Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2020/00687

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.Ц нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ОАНДХт холбогдох

Нийгмийн даатгалын тэтгэмжийн сангаас 1 142 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, Б.П, прокурор Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ш.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Орхон аймгийн БОЭТ-ийн хөнгөвчлөх уламжлалтын тасагт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд хэвтсний дараах олгогдох эмнэлгийн хуудсыг магадлагч эмч П нь 2019 оны 12 дугаар сарын 16-нд “эрх үүсэхгүй” гэж цохолт хийсэн. Нийгмийн даатгалын хэлтсийн даргад 2 зүйл өргөдөл өгсөн. Үүнд: 1/ Магадлагч эмч Пгийн ёс зүйн талаар 2/ Эмнэлэгийн хуудсаар олгогдох мөнгийг гаргуулж өгнө үү гэж. Гэтэл 1 дэх өргөдлийн хариу нь “П эмч маш сайн ажилтай, ёс зүйтэй хүн” 2 дахь өргөдлийн хариу нь Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1631 дугаартай тоотоор хариу өгсөн юм. Энэ тоотын дагуу 2019 оны 12 дугаар сарын 28-нд иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 17-нд “Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд ханд” гэсэн захирамж гарсан. Уг захирамжийн дагуу тэр өдөр нь Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх зөвлөлд хандан өргөдөл өгсөн. 2020 оны 03 дугаар сарын 17-нд уг зөвлөл хуралдаж “мэргэжлийн хяналтын дүгнэлтийг үндэслэн шийднэ” гэж хэллээ. Ийнхүү уг эмнэлгийн хуудсаар олгогдох мөнгийг нэхэмжилж хоёр дахь удаа Нийгмийн даатгалын хэлтэст хандаж байгаа нь энэ. Нийгмийн даатгалын багц хуулийг хэрэгжүүлэгч нь Нийгмийн даатгалын хэлтэс өөрөө. Нийгмийн даатгалын хэлтэс нь иргэд даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, үйлчлэх хууль гаргачихаад /даатгуулагч нь хуанлийн жилд удаа дараа өвчилсөн бол ажлын 132 хоногийн хугацаанд олгоно. Нийгмийн даатгалын хуулийн 19 дүгээр зүйлийн 2.3-т заасан/ эсрэгээрээ иргэнийг хохироох үйл ажиллагаа явуулж байна. Би энэ эмнэлгийн хуудсаар олгогдох мөнгийг бүтэн 4 сарын хугацаанд өргөдөл, гомдол, зарга хийхээс гадна эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрхгүй болж байна. Ер нь Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч П нь Нийгмийн даатгалын хуулийг зөрчиж даатгуулагч иргэдийнхээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрхийг хязгаарлан хасаж байна. Иймд 2019 оны 12 дугаар сарын 02-ноос 2019 оны 12 дугаар сарын 13-ныг хүртэлх 10 хоногийн 1 142 000 төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэмжийн сангаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, Б.П нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Даатгуулагч Ш.Цгаас гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад гараах тайлбарыг хүргүүлж байна.  Ш.Цгийн гаргасан ОАНДХт хариуцагдах эмнэлгийн хуудсаар олгогдох 1 142 000 төгрөгийг Нийгмийн даатгалын тэтгэмжийн сангаас  гаргуулах тухай нэхэмжлэлд шүүх иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 142/Ш32020/01175 дугаар шүүгчийн захирамжаар “нэхэмжлэгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн” гэж дүгнэн уг иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Ш.Ц нь тус захирамж гарсан өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд хандсан ба Гомдлын шаардлагын зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээ, оношлогоо чанарын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн холбогдох баримтуудыг албан бичгийн хамт Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн. 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Мэргэжлийн хяналтын газраас албан ёсны хариу, дүгнэлт ирүүлээгүй байгаа тул Гомдлын шаардлагын зөвлөлийн шийдвэр эцэслэн гараагүй гэж үзнэ. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүхэд төрийг төлөөлж прокурор Л.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Иргэн Ц нь 2019 оны 12 дугаар сарын 2-ноос 13-ны өдрүүдэд Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хөнгөвчлөх, уламжлалын тасагт хэвтэн эмчлүүлсэн. Үүний улмаас Орхон аймгийн нийгмийн даатгалын сангаас 1 142 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр тухайн цаг хугацаанд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхэнд дүгнэлт хийгээд энэ хүн бол эмнэлэгт хэвтэх шаардлагагүй, артерийн даралт хэвийн, оношийн баталгаа хангалтгүй гэдэг дүгнэлтийг гаргасан. Гомдлын шаардлагын зөвлөлөөр хэлэлцээд Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт гарсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг олгох үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах саналыг гаргаж байна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ц нь хариуцагч ОАНДХт холбогдуулан Нийгмийн даатгалын тэтгэмжийн сангаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэний тэтгэмжийн мөнгө 1 142 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ш.Ц нь Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Хөнгөвчлөх, уламжлалтын тасагт 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн болох нь зохигчийн тайлбар мэдүүлэг, 1296696 дугаартай эмнэлгийн хуудсаар нотлогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, магадлагч эмч Б.П нь нийгмийн даатгалын сангаас олгох 1 142 857 төгрөг авах эрх үүсэхгүй гэсэн үндэслэлээр тэтгэмж олгохоос татгалзсан ба Ш.Ц нь 2019 онд 6 удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, 1296696 тоот эмнэлгийн хуудсыг хянаж үзэхэд өвчний онош, бодит үзлэг зөрүүтэй, онош батлах шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж тайлбарласан байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1.Хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсан ажлын эхний 5 өдрийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажил олгогчоос, 6 дахь өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй.   

Нэхэмжлэгч Ш.Ц нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисст хандаж өргөдөл гаргасан байх ба БОЭТ-ийн Хөнгөвчлөх, уламжлалт эмчилгээний тасагт 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл артерийн даралт ихсэх өвчин, II үе шат гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн байдалд болон 15618 дугаартай өвчний түүх, Нийгмийн даатгалын хэлтсийн тайлбарыг үндэслэн хариу хүргүүлсэн байна.

Эрүүл мэндийн сайдын 2018 оны Заавар шинэчлэн батлах тухай А/286 дугаар тушаалаар баталсан Насанд хүрэгсдийн артерийн гипертензийн эмнэлзүйн заавар-ын дагуу артерийн даралт ихсэх өвчний зовиур, бодит үзлэгт эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг, шаардлагатай лабораторийн болон багажийн шинжилгээнүүд хийгдээгүй, эмчлэгч эмчийн өдөр тутмын тэмдэглэлд эмчилгээний үр дүн, явцын эмнэлзүйн өөрчлөлт тусгагдаагүй байгаа тул хэвтэн эмчлүүлэх клиник оношийн үндэслэл хангалтгүй гэж,

Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/232 дугаартай хариу хүргүүлсэн албан бичигт ...Ш.Ц нь 2018 оноос 2019 онд нийт 7 удаа хэвтэн эмчлүүлсэн байх ба 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл артерийн даралт ихсэх өвчин, II зэрэг гэсэн дагалдах онош тавигдсан боловч оношийг баталгаажуулах үйл оношийн болон дүрс оношлогооны шаардлагатай шинжилгээг бүрэн хийгээгүй, үндсэн болон дагалдах оношийн үндэслэлд тусгаагүй,  Эрүүл мэндийн сайдын 2018 оны Заавар шинэчлэн батлах тухай А/286 дугаар тушаалаар батлагдсан эмнэлзүйн удирдамжийг мөрдөөгүй, хэвтүүлэн эмчлэх заалтгүй гэж тус тус дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч Ш.Ц нь эдгээр дүгнэлтийг гаргахдаа миний гар картыг авч судлаагүй, надаас тайлбар аваагүй байх ба эмчилгээний стандартыг хэвтэн эмчлүүлэгч би мэдэх боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэл бүхий байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2.Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь хөдөлмөрийн чадвар алдсан ажлын эхний 5 өдрийг оролцуулан ажлын 66 өдрөөс хэтрэхгүй байна. Харин хорт хавдар болон сүрьеэгээр анх өвчлөхөд ажлын 132 өдрийн хугацаанд тэтгэмж олгож болно, мөн хуулийн З.Даатгуулагч хуанлийн жилд удаа дараа өвчилсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нийтдээ ажлын 132 өдрөөс илүүгүй хугацаанд олгоно гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Ш.Цгийн 2019 онд нийт хэвтэн эмчлүүлсэн хоног нь хуульд заасан хоногоос хэтэрсэн эсэх асуудлаар талууд маргаагүй бөгөөд түүнд шаардлагатай шинжилгээ хийлгүүлж ирэх талаар зөвлөсөн, өвчний онош батлах шинжилгээг хийгээгүй тул тэтгэмжийн сангаас мөнгө олгох боломжгүй гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэл бүхий болж чадахгүй байна. Тодруулбал: эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай өвчтөн, түүнд хийгдэх эмчилгээ, шаардлагатай шинжилгээг бүрэн хийх, эмнэлзүйн шинж тэмдэгт дүгнэлт өгөх нь эмчлэгч эмчийн ажил үүргийн хуваарь, эрх бүхий байгууллагаас баталсан заавар журмын дагуу хийгдэх ажиллагаа болохоос эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн Ш.Цтай шууд хамааралгүй юм. 

Иймд нэхэмжлэгч Ш.Цгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, улсын тэмдэгийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 31 958 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31 958 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1.заасныг баримтлан Нийгмийн даатгалын тэтгэмжийн даатгалын сангаас 1 142 000 /нэг сая нэг зуун дөчин хоёр мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Цд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31 958 /гучин нэгэн мянга есөн зуун тавин найм/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 31 958 /гучин нэгэн мянга есөн зуун тавин найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Цд олгосугай.

              3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

              4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.АРИУНЦЭЦЭГ