Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2021/01988

 

 

 

 

 

2021 он   10сар   26

181/ШШ2021/01988

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Т-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

 

Тээврийн хэрэгслийн үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өлрийн 181/ШШ2021/00417 дугаартай захирамжаар О.С-н нэхэмжлэлтэй, “Т” ХХК-д холбогдох 132,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад НШШГГын 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6/5 дугаартай “Шинжээч томилох тухай” тогтоолоор Г.Т миний эзэмшлийн Лексус ЛХ570 маркийн УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоолгохоор шийдвэрлэж, шинжилгээ хийж дүгнэлт гаргах шинжээчээр “Х” ХХК-ийг томилсон байна.

“Х” ХХК-иас 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 01/12 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаж, уг тээврийн хэрэгслийн үнэлгээг 90,000,000 төгрөгөөр үнэлж, улмаар миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг “Т” ХХК-ийн төлбөрт тооцон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчсөн ажиллагаа болоод байна.

О.С нэхэмжлэлтэй, “Т” ХХК-д холбогдох 132,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өлрийн 181/ШШ2021/00417 дугаартай захирамжтай хэргийн хариуцагч нь иргэн Г.Т би биш, мөн би төлбөр төлөгч ч биш юм. Энэ хэргийн хариуцагч нь төлбөр төлөгч “Т” ХХК байх бөгөөд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Д.Жаргалсайхан болох нь улсын бүртгэлийн  дугаартай, регистрийн дугаартай, нэхэмжлэлд хавсаргаж өгсөн “Т” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ баримтаар нотлогдох юм.

Миний бие энэ тухай мэдээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтуудтай танилцахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан эд хөрөнгө хураах, битүүмжлэх, үнэлгээ тогтоох зэрэг ажиллагаа явуулахдаа шийдвэр гүйцэтгэгч нь иргэн Г.Т надад огт мэдэгдээгүй, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн талаар санал авсан атлаа надад мэдэгдээгүй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хуульд заасан ямар үндэслэлээр Г.Т миний эзэмшлийн Лексус ЛХ570 маркийн УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураах, битүүмжлэх, үнэлгээ тогтоолгох зэрэг ажиллагаа явуулсан нь ойлгомжгүй, тодорхойгүй, би төлбөр төлөгч биш, уг тээврийн хэрэгсэл нь барьцааны хөрөнгө ч биш байхад ийнхүү ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчсөн ажиллагаа болоод байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Лексус ЛХ570 маркийн УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 00417 дугаартай шүүгчийн захирамжаар О.С нэхэмжлэлтэй Т ХХК-д холбогдох 132,000,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг шийдвэрлэсэн. Уг захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тухайн компанийн хувьцаа эзэмшигч Г.Тгийн Лексус 570 маркийн УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тухайн ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсгийг баримталсан. Төлбөр төлөгчийн эд хөрөнгө хүрэлцэхгүй бол тухайн компанийн хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгийг хураана гэдэг үндэслэлээр хураасан. Эд хөрөнгө хураах битүүмжлэх ажиллагаа явуулахдаа Г.Тг төлбөр төлөгч гэж мэдэгдэж ажиллагаанд оролцуулаагүй. Шүүгчийн захирамжаар О.С гэдэг хүний төлбөрт хөрөнгө нь ямар байдлаар хүрэлцэхгүй талаар ямар ч ажиллагаа хийгээгүй. Капитал банк ХХК-тай холбоотой шүүхийн гүйцэтгэх хуудас дээр хэдэн төгрөгийн төлбөр тухайн банкинд төлөгдөх ёстой байсан, тэр нь энэ төлбөрт хамаарах байсан эсэх зэрэг ажиллагаа мөн хийгдээгүй. Ийм байхад эд хөрөнгө тогтоогдохгүй, төлбөр төлөх ажиллагаанд хүрэлцэхгүй байна гэсэн үндэслэлээр тухайн зээлийн төлбөр төлөгч биш, Г.Тгийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг битүүмжилж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хуульд нийцээгүй байна.

Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд гэж байгаа. Капитал банк ХХК-ийн зээлтэй холбоотой шүүхийн шийдвэр гарсан байдаг. Шийдвэрт Т ХХК--ийн хэдэн төгрөгийн эд хөрөнгө хураагдсан, хэдэн төгрөг нь Капитал банк ХХК-ийн төлбөрт очих, бүгд хураагдаад ажиллагаанд хамрагдаж байгаа юм уу? Энэ талаар нотолсон баримт байхгүй байна. Т ХХК нь эд хөрөнгө байхгүй бол энэ талаар Улсын бүртгэлийн лавлагаа, данс эзэмшигчийн лавлагаа байх ёстой. Тиймээс төлбөр төлөгч биш хүний эд хөрөнгийг битүүмжилж, үнэлгээ тогтоох ажиллагаа нь хууль бус байна. Т ХХК-д хөрөнгө хүрэлцэхгүй байгаа болохоор Г.Тгийн хөрөнгө рүү орж байна гэсэн баримт байхгүй байна. Тийм учраас хууль зөрчиж Г.Тгийн эрх ашгийг зөрчсөн ажиллагаа явагдсан.

Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн үед хийсэн ажиллагааг дурдаад явсан. Үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 00417 дугаартай шүүгчийн захирамжаар Т ХХК-иас 132,408,975 төгрөгийг гаргуулж О.Сувд-Эрдэнэд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Т ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Г.Тгийн эзэмшлийн лексус 570 маркийн 18-48 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэн хураан авч талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар Х ХХК-ийн шинжээчээр томилж үнэлгээ тогтоож 90,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг талуудад 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 4-156/10602 дугаартай албан бичгээр мэдэгдэж үнэлгээний тайланг танилцуулсан.

Компанийн бүх хөрөнгө барьцаанд байдаг. Үүсгэн байгуулагч Д.Ж бүх хөрөнгө барьцаанд байж зарагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк хадгаламж зээлийн хоршоонд төлбөр барагдуулах ажлын алба барьцаа хөрөнгөд ажиллагаа явуулсан. Улсын бүртгэлийн гэрчилгээнд Г.Т нь Т ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гэдэг нь нотлогддог. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгчийн нийт хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангаж хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж заасан. Тухайн компанийн хөрөнгө дээр шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас гарсан учир ажиллагаа хийгээгүй, хувьцаа эзэмшигчийн хөрөнгө дээр ажиллагаа хийсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэг, хуулийн этгээдийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Г.Т гэж заасан учраас төлбөр төлөгч биш, 100 хувийн хувьцаа эзэмшигч гэдгээр ажиллагаа явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас гараад ажиллагаа явагдаж байхад бид давхар ажиллагаа явуулах боломжгүй. Нотлох баримт байхгүй байна гэж тайлбарлаж байгаа бол хөрөнгө илүү гараад хүрэлцэнэ гэсэн нотлох баримт байна уу. Өмчлөгч нь ажиллагаанд оролцоогүй, тухайн тээврийн хэрэгсэл нь Т ХХК-ийн нэр дээр өмнө байсан. Банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд байж байгаад тухайн үед захиралтай нь найзуудын холбоотой байсан, тэгээд тээврийн хэрэгслээ оношилгоонд оруулна гэж бичиг баримтаа аваад гэрчилгээгээ солиулаад Г.Тгийн нэр дээр шилжүүлсэн байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэг, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан тул Лексус 570 маркийн УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч НШШГГт холбогдуулан тээврийн хэрэгслийн үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй  болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Хуульд зааснаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдийн хувиар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гаргаж байна” гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэг, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан” гэж тус тус тайлбарласан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 55.7-д” Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж зохицуулсан.

 

Нэхэмжлэгч Г.Тг Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан гомдол гаргах эрхийн хугацаа Г.Тгийн гомдолд хамааралгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар “Т” ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 26ы өдрийн 181Ш2021/00417 дугаар “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар 132,000,000 төгрөгийг О.С-д төлөх үүрэг хүлээжээ. /хх40/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шийдвэр, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШЗ2021/03237 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 181/ГХ2021/00218 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгч “Т” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн  дугаар тогтоолоор эхлүүлсэн байна. /хх38-41/

 

НШШГГын 156 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс Т ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2021 оны 3 дугаар сарын 29, 2021 оны 5 дугаар сарын 11, 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрүүдэд тус тус хүргүүлж, НШШГГын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 21280316/13-156 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор Т ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Г.Тгийн эзэмшлийн  УБҮ улсын дугаартай, Тоёота Лексус ЛКС 570 маркийн автомашиныг битүүмжилж, НШШГГын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 21280316/14-156 тогтоолоор барьцаалан хураажээ. /хх65-69/

 

Хариуцагчийн явуулсан дээрх арга хэмжээнүүд нь Т ХХК-иас төлбөр гаргуулах тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн байх тул тээврийн хэрэгслийн үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулахаар гаргасан Г.Тгийн гомдлыг Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасан зохицуулалтаар шийдвэрлэнэ.

 

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчийн хувиар бус харин бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдийн хувиар оролцогч Г.Т энэ гомдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар мөн хуулийн 44.3, 44.4-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх журам хамаарахгүй.

 

Хэрэгт авагдсан баримтуудад Г.Тгээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх баримт бичиг байхгүй байх боловч хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ явуулсан үндэслэлээ ...хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцах үүрэгтэй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь зохицуулалтын хүрээнд дээрх ажиллагааг явуулсан гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч Г.Т нь “Т” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох нь хэрэгт авагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх50/

 

Хариуцагч НШШГГын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл”-д Т ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Г.Т гарын үсэг зурсан байх бөгөөд мөн өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”-д “...Тээврийн хэрэгслүүд нь хаана байгааг мэдэхгүй, тухайн тээврийн хэрэгслүүд нь миний ээж Д.Ж миний нэр дээр авч өгсөн, тухайн үед би машиныг эзэмшиж байсан. Дараа нь ээж компанийн өмч гэж ажилдаа унаж явдаг байсан...” гэж тэмдэглэгдсэнээс үзэхэд  өөрийнх нь өмчлөлийн хөрөнгөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй, тэрээр дээрх ажиллагаануудад гомдол гаргаагүй байна. /хх70-71/

 

Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар битүүмжлэгдсэн хөрөнгийн үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас санал авах ажиллагааг 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдрүүдэд дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч Т ХХК, Г.Т нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. /хх73-75/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр авагч О.Сувд-Эрдэнээс Лексус 570 маркийн УБҮ улсын дугаартай автомашиныг 65,000,000 төгрөгөөр үнэлж, үнийн санал ирүүлсэн, төлбөр төлөгч Т ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Г.Т, захирал Д.Жаргалсайхан нар нь үнийн саналаа өгөх боломжгүй талаараа бичгээр мэдэгдсэн тул шийдвэр гүйцэтгэгч “талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй” гэж үзэн 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 6/5 дугаар тогтоолоор “Х” ХХК-ийг шинжээчээр томилж, эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /хх76-95/

 

Дээрх хөрөнгийг үнэлсэн “А” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий хуулийн этгээд байх бөгөөд “Х” ХХК-ийн захирал Б.Б нь өөрийн компаний үнэлгээчин Б.Б итгэмжлэл олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт гаргасан гэж үзнэ. Мөн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй шинжээч Б.Б-д эрх, үүргийг тайлбарлан өгч, хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар сануулсан нь Эрүүгийн хуулийн 21.4 зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9,13,14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй байна. /хх81-83/

 

Х ХХК нь 18-48 УБҮ улсын дугаартай, Лексус ЛКС 570 маркийн автомашины үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний Олон Улсын стандартын дагуу үнэлсэн нь хуульд нийцсэн байх бөгөөд хөрөнгийг 90,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлжээ. /хх85-95/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч Т ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Г.Тд 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр тайлантай танилцуулж, үнэлгээний тайланг хуулбарлан өгсөн тэмдэглэл үйлдэж, мэдэгдэл хүргүүлсэн байна. /хх98/

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр тээврийн хэрэгслийн үнэлгээ тогтоосн ажиллагаа хуульд нийцсэн байх тул хариуцагч НШШГГт холбогдох тээврийн хэрэгслийн үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар хариуцагч НШШГГт холбогдох УБҮ улсын дугаартай, Лексус ЛКС 570 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Тгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2021/07914 дүгээр захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх-ээр авсан арга хэмжээ нь давах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэвээр байхыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЭНХЦЭЦЭГ