Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2018/00197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:   тоотод байрлах, “ТИ” ХХК /Регистрийн дугаар:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:   тоотод оршин суух, .... овогт Ж.С-О/Регистрийн дугаар:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 15.254.200 төгрөг гаргуулах, 9559 УБУ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашиныг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандшир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Ж.С-Онь 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манай байгууллагатай №ЖА-0021 тоот Зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 7 хувийн хүүтэйгээр зээлсэн. Тэрээр зээл авснаас хойшхи хугацаанд 2016 оны 10 сарын зээлийн хүүд 700.000 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, үндсэн зээл, зээлийн үлдэгдэл хүүг бүрэн төлөөгүй юм. Зээлийн төлбөрийг төлөх талаар тус байгууллагаас удаа дараа шаардсан боловч зээлийн төлбөрийг төлөөгүй.  

Зээлдэгч Ж.С-Онь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ЖА-0021 тоот Фидуцийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн 9559 УБУ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д “Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу гэрээний хугацаа дууссанаас 5 хоногийн дотор үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг графикийн дагуу төлөөгүй бол зээлдүүлэгч автомашиныг захиран зарцуулах эрхтэй” гэж заасан байдаг. 9559 УБУ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашин нь өнөөдрийн байдлаар зээлдэгч Ж.Сэр-Одын эзэмшил ашиглалтанд байгаа бөгөөд автомашиныг манай байгууллагад хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардахад тэрээр хүлээлгэн өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа болно. 

Фидуцийн гэрээний 1.1.6-д “Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээл болон хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа дууссанаас хойш зээлийн үлдэгдэл дүнгээс 1 хоногийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх, өдрийн төлөлтийн графикийг зөрчиж 3-аас дээш өдөр хоцорсон тохиолдолд хоног тутамд 0.1 хувьтай алданги төлнө" гэж заасан. Иймд зээлдэгч Ж.Сэр-Одоос үндсэн зээл, хүү, алдангид нийт 15.254.200 төгрөг гаргуулах, 95-59 УБУ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашиныг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэхийг даалгуулахаар анх нэхэмжлэл гаргасан.

Тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэхийг даалгуулах шаардлагаасаа татгалзаж  байна. Ж.Сэр-Одын төлөөгүй үндсэн зээл 10.000.000 төгрөг, 2016 оны 11, 12 дугаар сарын хүүнд 1.400.000 төгрөг байна. Үүнд дээр алдангийг гэрээний хугацаа дууссан 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 41 хоногт нэг хоногийн 0,5 хувиар тооцвол 2.337.000 төгрөг болж байна. Мөн зээлийн график зөрчсөний 18.900 төгрөг байна. Иймд  үндсэн зээл 10.000.000 төгрөг, хүү 1.400.000 төгрөг дээр алданги нэмээд нийтдээ 12.355.900 төгрөгийг хариуцагч Ж.Сэр-Одоос гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн болон фидуцийн гэрээ байгуулсан, 10.000.000 төгрөг хүлээн авсан гэдэгт маргахгүй. Хариуцагч энэ хугацаанд нэг сарын биш хоёр сарын хүүнд 1.400.000 төгрөг төлсөн гэдэг. Иймд үндсэн зээл 10.000.000 төгрөг, үлдэх нэг сарын хүү 700.000 төгрөг нийтдээ 10.700.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд алдангийн тухай тусгагдаагүй тул алданги шаардах эрхгүй гэж үзэж байна. Фидуцийн гэрээнд алдангийн тухай тусгасан ч энэ нь алдангийн тухай тохиролцоо гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “ТИ” ХХК нь хариуцагч Ж.Сэр-Одод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15.254.200 төгрөг гаргуулах, 9559 УБУ улсын дугаартай авто машиныг шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 12.355.900 төгрөг болгон багасгаж, 9559 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэхийг даалгуулах шаардлагаас татгалзаж байх шүүх багасгасан шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагч үндсэн зээл 10.000.000 төгрөг, хүү 700.000 төгрөг нийт 10.700.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргав.

Нэг талаас “ТИ” ХХК, нөгөө талаас Ж.С-Онар нь 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч 10.000.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд 3 сарын хугацаатай шилжүүлэх, зээлдэгч сарын 7 хувийн хүүтэйгээр эргүүлэн төлөхөөр тохиролцож №ЖА-0021 тоот гэрээг байгуулжээ. Мөн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх баталгаа болгон өөрийн өмчлөлийн 95-59 УБУ улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж фидуцийн гэрээг байгуулжээ. /хх 8-13/

Нэхэмжлэгч “ТИ” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигчид зээлийн болон фидуцийн гэрээ байгуулсан, зээлдэгч зээлийн хөрөнгө 10.000.000 төгрөгийг хүлээн авсан гэдэгт тус тус маргаагүй.

Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5, 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байх тул нэхэмжлэгч мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч хоёр сарын хүүнд 1.400.000 төгрөг төлсөн гэж, нэхэмжлэгч нэг сарын хүүнд 700.000 төгрөг хүлээн авсан гэж маргаж байх ба хариуцагч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх  нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр тооцох нь зүйтэй гэж үзэв.

Мөн зээлийн гэрээнд талууд алдангийн талаар тохиролцоогүй, фидуцийн гэрээнд тусгасан нь алдангийн талаарх тохиролцсон тохиролцоо гэж үзэхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлав.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээнд алдангийн тухай тусгагдаагүй ч фидуцийн гэрээний 1.1.6-д “зээлийн гэрээний хугацаа дуусахад төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа дууссанаас хойш зээлийн үлдэгдэл дүнгээс хоногийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөх”-өөр тохиролцсон байх бөгөөд зохигчид хүсэл зоригоо илэрхийлж нэг өдөр дээрх хоёр гэрээг байгуулсан, дээрх тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын тухай гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

Хариуцагч нь зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүг хугацаанд нь төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул үндсэн зээл 10.000.000 төгрөг, 2 сарын хүү 1.400.000 төгрөг, алданги 2.337.000 төгрөг /11.400.000 төгрөг *0,5%* 2016.12.27-наас 2017.02.06-ны өдрийн хүртэлх 41 хоног/ нийт 13.637.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 Гэвч нэхэмжлэгч 12.355.900 төгрөг гаргуулахаар шаардаж байх тул шүүх нэхэмжлэлийн хүрээгээр тооцон хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Ж.Сэр-Одоос 12.355.900 /арван хоёр сая гурван зуун тавин таван мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж “ТИ” ХХК-д олгосугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304.430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 282.844 /хоёр зуун наян хоёр мянга найман зуун дөчин дөрвөн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                 О.ОДГЭРЭЛ