Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2021/00817

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Ү холбогдох,

838 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие иргэн О.Үтай харилцан тохирлцсоны үндсэн дээр түрээсийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-17 дугаар байрны дэргэд байрлах үйлчилгээний 150 м.кв ажлын байрыг пиццаны үйлдвэрлэлийн зориулалтаар 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгч түлхүүр гардуулсан. О.Үнь тоног төхөөрөмжөө тус давхарын ерөнхий шитнээс тусдаа 380В-ын утас татаж, 380-ын тоолуур суурилуулж заалтыг нь заалны 220В тоолуур халуун хүйтэн усны заалтуудын хамт гэрээн дээр харилцан бичиж авч сар бүр хэрэглээний зардлаа төлөхөөр болсон. 06 дугаар 20-ны өдрийн хэрэглээгээ төлнө үү гэж ороход би өөр жижиг байр олсон, 07 дугаар сарын 01-ний өдөр гарна, түрээсийн үлдэгдэл мөнгө тог усны мөнгөнд таарах байх гээд өгөөгүй. 07 дугаар сарын 01-ний өдөр ...би 07 дугаар сарын 20-ны өдөр гарахаар боллоо, тэр газар 380-ын шугамгүй тул орж болохгүй байна, мөн гэрээний хугацаа 10-ны өдөр дуусна шүү дээ түрээсийн мөнгөө авъя гэтэл би гарахдаа нэг мөсөн тооцоо дуусгана гэж аймар муухай үг хэлж, уурлаж доромжилсон. 07 дугаар сарын 19-ний өдөр орж 380 В, 220 В тоолуурын мөн халуун хүйтэн усны заалтуудыг утсан дээрээ дарж аваад 07 дугаар сарын 20-ны өдөр байраа авъя гэж очихдоо хэрэглээг нь бодсон. Нэхэмжлэлээ өгч тушаана уу гэтэл би энэ бодсоныг чинь итгэхгүй өөрөө бодуулж тушаана гэсэн. Цар тахлын үед тог, ус тэглэсэн тул манай бусад түрээслэгч хамрагдсан. 12 дугаар сараас хойш нэг ч төгрөгний төлбөр гараагүй шинээр өндөр хэрэглээтэй 380 В-ын үйлдвэр орсон тул 05 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл өр үүсч “Эрдэнэт Ус”-аас нэхэмжлэл ирсэн нь иргэн О.Үүүргээ мэдсээр байж биелүүлэхээс зугтаж худлаа ярьж, байцаагч дуудахаар очно гээд очихгүй мөнгөө төлөхгүй байгууллагыг өрөнд орууллаа. Манай байр хэвийн үйл ажиллагаа явуулах байр тул нэмэлт засвар хийсэн зүйлгүй. Тэрээр урт хугацаанд түрээслэн ажиллах тул төлбөрөө бууруулаач гэхэд эхний 2 сарын төлбөрөөс 200 000 төгрөг чөлөөлж нэг сарын 1 000 000 төгрөгөөр бодож эхний 2 сарын төлбөрт 2 000 000 төгрөг авсан ба төрөөс үзүүлэх хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдах үндэслэлгүй. Иймд тоолуурт гарсан заалтын дагуу нэхэмжилсэн 365 000 төгрөг, илүү ажилласан 11 хоногийн түрээсийн төлбөрт 440 000 төгрөг, хоногийн алданги 33 000 төгрөг, нийт 838 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

Хариуцагч О.Үшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О.Үби иргэн Ц.Баас анхнаасаа тог усны мөнгө төлөхгүйгээр гарах зорилго байгаагүй. 2021 оны 05 дугаар сарын 10-нд уулзаж байрыг нь түрээслэхээр болж тэр өдрөө сарын сая төгрөгөөр тооцож 2 сарын төлбөр Ц.Бын нөхрийн данс руу хийсэн байдаг. Үйл ажиллагаа 05 дугаар сарын 20-ны өдөр эхэлсэн. Учир нь түрээсийн байранд засвар хийх шаардлагатай байсан тул бид хоёр хоорондоо тохирч О.Үби үйл ажиллагаагаа эхлүүлж юмаа бэлдэж 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр эхэлсэн. Иргэн Ц.Б нь өнөөдөр ба 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хоёулаа гэрээгээ хийе чи мөнгө шилжүүлчих гэснээр 10-нд шилжүүлж гэрээ хийгээд 2021 оны 05 дугаар сарын 20-ноос үйл ажиллагаа эхэлж байгаа юм чинь сар болгон 20-ндоо төлбөрөө авч байхаар тохирсон. Иймд Ц.Б болон нөхөрт нь өр төлбөр байхгүй. 2021 оны 05 дугаар сарын 10-наас гэрээ хийж 10 хоногийн өмнө мөнгө шилжүүлсэн. Тог усны мөнгө төлнө гэтэл Эрдэнэт ус ХХК-ийн төлсөн төлбөрийг надаас тэр чигээр нь нэхэж байгаа. Учир нь энэ хоёр хүний ажиллуулж байгаа объектын төлбөр нэг толгой хэлбэрээр гарч түрээслэгчид хуваан төлдөг. Жишээ нь дэлгүүр ажиллуулдаг эгч гэхэд улсаас тог усны мөнгө хямдраагүй байхад 250-300 мян.төгрөг төлдөг байсан. Одоогоор сард 40- 50 000 төгрөг төлдөг. Гэтэл намайг юм мэдэхгүйг далимдуулж улсаас өгч байгаа мөнгийг хасахгүйгээр 350 000 төгрөг нэхэж байгаад би гомдолтой байна. Ц.Быг сонсох нь түрээслэгчээр орсон хүн болгоныг дарамталж урьдчилж олон сараар мөнгө авч сурсан. Урьд нь хүмүүсийн мөнгийг болон эд зүйлийг барьцаалдаг гэж түрээсэлж байсан хүмүүс эгчийн дүү болгоомжтой байгаарай, яаж сайн байгаад нэг төлбөр гаргаж ирээд наад хүн чинь хүмүүсийг шүүхэд өгч мөнгө авдаг гэж ярьж байсан. Гэлээ гээд энэ хүнд би өгөх түрээсийн төлбөр байхгүй. Харин тог усны мөнгийг зохих гарсан төлбөрийн дагуу улсаас өгч байгаа хямдралыг хасуулж өгөх хүсэлтэй байна гэдгээ энэ хүнд олон удаа хэлсэн. Ажлын байранд удаа дараа байхгүй байхад орж ирээд сууж байдаг. Сүүлд маргалдахад би хүүтэйгээ орж ирэхэд ажлын байранд нөхөртэйгөө орж ирээд сууж байсан. Эрдэнэт усын байцаагчтай 1 удаа очиж уулзсан боловч яаралтай ажилтай байна гээд дараа ир гэж явуулсан. Дараа нь манай эгч очиж уулзсан. Би ерөөсөө тэр байцаагчтай очиж хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Харин худал ярьж цагдаад байцаагчийн өмнөөс мэдүүлэг өгсөн байсан. Эрдэнэт усын байцаагч руу цагдаа утасдаж асуусан. Тэр үед надад наад хүнтэй чинь асуудал байхгүй гэж хэлсэн. Ц.Б нь албан ёсны гарсан төлбөрөө нэхэж авахгүй, мөнгө нэмж нэхэж байгаад гомдолтой байна. Иймд хэрэглээний гарсан төлбөрийг бусад түрээслэгч нарт тэнцүү хариуцуулж оногдох хэсгийг төлөхөд татгалзах зүйлгүй, харин түрээсийн гэрээний хугацаандаа гарсан тул илүү ажилласан хоногийн мөнгийг төлөх үндэслэлгүй гэв.

 Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баар дамжуулан хариуцагч О.Үд холбогдуулан ажлын байрны түрээсийн төлбөр 440 000 төгрөг, алданги 33 000 төгрөг, хэрэглээний зардал 365 000 төгрөг нийт 838 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч О.Үболон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нар түрээсийн төлбөр болон алдангийн төлбөрийг бүхэлд нь эс зөвшөөрч, хэрэглээний зардлыг төр хариуцаж байгаа бөгөөд илүү гарсан хэрэглээг нийт түрээслэгч нарт хувь тэнцүүлэн хариуцуулж, оногдох хэсгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж мэтгэлцэж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

            Д.М, О.Үнарын хооронд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сарын 1 200 000 төгрөгийг сар бүрийн 20-ны өдөр түрээслүүлэгчийн Хаан банкны 5120004310 дугаарын дансанд төлөхөөр, төлбөр төлөх хугацааг хэтрүүлбэл хоног тутам 0.5 хувийн торгууль төлөх нөхцөлтэй, давхрын аюулгүй байдлыг бүрэн хариуцах, харуул хамгаалалт, галын аюулгүй байдлын дүгнэлт, мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт зэрэг үйлчилгээний шаардлагыг бүрэн хангаж ажиллах ба цахилгаан хэрэгслийг стандартын дагуу аюулгүй тоноглож, байнга салгаж явахыг түрээслэгчид даалгасан нэмэлт нөхцлийг дурдаж, гэрээний хавсралтанд цахилгааны 380 Вт, 220 Вт, халуун хүйтэн усны заалтын эхлэлийг бичиж тэмдэглэн талууд гарын үсэг зурсан байна. 

            Дээрхи гэрээний түрээслүүлэгч тал гэсэн хэсэгт Д.М гэж бичсэн боловч гэрээг Ц.Бтай О.Үбайгуулж, эхний 2 сарын төлбөр 2 000 000 төгрөгийг дансанд нь шилжүүлсэн гэсэнтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.

            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтанд аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж  заасан.

Нэхэмжлэгчийн түрээслүүлж буй объект нь Д.М, М.Төрмөнх нарын өмч болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Ү-2101019883 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогддог.

            Иргэний хуулийн 318.3-т түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, мөн хуулийн 318.4-т энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэжээ.

            Зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байх бөгөөд түрээсийн гэрээ байгуулах эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан нь уг гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэх үндэслэл болно. Өөрөөр хэлбэл Д.Маас Ц.Бт түрээсийн гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэлийг хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй бөгөөд хожим байгуулсан итгэмжлэлээр өмнөх гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч нь алдангийн төлбөрийг дээрхи хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн  шаардах эрхгүй ба түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т алданги бус торгууль хүлээлгэнэ гэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 232.6-д заасныг зөрчсөн гэж үзнэ. Тодруулбал: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ, мөн хуулийн 232.6Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж хуульчилсан байна. Талуудын байгуулсан түрээсийн гэрээнд алданги тооцох нөхцлийг тодорхойлж, торгууль төлөхөөр тохиролцсон байгаа нь алдангийн төлбөр нэхэмжлэх нэхэмжлэлийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгох нэг үндэслэл болж байна.

            Коронавируст халдвар /ковед-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4-д цар тахлын халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлан эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх гэж заасны дагуу хариуцагч О.Үнь тусгаарлалтанд 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл байсан талаархи эмнэлгийн магадлагааг шүүхэд ирүүлсэн боловч уг магадлагаа нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А / 243 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журмын дагуу бичигдээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

Өөрөөр хэлбэл журмын 4.5-д Эмнэлгийн магадлагаа нь засваргүй, ойлгомжтой тодорхой дугаар, огноотой бичигдсэн байх ба түүн дээр магадлагаа гаргагч эмч, эмнэлгийн байгууллагын эрх баригч /амбулаторийн эрхлэгч, ерөнхий эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч/ нар албан тушаал, овог нэрээ бичиж, гарын үсгээ зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна., 4.7.-д Эмнэлгийн магадлагаа олгосон тухай тусгайлан бүртгэлийг дүн бүртгэгч эмч бүртгэх ба магадлагааны дугаар бүртгэлийн дугаартай тохирч байна гэж заасан. Хариуцагч О.Үгийн ирүүлсэн Мэндцэцэн өрхийн эрүүл мэндийн төвийн эмнэлэгийн магадлагаанд дугаар бичигдээгүй, овог нэр бичигдээгүй, магадлагаа гаргагч эмч, эмнэлгийн байгууллагын эрх баригч нь нэг байгаа зэрэг нь уг эмнэлгийн магадлагаа үнэн зөв олгогдсон эсэхэд эргэлзээтэй байдал бий болсон гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн төлөөлөгч түрээсийн гэрээний хугацааг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс ажил эхэлсэн гэж маргаж байгаа боловч ажлын байрны түлхүүрийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өгсөн, авсан  гэдэгтэй санал нэг байдаг. Ажил эхэлсэн хугацааны талаар хариуцагч тал маргаж байгаа боловч өөрийн тайлбарыг нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримт болох түрээсийн гэрээ, эмнэлгийн магадлагаа, Эрдэнэт-Ус ДТСОНӨХК-ний нэхэмжлэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтыг үндэслэн ажлын байр ашигласны зардлыг  нэхэмжлэлийн шаардлагын тал хувиар хариуцагч О.Үд хариуцуулах нь зүйтэй байна.

Төрөөс үзүүлэх хөнгөлөлт, чөлөөлөлтийг хариуцагчид эдлүүлэхгүй нийт төлбөрийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагчийн төлөөлөгч Д.О тайлбарлаж байгаа боловч Монгол улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр тогтоолоор айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын эрчим хүч, усны хэрэглээг төрөөс хөнгөлөхдөө тухайн хэрэглээг өмнөх оны мөн үетэй нь харьцуулан тооцохоор шийдвэрлэсэн ба 2021 оны 05 дугаар сард үйл ажиллагаагаа шинээр явуулж байгаа хариуцагч О.Үгийн хэрэглээ уг хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамааралгүй юм. Харин өмнөх онд тухайн обьектод үйл ажиллагаа явуулдаг байсан гэрэл зургийн газрын хэрэглээнд тохирсон 30 232.14 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй бөгөөд 2021 оны 06 дугаар сарын хэрэглээний төлбөр 222 946.36 төгрөг, 7 дугаар сарын хэрэглээний төлбөр 170 930.46 төгрөг нийт 393 876.82 төгрөгөөс хөнгөлөлт эдлэх 30 232.14 төгрөгийг хасч нийт 363 644.68 төгрөгийг хариуцагч О.Үгаас гаргуулах үндэслэлтэй. Уг төлбөрийг нэхэмжлэгчээс хангагч байгууллагад төлсөн байх бөгөөд төлбөрийн баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн болохыг шийдвэрт дурдав.  

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан тул ажлын байранд 11 хоног үйл ажиллагаа явуулсны төлбөр 440 000 төгрөгийн тал хувь 220 000 төгрөг болон хэрэглээний зардлын төлбөр 363 644.68 төгрөг, нийт 583 644.68 төгрөгийг хариуцагч О.Үгаас гаргуулан нэхэмжлэгч Д.Мад олгохоор шийдвэрлэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 24 662 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Үгаас 18 159.34 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  Д.Мад олгохоор заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан  хариуцагч О.Үгаас 583 644.68 /таван зуун наян гурван мянга зургаан зуун дөчин дөрвөн төгрөг жаран найман мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Мад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 254 355.32 / хоёр зуун тавин дөрвөн мянга гурван зуун тавин таван төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 24 662 /хорин дөрвөн мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Үгаас 18 159.34 /арван найман мянга нэг зуун тавин есөн төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Мад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.АРИУНЦЭЦЭГ