Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2022/0684

 

 

 

 

 

 

    2022          09          16                                    128/ШШ2022/0684   

                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
А.Мөнх-Өлзий даргалж
тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч:"ФМ"....ХХК

Гомдол гаргагчийн төлөөлөгч: ц.э...,

Гомдол гаргагчийн өмгөөлөгч: Б.Б...,

Хариуцагч: Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Х.А... нарын хооронд шийтгэлийн хуудас оногдуулсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн төлөөлөгч ц.э..., гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б..., хариуцагч Х.А..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага:

1.1. Гомдол гаргагч"ФМ"....ХХК-аас Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Х.А...т холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Х.А...ын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 00  аар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Гомдол гаргагч"ФМ"....ХХК нь анх Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Х.А...ын 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 00 дугаартай шийтгэх хуудсыг хүчингүй болгуулахаар 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

2.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0076 дугаар шийдвэрээр “...”ФМ”ХХК нь 5 тоот регистрийн дугаар бүхий автомашины засвар, үйлчилгээ хийх үндсэн үйл ажиллагааг эрхэлдэг хуулийн этгээд байхад хариуцагч нь . . . 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 003 дугаартай шийтгэлийн хуудсаар “Фо” ХХК-д хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд шийтгэл ногдуулах зарчимд нийцээгүй шийдвэр болсон, . . . энэхүү алдааг шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй гэж дүгнэн дээрх шийтгэлийн хуудсыг 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн” байна.

2.3. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хэргийн оролцогчид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 190 дугаартай магадлалаар гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхин эрх бүхий албан тушаалтны 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0030657 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгожээ.

2.4. Магадлалыг эс зөвшөөрч хариуцагч Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргасны дагуу Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 190 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0076 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангажээ.

2.5. Хариуцагч Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Х.А... нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0030696 дугаар шийтгэлийн хуудсыг гаргажээ.

2.6. Гомдол гаргагч"ФМ"....ХХК дээрх 0030696 дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл: 

3.1. Гомдол гаргагч"ФМ"....ХХК-ийн захирал ц.э... гомдлын шаардлагын үндэслэлдээ:

...Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд манай компанийн эрх ашгийг ноцтой зөрчин шинжээчийн дүгнэлтийг зөрүүтэй гаргасан. Уг шинжээчийн дүгнэлтийн зөрүүг арилгаж дахин шинжээч томилуулахаар галын шалтгаан нөхцөлийг эргэлзээгүйгээр тогтоолгох, тухайн шатсан гэх автомашиныг техникийн шинжээчээр үзлэг хийлгэж дүгнэлт гаргуулах зэрэг холбогдох бусад ажиллагааг хийлгүүлэх шаардлагатай байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж өгнө үү. Дээрх шийтгэлийн хуудсыг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан” гэжээ.

3.2. Гомдол гаргагчийн төлөөлөгч ц.э... шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Автомашин нь хүний энгийн хэрэгцээний зүйл. Үүнтэй адилхан хүмүүс гэртээ 25 киловаттын бүдэг гэрэл тавьж байж тог, цахилгаан хэмнэх эсвэл 40 киловатт, 100 киловатт гэрэл тавих нь тухайн хэрэглэгчийн өөрийн сонголт. Автомашины хувьд мөн адил 50, 60 киловатт, 100 киловатт гэрэл тавих нь мөн хэрэглэгчийн өөрийн сонголт. Хариуцагчаас автомашины гэрлийг сольсноор гал гарсан гэж үзэж байгаа. Харин Омын хуулийн дагуу хэлхээний хэсэг дэх гүйдлийн хүч нь чадлаас шууд, хүчдэлээс урвуу хамааралтай. Машин нь өөрөө хамгаалалтын хэсэгтээ бөгөөд 15 амперын гал хамгаалагчтай. 15 амперын гэрэл нь дээд тал нь 100 киловаттын хүчтэй гэрэл тавих боломжтой бөгөөд энэ үед систем хэвийн ажиллаж байх ёстой. Үүнийг инженерүүд шийдэж 2 янзын гал хамгаалагч суурилуулсан байдаг.

Замын хөдөлгөөний дүрэмд бүрэн бус техник хэрэгсэлтэйгээр зам тээврийн хөдөлгөөнд оролцохгүй байх гэж заасан. Машины зүүн урд талд авто машины шийт байрлаж байгаа. Тэр хэсэгт утас илүү гарсан байгааг тухайн хүнд анхааруулж байсан. Гэтэл машины эзэнд “илүү гарсан утас байна үүнийг янзлуулах хэрэгтэй” гэхэд замын хөдөлгөөнд машины зүүн урд гэрэлгүй явуулдаггүй учраас “зүгээр гэрлийг тавиад өг” гэж хэлсэн. Тухайн машин зүүн урд хэсгээрээ мөргүүлсэн байсан бөгөөд зүүн урд хэсэгт машины шийт байрладаг.

Тэгэхээр гэрлээс гал гарсан байх ямар ч үндэслэл байхгүй. Ямар ч нөхцөл байдлаас гал гарсан байх магадлалтай учраас жолоочид маш сайн тайлбарласан. Инженерийн салбарт миний бие 22 дахь жилдээ ажиллаж байна. Уг асуудлаар анх удаа надад ийм гомдол ирж байна. Жишээлбэл тухайн өрөөнд ямар хэмжээтэй гэрэл тавих нь хэрэглэгчийн сонголт бөгөөд түүнд тохирсон хамгаалалтын систем суурилуулдаг” гэв.

3.3. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б... шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Гал түймрийн улсын ахлах байцаагч иргэн н.Х-нгийн авто машинд 60 лампын гэрэл суурилуулах ёстойгоос 100 лампын гэрэл суурилуулснаас шалтгаалж гал гарсан."ФМ"....ХХК-ийн зүгээс Галын аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу ажилтан албан хаагч нарт гал, түймрээс урьдчилан сэргийлэх мэдээллээр хангаагүй улмаас гал гарсан гэж үзэж"ФМ"....ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлд заасны дагуу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудсыг гаргасан байдаг.

Шийтгэлийн хуудастай холбоотойгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж оногдуулсан шийтгэлийн хуудасны биелэлтийг түдгэлзүүлж, дахин шийтгэлийн хуудас гаргахаар даалгасан. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож  шийдвэрлэсэн. Улсын дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж үүний дараагаар гал түймрийн улсын байцаагчаас дахин захиргааны акт гаргасан. Үүнтэй холбогдуулан шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Захиргааны акт гаргах зөрчлийн хэргийн урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд бидний зүгээс гомдолтой байгаа. Дахин захиргааны акт гаргахдаа нэмэлтээр ямар ч ажиллагаа хийгээгүй.

Өмнө гаргасан шийтгэлийн хуудаст “Фо” ХХК гэж бичсэн байсныг"ФМ"....ХХК болгож өөрчилсөн байсан. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудыг эрх тэгш оролцуулж бүгдээс санал, хүсэлт авч холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлсний үндсэн дээр шийтгэлийн хуудсыг гаргах ёстой. Зөрчлийн хэргийн материалд гал түймрийн улсын байцаагчийн үндэслэл болгосон Галын аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу ажилтан, албан хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх сургалтад хамруулаагүй гэсэн гол үндэслэл байгаа. Энэ талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй."ФМ"....ХХК-ийг албан ёсоор хохирогчоор тогтоогоогүй. Албан ёсоор тогтоогоогүй байхдаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд дүгнэлт гаргах ажиллагаанд гомдол гаргагч компанийг оролцуулаагүй учраас эрх ашиг зөрчигдсөн.

Хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд тэдгээр нь хоорондоо зөрүүтэй. Аль ч шинжээчийн дүгнэлтээр авто машины гэрэл сольсноос болж гал гарсан гэдгийг тогтоогоогүй. Шинжээчийн дүгнэлтээр авто машины зүүн урд хэсгээс гал гарсан гэсэн дүгнэлт гарсан. Цахилгаанаас шалтгаалж гал гарсан утастай хэсэг дээр бөмбөлөг үүсдэг. Харин гэрлийн хэсэгт бөмбөлөг үүсээгүй бөгөөд аль утсан дээр бөмбөлөг үүссэн байсныг тогтоогоогүй. Зөвхөн авто машины эзэн иргэн н.Х машины гэрлийг сольсон учраас гал гарсан гэсэн мэдүүлэгт үндэслэн дүгнэлт гаргасан. Жолооч нь авто машины бүрэн бүтэн байдлыг хангаж, тогтмол техникийн үзлэгт хамрагдаж байх ёстой байдаг.

Гэтэл тухайн авто  машины хувьд эвдрэл гэмтэлтэй, зүүн урд хэсгээр мөргүүлсэн. Сүүлд гарсан шинжээчийн дүгнэлтээр гэрлийг сольсноор гал гарсан уу эсвэл өөр шалтгаант нөхцөлөөс болж гал гарсан байх боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Эдгээр эргэлзээтэй нөхцөл байдлыг хангалттай тогтоохгүйгээр шийтгэлийн хуудас оногдуулсан нь үндэслэлгүй. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмыг баримталж, сонсох ажиллагааг явуулах ёстой байдаг. Гэтэл хуульд заасан эдгээр ажиллагааг огт хийгээгүй. Иймд гал түймрийн улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.

Дүгнэлтээр гэрэл байгаа хэсэгт гал гарсан байна гэсэн байгаа харин гэрлээс гал гарсан гэж дүгнэлт гараагүй байгаа. Хэрвээ машинд цахилгааны гэмтэл гарсан тохиолдолд эхэлж гал хамгаалагчаа шалгана. Шинжээчийн дүгнэлтээр тус машинд зөвхөн 60 киловаттын гэрэл тавина гэсэн дүгнэлт гаргасан юуг үндэслэж гаргасан нь тодорхойгүй үүнтэй холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Машинд тавих гэрлийн хүчдэлийг тогтоож өгсөн бол яагаад өндөр хүчдэлтэй гэрэл тавьж, зарахыг зөвшөөрөөд байгаа нь ойлгомжгүй. Гэрлээс шалтгаалж гал гарсан байх, гал хамгаалагчаас шалтгаалж гал гарсан байхыг үгүйсгэхгүй гэхдээ нотлоогүй. Галын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, Галын аюулгүй байдлын тухай хуульд зааснаар гал, түймрээс урьдчилан сэргийлэх сургалтад ажилтан, албан хаагч нарыг хамруулаагүй гэсэн гэрчийн мэдүүлэг байгаа хэдий ч гэрчийн мэдүүлгийг давхар нотлох баримтаар нотлох ёстой. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуй нэгжүүд нь засаг, захиргааны нэгжид бүртгэлтэй байдаг бөгөөд сургалт явуулах төрийн эрх бүхий байгууллагуудаас сургалт явуулсантай холбоотой баримтыг гаргаж өгөх ёстой, гомдол гаргагчаас цуглуулж өгөх ёсгүй учир нь шалгуулж байгаа. Эдгээр үндэслэлүүдээр шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Энэ хэрэг 2019 онд гарсан цаг хугацааны хувьд шийдэгдэхгүй удаж байна. 2021 онд Өршөөлийн тухай хууль гарсан бөгөөд уг хэрэг нь өршөөлд хамрагдах зөрчлийн хэрэг. Гэхдээ талууд маргаантай байгаа учраас хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсний дараа Өршөөлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.11-т зааснаар хамрагдана. Иймд галын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

3.4. Хариуцагч Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Х.А... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:"ФМ"....ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0076 дугаар шийдвэрээр эрх бүхий албан тушаалтны 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0030657 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Тус хэрэгт гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Х.А... би хариуцагчаар оролцсон.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн       113.2-т зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч талууд аль аль нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 190 дугаартай магадлалаар нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг бүрэн хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхин эрх бүхий албан тушаалтны 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0030657 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар хариуцагч Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргасны дагуу Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 190 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0076 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангасан тогтоол гарсан.

Нэхэмжлэгч"ФМ"....ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид хуулийн хугацаанд гомдол гаргаагүй учир эрх бүхий албан тушаалтан дахин 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 0030696 дугаартай шийтгэлийн хуудсыг үйлдэж,"ФМ"....ХХК-д хүргүүлсэн.

Холбогдогч"ФМ"....ХХК нь шийтгэлийн хуудсаар оногдуулсан үүргээ биелүүлээгүй хугацаа өнгөрсөн байх тул эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэг “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тогтоосон хугацаанд шийдвэрийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр эрх бүхий албан тушаалтан харьяалах шүүхэд хүсэлт гаргана.” гэж заасны дагуу 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр эрх бүхий албан тушаалтны хүсэлтийн хамт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0076 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 190 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 179 дүгээр тогтоол, 0030696 дугаартай шийтгэлийн хуудасны эх хувийг хүргүүлсэн.

Иймд"ФМ"....ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй байх ба 3 шатны шүүхээр хэлэлцэн шийдвэрлэгдсэн учир тус нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

3.5. Хариуцагч Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Х.А... шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Иргэн н.Х-гийн нөхөр н. нь"ФМ"....ХХК-д өдрийн цагаар очиж машиныхаа гэрлийг солиулсан байдаг. Тухайн үед болсон процессыг"ФМ"....ХХК-ийн захирал ц.э... болон тус компанийн ажилтан нар мэдэж байсан гэсэн үг. Эдгээр хүмүүс нь тухайн машиныг цахилгааны гэмтэлтэй байсныг мэдэж байсан бөгөөд хэн хэн нь хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн машин нь цахилгааны гэмтэлтэй байсныг, үүсэж болох үр дагаврыг мэдсээр байж гэрлийг сольж өгсөн. Гал гарсан өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн оройн 20 цагийн орчимд ажлаасаа тарж яваад 1 километр хүрэхгүй газар яваад машин шатсан. Цахилгааны гэмтэлтэй байсныг мэдсээр байж хайхрамжгүй хандаж авто машины гэрлийг нь сольсноор гал гарсан. Шинжээчийн дүгнэлт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийг хуульд заасан эрх ашгаар хангаагүй гэсэн тайлбарыг  гаргаж байна.

Үүнд тайлбар хэлэхэд холбогдогч талаас ажиллагааны явцад утсаар хэд хэдэн удаа дуудсан боловч ирээгүй. Сүүлийн шинжээчийн дүгнэлтээр тухайн хүний ажлын байран дээр очиж мэдүүлэг авсан байдаг. Санаатайгаар төрийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэж үзэж байгаа. Учир нь"ФМ"....ХХК-ийн улсын бүртгэл болон компанитай холбоотой шаардлагатай баримтуудыг шаардсан хугацаанд гаргаж өгөөгүй. Анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө хуулийн этгээдийн нэрийг буруу хэлсэн. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө удаа дараа худал мэдүүлэг өгсөн нь Улсын дээд шүүхийн тогтоолд дурдагдсан байгаа. Компанийн ажилчдыг Гал түймрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4-т заасны дагуу ажилтан, албан хаагчдыг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллээр хангаагүй. Гэрлийг сольсон компанийн ажилтан гэрчээр мэдүүлэг өгөхдөө “сургалтад хамрагдаагүй, мэргэжлийн бус” хүн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.

Гэрэл сольсноос хойш олон хоногийн хугацаа өнгөрөөгүй 24 цагийн хугацаа өнгөрөөгүй байхад машин шатсан. Богино холболтоос шалтгаалж гал гарсан эсэхийг тогтоох нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжээчийн бүрэн эрхийн асуудал. Шинжээчийн дүгнэлтүүдээр удаа дараа шалгаж гаргасан дүгнэлт. Лаборатори болон галын шинжээчийн дүгнэлтүүд нь хоорондоо зөрүү байхгүй. Практикт авто машин шатсан тохиолдолд утаснаас дээж авч шалгалт хийхэд бөмбөлөг үүссэн утас байдаггүй. Гал түймэр гарсан тохиолдолд заавал бөмбөлөг үүснэ гэж байхгүй. Цахилгааны холболтоос үүсэж гарсан гал болгонд бөмбөлөг үүсэхгүй, хэргийн газрын үзлэгт гал гарсан голомтыг хаанаас дээж авч шинжил үзэх эсэх нь шинжээчийн бүрэн эрх байдаг. Шинжээчээс дээж авсан хэсгийг авч миний бие эрх бүхий байгууллагад хүлээлгэж өгдөг. Тэрнээс иргэд дээж авах ажиллагаанд оролцохгүй. Хэргийн газарт үзлэг хийсэн фото зургаар батлагдана. Машины шийт зэрэг өөр нөхцөл байдлаас гал гарч болохыг үгүйсгэхгүй үүнийг тогтоогоогүй гэсэн тайлбарыг гомдол гаргагчийн зүгээс гаргаж байна. Гэхдээ эдгээр нөхцөл байдлууд нь гал гарснаас үүдэж гарсан үр дагавар. Шинжээчийн дүгнэлтүүд өөр хоорондоо зөрүүтэй гараагүй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
  2. Гомдол гаргагч"ФМ"....ХХК-аас Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Х.А...т холбогдуулан “Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Х.А...ын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0030696 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлон:

2.1. Гомдол гаргагчаас “...Улсын дээд шүүхийн тогтоол болон анхан шатны шүүхийн дагуу хариуцагч дахин шинэ захиргааны акт гаргахдаа нэмэлтээр ямар ч ажиллагаа хийгээгүй, зөрүүтэй шинжээчийн дүгнэлтийн ялгааг арилгаагүй."ФМ"....ХХК-ийг албан ёсоор хохирогчоор тогтоогоогүй байхдаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд дүгнэлт гаргах ажиллагаанд гомдол гаргагч компанийг оролцуулаагүй учраас эрх ашиг зөрчигдсөн...”,

2.2. Хариуцагчаас “..."ФМ"....ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй байх ба 3 шатны шүүхээр хэлэлцэн шийдвэрлэгдсэн учир тус нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй...”  гэж тус тус тайлбарлан маргаж байна.

            3.         Анх Нийслэлийн Онцгой байдлын Гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0030657 дугаартай шийтгэлийн хуудсаар"ФМ"....ХХК нь үйлчлүүлэгчийн машинд засвар үйлчилгээ хийхдээ галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулсан байна.

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0076 дугаар шийдвэрээр “...Ф” ХХК нь автомашины засвар, үйлчилгээ хийх үндсэн үйл ажиллагааг эрхэлдэг байх тул маргааны тохиолдолд иргэний автомашинд ямар хүчин чадал бүхий гэрэл суурилуулах боломжтой, ямар хүчин чадал бүхий гэрэл суурилуулж болохгүйг мэдэх үүрэгтэй гэж үзэхээр байна. Улмаар . . . эрх бүхий албан тушаалтнаас хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцлага хүлээлгэж, хохирол нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.  Гэвч “...”ФМ”ХХК нь 5356245 тоот регистрийн дугаар бүхий автомашины засвар, үйлчилгээ хийх үндсэн үйл ажиллагааг эрхэлдэг хуулийн этгээд байхад хариуцагч нь .... 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0030657 дугаартай шийтгэлийн хуудсаар “Фо” ХХК-д хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд шийтгэл ногдуулах зарчимд нийцээгүй шийдвэр болсон, . . . энэхүү алдааг шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй гэж дүгнэн дээрх шийтгэлийн хуудсыг 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн” байна.

5. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 179 дүгээр тогтоолын 14-т “Иргэн А.Х нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр"ФМ"....ХХК-иар 4200 УНВ дугаартай машины гэрлийн шилийг солиулсан, уг машинд 60w хүчин чадалтай гэрэл суурилуулах стандарттай атал 100w гэрэл суулгасан нь гомдол гаргагч хуулийн этгээдийн буруу бөгөөд анхан шатны шүүхийн “засвар үйлчилгээ үзүүлж байгаа этгээд нь ямар хүчин чадалтай гэрэл суурилуулахыг мэдэх үүрэгтэй” тухай дүгнэлт зөв болжээ”, 18-т “Харин улсын байцаагч нь шийтгэлийн хуудас үйлдэхдээ зөрчил гаргасан хуулийн этгээдийг зөв тогтоогоогүй, “Фо” ХХК гэх татан буугдсан хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэсэн байх тул анхан шатны шүүхээс маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөв болжээ. Учир нь улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад дутуу шалгасан үйл баримтыг шүүхээс нөхөж гүйцээх боломжгүй, шийтгэлийн хуудас үйлдэх эрх бүхий албан тушаалтны чиг үүрэгт хамаарах асуудлаар шүүх дүгнэлт хийхгүй” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

6. Үүний дараа Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Х.А... нь маргаан бүхий  2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0030 дугаартай шийтгэлийн хуудсыг Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Галын аюулгүй байдлын тухай хуулиар хүлээсэн ажилтан, алба хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй” зөрчил гаргасан гэж"ФМ"....ХХК-ийг 1000 нэгжээр буюу 1,000,000 төгрөгөөр торгож, хохирлын 4,069,000 төгрөгийн нөхөн төлбөр, нийт 5,069,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

7. Хариуцагч нь дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн өөрийн чиг үүрэгт хамаарах алдаагаа залруулж, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг”, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж заасны дагуу зөрчилд холбогдогч хуулийн этгээдийг"ФМ"....ХХК болгон засаж дээрх байдлаар шийтгэл ногдуулсан нь эдгээр хуулийн заалтуудтай нийцсэн, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,"ФМ"....ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, шүүхийн шийдвэрүүдээр тус тус тогтоогдож байна.

8. Харин гомдол гаргагч"ФМ"....ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан зөрчлийг гаргасан, уг зөрчил нь шинжээчийн дүгнэлт, шүүхийн шийдвэрүүдээр дүгнэгдэж тогтоогдсон эдгээр шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байгаа энэ тохиолдолд шүүх гомдол гаргагч талаас тайлбарлаж буй үйл баримтад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу дахин дүгнэлт өгч нотлон тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.

            9. Өөрөөр хэлбэл, хариуцагч Нийслэлийн Онцгой байдлын Гал түймрийн хяналтын улсын байцаагч нь шүүхийн шийдвэрийн дагуу хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэсэн бүртгэлийн дагуу буюу холбогдогчоор"ФМ"....ХХК /РД:/-ийг тогтоож, шийтгэлийн хуудсыг зөвтгөн гаргасан эсэх ингэхдээ гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх хүрээнд шүүхийн зүгээс хянаж дүгнэлт өгч шийдвэрлэсэн бөгөөд гомдол гаргагчаас тайлбарлаж байгаа шинжээчийн дүгнэлтийн зөрүүг арилгаагүй, нэмэлтээр ямар ч ажиллагаа хийгээгүй,"ФМ"....ХХК-ийг албан ёсоор хохирогчоор тогтоогоогүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй бөгөөд үүнийг дахин нотлон дүгнэх шаардлагагүй байна.

            10. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзвэл, хариуцагч байгууллага шийдвэр гаргахдаа хууль тогтоомж зөрчиж, түүнээс үүдэж гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул гомдол гаргагчийн Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Х.А...ын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0030696 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            11. Түүнчлэн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 12 дугаар зүйлийн 12.15-д “Энэ хуулийн 8.1-д заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох, баривчлах, эрх хасах шийтгэлийн гүйцэтгээгүй байгаа, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг өршөөн чөлөөлөх шийдвэрийг шийтгэл оногдуулсан шүүгч, эсхүл эрх бүхий албан тушаалтан гаргана” гэж зааснаас үзэхэд гомдол гаргагчийн өмгөөлөгчийн тайлбарласныг хүлээн авч шүүхээс өршөөлийн хуульд хамруулж шийдвэрлэх боломжгүй, харин энэхүү заалтын дагуу эрх бүхий албан тушаалтанд хандаж хүсэлтээ шийдвэрлүүлэх эрхийг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 113 дугаар зүйлийн 113.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 5.14 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан гомдол гаргагч"ФМ"....ХХК-ийн Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Х.А...ын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 003 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

          Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол  гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.МӨНХ-ӨЛЗИЙ