Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2021/00505

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 9 070 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.Д нь 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 3 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай надаас зээлсэн. 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг дахин сарын хугацаатайгаар сунгасан. Мөн өдөр буюу 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дахин 2 320 000 төгрөг сарын хугацаатай нэмж зээлсэн. Нийт зээлийн үлдэгдэл 6 000 000 төгрөг болсон ба Т.Д нь үүнээс 580 000 төгрөгийг зээлийн хүүнд нэг удаа төлсөн. Өөр төлөлт огт хийгээгүй болно. Би мөнгөө эргүүлэн авахаар удаа дараа нэхсэн боловч "үл хөдлөх хөрөнгөө зараад мөнгийг чинь буцаагаад өгчихнөө" гэсээр өдийг хүрлээ. 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Т.Д нь надад бичгээр баталгаа гаргаж өгсөн ба уг бичгийн баталгааг түүнийг байлцуулан нотариатаар гэрчлүүлсэн. Уг баталгаанд Т.Д нь Оээс мөнгө зээлсэн нь үнэн, одоо нийт 6 000 000 төгрөг өгнө, уг зээлийг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэхэд төлж дуусгана, уг хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги тооцож өгөх болно гэх агуулга бүхий баталгаа гаргасан. Үүнээс хойш Т.Д нь оршин суугаа хаягтаа байхгүй буюу хаяг нь тодорхойгүй байсан тул миний бие Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу тус шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2018/00556 дугаар шийдвэрээр Т.Дыг эрэн сурвалжилж Орхон аймгийн Цагдаагийн газраас 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хаягийг тодорхойлсон байдаг. Үүний дараа Т.Д нь надтай ирж уулзаад зээлсэн мөнгө болох 8 000 000 төгрөгөө бага багаар цувуулж өгнө гэж хэлсэн боловч 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл зээлсэн мөнгөнөөсөө огт өгөөгүй бөгөөд утсаа авахгүй зугтаж алга болсон. Би Дыг огт таньдаггүй байсан. Отгонжаргал надаас 3 000 000 төгрөг авч Дд өгсөн. Үүнийг Д хүлээн зөвшөөрч би төлнө гээд надад баталгаа гаргаж өгсөн. Ийм учраас одоо миний бие Б.О нь Т.Даас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6 000 000 төгрөг, алданги 3 000 000 төгрөг нийт 9 000 000 төгрөг мөн эрэн сурвалжлуулсан тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг тус тус Б.Оээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Нэхэмжлэгч Б.О хариуцагч Т.Даас зээлийн төлбөрт 9 000 000 төгрөг гаргуулан авахаар шаардсан шаардлагынхаа үндэслэл болгож байгаа зээлийн гэрээ нь 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан байх ба зээлийн гэрээнд 2 320 000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нэг сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэх зээлийн гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн баталгаа зэргүүдийг үндэслэл болгожээ. Нэхэмжлэгч 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 3 000 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 2 320 000 төгрөг тус тус өгсөн гэж байгаа боловч хариуцагчид дээрх мөнгөнүүдийг өгсөн болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Хариуцагч Т.Д дээрх мөнгөнүүдийг аваагүй өмнө нь өдрийн мөнгө зээлдэн авч байсан мөнгөний үлдэгдэлүүд гэж тайлбарлаж байгаа юм. 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл /2015-11-11-ний өдрөөс 2021-01-28-ны өдрийг хүртэл тооцвол 5 жил 2 сар 17 хоног болж байна/. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэжээ. Хуулийн дээрх заалтаас харахад зээлийн төлбөрөө шаардах хөөн хэлэлцэх хугацаа аль эрт дууссан байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-тМөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэжээ. Зээлдэгч Т.Д нэхэмжлэгчийн бичээд байгаа цаг хугацаанд мөнгө аваагүй учраас 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус юм. Мөн 70 200 төгрөгийн тухайд төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Учир нь гэвэл хариуцагч Т.Д өөрийн барьж байсан гар утасныхаа дугаарыг солиогүйн дээр оршин суугаа хаягаа ч өөрчлөөгүй яг хэвээрээ байсан учир түүнийг эрэн сурвалжлах шаардлага байхгүй байсан болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О хариуцагч Т.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 9 000 000 төгрөг, хаана байгааг нь олж тогтоох, эрэн сурвалжилахад гарсан зардал 70 200 төгрөг нийт 9 070 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.О нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 3 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 2 320 000 төгрөгийг 1 сарын хугацаатай нэмж зээллэж, өмнөх зээлийг нэг сараар сунгасан. Нийт зээлийн хүүнд 580 000 төгрөг авсан. Мөнгөө нэхэхээр үл хөдлөх хөрөнгөө зараад өгнө гэдэг ба 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баталгаа гаргаж өгсөн. Түүнээс хойш оршин суух хаягтаа байхгүй хаана байгаа нь тодорхойгүй болсон тул эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулж хаягийг тодорхой болгосон. Иймд үндсэн зээл 6 000 000 төгрөг, алданги 3 000 000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70 200 төгрөг нийт 9 070 200 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байна.

Хариуцагч Т.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Б.Оээс мөнгө зээлж аваагүй, эрэн сурвалжлуулах шаардлага байхгүй байсан. Өмнө нь өдрийн зээл авдаг байсан ба гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох ёстой гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч Б.О 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 3 000 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 2 320 000 төгрөгийг тус тус хариуцагч Т.Дд зээлдүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч шүүхийн мэтгэлцээнд 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 3 000 000 төгрөгийг н.Отгонжаргалд өгсөн. н.Отгонжаргал найз Т.Дд өгсөн түүнээс аваарай гэснийг Т.Д хүлээн зөвшөөрч, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баталгаа гаргаж нотариатаар гэрчлүүлсэн тул дээрхи баталгааны дагуу үндсэн зээл 6 000 000 төгрөг, алданги 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэмээн тодруулж байна.

Зохигчдын хооронд 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаагүй болох нь шүүх хуралдааны мэтгэлцээнээр тогтоогдож байх тул 3 000 000 төгрөг түүний алдангийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан тул нэхэмжлэгч Б.О 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч Т.Даас шаардах эрхгүй байна. Харин н.Отгонжаргалаас дээрхи мөнгөө шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.О 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн баталгаанд дурдсаны дагуу  алдангийн төлбөрийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Т.Дын гаргасан баталгааг гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хэрэв зээлийн гэрээний хугацаа сунгах, гэрээний алдангийн талаар тохиролцох бол анх байгуулсан гэрээний нэгэн адил байгуулах ёстой юм. 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, мөн хуулийн 232.7Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй гэж хуульчилсан байна.

Талуудын хооронд байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээнд алдангийн талаар тохироогүй тул алдангийн төлбөрийг гаргуулах үндэслэлгүй.

Харин нэхэмжлэгч Б.О хариуцагч Т.Д нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн тул зээлийн хүүнд гэж төлсөн 580 000 төгрөгийг нийт төлөх төлбөрөөс хасч тооцон хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 1 972 000 төгрөг /2 320 000+232 000-580 000/ гаргуулахаар шийдвэрлэв.  

Хариуцагч Т.Д хаягтаа байхгүй үндэслэлээр нэхэмжлэгч Б.О түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2018/00556 дугаартай шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн  219.1-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч Т.Д нь Согоот багийн 6-9-36 тоотод оршин суух хаягтай, Улаанбаатар хотод ажил хийж байгаа тул түүний оршин суугаа хаягийг тодруулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн байх тул улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 70 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж тодорхойлсон хэдий ч нэхэмжлэгч Б.О зээлийн гэрээний үүргийг хариуцагч Т.Даас шаардаж байсан болох нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн баталгаа, шаардах эрхээ хэрэгжүүлэхээр түүний хаягийг олж тогтоох хүсэлт гаргаж байсан талаархи тус шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2018/00556 дугаартай шийдвэрээр тус тус нотлогдож байх тул шаардах эрх үүссэн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хойш эрэн сурвалжлуулах тухай шүүхийн шийдвэр гарах хүртэл шүүхийн шийдвэр гарсан үеэс шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах хүртэл хугацааг харгалзан үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Т.Даас нийт 2 042 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 028 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 160 073 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 47 625.2 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.7, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Т.Даас 2 042 200 /хоёр сая дөчин хоёр мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 028 000 /долоон сая хорин найман мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 160 073 /нэг зуун жаран мянга далан гурав/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Даас 47 625.2 /дөчин долоон мянга зургаан зуун хорин таван төгрөг хоёр мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Од олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.АРИУНЦЭЦЭГ