Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 1162

 

      2020           9              8                                        2020/ДШМ/1162                                

 

 

     Б.Бд холбогдох эрүүгийн

                   хэргийн тухай           

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүжин,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЗ/1468 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурор Г.Билгүүжингийн эсэргүүцлээр Б.Бд холбогдох эрүүгийн 2005019021096 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            А овгийн Бийн Б, 1987 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бараа худалдан борлуулдаг, ам бүл 5, эх, дүү, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токио 73-20 тоотод оршин суух бүртгэлтэй,

         

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

 

          Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 16-ны орой 20 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Пирамид” уушийн газарт хохирогч Ч.Мтай маргалдаж, улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь “зулай хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шанаа, баруун чих, хамрын нурууны зулгаралт, баруун, зүүн бугалга, баруун шууны зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.         

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Бг Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан, одоо эмчийн хяналтанд байдаг эсэх асуудлыг шалгаж тогтоох шаардлагатай, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулах нь зүйтэй байна. Мөн хавтас хэрэгт авагдсан баримтаас харахад шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд монгол хэл, бичиг мэдэхгүй талаар мэдүүлсэн байна. Иймд шүүгдэгч Б.Бг монгол хэл, бичиг мэддэг эсэхийг тодруулах, хэрэв монгол хэл, бичиг мэдэхгүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчтэй явуулах хуулийн заалтыг баримталж, хуульд заасан шаардлагыг хангаж мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

          Прокурор Г.Билгүүжин бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулж болохгүй тохиолдлуудыг хуульчилсан ба шүүгдэгч Б.Бд холбогдох хэрэгт заавал өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нөхцөл байдал тогтоогдоогүй. Учир нь, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... би монгол хэл мэднэ. Крилл бичиг, үсгээр уншиж чадна. Би өмнө нь сэтгэцийн болон ямар нэгэн өвчнөөр өвчилж байгаагүй. Сэтгэцийн хувьд эрүүл саруул, ...би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө”, гэрч Н.Сарантуяагийн “... Манай охин Б 1987 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн. Бага насандаа цэцэрлэгт хүмүүжиж байгаад 1990 оны эхээр манайх гэр бүлээрээ Оросын холбооны улс руу яваад тэндээ арван жилийн сургуульд элсэн орж суралцаад бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Тэгээд манай гэр бүл 2010 онд Монгол улсдаа эргэж ирээд охин маань Олон улсын харилцааны их сургуульд суралцаж байгаад төгсөж чадалгүй сургуулиасаа гарсан.”, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бгийн “... монгол хэлээр сайн ярьж чадахгүй, уншиж чадна ...” гэсэн мэдүүлгүүдээр монгол хэл, бичиг үсэг мэддэг болох нь тогтоогдсон байтал “мөрдөн шалгах ажиллагаанд монгол хэл, бичиг мэдэхгүй талаар мэдүүлсэн” гэж хэргийг прокурорт буцаасан нь илтэд үндэслэлгүй байна. Мөн хэрэгт шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох бүхий л мөрдөн шалгах ажиллагаа хийсэн ба шүүгдэгч Б.Б нь “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 3-4 жилийн өмнө ажлын ядаргаа болон авсан тархины гэмтэл сэдэрсний улмаас эмчлүүлж байсан” гэж мэдүүлсэн нь урьд Б.Б нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолд тусгагдсан буюу урьд  нэгэнт тогтоогдсон нөхцөл байдал бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд “ямар нэгэн сэтгэцийн өвчингүй” талаар мэдүүлсээр байхад хувийн байдлыг тогтоолгохоор хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс урьд Баянзүрх дүүргийн шийтгэх тогтоолд мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэн Сэтгэцийн талаар хувийн байдлыг тодруулахаар хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “танин мэдэхүйн хувьд илэрхий, эсхүл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдал ...” шинжлэн судлахгүй гэж заасныг зөрчжээ. Мөн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагааг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд хэрэгт эргэлзээтэй, хууль зөрчсөн нотлох баримт цуглараагүй, мөн яллагдагчийн эрх, үүргийг хязгаарласан зүйлгүй, хувийн байдлыг тогтоогоогүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчжээ. Иймд анхан шатны шүүхийн 1468 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бгийн хувийн байдлыг тодруулах шаардлагатай буюу Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байсан, одоо тухайн эмнэлгийн эмчийн хяналтад байдаг эсэх, мөн түүнийг монгол хэл, бичиг мэддэг эсэхийг тодруулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан заавал өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нөхцөл байдал бий болсон эсэхийг дахин шалгах шаардлагатай гэж үзээд шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Харин прокуророос шүүгдэгч Б.Бгийн Сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж байсан эсэх талаар урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолд тусгагдсан буюу урьд нэгэнт тогтоогдсон нөхцөл байдал бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн сэтгэцийн өвчингүй талаар мэдүүлсэн, мөн шүүгдэгчийн монгол хэл, бичиг мэддэг талаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж үзсэн прокурорын эсэргүүцэл үндэслэл бүхий байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

 

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулж болохгүй тохиолдлуудыг хуульчилсан ба шүүгдэгч Б.Бд холбогдох хэрэгт энэ заалтад заасан заавал өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1468 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Бд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                      ДАРГАЛАГЧ,

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР                                              

                                      ШҮҮГЧ                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ