Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2023/0010

 

“Фм” ХХК-ийн гомдолтой,

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй

Тэмцэх хэлтсийн гал түймрийн хяналтын улсын

байцаагчид холбогдох захиргааны

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

               Даргалагч, шүүгч:                         М.Батсуурь

                   Танхимын тэргүүн:                        Д.Мөнхтуяа

                   Шүүгчид:                                        Х.Батсүрэн

                                               П.Соёл-Эрдэнэ

                   Илтгэгч шүүгч:                               Д.Батбаатар

                   Шүүх хуралдааны

                   нарийн бичгийн дарга:                  А.Гантогтох

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2022/0684 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2022/0664 дүгээр магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Х.А нарыг оролцуулан хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдлын шаардлага: Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0030696 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах;

2.Хэргийн нөхцөл байдал: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0076 дугаар шийдвэрээр үйлчлүүлэгчийн машинд засвар үйлчилгээ хийхдээ галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй” үндэслэлээр “Фо” ХХК-д шийтгэл ногдуулсан Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0030657 дугаар шийтгэлийн хуудсыг 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн хяналтын улсын байцаагч 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдийн 0030696 дугаар шийтгэлийн хуудсаар “Фм” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Галын аюулгүй байдлын тухай хуулиар хүлээсэн ажилтан, алба хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчил үйлдсэн гэж үзэн 1000 нэгжээр торгож, хохирлын 4,069,000 төгрөгийн нөхөн төлбөр, нийт 5,069,000 төгрөгийг төлүүлэх шийтгэл ногдуулсан.

3.Гомдол гаргагч “Фм” ХХК-аас “... шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч дахин шинэ захиргааны акт гаргахдаа нэмэлтээр ямар ч ажиллагаа хийгээгүй, зөрүүтэй шинжээчийн дүгнэлтийн ялгааг арилгаагүй, “Фм” ХХК-ийг албан ёсоор хохирогчоор тогтоогоогүй байхдаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан, дүгнэлт гаргах ажиллагаанд гомдол гаргагч компанийг оролцуулаагүй учраас эрх ашиг зөрчигдсөн ...” гэж, хариуцагчаас “... гурван шатны шүүхээр хэлэлцэн шийдвэрлэгдсэн Фм” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй ...” гэж тус тус маргажээ.

4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2022/0684 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 5.14 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан гомдол гаргагчФм” ХХК-ийн Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Х.Анхбаярын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0030696 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2022/0664 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 684 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 5.14 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1, 4.11 дүгээр зүйлийн 5, 6, 4.15 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Фм” ХХК-аас Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Х.А-т холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Х.А-ын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0030696 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Хариуцагч гомдолдоо:

6.1.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчоос тодорхой ажиллагаа явуулах тухай хүсэлтийг эрх бүхий албан тушаалтанд огт гаргаж байгаагүй, гомдол гаргагчаас гаргасан хүсэлтийн дагуу анхан шатны шүүх Онцгой байдлын ерөнхий газрын галын шинжээчийг томилж дүгнэлт гаргуулсан.

6.2.Энэ хугацаанд галын шинжээчийн 2 лабораторийн шинжилгээний хариу 1 удаа гарсан бөгөөд галын шинжээчийн дүгнэлт нь огт зөрүүтэй зүйл байхгүй байгааг давж заалдах шатны шүүх “зөрүүтэй байна, тогтоогоогүй байна” гэж үзсэн нь хуульд нийцээгүй, алдаатай магадлал гарах үндэслэл болсон.

6.3.Иймд хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудыг зөрчсөн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаар тогтоолоор хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

8.Гомдол гаргагчаас хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

9.Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

10.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0076 дугаар шийдвэрээр Фо” ХХК-д шийтгэл ногдуулсан Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0030657 дугаар шийтгэлийн хуудсыг “зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд шийтгэл ногдуулах зарчимд нийцээгүй” үндэслэлээр 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор хэвээр үлдээхдээ “... хуулийн этгээд нь галын аюулгүй байдлын дүрмийг мөрдөж ажиллаагүй зөрчил гаргасан болох нь тогтоогдсон, шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч, гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон байх тул давж заалдах шатны шүүхийн “шинжээчийн дүгнэлт зөрүүтэй” тухай дүгнэлт хэрэгт ач холбогдолгүй, маргааны үйл баримтад нөлөөлөхгүй ...” талаар тодорхой дүгнэсэн.

11.Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн хяналтын улсын байцаагч дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдийн 0030696 дугаар шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч “Фм” ХХК-д 1000 нэгжээр торгох, хохирлын 4,069,000 төгрөгийн нөхөн төлбөр, нийт 5,069,000 төгрөгийг төлүүлэх шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй.

12.Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй“ гэж заасныг зөв тайлбарлан хэрэглэж, дүгнэлт өгчээ.

13.Тодруулбал, гарсан зөрчилд гэм буруутай нь, ялангуяа шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон талаар дүгнэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа тохиолдолд хариуцагчийг зөрчил шалгах ажиллагааг дахин явуулаагүй, “Фм” ХХК зөрчил үйлдсэн нь тогтоогдоогүй, зөрчилд шийтгэл ондогдуулах маргаан бүхий захиргааны актын үндэслэл нотлогдоогүй байхад шийтгэл ногдуулсан гэх боломжгүй.

14.Давж заалдах шатны шүүх “шинжээчийн дүгнэлтүүдийн зөрүүтэй байдлыг эцэслэн тогтоогоогүй, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй” гэж хариуцагчийг буруутгаж гомдлыг хангасан нь үндэслэлгүй.

15.Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын холбогдох заалтыг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэж, гомдол гаргагч компанийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2022/0664 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2022/0684 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн хяналтын улсын байцаагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.БАТСУУРЬ

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Д.МӨНХТУЯА

         ШҮҮГЧИД                                                               Х.БАТСҮРЭН

                                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                        Д.БАТБААТАР