг бусдад зарсан байгаа тул засварын мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Должинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.*******ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч талын зүгээс нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй хэмээн маргадаг. Нэхэмжлэгч нь тухайн Toyota Prius-20 маркийн автомашиныг “Номгон Буурал” ББСБ-д барьцаанд тавьж өөрөө эзэмшигчээр явж байсан бөгөөд “Номгон Буурал” ББСБ болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан гэрээгээр тухайн автомашины бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй байсан. Мөн тухайн автомашинд бусдын учруулсан эвдрэл гэмтлийг өөрөө нэхэмжлэх эрх байсан учир нэхэмжлэлээ гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн үед жолоогоо шилжүүлэхийг үнэхээр хүсээгүй боловч хариуцагч Д.******* олон дахин гуйсан тул түүнд итгэж жолоогоо түр шилжүүлсэн байдаг. Тухайн осол болсны дараа нэхэмжлэгч цагдаагийн байгууллагыг дуудлага өгөх бүрэн боломжтой байсан хэдий ч хариуцагч цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүйгээр хариуцлагаа үүрч хохирлоо төлөхөө илэрхийлсэн тул Өвөрхангай аймагт үнэлгээний компаниар үнэлгээг гаргуулсан. Мөн нэхэмжлэгч нь автомашинаа зарсан асуудал нь түүний амьдралын шаардлага буюу тэрээр дахин машин авах хүсэлтэй байсан учир автомашины эвдрэл гэмтлийг оруулж, зохих үнээр нь машинаа зарсан. Тухайн үед Д.******* нь осол гаргаагүй байсан бол нэхэмжлэгч автомашинаа тухайн үеийн зах зээлийн үнээр нь буюу 12.000.000 төгрөгөөр худалдан борлуулах боломжтой байсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлага хангаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнө энэ асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаан болж асуудлыг нэлээн дэлгэрэнгүй ярьсан байдаг. Энэхүү хэргийн агуулгаас харахад Д.******* гэх хүн их муу хүн байгаа мэтээр харагдаж байх шиг байна тийм зүйл байхгүй юм. Учир нь тухайн осол болсны дараа автомашинд учирсан эвдрэл гэмтлийг засварлахад 1.500.000 төгрөг хангалттай багтахаар байна гэж өөрийн тооцооллоор үзсэн учир Д.******* энэ үнийн дүнгээ хэлж төлөх талаар илэрхийлсэн байдаг. Гэтэл энэ үнийн саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй тул эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн байдаг. Шинжээчийн үнэлгээ нь үнэн зөв гарсан эсэх нь эргэлзээтэй учир нь шинжилгээний зүйлийг биет байдлаар үзэлгүй үнэлгээ гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь тухайн автомашинд гарсан эвдрэл гэмтлийг засварлах зардлыг нэхэмжилсэн байдаг. Уг тээврийн хэрэгслийг зарсан байгаа нь тухайн техник хэрэгслийг худалдан авч тухайн тээврийн хэрэгслийг засварлах бодит нөхцөл байдал байхгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс 1,400,000 гаруй төгрөгөөр машиндаа засвар хийсэн гэж тайлбарлаж байгаа нь хариуцагчийн осол гарсны дараа нэхэмжлэгчид тавьсан үнийн санал бодит байсан юм болов уу гэсэн бодол төрж байна. Мөн тухайн осол болох үед тээврийн хэрэгсэл нь “Номгон Буурал” ББСБ-ын өмчлөлд байсан бөгөөд одоогийн байдлаар ч мөн А.*******ийн өмчлөлд тухайн тээврийн хэрэгсэл байхгүй тул тухайн автомашины нэхэмжлэгч нь А.******* биш болох нь нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан “Автомашинд хохирол учруулснаас үүссэн гэм хорын хохирол 5,886,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Автомашинд хохирол учруулснаас үүссэн гэм хорын хохирол 4,900,000 төгрөг гаргуулах тухай” гэж багасгасан.

Нэхэмжлэгч А.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд өөрийн эзэмшлийн Toyota Prius-20 маркийн 03-75 БНА улсын дугаартай автомашинаар зорчих явцад автомашинд зорчиж явсан Д.******* нь автомашиныг түр хугацаагаар жолоодох үедээ зам тээврийн осол гарган автомашинд хохирол учруулсан хохирлыг гаргуулна” гэж шаардаж байна.

Хариуцагч Д.******* нь “...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнг зөвшөөрөхгүй, бодит байдалд нийцэхгүй үнэлгээгээр хохирол шаардсан. ...А.******* тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч биш гэж тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Шүүхээс зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.

2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч А.*******ийн зөвшөөрлөөр түүний 03-75 БНА улсын дугаартай Toyota Prius-20 маркийн автомашиныг жолоодож явахдаа Өвөрхангай аймгийн нутагт зам тээврийн осол гарган автомашинд хохирол учруулсан үйл баримт нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Тухайлбал, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эмчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хийсэн үзлэгээр авто ослын улмаас А.*******ийн биед тархины доргилт, баруун мөр орчмын зөөлөн эдийн гэмтэл учирсан гэсэн бол А.Оюунчимэгийн биед тархины доргилт гэсэн онош тус тус тавигдаж, хэвтрийн дэглэм баримтлахыг зөвлөсөн тодорхойлолт , гэрч А.Оюунчимэг шүүхэд өгсөн мэдүүлэгтээ автомашины осол гэмтлийг Д.******* нь автомашин жолоодох явцдаа гаргасан гэж мэдүүлжээ.

Түүнчлэн, хариуцагч Д.******* нь тухайн цаг хугацаанд А.*******ийн автомашиныг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан болохоо хүлээн зөвшөөрсөн, энэ нь бусдын буруутай үйл ажиллагаа болон бусад гадны хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн тухай тайлбар гаргаагүй, талууд энэ талаар маргаагүй.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас өөрийн эд хөрөнгөнд учирсан хохирлыг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хариуцагчийн хууль бус үйлдэл нь нэхэмжлэгчид учирсан хохиролтой шалтгаант холбоотой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч А.******* нь өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг буруутай этгээд болох хариуцагч Д.*******гоос шаардах эрхтэй байна.

Мөн Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь автомашинд хохирол учруулснаас зарим нэг эд ангийг өөрийн зардлаар засварлан үнийг нь бууруулж 5,500,000 төгрөгөөр өөр этгээдэд зарсан, хэрвээ хариуцагчаас осол гаргаж автомашинд эвдрэл учруулаагүй бол 12,000,000 төгрөгөөр зарагдах байсан гэх тайлбар гаргаж “Энх-нахиа” ХХК-ийн үнэлгээний үнийн дүнгээр буюу 4,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

Хариуцагч талын зүгээс А.******* тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч биш тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч А.******* нь 2006 онд үйлдвэрлэгдсэн, NHW2076044029 арлын дугаартай, Toyota Prius-20 маркийн цайвар ногоон өнгийн автомашиныг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр О.Нямсүрэнгээс худалдаж авч тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгүүлж, улмаар 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Номгон буурал ББСБ” ХХК-тай 2,900,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулахдаа тус тээврийн хэрэгслийг иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан фидукцийн гэрээ байгуулан “Номгон буурал ББСБ” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн болох нь хэрэгт авсанд Баянхонгор аймгийн Авто тээврийн төвөөс гаргаж ирүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэдийгээр, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр буюу Д.******* автомашиныг түр хугацаагаар жолоодох үедээ зам тээврийн осол гаргах үед тус тээврийн хэрэгсэл “Номгон буурал ББСБ” ХХК-ийн нэр байсан боловч нэхэмжлэгчийн зүгээс “...тухайн үед би зээлээ бүрэн төлсөн байсан бөгөөд тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй байсан” гэх тайлбар, “Номгон буурал ББСБ” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 07/27/69 дугаартай албан бичигт “...А.******* нь зээлийн эргэн төлөлтөө 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлж дуусгасан”, гэрч “Номгон буурал ББСБ” ХХК-ийн Баянхонгор аймаг дахь салбарын дарга Д.Ганхуягийн мэдүүлгээр “...фидукцийн гэрээгээр шилжүүлсэн автомашиныг А.******* нь өөрийн эзэмшилдээ байлгаж, гадуур унаж хэрэглэх эрхтэй, хохирлыг нэхэмжлэх эрх А.*******т олгосон, манай байгууллагад хамаарахгүй” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж, мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т “өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна”, гэж, 91 дүгээр зүйлийн 91.1-т “Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно” гэж тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч А.******* нь осол гарах үед тус автомашиныг эзэмшиж, ашиглаж байсан нь хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр бүртгүүлээгүй явдал нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иймд хариуцагч нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирлыг хариуцан төлөх үүрэгтэй.

Хэдийгээр, Хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10/27 дугаартай үнэлгээний тайлангаар автомашинд учирсан хохирол, зардлыг тодорхойлохдоо автомашины эд ангийг солих засахад гарах шууд зардал 3.351.000 төгрөг, шууд бус буюу эвдэрч гэмтсэн эд ангийг солих, засварлахад гарах зардал 1.885.000 төгрөг нийт 5.236.000 төгрөгийн зардал гаргахыг тогтоосон.

Хариуцагч талын зүгээс Өвөрхангай аймагт хийлгэсэн Хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс 2006 онд үйлдвэрлэгдсэн, NHW2076044029 арлын дугаартай, Toyota Prius-20 маркийн цайвар ногоон өнгийн автомашинд учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчээр хөрөнгийн үнэлгээний “Энх-нахиа” ХХК-ийн томилсон.

Шүүхээс томилогдсон хөрөнгийн үнэлгээний “Энх-нахиа” ХХК 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 243 дугаар дүгнэлтээр автомашинд учирсан хохирлыг автомашины эд ангийг солих засахад гарах шууд зардал 3,130,000 төгрөг, шууд бус буюу эвдэрч гэмтсэн эд ангийг солих, засварлахад гарах зардал 1,720,000 төгрөг нийт 4,900,000 төгрөг болохыг тогтоосон байна.

Хариуцагчийн зүгээс автомашинд учирсан хохирлыг үнэлгээг өндөр байна гэж тайлбар гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт гаргаагүй тул автомашины хохирлыг шүүхээс томилогдсон “Энх-нахиа” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон үнэлгээг үндэслэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах, түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Д.******* тээврийн хэрэгслийг жолоодох явцдаа тухайн эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдэлд нэхэмжлэгч А.******* өөрөө Д.*******д автомашины жолоог шилжүүлсэн нь гэм хор учрах нөхцөл байдалд нөлөөлсөн гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т зааснаар гэм хор учирсан нөхцөл байдал, нэхэмжлэгч, хариуцагч талын хэн алины гэм буруугийн хэр хэмжээг харгалзан хариуцагч хохирлыг 75 хувиар хариуцан арилгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх, ийнхүү сэргээх боломжгүй бол мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулсан, нэхэмжлэгч нь “Энх-нахиа” ХХК 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 243 дугаар дүгнэлтээр автомашинд учирсан хохирлыг 4,900,000 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн нь үндэслэлтэй тул эд хөрөнгөд учирсан хохиролд шинжээчийн тогтоосон 4,900,000 төгрөгөөс 75 хувиар тооцон нийт 3,675,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109,126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гоос 73,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******т олгох нь зүйтэй байна.

Шүүхээс томилогдсон иргэдийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй боловч хэргийн оролцогчдын зүгээс түүнийг заавал шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй гэж үзсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдъя.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.2, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Д.*******гоос 3,675,000 /гурван сая зургаан зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,225,000 /нэг сая хоёр зуун хорин таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109,126 /нэг зуун есөн мянга нэг зуун хорин зургаан/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гоос улсын тэмдэгтийн хураамж 73,750 /далан гурван мянга долон зуун тавин/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТДОРЖ

ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ

ШҮҮГЧ Б.МӨНХБАТ