Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 94

 

........................, итгэмжлэгдсэн төлөөлөгч

Ц......................... нарын нэхэмжлэлтэй, хариуцагч

О.........................д холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2021/00817 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ........................, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц......................... нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.........................д холбогдох,

 

 “Ажлын байрны түрээс болон хэрэглээний зардал 838.000 төгрөг гаргуулах”  тухай нэхэмжлэлтэй хэргийг,

Хариуцагч О.........................гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц........................., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д........................., нарийн бичгийн дарга Ц.Чагнаадорж нар оролцов.

Нэхэмжлэгч ........................ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц......................... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Миний бие иргэн О.........................тай харилцан тохиролцсоны үндсэн дээр түрээсийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-17 дугаар байрны дэргэд байрлах үйлчилгээний 150 м.кв ажлын байрыг пиццаны үйлдвэрлэлийн зориулалтаар 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгч түлхүүр гардуулсан. О......................... нь тоног төхөөрөмжөө тус давхрын ерөнхий шитнээс тусдаа 380В-ын утас татаж, 380-ын тоолуур суурилуулж заалтыг нь заалны 220В тоолуур халуун хүйтэн усны заалтуудын хамт гэрээн дээр харилцан бичиж авч сар бүр хэрэглээний зардлаа төлөхөөр болсон. 06 дугаар 20-ны өдрийн хэрэглээгээ төлнө үү гэж ороход би өөр жижиг байр олсон, 07 дугаар сарын 01-ний өдөр гарна, түрээсийн үлдэгдэл мөнгө тог усны мөнгөнд таарах байх гээд өгөөгүй. 07 дугаар сарын 01-ний өдөр ...би 07 дугаар сарын 20-ны өдөр гарахаар боллоо, тэр газар 380-ын шугамгүй тул орж болохгүй байна, мөн гэрээний хугацаа 10-ны өдөр дуусна шүү дээ түрээсийн мөнгөө авъя гэтэл би гарахдаа нэг мөсөн тооцоо дуусгана гэж аймар муухай үг хэлж, уурлаж доромжилсон. 07 дугаар сарын 19-ний өдөр орж 380 В, 220 В тоолуурын мөн халуун хүйтэн усны заалтуудыг утсан дээрээ дарж аваад 07 дугаар сарын 20-ны өдөр байраа авъя гэж очихдоо хэрэглээг нь бодсон. Нэхэмжлэлээ өгч тушаана уу гэтэл би энэ бодсоныг чинь итгэхгүй өөрөө бодуулж тушаана гэсэн. Цар тахлын үед тог, ус тэглэсэн тул манай бусад түрээслэгч хамрагдсан. 12 дугаар сараас хойш нэг ч төгрөгийн төлбөр гараагүй шинээр өндөр хэрэглээтэй 380 В-ын үйлдвэр орсон тул 05 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл өр үүсэж Эрдэнэт Ус-аас нэхэмжлэл ирсэн нь иргэн О......................... үүргээ мэдсээр байж биелүүлэхээс зугтаж худлаа ярьж, байцаагч дуудахаар очно гээд очихгүй мөнгөө төлөхгүй байгууллагыг өрөнд орууллаа. Манай байр хэвийн үйл ажиллагаа явуулах байр тул нэмэлт засвар хийсэн зүйлгүй. Тэрээр урт хугацаанд түрээслэн ажиллах тул төлбөрөө бууруулаач гэхэд эхний 2 сарын төлбөрөөс 200.000 төгрөг чөлөөлж нэг сарын 1.000.000 төгрөгөөр бодож эхний 2 сарын төлбөрт 2.000.000 төгрөг авсан ба төрөөс үзүүлэх хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдах үндэслэлгүй. Иймд тоолуурт гарсан заалтын дагуу нэхэмжилсэн 365.000 төгрөг, илүү ажилласан 11 хоногийн түрээсийн төлбөрт 440.000 төгрөг, хоногийн алданги 33.000 төгрөг, нийт 838.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

Хариуцагч О......................... шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д......................... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О......................... би иргэн Ц.........................аас анхнаасаа тог усны мөнгө төлөхгүйгээр гарах зорилго байгаагүй. 2021 оны 05 дугаар сарын 10-нд уулзаж байрыг нь түрээслэхээр болж тэр өдрөө сарын сая төгрөгөөр тооцож 2 сарын төлбөр Ц.........................ын нөхрийн данс руу хийсэн байдаг. Үйл ажиллагаа 05 дугаар сарын 20-ны өдөр эхэлсэн. Учир нь түрээсийн байранд засвар хийх шаардлагатай байсан тул бид хоёр хоорондоо тохирч О......................... би үйл ажиллагаагаа эхлүүлж юмаа бэлдэж 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр эхэлсэн. Иргэн Ц......................... нь өнөөдөр ба 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хоёулаа гэрээгээ хийе чи мөнгө шилжүүлчих гэснээр 10-нд шилжүүлж гэрээ хийгээд 2021 оны 05 дугаар сарын 20-ноос үйл ажиллагаа эхэлж байгаа юм чинь сар болгон 20-ндоо төлбөрөө авч байхаар тохирсон. Иймд Ц......................... болон нөхөрт нь өр төлбөр байхгүй. 2021 оны 05 дугаар сарын 10-наас гэрээ хийж 10 хоногийн өмнө мөнгө шилжүүлсэн. Тог усны мөнгө төлнө гэтэл Эрдэнэт ус ХХК-ийн төлсөн төлбөрийг надаас тэр чигээр нь нэхэж байгаа. Учир нь энэ хоёр хүний ажиллуулж байгаа объектын төлбөр нэг толгой хэлбэрээр гарч түрээслэгчид хуваан төлдөг. Жишээ нь дэлгүүр ажиллуулдаг эгч гэхэд улсаас тог усны мөнгө хямдраагүй байхад 250-300 мянган төгрөг төлдөг байсан. Одоогоор сард 40.000-50.000 төгрөг төлдөг. Гэтэл намайг юм мэдэхгүйг далимдуулж улсаас өгч байгаа мөнгийг хасахгүйгээр 350.000 төгрөг нэхэж байгаад би гомдолтой байна. Ц.........................ыг сонсох нь түрээслэгчээр орсон хүн болгоныг дарамталж урьдчилж олон сараар мөнгө авч сурсан. Урьд нь хүмүүсийн мөнгийг болон эд зүйлийг барьцаалдаг гэж түрээсэлж байсан хүмүүс эгчийн дүү болгоомжтой байгаарай, яаж сайн байгаад нэг төлбөр гаргаж ирээд наад хүн чинь хүмүүсийг шүүхэд өгч мөнгө авдаг гэж ярьж байсан. Гэлээ гээд энэ хүнд би өгөх түрээсийн төлбөр байхгүй. Харин тог усны мөнгийг зохих гарсан төлбөрийн дагуу улсаас өгч байгаа хямдралыг хасуулж өгөх хүсэлтэй байна гэдгээ энэ хүнд олон удаа хэлсэн. Ажлын байранд удаа дараа байхгүй байхад орж ирээд сууж байдаг. Сүүлд маргалдахад би хүүтэйгээ орж ирэхэд ажлын байранд нөхөртэйгөө орж ирээд сууж байсан. Эрдэнэт ус ОНӨХК-ийн байцаагчтай 1 удаа очиж уулзсан боловч яаралтай ажилтай байна гээд дараа ир гэж явуулсан. Дараа нь манай эгч очиж уулзсан. Би ерөөсөө тэр байцаагчтай очиж хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Харин худал ярьж цагдаад байцаагчийн өмнөөс мэдүүлэг өгсөн байсан. Эрдэнэт ус ОНӨХК-ны байцаагч руу цагдаа утасдаж асуусан. Тэр үед надад наад хүнтэй чинь асуудал байхгүй гэж хэлсэн. Ц......................... нь албан ёсны гарсан төлбөрөө нэхэж авахгүй, мөнгө нэмж нэхэж байгаад гомдолтой байна. Иймд хэрэглээний гарсан төлбөрийг бусад түрээслэгч нарт тэнцүү хариуцуулж оногдох хэсгийг төлөхөд татгалзах зүйлгүй, харин түрээсийн гэрээний хугацаандаа гарсан тул илүү ажилласан хоногийн мөнгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2021/00817 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч О.........................гаас 583.644.68 /таван зуун наян гурван мянга зургаан зуун дөчин дөрвөн төгрөг жаран найман мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ........................ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 254.355.32 / хоёр зуун тавин дөрвөн мянга гурван зуун тавин таван төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 24.662 /хорин дөрвөн мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.........................гаас 18.159.34 /арван найман мянга нэг зуун тавин есөн төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ........................ад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч О......................... шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

О......................... би ........................ын нэхэмжилсэн 838.000 төгрөгөөс хасагдсаар 583.644.68 төгрөгийг төлөх шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна. Учир нь ........................ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхнаасаа хүнээс хоногоор тооцож түрээсийн мөнгө нэхэх байсан бол би энэ хүнтэй засварын ажил хийж дуусаад дараа нь мөнгө төгрөгөө өгөлцөж гэрээ хийж болох байсан. Гэвч энэ Ц......................... гэдэг хүн эгч нь өнөөдрөөр гэрээ хийе мөнгө хэрэгтэй байна чи 2021 оны 5 сарын 20-оос орж болно сар болгоны 20-нд мөнгөө солилцоод явж байя. 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ямар ч байсан гэрээ хийе мөнгөө шилжүүлчих гэсний үндсэн дээр гэрээ хийсэн. Анх гэрээ хийсэн өдөр Ц.........................ын нөхөр болох ........................ын данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Гэрээ хийсэн өдрөөс түрээсний байранд 380 киловатт тог татах шаардлага байсан тул зохих юмнуудыг хийж 5 дугаар сарын 20-нд үйл ажиллагаагаа нээсэн. 2021 оны 07 дугаар сарын 20-ны шөнийн 12 цагт ажлын байрыг чөлөөлж өгсөн. Гэтэл хугацаа хэтэрсэн гэж 11 хоногийн мөнгө нэхэж байгаа нь энэ хүний хувьд шударга бус байна. Анхнаасаа нь эгч нь 5 дугаар сарын 10-нд гэрээ хийсэн, сар болгоны 10-нд тооцоо мөнгөө авч байна. Чи сарын 10-нд гараарай гэсэн бол би энэ хүнд 2.000.000 төлсөн гэрээний дагуу гарах байсан. О......................... би 05 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 20-н хүртэлх хугацаанд ажиллахдаа 14 хоног ковид тусаж тусгаарлалтанд байж, өвчтэй байх хугацаандаа 4 хоног ажиллаж чадаагүй. Пиццаны газрыг шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж ажилласан болохоор тодорхой хугацаанд хүмүүс мэдэхгүй ямар ч ашиг орлого олж чадаагүй, түрээсийн байраа хүлээлгэж өгсөн. Тиймээс түрээсийн мөнгө гэх нэхэж байгаа 440.000 төгрөг, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин тог усны заалтаар гарсан зөрүү мөнгийг төлж болно гэдгээ би энэ хүнд уулзах болгондоо хэлж байсан. Зугтааж янз бүр болоогүй. Цахилгаан тог усны заалт нь өмнөх оныхтой харьцуулж ирж байгаа, О......................... орж ажилласнаар их гарсан гэдэг үг хэлж байна. Учир нь Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-аас ирсэн заалтыг үндэслэн харахад 2021 оны 1 дүгээр сард 849.187.32 төгрөг, 2 дугаар сард 952.187.98 төгрөг, 3 дугаар сард 961.339.01 төгрөг, 4 дүгээр сард 464.371.24 төгрөг, 5 дугаар сард 565.466.92 төгрөг, 6 дугаар сард 636.787.64 төгрөг, 7 дугаар сард 829.398.02 төгрөг гарсан. Гэтэл О......................... би 5 сарын 20-оос үйл ажиллагаагаа эхлэхэд төлбөр нэхэмжлэх 2021 оны 06 дугаар сарын 20-оор тасалбар болж тухайн байгууллагад ирдэг. 5, 6 дугаар сарыг харьцуулахад зөрүү нь 71.321 төгрөг, 7 дугаар сард гарсан нэхэмжлэлийн дүнг харахад 5 сарын нэхэмжлэл бага гарсан байна. Түрээслэгч Ц.Болбаатар нь дэлгүүр түрээслэгчээс сард 40.000 төгрөг авдаг бусад хүнээс авдаггүй гэж байгаа. Миний бодлоор 5 сарын төлбөр 565.466 төгрөг гарсан байдаг. Үүнээс улсын төлсөн хөнгөлөлт нь 5 сард 439.537.43 төгрөг төлөгдсөн. Энэ түрээслэгчид 565.466-439.537.43= 125.928 төлөлтийг Эрдэнэт ус компанид төлөхөөр байна. Дэлгүүр нь 40.000 төгрөг өгдөг байлаа гэж бодоход энэ хүнээс 125.928-40.000=85.928.57 төгрөгийг өөрөө төлдөг болж харагдаж байна. Гэтэл өмнөх оныхтой харьцуулдаг гэхэд 636.787 төгрөгийн 413.941.28 төгрөгийг улс төлсөн илүү гарсан мөнгөө 5 сарынхтай харьцуулахад 71.321 төгрөг. 636.787-413.941=222.846 төгрөг. 5 сарынхаас 125.928 төгрөг үлдсэн. Энэ компанид 222.546-125.928=96.918 хөнгөлөлтгүй төлөх төлбөр нь миний төлөх төлбөр юм. Улс төлсөн дүн орохгүйгээр ийм болж байгаа юм. 5,6 сарын гарсан нэхэмжлэлийн дүнг харахад 529.398 төгрөг нь 7 сарын үнийн дүнг 2 өөр хоорондоо харьцангуй юм. 7 сарын 529.398.2 төгрөгийн 358.567 төгрөгийг улс төлсөн. Зөрүү нь 170.831 төгрөг, дэлгүүрээс 40.000 төгрөг авахаар 130.831 үлдэнэ. Энэ компаниас өөрсдийн илүү гардаг мөнгөө харьцуулаад үзэхэд О......................... би 71.321 төгрөг гарч байгааг үзэхэд 2 сар ажилласны 142.642 төгрөг хямдарсан үнээр гарах бололцоотой харагдаж байна. Иймээс энэ гарсан 583.644.61 төгрөгийг эсэргүүцэж нийт заалтын дагуу гарсан мөнгөн дүн 365.000 төгрөгөөс бодож үзэхэд улсын хөнгөлөлтийг тооцон үүнээс 142.642 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Иймд үнэн шударга шүүж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц......................... шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн ........................ын эхнэр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц......................... миний бие нь иргэн О.........................тай харилцан тохиролцож, өөрийн “Эрдэнэт булаг” ХХК-ийн газар дээр барьсан үйлчилгээний барилгыг нөхөр болох ........................ын өмчлөлийн 150м2 сантехник цахилгааны шит нь дотроо тусад нь шийдсэн өмчлөлийн дангаараа үйлчилгээ явуулах В1 давхрыг бүтнээр нь 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс түрээслүүлж, түлхүүр гардуулж өгч гэрээ байгуулсан. Манайх 380 вольтын тоолуурын заалт, заалны гэрэл разеткууд холбосон 220 вольтын тоолуурын заалт, мөн тус давхрын халуун хүйтэн усны тоолууруудын заалтуудыг гэрээн дээр бичиж өгч утсан дээрээ дарж авсан. 6 сарын 20-нд заалтуудаа бичиж авахаар очиход О......................... 7 дугаар сарын 01-нд гарахаар боллоо. Түрээсийн үлдэгдэл мөнгө, тог усны төлбөрт таарах байх гэж хэлээд 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилласан. 7 дугаар сарын 10-нд гэрээний дагуу 21-н хүртэлх түрээсийн төлбөр хэрэглээний төлбөр төлнө гэж ажиллачхаад түлхүүрийг минь өөр албан газарт орхиод байр хүлээлгэж өгөөгүй явсан. 7 дугаар сарын 19-нд ороход над руу маш муухай орилж хашхирч доромжилсон. Заалтаа авахын тулд нөхрийгөө дуудаж байж заалтуудын зургийг утсан дэрээ авсан. Тус давхарт өмнө нь байгаагүй өндөр хэрэглээтэй 380 вольтын үйлдвэр орсон нь хэрэглээний зардал хэт өндөр гарсны улмаас Эрдэнэт- Ус компанид төлөлт өр үүссэн. Түрээслэгч бусад байгууллага болон дэлгүүр сүмийн газрууд нь тус тус 1, 2 дугаар давхруудыг түрээсэлдэг бөгөөд давхартаа тус тусдаа тоолууртай, ноднин жилийн мөн үед байсан байгууллагууд тул хөнгөлөлтөд хамрагдсан байгаа юм. Дэлгүүр 2 ширхэг хөргөгч энэ жил нэмж авсан тоолуурт гарсан заалтаараа  сар бүр илүү 30.000-40.000 төгрөгөө Эрдэнэт-Ус компанид төлөөд ажиллаж байгаа. Байранд ямар ч засвар хийгээгүй. Мөн өөрийн хүсэлтээр гэрээг дуусгавар болгож, орсон өдрөөсөө дур мэдэн хэтрүүлэн 11 хоног ажиллаж, байгууллага дээр тог цахилгаан усны өр төлбөр гаргуулж тус төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагын дагуу Эрдэнэт-Ус ОНӨХК-нд төлсөн болно. Миний бие анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2021/00817 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа ба иргэн О.........................гаас 11 хоногийн 220.000 төгрөг, хэрэглээний зардлын төлбөр 363.644.68 төгрөг нийт 583.644.68 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ........................ нь хариуцагч О.........................гаас ажлын байрны түрээсийн төлбөр 440.000 төгрөг, алданги 33.000 төгрөг хэрэглээний зардал нийт 838.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч О......................... нь зөвшөөрөхгүй маргажээ.

........................, О......................... нар нь 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-17 дугаар байрны дэргэд байрлах үйлчилгээний зориулалттай 150 м2 талбай бүхий ажлын байрыг пицца үйлдвэрлэлийн зориулалтаар 1 жилийн хугацаатай түрээслэхээр сарын 1.200.000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөхөөр тохиролцож, мөн өдрөө байраа хүлээлгэн өгсөн ба эхний 2 сарын түрээсийн төлбөрт 2.000.000 төгрөг төлөхөөр тохирч нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн зэрэг үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Зохигчид түрээсийн гэрээ байгуулсан боловч энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3.-т заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4.-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ байна. Шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

            Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх учраас Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1.-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч ........................ /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц........................./ нь ажлын байраа О.........................д 1 жилийн хугацаанд ашиглуулахаар түүний эзэмшилд өгсөн, хариуцагч О......................... нь тодорхой хугацаанд үйл ажиллагаа явуулсан тул тухайн хугацааны ашиглалтын зардлыг хариуцах үүрэгтэй ба шүүх “Эрдэнэт Ус” дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн ирүүлсэн 2021 оны төлбөрийн дэлгэрэнгүй тооцоог үндэслэн хариуцагч О.........................гийн 2021 оны 6, 7 дугаар сард хэрэглэсэн зардлаас өмнөх сарын үлдэгдлийг хасч тооцон зөрүүг төлүүлэхээр, зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь  хуулийн шаардлагыг хангаагүй учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзыг төлүүлэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зэрэг нь Иргэний хуульд нийцсэн байна.

Нөгөөтэйгүүр зохигчид ажил эхэлсэн хугацааны болон хэрэглээний зардлын талаар маргаантай байгаа боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар татгалзаж буй татгалзал тайлбараа нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д......................... нь бусад түрээслэгчдийн хэрэглэсэн зардлыг хасч тооцоогүй гэсэн тайлбар татгалзлалаа нотлоогүй байх тул хариуцагчийн ажлын байр ашигласны зардлыг шүүх нэхэмжилсэн хэмжээний тал хувиар бууруулан хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О.........................гийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2021/00817 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О.........................гийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч О......................... давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 18.130 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР

                                                ШҮҮГЧ                                               С.УРАНЧИМЭГ