Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 213/МА2022/00003

 

 

 

 

А.*******ийн нэхэмжлэлтэй

Д.*******д холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 131/ШШ2021/00676 дугаар шийдвэртэй

 Нэхэмжлэгч *******йн *******

  Хариуцагч *******гийн *******д холбогдох

 Автомашинд учруулсан хохирол болон зардал 5.886.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгч Н.Отгоны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Должинсүрэн, нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нар оролцов.

Нэхэмжлэгч *******йн *******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

А.******* би Баянхонгор аймгийн төвд байрлах гэр рүүгээ явахаар хамт хань болж явах Өлзийжаргал гэх танилын Toyota Prius-10 маркийн автомашинтай хамт гараад Улаанбаатар хотоос 130 км зайтай явж байгаад замдаа Төв аймгийн Лүн сумын Урьхан гэх хоолны газар зогсож хамт явж байсан машинаа хүлээгээд ирэхээр нь өөрийн машинд сууж явсан өөрийн дүү болох А.Бат-Эрдэнийг хамт явж байсан Toyota Prius-10 маркийн автомашин руу суулгасан. Учир нь манай дүү архи уусан байсан. Миний бие спиртийн харшилтай харшил хөдлөөд байхаар нь дүүгээ хамт явж байсан машин руу орж суулгасан. Гэтэл миний машинд дүүтэй зөрөөд нөгөө машинаас Д.******* гэх залуу орж ирж миний машинд хамт сууж явсан. Ингээд Урьхан хоолны газрын гаднаас хөдлөөд Өвөрхангай аймгаас наана 70км орчим зайд явж байтал хамт явж байсан машины клим нь салаад би зогссон. Буцаад хөдлөх үед миний машинд сууж явсан Д.******* гэх залуу би том болон жижиг тэрэг барьдаг, таны машиныг бариад жаахан явах уу гэхээр нь чи машин сайн барьж чадах уу бичиг баримт чинь байгаа юу гэж асууж байгаад байгаа гэхээр нь хүлээн зөвшөөрөөд машинаа бариулсан. Миний машиныг бариад 50 км яваад машин гүйцэд түрүүлэх үйлдэл хийж байгаад жолоо алдаж машиныг маань унагаж машины гадна болон дотор талд нэлээдгүй гэмтэл учирсан. Тухайн үед Д.******* миний буруу би машинд чинь учруулсан бүх хохирлоо төлнө гэж байсан. Нийт 5.886.000 төгрөгийг Д.*******гоос гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.******* анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор луу өөрийн автомашинаар явж байсан. Замд явж байтал Б.******* гэх залуу миний машинд суусан. Тухай үед Д.******* нь эгчээ би таны машиныг жоохон жолоодоод явъя, би таван толгойд машин жолооддог байсан, машин барих туршлагатай гээд дахин дахин гуйгаад байсан. Тэгээд би бичиг баримттай эсэхийн тодруулж, машинаа жолоодуулсан. Жолоог солиод 50 километр явсны дараа машин осолдсон. Миний машинд учирсан эвдрэл, гэмтлийн хохирлын мөнгийг үнэлгээний компанийн гаргасан үнэлгээгээр нэхэмжилж байгаа. Тухайн үед Д.******* үнэлгээний компанийн гаргасан үнийг хүлээн зөвшөөрч 14 хоногийн дотор 2 хувааж төлнө гэж хэлж байсан. Ингээд нотариат орохоор тохирсон боловч надтай уулзахаас зугтаж өдийг хүртэл уулзаагүй байдаг. Би өөрийн машины эвдэрсэн эвдрэл гэмтлийг өөрөө мөнгө гарган засуулж бусдад зарсан гэжээ.

Хариуцагч *******гийн ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

2020 оны 10 дугаар сард А.*******тэй хамт Баянхонгор аймаг явж байсан юм. А.******* нь жаахан үүрэглээд, ядраад байна гээд байсан ба миний дүү машин бариад жаахан яваадхаач гэж надаас гуйсан. Би машиныг нь жолоодож яваад замын хажуу руу унгаасан юм. Хүн гэмтэж бэртээгүй машины салхины шил, урд копут, 1 толь, борооны хаалт зэрэг нь эвдэрсэн байсан. Харин машиныг босгохдоо хүмүүс хүчтэй түлхэж хаалгыг нь бага зэрэг цөмлөсөн байсан. А.*******ийн машин 03-75 БНА бол салхины шил, копут, борооны хаалт, хаалга эвдрэлтэй байсан. Өөрөөр хэлбэл ******* өөрийн машинаа хөлөөр нь аймаг руу орж ирсэн. Буцаад үнэлгээ хийлгэхээр Өвөрхангай аймаг явсан. Буцаад аймагт ирсэн юм. Тийм машин кришик, шатун, кузов эвдэрсэн байх боломжгүй юм. Тийм эвдрэлтэй бол унасан газраасаа ч хөдлөхгүй юм. Үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Учир нь өөр машины үнэлгээ юм. А.*******ийн машины эвдрэлийг засах сэлбэгийн зах зээлийн ханш 1.200.000 төгрөгт бүрэн багтана. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Бодит хохирол, үнэлгээг үндэслэж эвлэрэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Отгон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн гаргасан 5,886,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн машинд 1,300,000 төгрөгийн засвар хийх боломжтой байсан. Мөн А.******* нь тухайн автомашиныг бусдад зарсан байгаа тул засварын мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.2, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Д.*******гоос 3.675.000 /гурван сая зургаан зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.225.000 /нэг сая хоёр зуун хорин таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109.126 /нэг зуун есөн мянга нэг зуун хорин зургаан/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гоос улсын тэмдэгтийн хураамж 73.750 /далан гурван мянга долон зуун тавин/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.*******т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Отгон давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Шүүх А.*******ийн нэхэмжлэлийг хамгаалж одоо өөрт нь байхгүй (зарчихсан) автомашиныг засах сэлбэг хэрэгслийн үнэ гэж 3.675.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Тухайн үед А.******* нь өөрөө спиртны харшил хөдлөөд байна, машин бариад яваад өгөөч гэж гуйж машинаа бариулчихаад, тэр үед цагдаа даатгал дуудъя гэхэд эсэргүүцэж дуудлага өгүүлээгүй шууд Баянхонгор руу ирсэн байсан. Даатгалаас мөнгө төгрөг гаргуулсан эсэхийг нь мэдэхгүй.

Шүүх шийдвэрлэхдээ Д.*******г хууль бусаар бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан гэж үзээд байгаад гомдолтой байна. Тухайн үед ямар ч хууль бус үйлдэл, эс үйлдэл гаргаагүй болно. Өөрийнх нь зөвшөөрөл, гуйлтаар машиныг нь барьж явсан, хурд хэтрүүлээгүй, замын хөдөлгөөний тухай хууль, дүрэм зөрчөөгүй байдаг.

А.******* шүүх хурал дээр өөрөө 1.450.000 төгрөгөөр машиндаа засвар хийж зарсан гэж хэлсэн. Энэ мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй болно. Одоо тэрхүү автомашинд 3.675.000 төгрөгийн засвар сэлбэг хийх боломжгүй буюу бусдын өмчлөлд шилжсэн байсан болохыг анхаарч анхан шатны шүүхийн энэ шийдвэрт өөрчлөлт оруулж, төлөх төлбөрийг багасгаж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******йн ******* нь хариуцагч *******гийн *******д холбогдуулан автомашинд учруулсан хохирол 5.236.000 төгрөг, үнэлгээний зардалд 300.000 төгрөг, Улаанбаатар хот руу машин ачих зардалд 350.000 төгрөг нийт 5.886.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Д.*******гоос 3.675.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.225.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар 2020 оны 10 дугаар сарын 23-ний өдөр хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч А.*******ийн зөвшөөрлөөр түүний 03-75 БНА улсын дугаартай Toyota Prius-20 маркийн автомашиныг жолоодож явахдаа Өвөрхангай аймгийн нутагт зам тээврийн осол гаргаж автомашинд хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна.

Хариуцагч Д.******* нь тухайн цаг хугацаанд А.*******ийн машиныг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, урьд яваа машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийж явахдаа жолоо алдаж машиныг замын хажуу тал руу унагаж машины гадна болон дотор талд гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ тал дээр маргаагүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэл/ -ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар “..зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэнд, эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч нь учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй..” гэж заажээ.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар “..Тээврийн хэрэгсэл ашиглагчийн өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй..” гэж заасан.

Нэхэмжлэгч А.******* нь тухайн үед тээврийн хэрэгсэл ашиглагчийг албан ёсоор томилоогүй, үүрэг болгоогүй, хариуцагч Д.*******д тээврийн хэрэгслийг шилжүүлэх саналыг гаргаагүй, харин хариуцагч Д.******* нь тухайн цаг хугацаанд би том машин барьдаг байсан би машиныг жаахан бариад яваадах уу гэж өөрөө хүсэлт гаргаж машиныг барьсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Мөн гэрч А.Оюунчимэгээс мэдүүлэхдээ /хх-ийн 88-89 дүгээр тал/ “..Бат-Эрдэнэтэй зөрөөд Д.******* манай машинд орж суугаад үргэлжлүүлээд явж байтал Д.******* нь “би том машин барьдаг, би жоохон бариад яваадах уу”, гэхэд манай эгч А.******* “чи машин барьж чаддаг юм уу, үнэмлэх чинь байгаа юм уу” гэж асуухад машин барьж чадна үнэмлэх байгаа гэж хэлсэн. Тэгээд жолоогоо шилжүүлсэн..” гэжээ

Иймд тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг сайн дураараа шилжүүлж өгсөн байна гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч А.*******т учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзлээ.

Шүүхээс томилогдсон хөрөнгийн үнэлгээний Энх-нахиа ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 03-ний өдрийн 243 дугаар дүгнэлтээр автомашинд учирсан хохирлыг гаргахдаа тухайн автомашины эд ангийг солих засахад гарах шууд зардал 3.130.000 төгрөг, шууд бус буюу эвдэрч гэмтсэн эд ангийг солих, засварлахад гарах зардал 1.720.000 төгрөг нийт 4.900.000 төгрөг гэж тогтоосон байна.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар “..гэм хор учрах, түүнээс үүдэх гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно..” гэж заасан.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т зааснаар гэм хор учирсан нөхцөл байдал, нэхэмжлэгч, хариуцагч талын хэн алины гэм буруугийн хэр хэмжээг харгалзан хариуцагч хохирлыг 75 хувиар хариуцуулахаар тогтоосон нь үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Н.Отгоны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, төлөх төлбөрийг багасгаж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Отгоноос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73.750 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 131/ШШ2021/00676 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Н.Отгоны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчийн төлөөлөгч Н.Отгоноос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73.750 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэгсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

 

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

 

 Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ

 ШҮҮГЧ Г.УЛАМБАЯР

 

 

 ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 

 Т.ЖАРГАЛСАЙХАН