Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2110

 

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/01754 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Б-т холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, 99113438 дугаарыг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.М миний бие 2016 оны 8 дугаар сард иргэн С Б-тай уулзан иргэн н.Батбаатарын өмчлөлийн автомашиныг зээлээр худалдан авах асуудлаар уулзан ярилцаж өөрийн эзэмшлийн эмнэлгийн байрыг банкны зээл авах хүртэл түр барьцаалах хэлбэрээр уг автомашиныг авах болсон. Энэ үед иргэн С.Б өөрийн өмгөөлөгчтэй хамтран автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээ хийхийн оронд Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулна гээд миний хуулийн мэдлэггүй байдал болон хөдөө явах давчуу хугацааг далимдуулан хийж байгаа хэлцлээс огт өөр хэлцэл буюу "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ" гэгчийг байгуулахаар болж надаар гарын үсэг зуруулсан. Гэтэл намайг хөдөө явж ирээд банкны зээл хөөцөлдөж байтал 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр миний эзэмшлийн эмнэлгийн байрыг өөрийн нэр дээр болгон бүртгүүлж гэрчилгээ авсан байсан тул миний бие Баянгол дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албанд гомдол гаргасны дагуу гэрээнд гарын үсэг зурсан С.Б бид хоёрыг байлцуулан тухайн эд хөрөнгөтэй холбоотой дахин ямар нэгэн маргаан гаргахгүй, дахин гэрчилгээнд өөрчлөлт оруулахгүй гэсэн өргөдөл баталгаа гараар бичүүлэн авч Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Энэбишийн өргөн чөлөө гудамж, 51 тоотод байрлах манай эмнэлгийн байрыг Улсын бүртгэлийн Ү-2205012681 дугаартай гэрчилгээг иргэн Д.М миний нэр дээр гарган өгсөнөөр бидний хооронд үүссэн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн. Гэтэл С.Б "Би автомашины талаар баримтгүй үлдэх гээд байна, хоёулаа банкны зээл хамт хөөцөлдөе, надад таньдаг хүн байгаа, зээл гартал ямар нэгэн байдлаар худлаа гэрээ дүр эсгээд хийчихье" гээд байхаар нь нэгэнт Баянгол дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн албанд бид хоёр баталгаа гаргаад гарын гарын үсэг зурсан тул дахиж хуурахгүй гэж итгээд тухайн өдрөө буюу 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр С.Б-ийн шахалтаар 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ" байгуулсан ба энэ гэрээнд төлбөрийг бэлнээр төлнө, үнэлгээ нь 30 000 000 төгрөг, борлуулсан орлогын татварыг тохиролцох гэх мэт хуурамч заалтууд орсон байдаг. С.Б, Д.М нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-т заасныг үндэслэн хүчин төгөлдөр бусад тооцон шийдвэрлэж өгөхийг хүсье. Машины мөнгийг төлөөгүй нь үнэн, уурхайд нүүрс зөөдөг машинаар сольсон, ашигтай ажиллахаар төлнө гэж байсан. Хариуцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид үнэгүй эмчилгээ хийж, нүүрс өгсөн, бэлнээр мөнгө шилжүүлсэн, ломбардны хүүг төлж байсан. С.Б бид хоёрын Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Энэбишийн өргөн чөлөө 51-167 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205012681 дугаартай гэрчилгээг Д.М миний нэр дээр шилжүүлэхдээ миний утасны дугаарыг өөрийн нэр дээр түр шилжүүлж байгаад зээл олгогдохоор буцааж шилжүүлж өгнө гэж авсан бөгөөд одоо дугаар шилжүүлж өгөхгүй байгаа тул 99113438 дугаарыг буцаан шилжүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М-ын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах" гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй бөгөөд тус гэрээ нь хууль ёсны дагуу үйлдсэн хүчин төгөлдөр хэлцэл юм. Мөн Д.М нь тус нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргаж байсан бөгөөд шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагчаас автомашин худалдан авсан нь үнэн. Үнийг нь зээл бүтэхээр төлнө гэж байсан боловч төлөөгүй, бүр машиныг ч буцааж өгөөгүй. Нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргаад үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн, энэ талаар 3 ч удаа гэрээ байгуулсан байдаг. 2016 оны 7 дугаар сарын 29, 2016 оны 11 дүгээр сарын 14, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр, мөн өөрөө хүсэлтээ Улсын бүртгэлийн албанд гаргаад нэрээ шилжүүлсэн, хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн. Гэтэл одоо гэрчилгээ алга болсон, юу ч мэдэхгүй согтуу байсан гэдгийг ойлгохгүй байна. Уг үл хөдлөх хөрөнгийг барьцаанд байсныг нь хариуцагчийг чөлөөл гээд хариуцагч нь Хаан банкинд 5 000 000 төгрөгийг төлж чөлөөлсөн. Өөрөө л уг хөрөнгөө шилжүүлсэн, мөн гар утасны дугаараа өгсөн байсан. Машины үнийг огт төлөөгүй, надад болон манай хүүхдэд хийсэн гээд байгаа эмчилгээ нь энэ хэрэгт хамааралгүй. Тиймээс өөрөө хүлээн зөвшөөрч, хүсэлтээ гаргаж гэрээ хийж эд хөрөнгөө шилжүүлэн өгсний дараа ийм нэхэмжлэл гаргаж, хийсэн хэлцлээ хүртэл гарын үсэг зураагүй гэж байгаад гайхаж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.7, 58 дугаар зүйлийн 58.2.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М-ын хариуцагч С.Б-т холбогдуулан гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, 99113438 дугаарыг буцаан олгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэргийн оролцогчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцаа болон маргааны зүйлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөв тодорхойлж, тухайн харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг оновчтой хэрэглэсэн байх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх үндсэн нөхцөл юм. Нэхэмжлэгч миний бие өөрийн төсөөллөөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж, өөрөөр хэлбэл өөрийгөө хэлцэл байгуулах үедээ согтуу байсан буюу эрх зүйн чадамжгүй байсан, уг хэлцлийн талаар төөрөлдсөн гэж үзээд уг асуудлаар шүүхэд хандсан. Миний хувьд шүүхийг талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг тогтоож, уг харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу маргааныг шийдвэрлэнэ гэж ойлгож байтал бидний хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадалгүйгээр маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэгэнт талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг шүүх зөв тодорхойлж чадаагүй учир шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гарсан гэдэгт эргэлзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь шүүхээр хэлэлцэгдэж буй эрх зүйн маргааны талаар шүүх ямар дүтнэлт гаргаж байгаа, тэрхүү дүтнэлт нь ямар бодит нөхцөл байдалд тулгуурлаж, хуулийн ямар зүйл, заалтад үндэслэсэн гэдгийн илэрхийлэл байх учиртай. Гэвч шүүх талуудын хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн талаар ямар ч дүгнэлт өгөөгүй. Миний хувьд иргэн н.Батбаатарын эзэмшлийн автомашиныг ченж гэх хариуцагч С.Баас 2016 оны 8 дугаар сард 70 сая төгрөгийн үнэ бүхий автомашиныг зээлээр худалдах-худалдан авах хэлцлийн үндсэн дээр авсан. Уг автомашины үнийг худалдагч С.Б-т төлөх үүрэгтэй, өнгөрсөн хугацаанд 5.6 сая төгрөгийн үнэ бүхий бараа, ажил үйлчилгээг үзүүлсэн, үлдэгдэл мөнгийг төлөөгүй байгаа бөгөөд С.Б нь автомашины үнийг шаардаж 70 сая төгрөгийн баталгаа, барьцаа болгож миний өмчлөлийн Ү-2205012681 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Уг барьцааны хэлцэл нь С.Б-т 70 сая төгрөг төлөх үүргийн гүйцэтгэлийг хангаж чадахгүй тохиолдолд барьцааны зүйлээс өөрийн 70 сая төгрөгийг гаргуулах баталгаа болох учиртай байсан боловч хариуцагч С.Б нь худалдах-худалдан авах гэрээгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг болон эмнэлгийн тоног төхөөрөмж, мөн 99113438 гэх мобикомын дугаарыг тус тус үндэслэлгүйгээр шилжүүлж авсан. Дээрх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг С.Б-т шилжүүлсэн нь үнэн хэрэгтээ захиран зарцуулах эрхийг шилжүүлж өгч байна гэж бодоогүй, миний хүсэл зоргийн илэрхийлэл байгаагүй бөгөөд гагцхүү түүнд төлөх автомашины үнэ болох 70 сая төгрөгийн баталгаа, барьцаалбар үйлдэж байна гэж ойлгож хэлцэл хийсэн.

Маргаан бүхий Ү-2205012681 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь Д.Маас С.Б руу хоёр ч удаа худалдах-худалдан авах хэлцлнйн үндсэн дээр шилжсэн байдаг бөгөөд эхний удаад уг үл хөдлөх эд хөрөнгө нь 80 сая төгрөгийн хэлцлийг үндэслэж, дараагийн удаад 30 сая төгрөгийн хэлцлийг үндэслэж тус тус өмчлөх эрх С.Б руу шилжсэн. Эхний удаад 80 сая төгрөгийн хэлцлийн үндсэн дээр өмлөх эрх шилжснийг хүчингүйд тооцож Д.М миний өмчлөлд буцаан шилжүүлж шийдвэрлэсэн бөгөөд ингэхдээ худалдан авагч 80 сая төгрөгийг худалдагчид төлөөгүй учир гэж дүгнэсэн. Хоёр дахь удаад Д.М-с С.Б руу өмчлөх эрх шилжихдээ 30 сая төгрөгийн хэлцлийг үндэслэж шилжсэн бөгөөд 30 сая төгрөгийг мөн худапдагч болох Д.М надад төлөөгүй байдаг. Хариуцагч С.Б-т Ү-2205012681 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах-худалдан авах хэлцлийн үндсэн дээр шилжээд байгаа юм уу, автомашин зээлээр худалдах-худалдан авах хэлцлийн дагуу худалдагчид төлөх үүргийн гүйцэтгэлийг хангах хэлбэрээр шилжсэн үү гэдэгт шүүх дүгнэлт өгөөгүй, миний бие худалдах-худалдах авах гэрээний дагуу 30 сая төгрөгийг аваагүй, мөн С.Б-т автомашины үнэ болох 70 сая төгрөгийг төлөөгүй. Нэхэмжлэгч өмчлөх эрхийг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус буюу худалдах-худалдах гэрээ нь миний хүсэл зоргийн илэрхийлэл байгаагүй гэж үзээд байхад шүүх өмчлөх эрх хуулийн хүрээнд шилжсэн эсэхийг нягтлан шалгалгүйгээр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж мөн үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүх өмчлөх эрх шилжсэн ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн эсэхийг тогтоох бүрэн боломжтой байсан бөгөөд энэ нь талуудын хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн, эрх зүйн харилцааны ямар төрөл болохыг тогтоож, улмаар уг харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу маргааныг шийдвэрлэх боломжтой байтал шүүгч энэхүү ажиллагааг огт хийгээгүй, хийх сонирхолгүй байсан гэж үзэж байна. 70 сая төгрөгийн үнэ бүхий автомашины үнийг хариуцагч С.Б-т төлөөгүй учраас С.Б нь миний 143 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, 30 орчим сая төгрөгийн үнэ бүхий 99113438 мобикомын дугаарыг, 330 орчим сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, эд хогшилыг тус тус хариуцагч С.Б өөрийн өмчлөл, эзэмшил ашиглалтад шилжүүлсэн авсан байгааг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч С.Б-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, 99113438 дугаарыг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч уг гэрээг талуудын хүсэл зоригийн дагуу байгуулсан, нэхэмжлэгч автомашин худалдаж авсан, автомашиныхаа үнийг төлөөгүй худалдсан, үл хөдлөх эд хөрөнгийг, утасны дугаарын ашиглалтын хамт шилжүүлсэн гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол /16067/, Энэбишийн өргөн чөлөө гудамж 51 тоот хаягт байрлах 74.61 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 30 000 000 төгрөгөөр худалдахаар талууд тохиролцсон, дээрх гэрээнд үндэслэж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийгдэж хариуцагч С.Б-ийн нэр дээр маргаан бүхий орон сууц шилжсэн тухай баримт хэрэгт авагдсан байна.                                               /хх-4, 45-50 дахь тал/

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх тодруулаагүй, нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлсэн боловч маргаанд ач холбогдолтой нотлох баримт бүрэн гүйцэт ирээгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

             

Нэхэмжлэгч Д.М, хариуцагч С.Б нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 51 дүгээр байрны 167 тоотод байрлах “Цэвхэн дент” шүд, эрүү нүүрний эмнэлэг байрлаж байгаа 74.61 м.кв үйлчилгээний зориулалттай байрыг тоног төхөөрөмжийн хамт хүлээн авах тухай хэлцэл байгуулагдаж, зохигчид болон гэрч А.Давааням, Г.Батзаяа нар гарын үсэг зурсан баримт хэргийн 144 дэх талд авагдсан байна.

 

Дээрх хэлцлийн дагуу орон сууцыг бүртгэлийн газарт бүртгүүлэх байсан бол энэ нь худалдах-худалдан авах гэрээ биш барьцааны гэрээг бүртгүүлэх, барьцааны гэрээ байгуулах гэж байгаад худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж төөрөгдсөн гэж үзэх боломжтой бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр хариу төлбөртэйгөөр, буцаан авах нөхцөлгүйгээр эд хөрөнгөө шилжүүлсэн гэж үзвэл уг гэрээнд 30 000 000 төгрөгөөр худалдаж, төлбөрийг бэлнээр төлнө гэж талууд тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэх 30 000 000 төгрөгийн гэрээний дагуу 30 000 000 төгрөгөө өгөөгүй учраас дээрх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасан уу, эсхүл хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулан үзвэл 105 000 000 төгрөгийн өр төлбөр болон 76 000 000 төгрөгөөр автомашиныг худалдан авсан бол худалдан авсан төлбөр буюу автомашины үнийг төлөх үүрэгтэйгээр орон сууцыг барьцаалсан уу гэдэг нөхцөл байдлыг анхан шатны шүүх тодруулах шаардлагатай.

 

Нэхэмжлэгч Д.М 9911-3438 гар утасны дугаар хариуцагчид хэрхэн шилжсэнтэй холбоотой баримтыг шүүхийн журмаар гаргуулах тухай хүсэлт гаргаж, уг хүсэлтийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэн “Мобиком корпораци” ХХК-иас “нууц” дардастай хавсралт бүхий баримт ирсэн, уг баримт нь ямар баримт бичгийн хавсралт болох нь ойлгомжгүйгээс гадна дээрх албан бичгийн хавсралтаас үзвэл гар утасны дугаарын эзэмших эрх Д.М, “Сайн капитал” ХХК, Д.М, С.Б, “Есөн шижир” ХХК, С.Б, Б.Эрдэнэсолонго нарын нэр дээр шилжсэн бүртгэлтэй байна. /хх78-79/ Д.Маас С.Б-ийн нэр дээр ямар хэлцлийн үндсэн дээр дугаар эзэмших эрхийг шилжүүлсэн нөхцөл байдал тодорхой бус байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Дээрх нөхцөл байдлыг тодруулахгүйгээр талуудын маргаж буй хэлцэл хүчин төгөлдөр мөн эсэх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй.

 

Иймд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/01754 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.М-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ