Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2021/00104

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Х ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.А

Хариуцагч: Ш.Г нарт холбогдох

            Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт нийт 195 938 613.09 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хөдлөх болон үл хөдлөх барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, Д.З, Х.Х /Улаанбаатар хотоос онлайнаар/, хариуцагч Т.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагч Т.Аын өмгөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямсүрэн нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК-ний Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч Т.А, Ш.Г нар нь тус банкны Орхон салбар Хүрэнбулаг тооцооны төвөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр №ЗГ/201743281220 тоот зээлийн гэрээ байгуулан 91 000 000 /ерэн нэгэн сая / төгрөгийн зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, үл хөдлөх хөрөнгө худалдан авах зориулалтаар зээлсэн бөгөөд зээлдэгч Т.Аын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101015460 тоот бүртгэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг, Зэст 21 байр, барилгачдын талбай грави хоршооны 2-р давхарт байрлах, 127.13 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Т.Аын эзэмшлийн нэгж талбарын 0208944 тоот дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р хороолол Захиргааны 3-р байрны урд байрлах 127.13 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай газрын хамт, гэрийн эд хогшил, бараа материалыг, мөн зээлдэгч Т.А, Ш.Г нар нь тус банкны Орхон салбар Хүрэнбулаг тооцооны төвөөс 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр №ЗГ/201944404981 тоот зээлийн гэрээ байгуулан 65 000 000 /жаран таван сая/ төгрөгийн зээлийг сарын 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 1)Зээлдэгч Т.Аын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101015460 тоот бүртгэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг, Зэст 21 байр, барилгачдын талбай грави хоршооны 2-р давхарт байрлах, 127.13 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Т.Аын эзэмшлийн нэгж талбарын 0208944 тоот дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р хороолол Захиргааны 3-р байрны урд байрлах 127.13 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай газрын хамт, Toyota kluger маркын 4041УБВ дугаартай суудлын автомашин, HYUNDAI PORTER маркын 8217ОРО дугаартай суудлын автомашин, тоног төхөөрөмж, бизнесийн барааг тус тус барьцаалуулан зээл авсан. Зээлдэгч Т. А нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр №201743087184 тоот зээлийн гэрээ байгуулан 5 000 000 /таван сая/ төгрөгийн кредит картын зээлийг 30 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай сар тутмын санхүүгийн хэрэгцээний зориулалтаар зээлсэн.

Зээлдэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр №ЗГ201743281220 тоот зээлийн гэрээний 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 9 430 890.84 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 34 345 759.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4 930.79 төгрөг, нийт 43 781 580.72 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /437 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 4 дугаар зүйлийн 4.2.1, 4.2.8-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй байна. Иймд 2020 оны 09 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №ЗГ201743281220 тоот зээлийн гэрээ болон БГҮ201743281220 дугаар барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 81 569 109.16 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 25 961 121.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 206 712.16 төгрөг. Нийт 107 736 942.76 төгрөг болно.

Зээлдэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр №ЗГ/201944404981 тоот зээлийн гэрээний 2.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 2 141 043.49 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2 914 208.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 748.09 төгрөг, нийт 5 057 000.02 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /435 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 4 дугаар зүйлийн 4.2.1, 4.2.8-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна: Үүнд: 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр №317201944404981 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 62 858 956.51 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 18 101 312.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 215 940.08 төгрөг, нийт 81 176 209.46 төгрөг.

Зээлдэгч нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр №ЗГ/201743087184 тоот зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 94 209.64 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2 847 652.53 төгрөг, хугацаа хэтрүүлсэний шимтгэл 100 000 төгрөг, нийт 3 044 862.17 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /420 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.6-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Банк 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2017 оны 06 дугаар сарын 28 -ний өдөр №201743087184 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 4 905 790.36 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1 994 670.50 төгрөг, хугацаа хэтрүүлсний шимтгэл 125 000 төгрөг, нийт 7 025 460.87 төгрөг болно.

Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 107 736 942.76+81 176 209.46 +7 025 460.87=195 938 613.09 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлд дурдсан Т.А, Ш.Г нарын өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Ш.Г 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан бөгөөд хуулийн хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, өөрийнх нь эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх тухай хүсэлтээ бичгээр илэрхийлсэн.   

Хариуцагч Т.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Х банк” ХХК-ийн Т.А надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан аваад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №ЗГ201743281220 тоот зээлийн гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 206 712 16 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №ЗГ201944404981 тоот зээлийн гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 215 940 08, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №201743087184 тоот зээлийн гэрээний дагуу хүү 1 994 670.50 төгрөг, хугацаа 125 000 төгрөг нийт 2 542 330.74 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус хөрөнгүүдийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Т.Аманжулын төлбөрт битүүмжилсэн байгаа болно. Өмнө нь огт мэдэгдэл өгч байгаагүй бөгөөд хүүгээ их хэмжээгээр явуулж ашиг хонжоо олохын тулд төлбөрийн чадваргүй иргэдийг хохироох ажиллагаа болж байгаа гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Т.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагаас гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ болон 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр, зээлийн хүүний төлбөрийг зөвшөөрч байна. Харин нэмэгдүүлсэн хүүний төлбөрүүд болон 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/201743087184 дугаартай кредит картын гэрээний дагуу нэхэмжилсэн 7 025 460.87 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хөдлөх эд хөрөнгө болох 2 автомашин байхгүй. Аль эрт бусдад шилжсэн тул үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэв.

 Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК-ний Орхон салбар нь хариуцагч Т.А, Ш.Г нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 195 938 613.09 төгрөг  гаргуулах, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага болон 188 490 499.98 төгрөгийн үндсэн зээл, хүүний төлбөр /81 569 109.16+25 961 121.44төгрөг, 62 858 956.51+18 101 312.87 төгрөг/-ийг зөвшөөрч  нэмэгдүүлсэн хүүний төлбөрүүд 422 652.24 төгрөг /206 712.16+215 940.08/ болон кредит картын төлбөр 7 025 460.87 төгрөг, хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

Х банк зээлдэгч Т.А, хамтран үүрэг гүйцэтгэгч Ш.Г нарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЗГ201743281220 дугаартай зээлийн гэрээ байгуулагдан  91 000 000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг, Барилгачдын талбай, Грави хоршооны 2 дугаар давхарт байрлах Ү-2101015460 улсын бүртгэлийн дугаартай, 127.13 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах Г-0208944 нэгж талбарын дугаартай 127.13 м.кв газар, хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр гэрийн эд хогшил, бараа материалыг барьцаалсан.

Мөн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр талууд ЗГ/201944404981 дугаартай зээлийн гэрээ байгуулан 65 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө татан авах зориулалтаар жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг, Барилгачдын талбай, Грави хоршооны 2 дугаар давхарт байрлах Ү-2101015460 улсын бүртгэлийн дугаартай, 127.13 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах Г-0208944 нэгж талбарын дугаартай 127.13 м.кв газар, хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр 4041УБВ улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгийн тоёота кюгер /Toyoto kuger/ машин, 8217 ОРО улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн цэнхэр өнгийн хундэй портер /Hyundai porter/ машин, тоног төхөөрөмж, бизнесийн бараа материалуудыг тус тус барьцаальсан байна.

Нэхэмжлэгч Х банк хариуцагч Т.А нарын хооронд 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 201743087184 дугаартай Кредит картын гэрээ байгуулагдсан байх ба зээлжих эрхийн хэмжээ 5 000 000 төгрөг, карт эзэмших эрхийн хугацаа 5 жил, бэлэн зарлагын хүү жилийн 30 хувь, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24 хувь байхаар тохирсон байна.

Хариуцагч Т.А түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нар нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ201743281220 дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ/201944404981 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болон хүүний төлбөр, үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагын хувьд маргаагүй. Мөн хариуцагч Ш.Г нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гардаж авсан бөгөөд хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй ба шүүх хуралдааныг өөрийн эзгүйд явуулах тухай хүсэлтээ бичгээр гаргасан тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар эзгүйд нь хянан шийдвэрлэсэн болно. Талууд дээрхи асуудлаар нэгэнт маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч түүний төлөөлөгчийн зөвшөөрч байгаа тайлбарыг үндэслэн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ201743281220 дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ/201944404981 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болон хүүний төлбөр, үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагын хувьд шүүх дүгнэх шаардлагагүй гэж үзэв.  

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч Х банк шаардах эрхтэй, хариуцагч Т.А нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч Т.А үл хөдлөх барьцаа хөрөнгө нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн байгаа гэж тайлбар ирүүлсэн боловч Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр  заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд бариулсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг Барилгачдын талбай, Грави хоршооны 2 дугаар давхарт байрлах Ү-2101015460 улсын бүртгэлийн дугаартай, 127.13 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах Г-0208944 нэгж талбарын дугаартай 127.13 м.кв газрыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй.

Харин хөдлөх хөрөнгийн талаар хэрэгт ирүүлсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, 4041УБВ улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгийн тоёота кюгер /Toyoto kuger/ машин, 8217 ОРО улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн цэнхэр өнгийн хундэй портер /Hyundai porter/ машинуудын эзэмшигч нь хариуцагч Т.А хэвээрээ байгаа эсэх нь тодорхойгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар нь нотариатаар гэрчлэгдээгүй, татвар төлөгчийн гэрчилгээний хуулбар авагдсан, бараа материалууд болон тоног төхөөрөмж Ха байгаа, юунд зориулагдсан төхөөрөмж нь тодорхойгүй, уг шаардлагаа нэхэмжлэгч нотлоогүй тул хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Х банк нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 201743087184 дугаартай кредит картын гэрээг хариуцагч Т.Атай байгуулсан байх бөгөөд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Ш.Гоос шаардах хууль зүйн үндэслэлгүй юм. Харин хариуцагч Т.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г 7 025 460.87 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байгаа боловч зээлжих эрх бүхий 5 000 000 төгрөгийн картыг хариуцагч Т.А нь банкинд хүсэлт гарган авч, гэрээ байгуулан 5214065426 тоот дансыг эзэмшин гүйлгээ хийж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн кредит картын хүсэлт гаргах маягт, кредит картын гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус нотлогдож байх тул кредит картын үндсэн төлбөр, хүүний төлбөрийг хариуцан төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул хугацаа хэтрүүлсний шимтгэл 125 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ш.Гийг дээрхи зээлүүдийг авч хэрэглээгүй, зээлийг Ш.Гт олгоогүй тул түүнд хамааралгүй гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 424.3-т зааснаар нэхэмжлэгч Х банк хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг хуульд зааснаар шаардсан гэж үзнэ. 

Иймд хариуцагч Т.Ааас 101 357 036.97 төгрөг, хариуцагч Ш.Гоос 94 456 576.11 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-ний Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4041УБВ улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгийн тоёота кюгер /Toyoto kuger/ машин, 8217 ОРО улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн цэнхэр өнгийн хундэй портер /Hyundai porter/ машинуудаар үүргийн гүйцэтгэл хангуулах болон хугацаа хэтрүүлсний шимтгэл 125 000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хариуцагч нар сайн дураар эс биелүүлбэл үл хөдлөхийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1 137 643.07 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ааас 586 072.68 төгрөг, хариуцагч Ш.Гоос 550 945.38 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Ааас 101 357 036.97 төгрөг /нэг зуун нэг сая гурван зуун тавин долоон мянга гучин зургаан төгрөг ерэн долоон мөнгө/, хариуцагч Ш.Гоос 94 456 576.11 төгрөг /ерэн дөрвөн сая дөрвөн зуун тавин зургаан мянга таван зуун далан зургаан төгрөг арван нэгэн мөнгө/ тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-ний Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4041УБВ улсын дугаартай тоёота кюгер /Toyoto kuger/, 8217 ОРО улсын дугаартай хундэй портер /Hyundai porter/ машинуудаар үүргийн гүйцэтгэл хангуулах болон хугацаа хэтрүүлсний шимтгэл 125 000 төгрөг /нэг зуун хорин таван мянга/-ийг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан хариуцагч Т.А, Ш.Г нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, Барилгачдын талбай, Грави хоршооны 2 дугаар давхарт байрлах Ү-2101015460 улсын бүртгэлийн дугаартай, 127.13 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах Г-0208944 нэгж талбарын дугаартай 127.13 м.кв газраар үүргийн гүйцэтгэл хангах, албадан дуудлага худалдаа явуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 137 643.07 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ааас 586 072.68 төгрөг /таван зуун наян зургаан мянга далан хоёр төгрөг жаран найман мөнгө/, хариуцагч Ш.Гоос 550 945.38 төгрөг /таван зуун тавин мянга есөн зуун дөчин таван төгрөг гучин найман мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-ний Орхон салбарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.АРИУНЦЭЦЭГ