Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 631

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/00197 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.С-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 12 355 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.С нь 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр манай байгууллагатай №ЖА-0021 тоот зээлийн гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай 7 хувийн хүүтэйгээр зээлсэн. Тэрээр зээл авснаас хойшхи хугацаанд 2016 оны 10 сарын зээлийн хүүд 700 000 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, үндсэн зээл, зээлийн үлдэгдэл хүүг бүрэн төлөөгүй. Зээлийн төлбөрийг төлөх талаар тус байгууллагаас удаа дараа шаардсан боловч зээлийн төлбөрийг төлөөгүй. Зээлдэгч Ж.С нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ЖА-0021 тоот фидуцийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн 9559 УБУ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. 9559 УБУ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашин нь өнөөдрийн байдлаар зээлдэгч Ж.Сын эзэмшил ашиглалтанд байгаа бөгөөд автомашиныг манай байгууллагад хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардахад тэрээр хүлээлгэн өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа болно. Иймд зээлдэгч Ж.Соос үндсэн зээл, хүү, алдангид нийт 15 254 200 төгрөг гаргуулах, 95-59 УБУ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашиныг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэхийг даалгуулахаар анх нэхэмжлэл гаргасан. Тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэхийг даалгуулах шаардлагаасаа татгалзаж байна. Ж.С-ын төлөөгүй үндсэн зээл 10 000 000 төгрөг, 2016 оны 11, 12 дугаар сарын хүүд 1 400 000 төгрөг байна. Үүнд дээр алдангийг гэрээний хугацаа дууссан 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 41 хоногт нэг хоногийн 0,5 хувиар тооцвол 2 337 000 төгрөг болж байна. Мөн зээлийн график зөрчсөний 18 900 төгрөг байна. Иймд үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 1 400 000 төгрөг дээр алданги нэмээд нийтдээ 12 355 900 төгрөгийг хариуцагч Ж.С-с гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн болон фидуцийн гэрээ байгуулсан, 10 000 000 төгрөг хүлээн авсан гэдэгт маргахгүй. Хариуцагч энэ хугацаанд нэг сарын биш хоёр сарын хүүд 1 400 000 төгрөг төлсөн гэдэг. Иймд үндсэн зээл 10 000 000 төгрөг, үлдэх нэг сарын хүү 700 000 төгрөг нийтдээ 10 700 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд алдангийн тухай тусгагдаагүй тул алданги шаардах эрхгүй гэж үзэж байна. Фидуцийн гэрээнд алдангийн тухай тусгасан ч энэ нь алдангийн тухай тохиролцоо гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 286 дугаар 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Ж.Соос 12 355 900 төгрөгийг гаргуулж “Т” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 282 844 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан зээлийн гэрээний 2 сарын хүү болох 1 400 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. Хариуцагч нь зээлийн гэрээнд тохирсоноор 3 сарын хүү болох 2 100 000 төгрөг төлөх ёстойгоос 2 сарын хүү болох 1 400 000 төгрөгийг төлсөн бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримтыг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзсан. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагчийг 2 сарын хүү төлсөн гэдгийг үгүйсгэж чадаагүй нь дээр эвлэрэх санал гаргахдаа 1 сарын хүүг хасах тухай санал гаргасан зэргээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг нотолж чадаагүй гэж үзэхээр байна.

Шүүхийн шийдвэрээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэний улмаас 955 900 төгрөгийн алдангийг нэхэмжлэгчид гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус байна. Талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болох анзын тухай ямар ч тохиролцоо хийсэн үг үсэг байхгүй. Талууд үүргийн гүйцэтгэлийг хангах аргаа зээлийн гэрээндээ тохирох ёстой байтал энэ талаар ямар нэгэн тохиролцоог гэрээндээ тусгаагүй тул хариуцагчаас алданги шаардах нь үндэслэлгүй юм. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулах ёстой байсан боловч талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй. Харин фидуцийн гэрээ гэх хэлцлийг хийсэн байх бөгөөд энэхүү хэлцэл нь агуулгын хувьд барьцааны гэрээний зохицуулалттай, бусдыг төөрөгдүүлсэн, хуульд заасан хэлбэр агуулгыг зөрчсөн байдаг. Дээрхээс дүгнэхэд “Т” ХХК, Ж.С нарын хооронд байгуулагдсан ЖА-0021 дугаартай фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3, 286.4, 286.6-д заасан шаардлагуудыг хангаагүй учир мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Шүүх талуудын хооронд хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхад үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах алдангийг зээлийн гэрээнд тохиролцоогүй байхад анхнаасаа хуульд заасан шаардлагыг хангаагүй хууль бус хэлцэлд заасан алдангийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1 655 900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Ж.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 254 200 төгрөг гаргуулах, 95-59 УБУ улсын дугаартай автомашиныг шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 95-59 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэхтэй холбоотой шаардлагаасаа татгалзан, нэхэмжлэлийн шаардлагаа 12 355 900 төгрөг болгон багасгаснаас хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч “Т” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ЖА-0021 тоот зээлийн гэрээгээр Ж.С-д 10 000 000 төгрөгийг, сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаагаар зээлдүүлж, 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ЖА-0021 тоот фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Ж.С-ын өмчлөлийн 95-59 УБУ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашиныг барьцаалсан болох нь хэргийн 8-13 дугаар талд авагдсан зээлийн болон фидуцийн гэрээ зэрэг бичгийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

            Мөн зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ЖА-0021 тоот фидуцийн гэрээгээр Ж.С-ын өмчлөлийн 95-59 УБУ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашиныг барьцаалсан болох нь хэргийн 8-13 дугаар талд авагдсан зээлийн болон фидуцийн гэрээ зэрэг бичгийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогджээ.

 

            Дээрх зээлийн гэрээний дагуу 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн, фидуцийн гэрээний дагуу Ж.С-ын өмчлөлийн 95-59 УБУ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашины өмчлөлийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй боловч буцаан төлсөн хүүгийн талаар хариуцагч нь 1 400 000 төгрөг гэж, нэхэмжлэгч нь 700 000 төгрөг төлсөн гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээл болон фидуцийн гэрээг хуульд заасан журмын дагуу бичгээр байгуулсан тул Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5, 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. Энэ талаарх хариуцагчийн “талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3, 286.4, 286.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй учир мөн хуулийн 56 дугаар 56.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.  

 

Хариуцагч 2 сарын зээлийн хүүд 1 400 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэх тайлбараа нотлоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй тул шүүхээс нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн 700 000 төгрөгийг төлөгдсөн гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцнэ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ЖА-0021 тоот фидуцийн гэрээний 1.1.6-д “зээлийн гэрээний хугацаа дуусахад зээл болон хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа дууссанаас хойш зээлийн үлдэгдэл дүнгээс 1 хоногийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг барьцаалуулагч барьцаалагчид үл маргах журмаар төлнө. Өдрийн төлөлтийн графикийг зөрчиж 3-с дээш өдөр хоцорсон тохиолдолд хоног тутамд 0,1 хувийн алданги тооцно” гэж зааснаас үзвэл талуудын хоорондын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахад чиглэсэн болох нь фидуцийн гэрээнд алданги тохиролцсоноор тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар зохигчид анзын талаарх тохиролцоог бичгээр хийсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

“Фидуцийн” гэсэн нэртэй гэрээний дотор бичигдсэн боловч талуудын хэн аль нь зөвшөөрч гарын үсэг зурсан, баримт бичигт зээлийг төлөөгүй тохиолдолд алданги төлөх талаар тодорхой бичсэн байгааг алдангийн тохиролцоо биш гэж үгүйсгэх учиргүй. Иймд “алдангийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь буруу” гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

            Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2 дахь хэсэг нь барьцаалан зээлдэх газрын барьцаа авах болон хүү тогтоохтой холбоотой нарийвчилсэн журам тогтоосон зохицуулалт болохоос зээлийн гэрээний дагуу зээлийг буцаан шаардах эрх, зээлдэгчийн зээл төлөх үүргийн үндэслэлд шууд хамаарах заалт биш байхад зээл төлүүлэх шаардах эрхийн үндэслэлд хамааруулан шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь буруу байна. Гэвч энэхүү хууль хэрэглээний алдаа нь шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн асуудалд нөлөө үзүүлээгүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн хуулийн заалтыг өөрчлөх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/00197 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ