Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 133/ШШ2021/00196

 

       Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн П-ын г-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 0 багийн У хотхоны 0 дүгээр байр, 0 тоотод оршин суух, С-ийн Г-д холбогдох

        хөдөлмөрлөх үүргээ биелүүлэхдээ төсөвт учруулсан хохиролд 13.577.325 /арван гурван сая таван зуун далан долоон мянга гурван зуун хорин таван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П-ын г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.Г нь Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дугаартай засаг даргын захирамжаар Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн захирал М.Н-г ажлаас халсан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0641 дугаартай магадлалын дагуу 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/44 дугаартай Засаг даргын захирамжаар М.Н-г урьд эрхэлж байсан Есөнбулаг сумын гуравдугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилсон байна. М.Н-гийн ажилгүй байсан хугацаа болох 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх 1 жил 2 сарын цалинтай тэнцэх олговорт улсаас 13.577.325 төгрөгийг гаргаж М.Н-гийн цалинд 11.412.679 төгрөг, хүн амын орлогын албан татварт 1.015.854 төгрөг, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл 1.148.793 төгрөг олгосон байна. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс ирүүлсэн хүсэлт бусад материалыг хянахад Засаг даргаар ажиллаж байсан С.Г-ийн буруутай үйлдлийн улмаас төрд хохирол учирсан байх тул Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор нэхэмжлэл гаргаж байна. Иргэн С-ийн Г-ээс 13.577.325 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү гэв.

       Хариуцагч С.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн П-ын г-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Төрийн албаны хууль хэрэгжихээс өмнө гаргасан захирамж учир үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П-ын г-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П-ын г нь хариуцагч С.Г-д холбогдуулан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэхдээ төсөвт учруулсан хохиролд 13.577.325 /арван гурван сая таван зуун далан долоон мянга гурван зуун хорин таван/ төгрөг гаргуулахаар шаарджээ.

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газраас 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 6/194 дугаартай албан бичгээр Говь-Алтай аймгийн П-ын г-т төрийг төлөөлж, шүүхэд нэхэмжлэл гаргуулахаар хүсэлт ирүүлснээр Говь-Алтай аймгийн П-ын г-ын хяналтын прокурор Л.Г нь аймгийн ерөнхий прокуророос олгосон итгэмжлэлийн дагуу нэхэмжлэл гаргасан байна. Хэдийгээр тухайн албан бичигт “...тус байгууллагын хохирлыг барагдуулах талаар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсье” гэсэн хэлбэрээр бичигдсэн боловч хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасанчлан агуулгаар нь авч үзвэл хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага болон хуулийн хүрээнд өөр хэлбэрээр дэмжлэг үзүүлэх тухай ойлголт байхгүй зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийх замаар тайлбарлахад төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргуулах хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагын үндэслэлээ “...М.Н нь ажилгүй байсан хугацаа болох 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 1 жил 2 сарын хугацааны цалинтай тэнцэх олговорт улсын төсвөөс 13.577.325 төгрөгийг гаргаж М.Н-ийн цалинд 11.412.679 төгрөг, хүн амын орлогын албан татварт 1.015.854 төгрөг, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлд 1.148.793 төгрөгийн нөхөн олговрыг төрөөс олгосон. Тиймээс олгосон нөхөн олговрыг тухайн үед Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Г-ээс гаргуулж, нийт 13.577.325 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж өгнө үү...” гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Төрийн албаны тухай хууль хэрэгжихээс өмнө гаргасан захирамж учир үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж тус тус тайлбарлаж маргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дугаартай захирамжаар Есөнбулаг сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн захирал М.Н-г 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0641 дугаартай магадлалаар М.Н-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 132 дугаартай тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Улмаар М.Н-г 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/44 дугаартай Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлаар 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн үүрэг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговорт 11.412.679 төгрөг олгосон байна.   

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0641 дугаартай магадлалд “М.Н-г урьд эрхэлж байсан Есөнбулаг сумын гуравдугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцож гаргаж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж шийдвэрлэснээр М.Н-д ажилгүй байсан хугацааны олговорт  11.412.679 төгрөг, хүн амын орлогын албан татварт 1.015.854 төгрөг, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл 1.148.793 төгрөг, нийт 13.577.325 /арван гурван сая таван зуун далан долоон мянга гурван зуун хорин таван/ төгрөг олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд харин уг цалинг тооцож олгосонд холбогдох байгууллагууд хүлээн зөвшөөрөхгүй акт тавьсан талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

Зохигчид дээрх үйл баримтын талаар буюу хариуцагч С.Г нь Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажилладаг болон Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал М.Н-г ажлаас чөлөөлсөн захирамж гаргаснаар захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр М.Н-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ажилгүй байсан хугацааны олговор олгосон талаар маргаагүй.

Нэхэмжлэгч тал шаардлагынхаа хууль зүйн үндэслэлийг хариуцагч С.Г хөдөлмөрлөх үүргээ биелүүлэхдээ төсөвт хохирол учруулсан гэж тайлбарлан Хөдөлмөрийн тухай хуульд заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр шаардсан.

Тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг болон 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэж заасан.

Иймд ажил олгогчийг төлөөлөх эрхтэй этгээд ажилтныг ажлаас халах тушаал гаргах, ажилтан тухайн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах түүний эрх зүйн үр дагаврыг шүүхээс тодорхойлох зэрэг ажиллагааны эрх зүйн үндэслэл нь Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтын хүрээнд хамаардаг бөгөөд ажилд эгүүлэн тогтоогдсон М.Н, түүнийг ажлаас чөлөөлөх захирамж гаргасан С.Г нар нь Төрийн албаны хуулиар зохицуулаагүй зарим асуудлыг хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хүрээнд хэрэгжүүлдэг учир шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг үндэслэн маргааныг шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Хариуцагч С.Г нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан буюу шүүхийн шийдвэрийн үндсэн дээр ажилтанд ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг байгууллагын төсвөөс олгосон болох нь нотлогдож байх боловч түүнтэй ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр гэрээгээр тохирсон байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиодолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй гэж заасан байна.

Тиймээс хариуцагчтай ажил олгогч түүнтэй дээрх төрлийн хариуцлагын гэрээг байгуулаагүй бол эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зохицуулсан тул дээрх үндэслэлээр хариуцагч С.Г-д эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” тул хариуцагч татгалзаж байгаа үндэслэл тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нотолж, нотлох баримтаа шүүхэд гаргах үүрэгтэй оролцоно.

Ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох”-оор заасан.

Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 118 дугаартай албан бичгээр ирүүлсэн С-ийн Г-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн 2019 оны 04, 05, 06 саруудын цалингаас 1 сарын дундаж цалин хөлсийг тооцоход 1.457.512 + 1.462.512 + 1.335.867 = 4.255.891 : 3 сар = 1.418.630 төгрөг байна.

Иймд хариуцагч С.Г-ээс 1.418.630 /нэг сая дөрвөн зуун арван найман мянга зургаан зуун гучин/ төгрөгийг гаргуулж, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.158.695 /арван хоёр сая нэг зуун тавин найман мянга зургаан зуун ерөн таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч С.Г-д 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна, оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх боломжтой гэх тайлбар, хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч С.Г-ээс нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 37.648 /гучин долоон мянга зургаан зуун дөчин найман/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч С-ийн Г /РД:ДЮ00000000/-ээс 1.418.630 /нэг сая дөрвөн зуун арван найман мянга зургаан зуун гучин/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.158.695 /арван хоёр сая нэг зуун тавин найман мянга зургаан зуун ерөн таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч С.Г-ээс нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 37.648 /гучин долоон мянга зургаан зуун дөчин найман/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                   Ц.ҮЙТҮМЭН