Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2020/01245

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Д ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Б холбогдох,

Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэг 24 577 315.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Х.Унэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч С.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж ДХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж ДХХК нь 2015 оны 03 дугаар сард үүсгэн байгуулагдаж, худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Хариуцагч Э.Бг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс Ж ДХХК-ийн орон нутгийн албаны Орхон аймаг дахь салбарын нярав албан тушаалд томилон ажиллуулж, ЭТ.17.10 тоот хөдөлмөрийн гэрээ, ЭТ.17.10 тоот эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ЭТ.17.10 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулсан. Э.Бг ажиллаж байх хугацаанд 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн санхүүгийн албаны хуваарьт тооллогоор 23 990 100 /хорин гурван сая есөн зуун ерэн мянга нэг зуу/ төгрөгийн бараа, материалын их хэмжээний дутагдалтай гарсан ба хариуцагч Э.Б нь уг дутагдлыг дахин шүүж, тодруулж өгөхийг хүссэнд нь санхүүгийн албанаас тодорхой хугацааг гаргаж, дахин шүүж үзсэн боловч ямар нэгэн өөрчлөлт гараагүй тул 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч Э.Бгаас агуулах дахь бараа материалыг хүлээлцэх тооллого үйлдэхэд 1 409 545 /нэг сая дөрвөн зуун есөн мянга таван зуун дөчин тав/ төгрөгийн бараа, материалын дутагдалтай гарч нийт 24 577 315.24 /хорин дөрвөн сая таван зуун далан долоон мянга гурван зуун арван таван төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөгний их хэмжээний дутагдалтай гарсан тул Ж ДХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б20-223 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Иймд хариуцагч Э.Бгаас эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт 24 577 315.24 /хорин дөрвөн сая таван зуун далан долоон мянга гурван зуун арван таван төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Э.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж ДХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Нэхэмжлэгч Жавхлант дистрибюшн" ХХК-д би 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2З-ны өдрийг хүртэл Орхон аймаг дахь салбарын няраваар ажиллаж ирсэн. Улаанбаатар хотоос бараа ирэхдээ падаантай ирдэг бөгөөд би бараагаа падаанаараа хүлээж аваад 4 худалдааны төлөөлөгчид дэлгүүрүүдээр явж захиалга аваад энэ авсан захиалгуудаа над руу явуулдаг.Энэ захиалгын дагуу би бараагаа бэлдээд 2 борлуулагч нартаа падаанаар бараагаа гаргаж явуулан өөрөөсөө зарлага гаргадаг. Ингээд надад бараа хүлээж авсан падаан борлуулагчдаа бараа хүлээлгэж өгсөн падаан гээд орлого зарлагын 2 падаан үлддэг.Энэ хоёр падааны зөрүүгээр надтай тооцоо хийх учиртай байтал төв складнаас бараа дутлаа гээд хий хоосон дээр нэмж бичиж өрөнд оруулах нь хууль зүйн үндэслэл байхгүй юм. 2017 оноос хойш надаас ямар нэгэн дутагдал гарч байгаагүй бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тооллого хийхэд 6 715 000 төгрөгийн бараа илүүдлээ гээд ня-бо явсан. Тухайн үед ня-бо надад байгаа барааны тоонуудыг нэмж програмд бичсэн байсан учраас зөрүү гарсан байсан. Тухайлбал: Бэлэн гоймон "дотно сэтгэл" /88 гр/ үлдэгдэл 300 ширхэг байх учиртай байтал гар тооллогоор 250 ширхэг байсан. Гэтэл программд 2 500 ширхэг гэж буруу бичсэнээр 2 250 ширхэг бэлэн гоймон илүү гарч 1 171 000 төгрөгийн зөрүү гарсан байсан. Буруу шивсэн болохыг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн тооллогоор мэдсэн. Учир нь "ДОТНО СЭТГЭЛ" нэртэй бэлэн гоймон 2 400 ширхэгийн дутагдал гарсан. Энэ мэтээр зөндөө олон барааны тоог нэмж бичсэн байсан учир надаас дутагдал гарсан. Тооллого хийхдээ би гараараа тоолсон бараагаа нэг бүрчлэн бичиж ня-бо мөн гараараа бичдэг юм.Тэгээд гар бичвэрүүдээ хоёр талаасаа тулгаж шалгахад ня-бо бид хоёрын бичсэн тохирч байсан юм. Гэтэл 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тооллого орж намайг 23 990 100 төгрөгийн дутагдал гаргасан гээд 1 409 545 төгрөгийн хугацаа дууссан барааны үнийг нэмээд нийт 24 577 313.24 төгрөгийн үнэ бүхий барааг дутаасан байна гээд ажлаас маань халлаа гээд ажлыг маань хийлгэхээ больсон учир ажлаас халсан тушаалаа өгнө гээд нэхээд өгөхгүй байсаар 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ажлаас халагдсан гэсэн тушаалыг надад өгсөнөөр би ажилгүйдлийн тэтгэмжээ ч олж авч чадаагүй давхар хохирсон. Нэхэмжлэгчийн зөвхөн энэ үйлдэл нь хүнийг огт бодохгүй зөвхөн амин хувиа бодож хууль, дүрэм, журмыг уландаа гишгэсэн болох нь харагдана. Миний барааг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ня-бо тоолохдоо гар бичвэр үйлдсэн бөгөөд түүний гар бичвэр миний гар бичвэртэй яг тохирч байсан бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар өгсөн "ТООЛЛОГЫН БАТАЛГАА" гэх баримтын үлдэгдэл гэсэн хэсэг дэх үнэ, тоо хэмжээ дүн гэсэн эхний хэсэг тохирохгүй үргэлжлүүлээд тооллого гэсэн хэсэгт бичигдсэн тоо хэмжээ, дүн гэсэн хэсэгт бичигдсэн тоонууд яг тохирч байсан. Харин үлдэгдэл гэсэн хэсэг дээр зөндөө олон нэр төрлийн бараануудыг нэмж бичээд /надад өгөөгүй бараануудаа/ нэмээд биччихсэн байсан. Би яагаад надад өгөөгүй бараануудаа надад өгсөн мэтээр нэмээд бичсэн болохыг нь асуухад агуулахаас зөндөө бараа дутдаг гэсэн хариулт л өгсөн. 2019 оны 10 дугаар сард "Жавхлант дистрибюшн" ХХК "Smart sele" нэртэй программаа шинэчилсэн. Энэ программ нь нууцлал байхгүй. Энэ программруу захирлууд, ня-бонууд, салбарын эрхлэгч, нярав, программын мэргэжилтэнгүүд орох эрхтэй байдаг. Миний шивсэн бараан дээр хэн нэг нь ороод тоог нэмж хасах боломжтой юм. Энэ программаас үүдэлтэй намайг хий өрөнд орууллаа. Энэ программ нь санхүү, борлуулалт гэсэн хоёр хэсэгтэй байдаг бөгөөд account нэртэй санхүүгийн программ руу орох эрхийг надад 2019 оны эхээр нээж өгөөд төд удалгүй орж өөрийн үлдэгдлээ хянах эрхийг хаачихсан учир би үлдэгдэлээ харах боломжгүй болсон учир надад өгөөгүй бараагаа өгсөн мэтээр бичсэнийг би мэдэх боломжгүй болсон.Энэ тухай Гангэрэлээс хүссэн боловч эрхийг маань нээж өгөөгүй. 2019 оны 11 дүгээр сарын 01-нд агуулахад байгаа үлдэгдэл бараагаа тоолоод явуул гэж Гангэрэл ня-бо над руу ярихдаа 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэхэд явуул гэсэн.Би бараагаа тоолоод хугацаанд нь явуулсан боловч уг тооцоог программд байршуулсан /бүртгэгдсэн/ эсэхийг би мэдэхгүй байгаа юм. Би программ хариуцсан мэргэжилтэнд 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн тооллогын дараа сая төгрөгийн дутагдал гарлаа шалгаад өгөөч гэсэн чинь программын мэргэжилтэн чиний 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр над руу явуулсан тооллогын материал чинь устаж үгүй болсон байна гэсэн. Хугацаа нь дуусаж байгаа бараануудаа төв рүүгээ мэдээллэдэг байгаад орон нутаг ахалсан Ариунжаргал ня-бо Гангэрэл, орон нутаг хариуцсан ня-бо Түвшинжаргал нарт удаа дараа хэлсэн боловч ирээгүй бөгөөд 1 409 545 төгрөгийн бараа складанд үлдсэн байхад над дээр өр болгож намайг хохироолоо. Юуны учир намайг ингэж өрөнд оруулав гэж гайхаж байна. Иймд Жавхлант дистрибюшнХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Э.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: "Ж ДХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо хэд хэдэн үндэслэлүүдээр тайлбарлаж байсан бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн "Нотлох баримт хүргүүлэх тухай тоот мөн 2020 оны 10 дугаар сарынн 09-ний өдрийн ирүүлсэн тайлбартай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч "Ж ДХХК-ийн Орхон салбарт хариуцагч Э.Б 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх Орхон салбарын няраваар ажиллаж ирсэн байна. Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлтод Э.Б гарын үсэг зураагүй, урьд өмнө нь огт харж байгаагүйн дээр албан тушаалын нэр гэсэн хэсэг дээр Дорнод аймаг дахь салбарын агуулахын нярав гэжээ. Ж ДХХК-ийн тайланд тухайн жилийн санхүүгийн үзүүлэлтүүдийг ерөнхий, нийлбэр байдлаар тайлагнасан байдаг гээд салбар хоорондын өглөг авлага, дутагдал гэх мэт нарийвчилсан үзүүлэлтүүдийг тусгадаггүй тул манай гаргасан нэхэмжлэлтэй хамаарахгүй гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136 Байгууллагад учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн ня-бо бүртгэлийн тайлан тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, жинхэнэ гарсан алдагдлаар тооцно гэжээ. Хуулийн энэ заалтаас харахад тухайн хуулийн этгээдийн хөрөнгө гэдгийг ня-бо бүртгэл, санхүүгийн тайлангаар л нотлодог болох нь харагдаж байгаа юм. 2015 оны 06 дүгээр сарын 19-ний өдрийн Нягтлан бодох бүртгэлийн тухай /Шинэчилсэн найруулга/ 4-р зүйлд Нягтлан бодох бүртгэлийн стандарт гээд 4.1-д Аж ахуйн нэгж, байгууллага дараах бүртгэлийн стандартыг дагаж мөрдөнө" Мөн хуулийн 14-р зүйлийн 14.4-т Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлийг заавал тусганагээд 14.4.1-д Аж ахуйн бүх ажил, гүйлгээ 14.4.3-т бүх өр төлбөргэжээ. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12-р зүйлийн 12.2.4-т заасны дагуу мөн няравын ажлын байрны тодорхойлолтын дагуу тоолого хийсэн болно гэжээ. Хуулийн энэхүү заалт нь огт хамааралгүй заалт байхад ямар үндэслэлээр тайлбарлаж байгаа нь тодорхой бус байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12-р зүйлийн 12.1-д "Хөрөнгө, төлбөр тооцооны тооллого хийх зохион байгуулалтын асуудлыг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, ерөнхий ня-бо нар хариуцна гэжээ. Мөн хоёр талын Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 6.1-д Хэрэв ажилтны буруугаар эд хөрөнгө, бараа материалын хохирол учирсан бол уг хохирлын хэмжээг тодорхойлох, түүнийг төлүүлэх ажиллагааг хууль тогтоомжийг баримтлан Гүйцэтгэх захирлын томилсон комисс гаргасан шийдвэрийн дагуу зохион байгуулна гэжээ. Хууль дүрэм журам мөрддөггүй хэн нэгнийг ажлаас халахын тулд хууль бусаар тооллого оруулж баахан өр төлбөрт унагаж бусдын эрхэнд халдаж хөдөлмөрлөх эрхийг нь ноцтой зөрчиж байгаагаа зөв гэж тайлбарлан холбогдох нотлох баримтуудаа гаргаж ирүүлэхгүй байгаад харамсаж байна. Иймд "Жавхлант дистрибюшн"ХХК-ийн Э.Бгаас гаргуулахаар шаардсан 24 577 351.24 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж ДХХК нь хариуцагч Э.Бд холбогдуулан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 24 577 315.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хариуцагч Э.Б болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

Ж ДХХК, Э.Б нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ЭТ.17.10 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, Эрдэнэт салбарын няравын албан үүргийг энэ өдрөөс эхлэн гүйцэтгэхээр болсон ба улмаар Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ болон барьцааны гэрээ байгуулан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4-16-71 тоотод байрлах Ү-2101009690 улсын бүртгэлийн дугаартай Ц.Бямбасүрэнгийн өмчлөлийн орон сууцыг барьцаанд бариулж, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Орхон аймаг дахь салбарын нярав Э.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн санхүүгийн албаны хуваарьт тооллогоор 23 990 100 төгрөгийн бараа, материалын дутагдалтай гарсан ба 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр агуулах дахь бараа материалыг хүлээлцэх тооллого хийхэд 1 409 545 төгрөгийн бараа, материалын дутагдалтай гарч нийт 24 577 315.24 төгрөгний дутагдал гарсан нь тооллогын баталгаагаар нотлогдож байгаа тул Ж ДХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б20-223 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэг нийт 24 577 315.24 төгрөгийг хариуцагч Э.Бгаас гаргуулна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ: ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлтод Э.Б гарын үсэг зураагүй, Дорнод аймаг дахь салбарын агуулахын нярав гэсэн байдаг бөгөөд Ж ДХХК-ийн тайланд тухайн жилийн санхүүгийн үзүүлэлтүүдийг ерөнхий, нийлбэр байдлаар тайлагнасан байдаг гээд салбар хоорондын өглөг авлага, дутагдал гэх мэт нарийвчилсан үзүүлэлтүүдийг тусгаагүй тул манай гаргасан нэхэмжлэлтэй хамаарахгүй гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136 Байгууллагад учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн ня-бо бүртгэлийн тайлан тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, жинхэнэ гарсан алдагдлаар тооцно гэж заасан. Хуулийн энэ заалтаас харахад тухайн хуулийн этгээдийн хөрөнгө гэдгийг ня-бо бүртгэл, санхүүгийн тайлангаар л нотлодог болох нь харагдаж байгаа юм. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн заалт нь огт хамааралгүй байхад ямар үндэслэлээр тайлбарлаж байгаа нь тодорхой бус, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу буюу хууль, дүрэм журмаа мөрддөггүй хэн нэгнийг ажлаас халахын тулд хууль бусаар тооллого оруулж өр төлбөрт унагаж бусдын эрхэнд халдаж хөдөлмөрлөх эрхийг нь ноцтой зөрчиж байгаагаа зөв гэж тайлбарлан холбогдох нотлох баримтуудаа гаргаж ирүүлэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэж тайлбарладаг.

2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн БТ120026 дугаартай тооллогын баталгаагаар нийт 40 275 тоо хэмжээтэй 99 290 578.77 төгрөгийн эд зүйлсийг тоолсон бөгөөд илүү 7 727 тоо хэмжээ бүхий 21 020 670 төгрөгийн бараа материал, дутуу 18 563 тоо хэмжээтэй 45 010 770 төгрөгийн бараа материал тоологдож нийт дутуу нь 23 990 100 төгрөг болсон байна.

2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн БТ120029 дугаартай тооллогын баталгаагаар нийт 1 409 545 төгрөгийн бараа материалын дутагдал гарсан гэсэн атлаа хэчнээн ширхэг бараа дутсан, мөн илүү тоологдсон бараа байсан эсэх талаархи баримт байхгүй тул шүүх 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн тооллогын баримтын дагуу нэхэмжилсэн 1 409 545 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь авлагын дэлгэрэнгүй тайланг гаргасан боловч уг тайланг хариуцагч Э.Бд танилцуулаагүй, эрх бүхий этгээдүүд албажуулаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.-д Ажилтан дор дурдсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэж заасан бөгөөд 135.1.2.-т хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хариуцагч Э.Б тооллогыг дахин хийх шаардлагатай, гарсан өрийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг тооллогын баталгааны хуудсанд тайлбарлан бичсэн байгаа боловч тооллогын зөрүүний талаар үндэслэл бүхий тайлбарыг гаргаагүй, гэрч Э.Сайнзаяагийн ...Улаанбаатар хотод Э.Б ирж төв оффист программ дээр сууж шалгасан, ...өөрөө программ дээрээ хянаж, шүүж үзээрэй гэсэн хариу өгсөн боловч үйлдэл хийгээгүй, түүний дараа Орхон аймагт очиж тооллого хийхэд өртэй гарсан гэсэн мэдүүлэг, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр хариуцагч Э.Б 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн тооллогоор дутаасан бараа материалын үнэ 23 990 100 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Түүний 2020 оны 04 дүгээр сарын ажлын хөлс 822 329.76 төгрөгийг төлөх ёстой өр төлбөрөөс тооцон хасч үлдэх 23 167 770.24 төгрөгийн үүргийг хариуцуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 1 409 545 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг хэргийн оролцогч өөрөө нотлох болон, баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй юм.

Нэхэмжлэгч Ж ДХХК нь Ажлын байр /Албан тушаал/-ны тодорхойлолтыг хариуцагч Э.Бд танилцуулаагүй бөгөөд түүнийг Дорнод аймаг дахь салбарын агуулахын нярав гэж тодорхойлсон байгаа нь ажилдаа илт хайнга хандсан гэж үзэх үндэслэлтэй ба ажлын байрны тодорхойлолтод гарын үсэг зураагүй нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 280 837 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 273 789 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгохоор заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т заасныг баримтлан хариуцагч Э.Бгаас 23 167 770.24 /хорин гурван сая нэг зуун жаран долоон мянга долоон зуун далан төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж ДХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 409 545 /нэг сая дөрвөн зуун есөн мянга таван зуун дөчин таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 280 837 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бгаас 273 789 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж ДХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.