Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2021/00906

 

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: СК ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.М холбогдох,

334 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, хариуцагч Э.М, гэрч Т.Эшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чагнаадорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “С К” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эовогтой М нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 103676 тоот Скаймедиа үйлчилгээний гэрээг С К ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээг Скаймедиа гурвалсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцлөөр авч, үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан. Гэтэл Э.М нь гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул үйлчилгээг гэрээний 4 дугаар зүйлийн 4.1.8, 4.1.8.1, 5 дугаар зүйлийн 5.5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.7 д заасны дагуу 2020 оны 08 сарын 22-ны өдөр тасалбар болгон С К ХХК-аас зогсоосон. Гэсэн хэдий ч 2020 оны 07 сар болон 08 сарын үйлчилгээний төлбөр болох 79 000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Мөн төхөөрөмжийн төлбөрийн үлдэгдэл болох 250 000 төгрөг нийт 329 000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Иймд Э.Мгаас үйлчилгээний төлбөр болон төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт нийт 329 000 төгрөг, нотариатын зардалд 5 000 төгрөг, нийт 334 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Скаймедиагаас гаргасан нэхэмжлэлийг эрс эсэргүүцэж байна. Манай Аранжин европ жимсний дэлгүүрт кассын программ суурьлуулсан. Үүнтэй холбоотойгоор WiFi хэрэгтэй болсон ба тавьсан цагаасаа хойш ажиллахгүй засварчин дуудаад өөрийн төхөөрөмжөө танихгүй байсан болно. Би өөрийн 4G асааж интернэтийн үйлчилгээгээ авч байсан тул хэрэглээгүй сарын төлбөрийг төлөх үндэслэлгүй. Төхөөрөмжөө буцааж авна уу. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, засварчин дахиж ирээгүйд гомдолтой байна гэв.

 Шүүх зохигчдын тайлбар болон гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “С К” ХХК нь хариуцагч Э.Мд холбогдуулан үйлчилгээний гэрээний дагуу төхөөрөмжийн төлбөрийн үлдэгдэл төлбөр 250 000 төгрөг, 2020 оны 7, 8 дугаар сарын үйлчилгээний төлбөр 79 000 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 5 000 төгрөг, нийт 334 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Э.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Талууд 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Скаймедиа үйлчилгээний гэрээ байгуулж, Э.М нь Скаймедиа үйлчилгээний хэрэглэгч болсон ба гэрээнд зурсан гарын үсгийн талаар хариуцагч маргаагүй хүлээн зөвшөөрч байна.

“С К” ХХК-ний 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний өргөдлийн маягтийн хэрэглэгчийн мэдээлэл хэсэгт Э.М нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг Өнөр 102-62 тоотод оршин суудаг бөгөөд 39 500 төгрөгийн багцын үйлчилгээг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2-24-82 тоот хаягаар авахаар захиалга өгсөн болох нь хэрэгт ирүүлсэн өргөдлийн маягтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дээрхи захиалгын хуудсаар буюу 2-24-82 тоотод суурилуулсан төхөөрөмж, үйлчилгээний төлбөрийн дүнгээр тодорхойлсон бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Аранжин жимсний дэлгүүрт үйлчилгээ огт аваагүй, засварчин ирээд төхөөрөмжөө таниагүй тул хэрэглээгүй үйлчилгээний төлбөрийг төлөхгүй гэж талууд мэтгэлцдэг.

Аранжин жимсний дэлгүүр 2-24-82 тоотод үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд хариуцагчийн захиалгийн зөрүүтэй мэдээллээс болж үйлчилгээний төлбөрийг төлөхгүй гэсэн Э.Мгийн тайлбар үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн мэдээлэл хэсэгт бөглөсөн үйлчилгээ авах хаягийг хариуцагч өөрөө бичсэн болохоо шүүх хуралдаанд мэдүүлдэг бөгөөд гэрч Т.Энх-Учралтын ...Буухиа пос компаниас төхөөрөмжийг 300 000 төгрөгөөр худалдаж авсан, нэхэмжлэгч байгууллагынх биш, Аранжин жимсний дэлгүүрт үйлчилгээ авах шаардлагатай байсан болохоос 2-24-82 тоот гээд байгааг ойлгохгүй байна гэсэн мэдүүлгээс хариуцагч Э.Мгийн татгалзал үндэслэлгүй байна. 

Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2.-т хэрэглэгч нь харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч С К ХХК нь Э.Мгаас үйлчилгээнийхээ төлбөр болон төхөөрөмжийн төлбөрийг шаардах эрхтэй байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нотариатын зардал нэхэмжилсэн талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй тул 5 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд хариуцагч Э.Мгаас үйлчилгээний төлбөрт 79 000 төгрөг, төхөөрөмжийн төлбөрт 250 000 төгрөг, нийт 329 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С К” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын үйлчилгээний зардал 5 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 10 670 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Мгаас 10 520 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С К” ХХК-д олгохоор заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2.-т заасныг баримтлан хариуцагч Э.Мгаас 329 000 /гурван зуун хорин есөн мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С К” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 /таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 10 670 /арван мянга зургаан зуун дал/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.Мгаас 10 520 /арван мянга таван зуун хорь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С К” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг  хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Л.АРИУНЦЭЦЭГ