Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/00060

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Тнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2021/01988 дугаар шийдвэртэй,

Г.Тнгийн нэхэмжлэлтэй Нгазарт холбогдох

тээврийн хэрэгсэлийг үнэлсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Байгальмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2021/00417 дугаартай захирамжаар О.Снийн нэхэмжлэлтэй “Т” ХХК-д холбогдох 132,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад Нгазраас 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6/5 дугаар тогтоолоор “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон. “Хөрөнгө эстимэйт” ХХК 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр үнэлгээний тайлан гаргаж, миний эзэмшлийн  Лексус 570 маркийн 18-48 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 90,000,000 төгрөгөөр үнэлж, улмаар уг тээврийн хэрэгслийг “Т” ХХК-ийн төлбөрт тооцон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчсөн ажиллагаа болоод байна.

Дээрх 00417 дугаар захирамжтай иргэний хэргийн хариуцагч нь Г.Тн би биш, би төлбөр төлөгч биш, хариуцагч, төлбөр төлөгч нь “Т” ХХК байх бөгөөд уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Д.Жаргалсайхан болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдох юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх бйгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан эд хөрөнгө хураах, битүүмжлэх, үнэлгээ тогтоох зэрэг ажиллагаа явуулахдаа Г.Тн надад огт мэдэгдээгүй, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн талаар санал авсан атлаа надад мэдэгдээгүй.

Түүнчлэн хуульд заасан ямар үндэслэлээр Г.Тн миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг хураах, битүүмжлэх, үнэлгээ тогтоолгох зэрэг ажиллагаа явуулсан нь ойлгомжгүй, тодорхойгүй, би төлбөр төлөгч биш, уг тээврийн хэрэгсэл нь барьцааны хөрөнгө ч биш байхад ийнхүү ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчиж байна.

Иймд тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 00417 дугаар захирамжаар “Т” ХХК-аас 132,408,975 төгрөгийг гаргуулж О.Снэд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “Т” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Г.Тнгийн эзэмшлийн лексус 570 маркийн 18-48 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэн, хураан авч, талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход 90,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Уг үнэлгээг талуудад 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 4-156/10602 дугаартай албан бичгээр мэдэгдэж үнэлгээний тайланг танилцуулсан.

Компанийн бүх хөрөнгө барьцаанд байдаг. Үүсгэн байгуулагч Д.Жаргалсайханы бүх хөрөнгө барьцаанд байж зарагдсан.

Улсын бүртгэлийн гэрчилгээнд Г.Тн нь “Т” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гэдэг нь нотлогддог. Тухайн компанийн хөрөнгө дээр шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас гарсан учир ажиллагаа хийгээгүй, хувьцаа эзэмшигчийн хөрөнгө дээр ажиллагаа хийсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэг, хуулийн этгээдийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Г.Тн гэж заасан учраас төлбөр төлөгч биш, 100 хувийн хувьцаа эзэмшигч гэдгээр ажиллагаа явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас гараад ажиллагаа явагдаж байхад бид давхар ажиллагаа явуулах боломжгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэг, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан тул Лексус 570 маркийн 18-48 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар хариуцагч Нгазарт холбогдох 18-48 УБҮ улсын дугаартай, Лексус ЛКС 570 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Тнгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Г.Тн намайг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдол гаргах эрхийн хугацаа Г.Тнгийн гомдолд хамааралгүй байна гэж үзсэн.

Би шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад хамаарахгүй юм бол ямар үндэслэлээр өөр хүний авсан зээлд миний өмчлөлийн автомашиныг хурааж, надад ажиллагааны оролцогч мэтээр мэдэгдэл өгч, дуудлага худалдаанд оруулсан гэдэг нь ойлгомжгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хөрөнгө үнэлэх ажиллагааны талаар гомдол гаргах эрхийн хугацаа миний машиныг үнэлэхэд хамаарахгүй байгааг ойлгохгүй байна. Миний машиныг үнэлээд байгаа учраас би гомдол гаргах эрхтэй гэж үзэж байна.

Би хэдийгээр компаний хувьцаа эзэмшигч боловч миний бие зээлийн талаар мэдэхгүй, харин зээл авсан манай ээж энэ компанийг хариуцаж үйл ажиллагаа явуулдаг, зээлийн төлбөр төлөгч бөгөөд нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлага хангахад хүрэлцэхгүйг тогтоогоогүй байж миний хувийн өмчөөр уг төлбөрийг төлүүлэх гэж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч Г.Тн нь хариуцагч Нгазарт холбогдуулан тээврийн хэрэгсэлийг үнэлсэн ажиллагааг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

О.Снийн нэхэмжлэлтэй “Т” ХХК-д холбогдох 132,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2021/00417 дугаар захирамжаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх40/ Нгазар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 3237 дугаар захирамж, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 218 тоот гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн, /хх29,32, 40/ төлбөр төлөгч компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, дансны мэдээлэл, эд хөрөнгийн лавлагааг гаргуулж, төлбөр төлөгч компанийн хувьцаа эзэмшигчид зарлан дуудах мэдэгдэл, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн /хх42-55/ үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

Төлбөр төлөгч “Т” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Г.Тн байх бөгөөд түүний нэр дээр 18-48 УБҮ улсын дугаартай, Тоёота Лексус ЛКС 570 маркийн автомашин бүртгэлтэй байсан, уг автомашиныг хариуцагч байгууллага 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр битүүмжилж, мөн өдөр барьцаалан хураан авах ажиллагаа явуулсан, энэ ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. /хх65, 66/

 

Нгазар нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 4-156/8952 тоот мэдэгдлээр дээрх тээврийн хэрэгсэлийн албадан дуудлага худалдааны доод үнийн тогтоолгохоор санал авах талаар “Т” ХХК болон уг компанийн хувьцаа эзэмшигч Г.Тнд тус тус шуудангаар мэдэгдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болон гуравдагч этгээд Г.Тн нар эд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул шинжээч томилсон ажиллагаа хуульд нийцсэн байна. /хх73-75/

 

Шинжээч “Хөрөнгө-Эстимэйт” ХХК тээврийн хэрэгсэлийн зах зээлийн үнэ цэнийг 90,000,000 төгрөгөөр үнэлсэн, /хх81-95/ шийдвэр гүйцэтгэгч 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 4-156/10602 тоот албан бичгээр тус үнэлгээний талаарх мэдэгдлийг хүргүүлснийг Г.Тн хүлээн авсан. /хх 97/

 

Нгазрын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд Г.Тн нь “...Тээврийн хэрэгслэлүүд нь хаана байгааг мэдэхгүй, тухайн тээврийн хэрэгслүүд нь миний ээж Д.Жаргалсайхан миний нэр дээр авч өгсөн, тухайн үед би машиныг эзэмшиж байсан. Дараа нь ээж компанийн өмч гэж ажилдаа унаж явдаг байсан...” гэж хэслнийг тэмдэглэснээс үзвэл уг тээврийн хэрэгсэл нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь  хэсэгт заасан “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж тус тус зааснаар компанийн эд хөрөнгөд хамаарна.

 

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 “Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ” гэж заасны дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буруутгахгүй юм.

 

Түүнчлэн анхан шатны шүүх Г.Тнг Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацаа түүний гомдолд хамааралгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2021/01988 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ДАВААДОРЖ

 

                                          ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА