Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2018/01754

 

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2018/01744

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 21-30 тоотод оршин суух Боржигон овогт Дажгүйн Уранчимэгийн /РД:ШБ63122301/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар Зайсан гудамж, 92 тоотод байрлах “Зайсан дулаан өргөө” СӨХ-д холбогдох

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхонд байрлах 510,59 м.кв талбайтай 2 давхар үйлчилгээний барилгын зоорийн давхарыг хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан гаргуулах тухай,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар Зайсан гудамж, 92 тоотод байрлах “Зайсан дулаан өргөө” СӨХ-ний сөрөг нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 21-30 тоотод оршин суух Боржигон овогт Дажгүйн Уранчимэг,

Гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Виста ХХК-ийн 703 тоотод байрлах “Могулскай” ХХК-нд холбогдох

2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг 2018 оны 03 дугаар  сарын 09-ний өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баясгаланням, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа /ШТЭҮ-0195/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Бат-Эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.

          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Захиалагч Д.Уранчимэг миний бие гүйцэтгэгч “Могулскай” ХХК-тай 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г үндэслэн Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхонд байрлах нийт 510,59 м.кв талбайтай, 1 ширхэг, 2 давхар үйлчилгээний барилгыг захиалан бариулсан. Мөн гэрээгээр “Захиалгаар ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.2-т тусгасны дагуу “ашиглалтад хүлээлгэн өгөх хугацаа буюу 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс Могул таун хотхон төвлөрсөн дулаан хангамжид холбогдох хүртэл хугацаанд гэрээний зүйлийг “Могулскай” ХХК-д үнэ төлбөргүй үйлчилгээний зориулалтаар ашиглуулна” гэж тохиролцсон. 2017 онд гүйцэтгэгч компани хотхоны дулаан цахилгааны асуудлаа нэгмөр шийдвэрлэн төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон ба үүнээс хойш захиалагч миний үл хөдлөх хөрөнгийг ашиглах шаардлагагүй болсон. Одоогийн байдлаар хотхоны үйл ажиллагаанд шаардлагатай үйлчилгээ үзүүлсэн зүйл байхгүй. Мөн гэрээний үүрэг бүрэн хангагдсан гэж талууд үзэж би үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ 2017 оны 11 дүгээр сард бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206054656 дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан /17025/ Ар зайсан гудамж, 92 тоог хаягт байрлах 510.59 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. Гэтэл “Зайсан дулаан өргөө” СӨХ нь тус үл хөдлөх хөрөнгийг ажлын өрөө болон дулаан зогсоол болгон ашиглаж байна. Зөвшөөрөлгүй ашиглаж байгааг таслан зогсоож чөлөөлүүлэх гээд амаар мэдэгдээд гараагүй, 2018 он 2 дугаар сарын 03, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр бичгээр мэдэгдлийг танилцуулан хүлээлгэн өгсөн. Гэвч аман болон бичгээр мэдэгдсээр байхад өнөөдрийг хүртэл өөрийнхөө өмч гарахгүй гэж барилгыг чөлөөлөхгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд би өөрийн хууль ёсны өмчлөлийн “Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхонд байрлах нийт 510,59 м.кв талбайтай, 1 ширхэг, 2 давхар үйлчилгээний барилга”-с “Зайсан дулаан өргөө” СӨХ-ийг албадан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баясгаланням нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус иргэний хэрэгт гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж "510,59 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх 2 давхар барилгын зоорийн давхарыг хариуцагч "Зайсан дулаан өргөө" СӨХ-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан гаргуулж өгнө үү гэж эцсийн байдлаар тодруулж байна.

Нэхэмжлэгч нь 2012 оны 07 дугаар сарын 09-нд Могулскай ХХК-тай гэрээ байгуулж, мөнгийг бүрэн төлж Хан-Уул дүүргийн 11 хорооны Могул таун хотхонд байрлах нийт 510,59 м.кв талбай бүхий 2 давхар үйлчилгээний барилгыг захиалан бариулсан. Уг барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2017 оны 11 сард авч, хууль ёсны өмчлөгч нь болсон. Могулскай ХХК-тай байгуулсан гэрээнд хотхоныг дулаан хангамжид холбогдох хүртэл барилгыг түр хугацаатай Могулскай ХХК-нд түр хэрэглүүлэхээр заасан байсан боловч одоо хотхон дулаан хангамжид бүрэн холбогдсон. Гэтэл барилгыг “Зайсан дулаан өргөө” СӨХ нь өмчлөгчид өгөхгүй, ажлын өрөө болон дулаан зогсоол болгон ашиглаж байгаа бөгөөд шаардлага тавиад хүлээлгэн өгөхгүй байгаа тул хууль бус эзэмшлээс нь чөлөөлж, албадан гаргаж өгнө үү. Барилга нь зоорийн давхартайгаа нийлээд 3 давхар бөгөөд 2 давхарыг нь манайх хүлээн авсан талаараа маргахгүй, харин 3 давхарт нь айлууд оршин сууж байсан. Энэ хүмүүстэй дараа нь учраа олно. Зоорийн давхарыг нь чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Зоорийн давхарт нь байрлаж байгаа тоног төхөөрөмжүүд бол ашиглагдахгүй байгаа, хэрвээ ашиглах шаардлагатай гэвэл өмчлөгчтэй нь зөвшилцөөд ашиглах бүрэн боломжтой гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч "Зайсан дулаан өргөө" СӨХ-ны захирал З.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Уранчимэг нь Хан-Уул дүүргийн 11-р хороо Ар зайсангийн гудамж “Могултаун” хотхонд байрлах нийт 510.59 мкв талбай бүхий 1 ширхэг, 2 давхар үйлчилгээний барилгаас “Зайсан дулаан өргөө” СӨХолбоог албадан гаргуулах утга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Гэвч Д.Уранчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь Д.Уранчимэгийн гаргаж өгсөн 2017 оны 11-р сарын 27-ны өдрийн 000619635 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий объект нь “Могултаун” хотхоны нийт оршин суугч нарын дундын эзэмшлийн өмч бөгөөд тус хотхоны нийт оршин суугч нарыг дулаан, халуун, хүйтэн цэвэр усаар хангадаг дэд бүтэц суурилуулсан онцгой объект юм. Гүйцэтгэгч “Могулскай” ХХК нь 2012 оноос 2014 онуудад орон сууцны зориулалттай 94,95,96 97,98 дугаар байрнуудын нийт 315-н өрхийн 2 мянга орчим оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор дэд бүтцийг цогцоор нь шийдэж үүнд харуул хамгаалалт, нийтийн эзэмшлийн зам талбай тоглоомын талбай, авто зогсоол, цогцолборыг халаах дулааны узель, цэвэр халуун хүйтэн усны төхөөрөмж, шугам хоолой суурилуулсан уурын зуухны барилга бүхий хорооллыг барьж ашиглалтад оруулсан юм. Ингээд 2016 оны 01-р сарын 05-ны өдөр гүйцэтгэгч “Могулскай” ХХК нь “Зайсан дулаан өргөө” СӨХ-ны өмчлөлд “Могултаун” хотхоны нийтийн эзэмшил болон орон сууцны дундын өмчлөлийн хөрөнгийг шилжүүлэх, хүлээлцэх тухай 16/01 дугаар гэрээгээр жагсаалтын дагуу хүлээлгэн өгсөн юм. Уг шилжүүлж буй хөрөнгийн жагсаалтын 28, 29-д заасан уурын зуухны барилга буюу тоноглол нь тус хотхоны нийт оршин суугчдыг дулаан, цэвэр усаар хангах шугам хоолой суурилуулсан онцгой барилга байдаг. Түүнийг тогтмол хэвийн ажиллагаатай байлгахын тулд байнгын хяналт тавих ээлжээр ажиллах харуул хамгаалалт, сантехникийн ажилчид болон СӨХолбоо байрлах зориулалт бүхий 2 давхар барилгыг хүлээлгэж өгсөн юм. Ингэхдээ Орон сууцны дундын өмчлөлийн хөрөнгийг шилжүүлэх, хүлээлцэх тухай гэрээний 1.5-д зааснаар хариу төлбөргүйгээр шилжүүлэн өгсөн юм. Нөгөө талаар гүйцэтгэгч “Могулскай” компани дээрхи барилгын шугам хоолойн холболтуудыг дутуу суурилуулан орхисон учир сууц өмчлөгчдийн холбооны дүрмийн 2.1.4-д зааснаар сууц өмчлөгчдөөс нийтдээ 55.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг төвлөрүүлж дутуу орхисон дулаан, цэвэр усны шугам хоолойг төвлөрсөн шугамд холбон Могултаун хотхоны нийт оршин суугчдыг дулаан цэвэр усаар жигд тасралтгүй ханган үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Гэтэл Уранчимэг нь би тус объектийг 2012 оны 7-р сарын 09-ны өдрөөс 2012 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл захиалгаар бариулсан, энэ обьект нь одоогийн байдлаар хотхоны үйл ажиллагаанд шаардлагатай үйлчилгээ үзүүлсэн зүйл байхгүй байгаа гэжээ. Гэвч энэ нь үндэслэлгүй бөгөөд “Могулскай” компанитай хувилдаж ийм зүйл хийсэн гэж үзэж байна. Учир нь 2012 оноос хойш 2018 оны 02-р сарын 03-ны өдөр /Уранчимэг гэгч эмэгтэй гэнэт гарч ирж амаар суллаж өгөхийг шаардсан/ хүртэл Уранчимэг болон “Могулскай” ХХК-с манай СӨХ-д амаар болон бичгээр нэг ч удаа мэдэгдэл, шаардлага ирүүлж байгаагүй, “Могулскай” компаниас тус обектийг манайд хүлээлгэж өгөхдөө болон орхиж явахдаа мөн төвлөрсөн дулаан шугамд холбох нөр их ажил өрнүүлж байх үед ч СӨХ-нд ямар нэгэн гэрээ хэлцэл үзүүлж энэ талаар мэдэгдэл шаардлага ирүүлж байгаагүй юм. Уранчимэгийн 2018 оны 02-р сарын 03-ны өдөр авчирч үзүүлсэн 2017 оны 11-р сард гарсан улсын бүртгэлийн Ү-2206054656 дугаартай гэрчилгээнд 510.59 м.кв талбайтай,үйлчилгээний зориулалттай гэж заасан байдаг. Гэтэл уг барилга нь гэрчилгээнд заасан м.кв талбай бүхий хэмжээнд хүрэхгүй, үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжгүй юм.

Барилгын гүйцэтгэгч “Могулскай” ХХК нь 2016.10.05-ны өдөр №16/01 дугаартай “Могултаун” хотхоны нийтийн эзэмшил болон орон сууцны дундын өмчлөлийн хөрөнгийг шилжүүлэх, хүлээлцэх тухай” гэрээгээр хүлээлцсэн жагсаалтын 28, 29-д Уранчимэгийн нэр дээр гарсан 2017.11.27-ны өдрийн улсын бүртгэлийн 000619635 дугаар өмчлөх эрийн гэрчилгээтэй дулааны үзелийн барилгыг нийтийн эзэмшил буюу “Зайсан дулаан өргөө” СӨХ-ны эзэмшилд тус гэрээний 1.5-д заасны дагуу хариу төлбөргүйгээр хүлээлгэн өгсөн юм. СӨХ уг барилгыг хүлээж аваад түүн дотор суурилуулсан дулаан цэвэр усны төхөөрөмж бүхий шугам хоолойг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбохдоо “Могултаун” хотхоны нийт оршин суугч нараас СӨХ-ны дүрмийн 2.1.4-д заасны дагуу 55.000.000 төгрөгийн хөрөнгө төвлөрүүлэн зураг төсвийн дагуу халаалт, цэвэр усны шугам хоолойнуудыг холбож суурилуулсан юм. Одоо тус ус дулаан дамжуулах төвийн барилгаас Могултаун хотхоны нийт 315 өрхийн 2.000.000 орчим иргэд дулаан халуун усаар тасралтгүй хангагдаж СӨХ-оос түүний тохиргоо, хэвийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж сантехникийн ажилчдыг ээлжлэн жижүүрлэн ажиллуулж байна. Гэтэл Могулскай ХХК нь тус барилгыг нийтийн эзэмшилд хүлээлгэн өгч, оршин суугчдын хөрөнгөөр төвлөрсөн дулаанд холбуулсны дараа улсын бүртгэлийн газарт 2017 оны 17/121 тоот албан бичгээр Уранчимэг гэдэг хүнд хүсэлт гарган өгсөн мөн 2012.07.09-ний  өдөр “Захилгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г хууль бусаар хийж Уранчимэгийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан байна. Уранчимэгийн нэр дээр үйлчилгээний зориулалтаар гарсан барилга нь Могултаун хотхоны нийт оршин суугчдыг ус дулаанаар хангах нийтийн эзэмшлийн хөрөнгө бөгөөд тус ус дулаан дамжуулах төвийн барилга төхөөрөмж нь хувь хүний өмчлөлд байх ямарч боломжгүй юм. Гэтэл эдгээр хүмүүс нийтийн төвлөрсөн шугамд холбогдсоны дараа Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2012.07.25-ны өдөр байгуулсан мэтээр гэрээ байгуулан уг гэрээндээ дээрхи байдалтай нийцүүлэн гэрээний зүйлийг Могул Таун хотхон төвлөрсөн дулаан хангамжид холбогдох хүртэл үнэгүй ашиглах үүргийг тус тус хүлээнэ гэж нөхөж, нотариатаар батлуулаагүй гэрээ гэж үзэхээр байна. Уранчимэг 2012 онд гэрээний дагуу өөрийнхөө хөрөнгөөр тус барилгыг бариулсан юм бол өнгөрсөн 6-7 жилийн хугацаанд энэ хүнийг “Зайсан дулаан өргөө” СӨХ болон оршин суугч нар мэдэх ёстой. Энэ талаар Могулскай ХХК нь ч мэдэгдээгүй.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 05-р сарын 05-ны өдрийн 68 дугаар тогтоолоор “Нийслэлийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжин ирж буй нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бүртгэн авах тухай журам”-ын 1.3-д “Нийтийн эзэмшлийн эд хөрөнгөнд: а/Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцны барилгын гадна цэвэр, бохир ус, дулаан дамжуулах шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмж орно” гэж зааснаар Уранчимэгийн өмчлөлд байгаа ус, дулаан дамжуулах барилга тоног төхөөрөмж нь нийслэлийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжин бүртгэгдэх ёстой, барилга төхөөрөмжийн үнийг “Могулскай” ХХК төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажлыг зураг төсвийн дагуу бүрэн дуусгаад улсын комисст хүлээлгэн өгч түүнтэй холбоотой бичиг баримтуудыг журмын дагуу бүрдүүлэн нийслэлийн өмчид хүлээлгэн өгөх үүрэгтэй. Гэтэл “Зайсан дулаан өргөө” СӨХ-ийн эзэмшилд хүлээлгэн өгөөд дараа нь манайд мэдэгдэлгүй Уранчимэгтэй хууль бусаар шилжүүлсэн. Энэ хугацаанд оршин суугч нар даарч зутрахгүйн тулд дундаасаа хөрөнгө төвлөрүүлэн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон. СӨХ өөрийн эзэмшилд авсан боловч тус барилга тоног төхөөрөмжтэй холбоотой баримт бичгүүдийг бүрдүүлэх боломжгүй юм. Иймд “Могулскай” ХХК Д.Уранчимэг нарын хооронд 2012 оны 7-р сарын 09-ний өдөр байгуулсан Захилгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг нэхэмжлэгчийн өмчлөлийн гээд байгаа барилгыг бид ашиглахгүй байгаа, уг барилгад манай “Зайсан дулаан өргөө” СӨХ нь байрладаггүй, дулаан зогсоолоор ч ашиглах боломжгүй, учир нь зоорийн давхарт дулааны болон цэвэр, бохир ус дамжуулах шугам сүлжээний тоног төхөөрөмж л байрлаж байгаа, уг тоног төхөөрөмж нь нийтийн болон нийслэлийн өмч юм. Бид барилгын 2 давхарт нь байрлаж байсан боловч нэхэмжлэгч нь шаардлага тавьсны дагуу бид суллаж хүлээлгэн өгсөн. Харин 3 давхарт нь олон жил амьдарсан гээд айлууд оршин суудаг. Энэ айлууд манай СӨХ-той ямар ч хамааралгүй хүмүүс. Тоног төхөөрөмжийг байнга хэмжиж, үзлэг хяналт нийслэлээс хийж байдаг. Тиймээс бид зоорийн давхарыг ашиглах ямар ч боломжгүй, тоног төхөөрөмж суурилснаас өөр зүйл байхгүй.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, гэрээг нөхөн байгуулсан гэж үзэж байгаа. Мөн төлбөрийг нь төлсөн эсэх нь тодорхойгүй, гэнэт л өмчлөгч гэж гарч ирээд барилгыг суллаж өг гэсэн. Бид 2 давхарт байрлаж байгаад гарсан, түлхүүрийг нь хүлээлгээд өгсөн. Гэрээ нь нотариатаар батлуулсан зүйл ч байхгүй, нийтийн эзэмшлийн зүйлийг хувь хүнд өмчлүүлсэн гэрээ тул хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Могулскай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Уранчимэг нь “Могулскай” ХХК-тай 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхонд байрлах нийт 510,59 м.кв талбайтай, 1 ширхэг, 2 давхар үйлчилгээний барилгыг захиалан бариулсан. Гэрээний үнийг бүрэн төлсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т барилгыг “ашиглалтад хүлээлгэн өгөх хугацаа буюу 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс Могул таун хотхон төвлөрсөн дулаан хангамжид холбогдох хүртэл хугацаанд гэрээний зүйлийг “Могулскай” ХХК-д үнэ төлбөргүй үйлчилгээний зориулалтаар ашиглуулна” гэж тохиролцсон тул бид барилгыг “Зайсан дулаан өргөө” СӨХ-ны ашиглалтад түр шилжүүлээд байсан. Хотхон 2016 оны зун дулаан хангамжид холбогдсон тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ шаардлагатай баримтуудыг шилжүүлж өгсөн. Тиймээс нэхэмжлэгчийн шаардлагыг дэмжиж байна. Барилгад байгаа шугам, тоног төхөөрөмж бол Улаанбаатар дулааны өмч гэж байсан, уурын зуухны тоног төхөөрөмж одоо бол байхгүй, ашиглахгүй байгаа. “Зайсан дулаан өргөө” СӨХ-нд шилжүүлсэн эд хөрөнгийн жагсаалтад байгаа уурын зуухны барилга бол нэхэмжлэгчийн үйлчилгээний барилга мөн юм гэв.  

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Уранчимэг нь хариуцагч “Зайсан дулаан өргөө” СӨХ-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхонд байрлах 510,59 м.кв талбайтай 2 давхар үйлчилгээний барилгаас "Зайсан дулаан өргөө" СӨХ-ийг албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг үйлчилгээний барилгын зоорийн давхарыг хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Мөн хариуцагч "Зайсан дулаан өргөө" СӨХ нь нэхэмжлэгч Д.Уранчимэгт холбогдуулан 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Д.Уранчимэг болон “Могулскай” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсан гудамж  92 тоот хаягт байршилтай 510,59 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн зоорийн давхарыг хариуцагч “Зайсан дулаан өргөө” СӨХ нь хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа тул албадан гаргаж, өмчлөх эрхийг хамгаалж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь уг үйлчилгээний төвийн барилгыг хууль бусаар эзэмшиж, ашиглаагүй, зоорийн давхарт нь дулааны узель буюу усны шугам хоолой байрлаж байгаа, уг тоног төхөөрөмж нь нийслэлийн өмч гэж маргаж, оршин суугчдыг дулаан болон цэвэр бохир усаар хангаж байгаа тоног төхөөрөмжийг хувийн өмчлөлд шилжүүлсэн “Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь Могултаун хотхон нэгдсэн дулаанд холбогдсон тул уг үйлчилгээний төвийн барилгыг хариуцагч “Зайсан дулаан өргөө” СӨХ нь нэхэмжлэгч Б.Уранчимэгт хүлээлгэн өгөх үүрэгтэй, хариуцагчийн нэхэмжлэгч болон “Могулскай” ХХК-тай байгуулсан 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ” нь хүчин төгөлдөр, гэрээний дагуу барилгын үнийг бүрэн төлсөн тул үйлчилгээний барилгын өмчлөх эрх нь нэхэмжлэгчид шилжсэн гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч Д.Уранчимэг нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж  92 тоот хаягт байршилтай 510,59 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай Ү-2206054656 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000619635 дугаартай 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр олгогдсон гэрчилгээгээр тогтоогдож байна. /хэргийн 5-р хуудас/

Нэхэмжлэгч нь уг үйлчилгээний барилгын хууль ёсны өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна гэж үзэв.

Гэвч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхийг хэрэгжүүлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий эд юмстай харьцагч этгээд тухайн эд юмсыг эзэмших эрхгүй, мөн өмчлөгчийн өмчлөх эрх нь зөрчигдсөн буюу саад учруулсан нөхцөл байдал үүссэн байхыг тус тус ойлгоно.

Хэрэгт авагдсан “Могулскай” ХХК болон Д.Уранчимэг нарын хооронд  байгуулагдсан 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр “Могулскай” ХХК нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсангийн гудамж МогулТаун хотхонд байрлах нийт 510,59 м.кв тайлбайтай 1 ширхэг 2 давхар барилгын ажлыг гүйцэтгэхээр, уг барилга нь үйлчилгээний зориулалттай байхаар харилцан тохиролцжээ. /хэргийн 6-8-р хуудас/

Мөн гэрээний 3.2-д “үйлчилгээний барилгыг ашиглалтад хүлээлгэн өгөх хугацаа буюу 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс МогулТаун хотхон төвлөрсөн дулаан хангамжид холбогдох хүртэл хугацаанд гэрээний зүйлийг “Могулскай” ХХК-нд үнэ төлбөргүй үйлчилгээний зориулалтаар ашиглуулна”, 5.1.11-д “гэрээний хугацаа дуусч хотхон төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон нөхцөл байдал бий болмогц үл хөдлөх эд хөрөнгийг буцаан өгөхийг гүйцэтгэгч талаас шаардах эрхтэй”, 5.2.1-д “үүргийн гүйцэтгэлийг хотхон төвлөрсөн дулаанд холбогдоход эрхийн болон биет байдлын доголдолгүй, бусад шаардлагагүйгээр холбогдох баримт бичиг болон улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардагдах баримт бичгийн хамт захиалагч талд шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан байна.

Зохигч талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Могултаун хотхон төвлөрсөн дулаанд холбогдсон талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.

Нэхэмжлэгч нь уг үйлчилгээний барилгыг буцаан өгөхийг буюу гэрээний үүргээ биелүүлэхийг гүйцэтгэгч тал болох “Могулскай” ХХК-иас биш уг барилгын зоорийн давхарыг “Зайсан дулаан өргөө” СӨХ нь хууль бусаар эзэмшиж байгаа гэж тайлбарлаад зоорийн давхараас хариуцагч “Зайсан дулаан өргөө” СӨХ-ийг албадан гаргуулахаар шаардсан.

Мөн нэхэмжлэгч нь “Могулскай” ХХК-иас гэрээний үүргийг биелүүлж, үйлчилгээний барилгыг буцаан өгсөн, өгөхийг шаардсан талаарх баримтгүй, харин хариуцагч “Зайсан дулаан өргөө” СӨХ-д өмчлөх эрхэд саад учруулахгүй байх, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхийг мэдэгдэж, удаа дараа буюу 2018 оны 2 дугаар сарын 03, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрүүдэд мэдэгдэл хүргүүлсэн гэж тайлбарласан. /хэргийн 9-10-р хуудас/

Хариуцагч “Зайсан дулаан өргөө” СӨХ нь уг 2 давхар үйлчилгээний барилгыг хууль бусаар эзэмшээгүй, гуравдагч этгээд болох “Могулскай” ХХК-иас Могул Таун хотхоны нийтийн эзэмшил, болон орон сууцны дундын өмчлөлийн хөрөнгийг шилжүүлэх, хүлээлцэх тухай 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №16/01 тоот гэрээгээр нийтийн эзэмшлийн бага чадлын уурын зуух, тоноглол, уурын зуухны байрыг шилжүүлэн авч уг барилгын 2 давхарт нь байрлаж байсан боловч нүүж, 2 давхарыг нь чөлөөлж өгсөн, барилгын зоорийн давхарт үйл ажиллагаа явуулаагүй, байрладаггүй, зоорийн давхарт нийтийн эзэмшлийн болон нийслэлийн өмч болох дулааны тоног төхөөрөмж, цэвэр бохир усны шугам сүлжээ суурилсан байгаа гэж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан гуравдагч этгээд “Могулскай” ХХК, Могултаун ХХК болон хариуцагч “Зайсан дулаан өргөө” СӨХ-ний хооронд байгуулсан “Могулскай” ХХК-иас Могул Таун хотхоны нийтийн эзэмшил болон орон сууцны дундын өмчлөлийн хөрөнгийг шилжүүлэх, хүлээлцэх тухай 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №16/01 тоот гэрээгээр “Могулскай” ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан Могултаун хотхоны нийт оршин суугчдаас байгуулсан “Зайсан дулаан өргөө” СӨХ-ны зүгээс нийтийн эзэмшлийн болон орон сууцны дундын өмчлөлийн хөрөнгүүдийг “Могулскай” ХХК, Могултаун ХХК-аас шилжүүлэн авч эзэмшил, ашиглалтад тэдгээртэй холбоотой эрх, үүргийг хүлээн авахтай холбоотой харилцааг зохицуулахаар байгуулжээ. /хэргийн 57-59-р хуудас/

Уг гэрээний 1.5-д “А тал болох “Могулскай” ХХК-иас жагсаалтаар шилжүүлсэн хөрөнгийг хариу төлбөргүйгээр шилжүүлж байгаа болно”, 2.1-д “Могулскай ХХК-иас “Зайсан дулаан өргөө” СӨХ-нд дараах нийтийн эзэмшлийн болон орон сууцны дундын өмчлөлийн хөрөнгийг шилжүүлэн хүлээлгэн өгч байна. Үүнд: жагсаалын 28-д бага чадлын уурын зуух, тоноглол, Могултаун хотхон, 29-д уурын зуухны байр, Могултаун хотхон ширхэг м.кв”, 2.4-д “талууд хүлээлгэн өгсөн, шилжүүлэн авсан хөрөнгөтэй холбоотой албан бичиг, тодорхойлолт, пасспорт, гэрчилгээ зураг төсөл зэргийг хамтад нь шилжүүлнэ” гэсэн байна. /хэргийн 56-р хуудас/

Гэрээнд шилжүүлэн хүлээлгэн өгөхөөр заасан хөрөнгийн жагсаалтын 29-д “уурын зуухын байр” гэсэн нь ойлгомжгүй, “Могулскай” ХХК болон Д.Уранчимэг нарын хооронд  байгуулагдсан 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний зүйл болох МогулТаун хотхонд байрлах нийт 510,59 м.кв тайлбайтай 2 давхар үйлчилгээний барилга мөн эсэх нь тодорхойгүй байх боловч зохигч талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уурын зуухны байр нь 510,59 м.кв тайлбайтай 2 давхар үйлчилгээний барилга мөн болох талаар хүлээн зөвшөөрсөн, маргаагүй.

Харин уг барилгын зоорийн давхарт байрлах тоног төхөөрөмж, шугам хоолойг жагсаалтын 28-д дурдсан уурын зуухын тоноглол биш, дулааны шугам, усны хоолой суурилуулсан гэж хариуцагч болон гуравдагч этгээд тайлбарласан боловч нэхэмжлэгч уурын зуухны тоноглол мөн, хотхон дулаанд холбогдсон тул ашиглагдахгүй гэж маргасан болно.

Нэхэмжлэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсангийн гудамж МогулТаун хотхонд байрлах нийт 510,59 м.кв тайлбайтай 2 давхар барилгын зоорийн давхарыг хариуцагч “Зайсан дулаан өргөө” СӨХ нь хууль бусаар эзэмшиж байгаа гэдэг нь баримтаар тогтоогдоогүй, зоорийн давхарт тоног төхөөрөмж, шугам хоолой байрлуулсан болох нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл болон гэрэл зургаар нотлогдож байх бөгөөд уг тоног төхөөрөмж, шугам хоолой нь хариуцагч “Зайсан дулаан өргөө” СӨХ-ний хөрөнгө болох талаарх баримтгүй, тоног төхөөрөмж, шугам хоолой нь уурын зуухны тоноглол эсэх хотхоны дулааны шугам болон цэвэр, бохир усаар хангах зориулалттай эсэх, нийслэлийн өмч буюу нийтийн эзэмшилд хамаарах эсэх нь тодорхойгүй байна. /хэргийн 60-69, 149-164-р хуудас/

            Иймд хариуцагч “Зайсан дулаан өргөө” СӨХ-г барилгын зоорийн давхараас албадан гаргуулах боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсангийн гудамж МогулТаун хотхонд байрлах нийт 510,59 м.кв тайлбайтай 2 давхар барилгын зоорийн давхарыг хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Уранчимэг болон гуравдагч этгээд “Могулскай” ХХК-ийн хооронд байгуулсан “Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг гэрээг нөхөн байгуулсан, үнийг төлсөн эсэх нь эргэлзээтэй, нотариатаар баталгаажуулаагүй, мөн нийслэлийн хөрөнгө болох оршин суугчдыг дулаан болон цэвэр бохир усаар хангаж байгаа тоног төхөөрөмжийг хувийн өмчлөлд шилжүүлж хууль зөрчсөн гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч нь гэрээ нь хууль зөрчөөгүй, гэрээний дагуу мөнгийг төлж барилгын өмчлөгч болсон гэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь талуудын хооронд байгуулсан 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ” нь хүчин төгөлдөр, гэрээний дагуу барилгын үнийг бүрэн төлсөн тул үйлчилгээний барилгын өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан гуравдагч этгээд “Могулскай” ХХК болон Д.Уранчимэг нарын хооронд  байгуулагдсан 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр гүйцэтгэгч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсангийн гудамж Могул Таун хотхонд байрлах нийт 510,59 м.кв тайлбайтай 1 ширхэг 2 давхар барилгын ажлыг гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ.

Гэрээний 4.1.1-д “захиалагч нь нийт санхүүжилт болох 267 736 000 төгрөгийг гүйцэтгэгчид төлнө” гэж заасан байх бөгөөд үл хөдлөх хөрөнгийг үнийг бүрэн төлсөн талаар гуравдагч этгээд хүлээн зөвшөөрсөн маргаагүй, хэрэгт авагдсан төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байна. /хэргийн 148-р хуудас/

Мөн гэрээний 5.2.1-д “үүргийн гүйцэтгэлийг хотхон төвлөрсөн дулаанд холбогдоход эрхийн болон биет байдлын доголдолгүй, бусад шаардлагагүйгээр холбогдох баримт бичиг болон улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардагдах баримт бичгийн хамт захиалагч талд шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд гуравдагч этгээд нь улсын бүртгэлийн гэрчилгээ авахад шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ биелүүлж, нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байх тул уг гэрээг нөхөн байгуулсан буюу үнийг төлсөн эсэх нь эргэлзээтэй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгоно.

Гэтэл хариуцагч нь талуудын хооронд байгуулсан 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ” нь ямар хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн талаар болон хуулийн шаардлагыг хангаагүй талаар баримтаар нотлоогүй бөгөөд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх тул гэрээг хууль зөрчсөн гэж хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй юм.

 Иймд хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 73 дугаар зүйлийн 73.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:    

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Уранчимэгийн хариуцагч “Зайсан дулаан өргөө” СӨХ-нд холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсангийн гудамж МогулТаун хотхонд байрлах нийт 510,59 м.кв тайлбайтай 2 давхар барилгын зоорийн давхарыг хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан гаргуулах нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “Зайсан дулаан өргөө” СӨХ-ны нэхэмжлэгч Б.Уранчимэгт холбогдуулан гаргасан 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 1 496 630 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Д.ХУЛАН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2018/01754

Улаанбаатар хот

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун, 801 байр, 1103 тоотод оршин суух Шонхдой овогт Доржийн Мягмарын /РД:ПЭ63010337/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол, 56в байр, 12 тоотод оршин суух Бүдүүн овогт Сүхбаатарын Батхуягт /РД:СЮ79121614/ холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 99113438 дугаарыг буцаан олгуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр 11-ний өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Мягмар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Оюумаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов. 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Мягмар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Д.Мягмар миний бие 2016 оны 8 дугаар сард иргэн С Батхуягтай уулзан иргэн Батбаатарын өмчлөлийн автомашиныг зээлээр худалдан авах асуудлаар уулзан ярилцаж өөрийн эзэмшлийн эмнэлгийн байрыг банкны зээл авах хүртэл түр барьцаалах хэлбэрээр уг автомашиныг авах болсон юм. Энэ үед иргэн С.Батхуяг өөрийн өмгөөлөгчтэй хамтран автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийхийн оронд Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулна гээд миний хуулийн мэдлэггүй байдал болон хөдөө явах давчуу хугацааг далимдуулан хийж байгаа хэлцлээс огт өөр хэлцэл буюу “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” гэгчийг байгуулахаар болж надаар гарын үсэг зуруулсан байсан. Гэтэл намайг хөдөө явж ирээд банкны зээл хөөцөлдөж байтал 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр миний эзэмшлийн эмнэлгийн байрыг өөрийн нэр дээр болгон бүртгүүлж гэрчилгээ авсан байсан тул миний бие Баянгол дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албанд гомдол гаргасны дагуу гэрээнд гарын үсэг зурсан С.Батхуяг бид хоёрыг байлцуулан тухайн эд хөрөнгөтэй холбоотой дахин ямар нэгэн маргаан гаргахгүй, дахин гэрчилгээнд өөрчлөлт оруулахгүй гэсэн өргөдөл баталгаа гараар бичүүлэн авч БГД-ийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Энэбишийн өргөн чөлөө гудамж, 51 тоотод байрлах манай эмнэлгийн байрыг Улсын бүртгэлийн Ү-2205012681 дугаартай гэрчилгээг иргэн Дорж овогтой Мягмар миний нэр дээр гарган өгсөнөөр бидний хооронд үүссэн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн юм.

Гэтэл С.Батхуяг “Би автомашины талаар баримтгүй үлдэх гээд байна, хоёуулаа банкны зээл хамт хөөцөлдөе, надад таньдаг хүн байгаа, зээл гартал ямар нэгэн байдлаар худлаа гэрээ дүр эсгээд хийчихье” гээд байхаар нь нэгэнт Баянгол дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн албанд бид хоёр баталгаа гаргаад гарын гарын үсэг зурсан тул дахиж хуурахгүй гэж итгээд тухайн өдрөө буюу 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр С.Батхуягийн шахалтаар 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан ба энэ гэрээнд төлбөрийг бэлнээр төлнө, үнэлгээ нь 30 000 000 төгрөг, борлуулсан орлогын татварыг тохиролцох гэх мэт хуурамч заалтууд орсон байдаг. Дээрхи асуудлаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч С.Батхуяг миний өмчлөлийн гар утасны дугаар, эмнэлгийн байрыг өөрийн болгох зорилгоор Цагдаагийн байгууллагад 2 удаа эрүүгийн хэрэг үүсгүүлэн цаг хожиж иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байсан бөгөөд Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2017 оны 515 дугаар тогтоолд “дээрхи асуудал нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд хандан шийдвэрлүүлэх иргэд хоорондын худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой эд хөрөнгийн маргаан байна” гэсний дагуу иргэний шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байна.

Иймд иргэн С.Батхуяг, иргэн Д.Мягмар бид нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4 дэх хэсэгт заасан “хэлцэл хийсэн этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн” гэсэн заалтыг үндэслэн хүчин төгөлдөр бусад тооцон шийдвэрлэж өгөхийг хүсье.

     С.Батхуяг бид хоёрын Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол,  Энэбишийн  өргөн чөлөө 51-167 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205012681 дугаартай гэрчилгээг Д.Мягмар миний нэр дээр шилжүүлэхдээ миний утасны дугаарыг өөрийн  нэр дээр  түр шилжүүлж байгаад  зээл олгогдохоор буцааж  шилжүүлж өгнө гэж авсан бөгөөд одоо дугаар шилжүүлж өгөхгүй байгаа тул 99113438 дугаарыг буцаан шилжүүлж өгнө үү гэж нэхэмжлэл гаргаж байна.

     Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2016 оны 8 сард С.Батхуягтай уулзаад машин зээлээр аваад зээл бүтсэний дараа мөнгийг өгье гэсэн. Гэтэл надтай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж, нотариатаар баталгаажуулж, эмнэлгийн байраа түр байлгачих гээд гэрчилгээг нь авсан. Мөн машин зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Намайг хөдөө яваад ирэх хооронд миний үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлсэн байсан боловч би гомдол гаргаж буцаан миний нэр дээр шилжүүлсэн. Гэвч банкны зээл хөөцөлдөөд бүтээгүй байж байтал миний гэрчилгээ алга болчихсон, намайг согтуу байхад мөнгөө төл гэж дарамтлаад дахин 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулчихсан байсан. Бас миний эзэмшиж байсан 99113438 гэсэн утасны дугаарыг түр шилжүүлчих гээд хуурч мэхлэж аваад буцааж өгөөгүй. Манай эмнэлгийн байр гэхэд л үнэлгээгээр 143 063 100 төгрөг, 9911-тэй утасны дугаар гэхэд л бараг 10 000 000 сая төгрөг байхад машины үнэд өгөхгүй, тиймээс гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Машины мөнгийг төлөөгүй нь үнэн, уурхайд нүүрс зөөдөг машинаар сольсон, ашигтай ажиллахаар төлнө гэж байсан. Машины үнийг төлж байсан, хариуцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид үнэгүй эмчилгээ хийж, нүүрс өгсөн, бэлнээр мөнгө шилжүүлсэн, ломбардны хүүг төлж байсан гэв.

 

Хариуцагч С.Батхуяг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

С.Батхуяг миний бие Д.Мягмарын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад ямар ч үндэслэлгүй хэмээн эс зөвшөөрч байх тул хариу тайлбар гаргаж байна. Д.Мягмарын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй бөгөөд тус гэрээ нь хууль ёсны дагуу үйлдсэн хүчин төгөлдөр хэлцэл юм. Мөн Д.Мягмар нь тус нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 30-ний өдөр шүүхэд гаргаж байсан бөгөөд шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Иймд Д.Мягмарын “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Д.Мягмарын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй хэмээн эс зөвшөөрч ямар ч нотолгоогүй, нотлох баримтгүй зүйл шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Д.Мягмарын нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлага зэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас автомашин худалдан авсан нь үнэн. Үнийг нь зээл бүтэхээр төлнө гэж байсан боловч төлөөгүй, бүр машиныг ч буцааж өгөөгүй. Нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргаад үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн, энэ талаар 3 ч удаа гэрээ байгуулсан  байдаг. 2016 оны 7 дугаар сарын 29, 2016 оны 11 дүгээр сарын 14, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр, мөн өөрөө хүсэлтээ Улсын бүртгэлийн албанд гаргаад нэрээ шилжүүлсэн, хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн. Гэтэл одоо гэрчилгээ алга болсон, юу ч мэдэхгүй согтуу байсан гэдгийг ойлгохгүй байна. Уг үл хөдлөх хөрөнгийг барьцаанд байсныг нь хариуцагчийг чөлөөл гээд хариуцагч нь ХААН банкинд 5 000 000 төгрөгийг төлж чөлөөлсөн. Өөрөө л уг хөрөнгөө шилжүүлсэн, мөн гар утасны дугаараа өгсөн байсан. Машины үнийг огт төлөөгүй, надад болон манай хүүхдэд хийсэн гээд байгаа эмчилгээ нь энэ хэрэгт хамааралгүй. Тиймээс өөрөө хүлээн зөвшөөрч, хүсэлтээ гаргаж гэрээ хийж эд хөрөнгөө шилжүүлэн өгсний дараа ийм нэхэмжлэл гаргаж, хийсэн хэлцлээ хүртэл гарын үсэг зураагүй гэж байгаад гайхаж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Мягмар нь хариуцагч С.Батхуягт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 99113438 дугаарыг буцаан олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.Мягмар, хариуцагч С.Батхуяг нар нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 хороолол /16067/, Энэбишийн өргөн чөлөө гудамж 51 тоот хаягт байрлах 74,61 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 30 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон байна. /хэргийн 4-р хуудас/

Нэхэмжлэгч нь уг гэрээг байгуулсан, гэрээнд гарын үсэг зурсан талаараа маргаагүй боловч үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг дарамт, шахалтад орж байгуулсан, өөрийн үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй байсан, хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн тул хүчин төгөлдөр бусад тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийг миний нэр дээр шилжүүлэхдээ хариуцагч С.Батхуяг нь 99113438 дугаарыг хуурч өөрийн нэр дээр шилжүүлснийг буцаан олгуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүсэл зоригийн дагуу байгуулсан, нэхэмжлэгч Д.Мягмар нь автомашин худалдан авсан боловч үнийг төлөөгүй, автомашиныг зарж борлуулсан, мөн түүний зээлийн гэрээний үүргийг төлсөн тул үл хөдлөх эд хөрөнгийг утасны дугаарын хамт шилжүүлсэн гэж маргасан.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийг зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл юм.  

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулах байхад үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь үндэслэлгүй, үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор буюу автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээг халхавчилж хийгдсэн гэсэн.

 Хэрэгт авагдсан “Авто машин хүлээлцсэн акт”-нд “...тус Ландкруйзер 200 автомашиныг С.Батбаатар, С.Батхуяг нараас Д.Мягмар нь бүрэн бүтэн хүлээн авсан бөгөөд хүлээн авснаас хойших эвдрэл гэмтэл гарвал бие дааж бүрэн хариуцахаар тохиролцов. /дугуй гэрэл дохио толь шил домократ/ Төлбөрийг 14 хоногийн дотор бүрэн төлж барагдуулах бөгөөд тохиролцсон хугацаандаа төлж чадахгүй бол хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно. Авто машины нийт үнэ 75 000 000 төгрөг болно. Хүлээн авсан Д.Мягмар, хүлээлгэн өгсөн С.Батхуяг 2016.07.29-ний өдөр” гэжээ. /хэргийн 82-р хуудас/

Уг хэлцлийг байгуулсан талаараа нэхэмжлэгч, хариуцагч нар нь маргаагүй бөгөөд уг хэлцлийн дагуу хариуцагч С.Батхуяг нь автомашиныг шилжүүлсэн, уг автомашиныг нэхэмжлэгч Д.Мягмар нь хүлээн авсан талаар хүлээн зөвшөөрсөн тул уг хэлцлийг халхавчлах зорилгоор 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.

Мөн уг “Авто машин хүлээлцсэн акт” гэх хэлцэл байгуулсан өдөр талууд 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” тус тус  байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа боловч эмнэлгийн тоног төхөөрөмж, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаа хөрөнгөөр шилжүүлэхээр тохирч байсан боловч гэрээг хэрэгжээгүй гэж хэн аль нь тайлбарласан болно. /хэргийн 83, 86-р хуудас/

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасан “хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн” бол ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлд тооцож хүчин төгөлдөр бус гэж тооцох болох боловч нэхэмжлэгчийг ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэлгүй, учир нь нэхэмжлэгч автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулах байхад хариуцагчтай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг зөвшөөрөн байгуулсан гэсэн нь ойлгомжгүй, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ буюу “Авто машин хүлээлцсэн акт”-ыг үйлдсэн байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д “эрх зүйн бүрэн чадамжтай этгээд үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй болсон буюу сэтгэцийн түр зуурын сааталд орсон үедээ илэрхийлсэн хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцохоор заасан бөгөөд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч нь үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй буюу сэтгэл санааны гутралд орсон, согтуу байсан болох нь гэрч нарын мэдүүллэгээр нотлогдоно гэсэн.

Хариуцагч нь уг гэрээг байгуулахдаа үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй байгаагүй, өөрөө хүсэлтээ гаргаж энэ талаараа бичгээр холбогдох байгууллагад хүсэлтээ өгсөн гэж маргасан.

Хэрэгт авагдсан гэрч Д.Бор, А.Давааням нарын мэдүүлэгт “... нэхэмжлэгч нь сэтгэл санааны гутралд орсон байхад нь үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан, машины асуудлаас болсон, согтуу байхад нь үл хөдлөх хөрөнгийн нэрийг шилжүүлсэн” гэж мэдүүлсэн боловч нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт  2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “... үл хөдлөх эд хөрөнгийг С.Батхуягт шилжүүлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн хүсэлтийг гаргаж байсан болох нь тогтоогдож байна. /хэргийн 66-71, 48-р хуудас/

Мөн Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй” байх бөгөөд нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүч хэрэглэн дарамталж байгуулсан, энэ нь гэрчийн мэдүүлэг, Итгэлт-Эстимэйт ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тайлангаар тогтоогдоно, дарамтлаагүй, үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадвартай байсан бол 143 063 100 төгрөгний эд хөрөнгийг 75 000 000 төгрөгний машины үнэд шилжүүлэхгүй, 105 000 000 төгрөгний үүрэгт үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхээр байгуулсан гэх 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хэлцэлд гарын үсэг зураагүй гэсэн.

Хэрэгт авагдсан “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайланд шүдний эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байгаа Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 хороолол, Энэбишийн өргөн чөлөө гудамж 51 дүгээр байрны 12 давхар барилгын 1 давхарын 74,61 м.кв талбайтай 167 тоотод байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 143 063 100 төгрөгийн үнээр тогтоосон байх тул нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө нь 143 063 100 төгрөгний үнэлгээтэй гэсэн нь үндэслэлтэй байна. /хэргийн 25-34-р хуудас/

Гэвч Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзэх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид хүч хэрэглэсэн гэх баримтгүй, машины үнийг нэхэж дарамталсан, цагдаад шалгуулж байсан гэсэн боловч хэрэгт авагдсан Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хаасан болох нь тогтоогдож байна. /хэргийн 5-8-р хуудас/

Хэрэгт авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “БГД-ийн 19 дүгээр хороо, 51 байрны 167 тоотод байрлах “Цэвхэн Дент” шүд, эрүү нүүрний эмнэлэг байрлаж байгаа 74,61 м.кв үйлчилгээний зориулалттай байрыг тоног төхөөрөмжийн хамт хүлээн авах тухай хэлцэл”-д нэхэмжлэгч гарын үсэг зураагүй, уг хэлцлийг мэдэхгүй гэж, хариуцагчийн төлөөлөгч нь хэлцэлд гарын үсэг зурсан, өөрөө болон гэрч А.Давааням хамт байлцаж зурсан гэж маргасан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №2982 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...хэлцлийн Д.Мягмар гэсний урд зурагдсан гарын үсэг нь харьцуулсан загварт ирүүлсэн Д.Мягмарын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна”, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №4252 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...хэлцлийн Д.Мягмарын гэсний урд зурагдсан гарын үсэг нь харьцуулсан загварт ирүүлсэн Д.Мягмарын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна. А.Давааням гэсний урд зурагдсан шинжилж буй гарын үсэг нь А.Даваанямын гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна” гэжээ. /хэргийн 96-97, 125-132, 142-р хуудас/

Нэхэмжлэгч нь уг баримтыг хариуцагч нь хуурамчаар үйлдсэн, гарын үсэг зураагүй, тиймээс 105 000 000 төгрөгийн үүрэгт үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхийг зөвшөөрөөгүй гэсэн боловч уг хэлцлийн дагуу хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгө шилжээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд Баянгол дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн газарт С.Батхуягаас  2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Д.Мягмарт худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэхэд татгалзахгүй гэсэн, Д.Мягмараас 2016 оны 11 дүгээр сарын 16-нд Баянгол дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн газарт худалдан авах гэрээтэй холбоотой маргаан байхгүй болно гэсэн хүсэлтийг гаргаж байсан байна.

Гэвч зохигч талууд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г дахин байгуулж, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлж, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч нь Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт гаргаж, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар өмчлөх эрх нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000524552 тоот гэрчилгээгээр 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчид үүсэж, нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх дуусгавар болсон болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байна. /хэргийн 44-50-р хуудас/

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн, уг гэрээг байгуулахдаа үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй болсон байхдаа хийсэн, хариуцагч нь уг хэлцлийг хүч хэрэглэж хийсэн гэдэг нь тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн нэхэмжлэгч нь автомашин худалдан авсан, зээл чөлөөлүүлсэн боловч үүргээ гүйцэтгээгүй тул хүсэл зоригийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан гэсэн тайлбар үндэслэлтэй, нэхэмжлэгч нь автомашины үнийг төлж байсан гэсэн боловч баримтаар нотлоогүй болно.  

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг түүний 99113438 гэсэн утасны дугаарыг хуурч мэхлэн аваад буцааж өгөөгүй тул буцаан гаргуулж өгнө үү гэсэн, хариуцагч нь утасны дугаарыг нэхэмжлэгч нь ломбарднаас аваарай гэсний дагуу авсан гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан “Мобиком корпораци” ХХК-иас ирүүлсэн лавлагаанд 99113438 дугаарыг нэхэмжлэгч Д.Мягмар нь 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ний хүртлэх хугацаанд, мөн 2016 оны 7 дугаар сарын 10-наас 2016 оны 11 дүгээр сарын 16-ныг хүртлэх хугацаанд эзэмшиж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч С.Батхуягт шилжүүлсэн боловч уг 99113438 дугаар нь 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Б.Эрдэнэсолонгын эзэмшилд шилжсэн болох нь нотлогдож байна. /хэргийн 78-79-р хуудас/

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхлэсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч нь шаардлагаа баримтаар нотлоогүй, мөн уг 99113438 дугаарыг хариуцагчаас буцаан олгуулах боломжгүй, өөр этгээдийн эзэмшилд шилжсэн болох нь тогтоогдож байна гэж үзэв.

Иймд нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 99113438 дугаарыг буцаан олгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:                                        

                                                                                                                     

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.7, 58 дугаар зүйлийн 58.2.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Мягмарын хариуцагч С.Батхуягт холбогдуулан гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, 99113438 дугаарыг буцаан олгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

     

                              ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                       Д.ХУЛАН