Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 97

 

“........... корпораци” ХХК-ийн

нэхэмжлэлтэй, хариуцагч Э............д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2021/00906 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “........... корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э............д холбогдох,

 

 “Төхөөрөмжийн үнэ болон үйлчилгээний төлбөр 334.000 төгрөг гаргуулах”  тухай нэхэмжлэлтэй хэргийг,

Хариуцагч Э............гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэнгэлмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т............, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч “........... корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэнгэлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

........... овогтой ........... нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 103676 тоот “...........” үйлчилгээний гэрээг “........... Корпораци” ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээг ........... гурвалсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцөлөөр авч, үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан. Гэтэл Э............ нь гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул үйлчилгээг гэрээний 4 дугаар зүйлийн 4.1.8, 4.1.8.1, 5 дугаар зүйлийн 5.5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.7 д заасны дагуу 2020 оны 08 сарын 22-ны өдөр тасалбар болгон “........... Корпораци” ХХК-аас зогсоосон. Гэсэн хэдий ч 2020 оны 07 сар болон 08 сарын үйлчилгээний төлбөр болох 79.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Мөн төхөөрөмжийн төлбөрийн үлдэгдэл болох 250.000 төгрөг нийт 329.000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Иймд Э............гаас үйлчилгээний төлбөр болон төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт нийт 329.000 төгрөг, нотариатын зардалд 5.000 төгрөг, нийт 334.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э............ шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Миний бие ........... ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг эрс эсэргүүцэж байна. Манай Аранжин европ жимсний дэлгүүрт кассын программ суурилуулсан. Үүнтэй холбоотойгоор WiFi хэрэгтэй болсон ба тавьсан цагаасаа хойш ажиллахгүй засварчин дуудаад өөрийн төхөөрөмжөө танихгүй байсан болно. Би өөрийн 4G асааж интернэтийн үйлчилгээгээ авч байсан тул хэрэглээгүй сарын төлбөрийг төлөх үндэслэлгүй. Төхөөрөмжөө буцааж авна уу. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, засварчин дахиж ирээгүйд гомдолтой байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2021/00906 дугаар шийдвэрээр:

Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2.-т заасныг баримтлан хариуцагч Э............гаас 329.000 /гурван зуун хорин есөн мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “........... корпораци” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.000 /таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 10.670 /арван мянга зургаан зуун дал/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э............гаас 10.520 /арван мянга таван зуун хорь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “........... корпораци” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Э............ шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Иргэн Э............ надад Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2021/00906 дугаар шийдвэрээр ........... ХХК-ийн үйлчилгээний төлбөр болох 79.000 төгрөг, төхөөрөмжийн үнэ болох 250.000 төгрөг, нотариатын зардал 5.000 төгрөг нийт 334.000 төгрөгийг гаргуулах шийдвэр гарсан байна. Иймд шийдвэрийг аваад давж заалдах гомдол гаргаж байна. Уг төхөөрөмжийг дэлгүүрт ашиглах зорилготой байсан боловч ........... ХХК-ын гурвалсан үйлчилгээ гэх үйлчилгээг авсан ч огт ажиллаагүй тул төлөх үндэслэлгүй. Иймд гэрээ гэх зүйлээр шахалт үзүүлж иргэн намайг хохироож байна. Төхөөрөмжийг суурилуулах үед миний аав ........... нь /дэлгүүрийн эзэн/ төхөөрөмжийн үнэ 300.000 төгрөгийг төлсөн. Тэр төхөөрөмж нь мөн ажиллаагүй. Хэрэв үйлчилгээ нь чанартай гэрээний дагуу байсан бол үйлчилгээний төлбөрийг төлөх бүрэн боломжтой байсан. Гэвч ........... ХХК нь хэрэглэгчдэдээ чанарын шаардлага хангахгүй үйлчилгээ үзүүлж, түүнийхээ төлбөрийг нэхэж байгаа нь хэрэглэгчээ хохироосон, залилсан шинжтэй тул давж заалдах шатны шүүхэд хандаж байна гэжээ. 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч “........... корпораци” ХХК нь хариуцагч Э............гаас төхөөрөмжийн үнэ 250.000 төгрөг, 2020 оны 7, 8 дугаар сарын төлбөр 79.000 төгрөг, нотариатын зардал 5.000 төгрөг нийт 334.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Э............ зөвшөөрөхгүй маргажээ.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд зохигчид ........... үйлчилгээний 103676 дугаар гэрээг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулж, хариуцагч Э............ нь “гэрээний өргөдлийн маягт” гэх баримтыг бөглөж Баян-Өндөр сум 2-24-82 тоотод 39.500 төгрөгийн үнэлгээтэй багцыг сонгон ........... үйлчилгээг авахаар тохиролцсон болох нь тогтоогджээ.

            Тухайн гэрээнд хариуцагч талын маргаж буй Аранжингийн европ жимсний дэлгүүрт интернэт ашиглахаар ........... үйлчилгээг тавиулсан гэсэн талаар тусгагдаагүй байх ба хариуцагч Э............ нэхэмжлэлийн шаардлагын талаар өөрийн татгалзал тайлбараа нотлоогүй, үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Нэхэмжлэгч тал хариуцагч Э............тай ........... үйлчилгээг 2-24-82 тоотод тавиулахаар гаргасан хүсэлтийг үндэслэн гэрээ байгуулж үйлчилгээгээ хийж өгсөн учраас гэрээний дагуу үйлчилгээний төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Шүүх Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2.-т зааснаар хариуцагч нь харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй гэсэн үндэслэлээр дүгнэлт хийж, хариуцагчаас 329.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой гарсан нотариатын зардал 5.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2021/00906 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Э............гийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Э............гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 10.600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР

                                                ШҮҮГЧ                                               С.УРАНЧИМЭГ