Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 215/МА2021/00016

 

Говь-Алтай аймгийн П газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ш.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн П газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Уран хотхоны 4 дүгээр байрны ..... тоотод оршин суудаг, С.Г-д холбогдох,

Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа төсөвт учруулсан хохирол 13.577.325 /арван гурван сая таван зуун далан долоон мянга гурван зуун хорин таван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 196 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, давж заалдах журмаар хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгчдсэн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

 

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Г нь Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дугаартай засаг даргын захирамжаар Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн захирал М.Н-г ажлаас халсан ба захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0641 дугаартай магадлалын дагуу 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/44 дугаартай Засаг даргын захирамжаар М.Н-г урьд эрхэлж байсан Есөнбулаг сумын гуравдугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилсон байна. М.Н-гийн ажилгүй байсан хугацаа болох 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх 1 жил 2 сарын цалинтай тэнцэх олговорт улсаас 13.577.325 төгрөгийг гаргаж М.Н-гийн цалинд 11.412.679 төгрөг, хүн амын орлогын албан татварт 1.015.854 төгрөг, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл 1.148.793 төгрөг олгосон байна.

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс ирүүлсэн хүсэлт бусад материалыг хянахад Засаг даргаар ажиллаж байсан С.Г-ийн буруутай үйлдлийн улмаас төрд хохирол учирсан байх тул Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор нэхэмжлэл гаргаж байна. Иргэн С.Г-ээс 13.577.325 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү гэв.

Хариуцагч С.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Төрийн албаны хууль хэрэгжихээс өмнө гаргасан захирамж учир үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч С.Г-ээс 1.418.630 /нэг сая дөрвөн зуун арван найман мянга зургаан зуун гучин/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.158.695 /арван хоёр сая нэг зуун тавин найман мянга зургаан зуун ерэн таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч С.Г-ээс нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 37.648 /гучин долоон мянга зургаан зуун дөчин найман/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Г би Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 196 дугаар шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангахдаа С.Г-ийн буруутай шийдвэрээс төрд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол учирсныг эд хөрөнгийн хохирол учирсан гэж шийдвэрлэснийг шийдвэрийн үндэслэл ойлгомжтой, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гараагүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ, 498.5 дахь хэсэгт Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.

Мөн Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж хуульчилсан байна.

Хариуцагч С.Г нь Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал М.Н-г ажлаас халсны улмаас төрд 13.577.325 мянган төгрөгийн хохирол учирсан байна. Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагч С.Г-ээс төрд учирсан бодит хохирол болох 13.577.325 мянган төгрөгийг бүхэлд нь гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5-д заасны дагуу шүүхийн 133/ШШ2021/00196 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар гомдол гаргав гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П газар нь М.Н-ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг төлсний улмаас улсад учирсан хохирол 13.577.325 төгрөгийг хариуцагч С.Г-ээс гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч С.Г эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч С.Г нь Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дугаартай засаг даргын захирамжаараа М.Н-г Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн захирлын ажлаас чөлөөлжээ.

Уг хэргийг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0641 дугаартай магадлал хүчин төгөлдөр болж уг магадлалын дагуу М.Н-г урьд эрхэлж байсан Есөнбулаг сумын гуравдугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилж, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт төсвөөс 13.577.325 төгрөгийг гаргаж М.Н-ийн цалинд 11.412.679 төгрөг, хүн амын орлогын албан татварт 1.015.854 төгрөг, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл 1.148.793 төгрөг олгосон байна.

 

С.Г нь ажил олгогчийг төлөөлж ажилтныг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах эрхийнхээ хүрээнд ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан нь эрх зүйн хувьд алдаатай байсныг шүүх тогтоож, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг байгууллагаас гаргуулан ажилтанд олгохоор шийдвэрлэснийг хууль бус санаатай үйлдэл буюу хийх ёсгүй үйлдэл гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Хариуцагч С.Г нь Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа ажил олгогчийг төлөөлж, шийдвэр гаргах эрхтэй этгээд байсан ба энэ бүрэн эрхийнхээ хүрээнд ажилтныг ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргаж байсан байна.

Түүний гаргасан захирамж нь эрх зүйн хувьд алдаатай байсныг Захиргааны хэргийн анхан шатны шүүх тогтоож, уг захирамжийг хүчингүй болгож ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг тухайн байгууллагаас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн нь С.Г-ийг хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Харин С.Г нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа эрх зүйн хувьд алдаатай шийдвэр гаргаж байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан байх тул анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад хохирол учруулсан ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол тэрээр байгууллагад учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр төлөх үүрэгтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах ёстой байна.

Хэрэгт авагдсан баримтаар С.Г нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байсныг нэхэмжлэгч нотлоогүй, энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй тул С.Г-ийг эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээтэй ажиллаж байсан гэж үзэх боломжгүй.

Ийнхүү эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт зааснаар ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд энэхүү хязгаарлагдмал хариуцлагын хэмжээ нь тухайн ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй.

 

Өөрөөр хэлбэл С.Г нь ажил олгогчтой эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан нь тогтоогдоогүй, түүний хөдөлмөрийн харилцааг зохицуулсан гэрээнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр тусгасан болох нь тогтоогдоогүй байх тул С.Г-д тухайн үед авч байсан нэг сарын дундаж цалин хөлснөөс илүү хэмжээгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх, хохирол төлүүлэх үндэслэлгүй байна.

Тиймээс С.Г-ээс хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад учруулсан хохиролд түүний нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 1 418 630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо С.Г-ийн буруутай шийдвэрээс төрд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол учирсныг эд хөрөнгийн хохирол учирсан гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гараагүй гэж маргаж байгаа бөгөөд Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэх бөгөөд эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх гэсэн хэлбэртэй байхаар, үл хөдлөх эд хөрөнгөөс бусад эд юмсыг хөдлөх хөрөнгөд хамааруулж үзэхээр заасан болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2021/00196 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.Ж

 

ШҮҮГЧИД Ш.Б

 

Ч.Э