Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2020/0646

 

2020 оны 10 сарын 06 өдөр Дугаар 128/ШШ2020/0646 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.д

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулж, цагдаагийн ахмад цолыг сэргээж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э, нэхэмжлэгч Б.д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Б.Онар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.д шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ:

Намайг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/******* дүгээр тушаалаар ажлаас халсан болохыг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн тул ийнхүү шүүхэд хандаж байна.

Миний бие Б.д нь 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвд холбооны инженерээр ажиллаж эхэлсэн.

Ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 10-ны хооронд Бүгд найрамдах Өмнөд Судан улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Цэргийн цагдаагийн үүргээр Цагдаагийн байгууллагыг төлөөлж, амжилттайгаар ажил үүргээ гүйцэтгэсэн тул 2018 онд НҮБ-ын 2 медаль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Энхийн төлөө медаль болон Цагдаагийн ерөнхий газрын албаны төлөө 3, 2 медалиудаар тус тус шагнагдсан.

Ажлаас халсан тухай мэдэгдэлд намайг цагдаагийн байгууллага, албан хаагчийн нэр төр, алдар хүндэд харшлах зохисгүй үйлдэл гаргасан буюу Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.2, 2.3.8, 2.4.13 дахь заалтуудыг зөрчсөн гэж цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулжээ.

Дээрх тушаал гаргах үндэслэл болсон албаны шалгалтын материал, зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр зэргийг надад танилцуулаагүй, намайг ямар зөрчил гаргасан гэдэг нь тодорхойгүйгээр хэт нэг талыг барьж миний хөдөлмөрлөх эрхэнд ноцтойгоор халдсан.

Учир нь албаны шалгалтын материал, зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр зэрэгтэй танилцъя гэж бичгээр болон утсаар удаа дараа хандсан боловч шалгалтын материалыг хуулбарлан өгөх боломжгүй гэсэн хариу өгч, татгалзсан. Иймээс би шүүхийн журмаар дээрх нотлох баримтуудыг гаргуулан авах хүсэлтэй байна. Дээрх нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана гээд 54.1.3-т Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой, гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.д нь эрх, хууль ёсны ашиг нь хөндөгдсөн талаарх гомдлоо Төрийн албаны зөвлөлөөр шийдвэрлүүлэлгүй шууд шүүхэд хандаж, уг нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан нь хуулийн дээрх зохицуулалтыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

2.Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Иргэн Д.Н-гээс Д гэх эмэгтэй хаалга нүдээд танхайраад байна 3 удаагийн дуудлага мэдээлэл ирсний дагуу Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн техник ашиглалтын хэлтсийн систем ашиглалтын тасгийн ээлжийн инженер, цагдаагийн ахмад Б.дд Байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах /код 112/ журам-д заасны дагуу албаны шалгалтыг явуулсан.

Үүнд: Нэхэмжлэгч нь 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 13-14 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвгэрт байрлах ******* байрны гаднах зогсоол дээр байсан иргэн Д.Н-гийн эзэмшлийн Тоёота Клугер маркийн суудлын автомашины гаднах будгийг төмөр түлхүүрээр санаатайгаар зурж сэвтүүлэн 1.375.000 төгрөгийн хохирол учруулсан, иргэнтэй зүй бусаар харьцаж хэл амаар доромжилсон, албаны техник хэрэгслийг зориулалтын бусаар ашигласан ба албан үүрэг гүйцэтгэх үедээ албаны хэрэгцээнд тавьж олгосон 70191133 дугаарын утсаар 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд ******* дугаарын эзэмшигч Э.сын гар утас руу 71 удаа, албаны ******* дугаарын утсаар 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ******* дугаарт гар утас руу 17 удаа тус тус холбогдож зориулалтын бусаар удаа дараа ашигласан, зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон.

Нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь заалт, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017А/129 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.3.2 Цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх, 2.3.8-д Байгууллагын өмч хөрөнгө, техник хэрэгслийг албаны бус зориулалтаар ашиглахгүй байх, 2.4.1-д Өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой, хүнлэг, хүлээцтэй харьцах, 2.4.10-д...нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх, 2.4.13-д Иргэдтэй маргалдах, хэл амаар доромжлох, зохисгүй үг хэллэг хэрэглэх зэргээр зан харьцааны дутагдал гаргахыг цээрлэх, хэм хэмжээг тус тус зөрчсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д төрийн алба хаагч нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх нийтлэг үүрэг хүлээхээр, цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т цагдаагийн алба хаагч нь цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөхөөр тус тус заасан.

Албаны шалгалтын хүрээнд нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь холбогдох баримтаар тогтоогдсон тул түүнд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны Б/******* дүгээр тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5-д заасан Цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар Б.дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Б.дгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлээгүй гэх хариуцагчийн тайлбарын тухайд: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно гэж заасан тул нэхэмжлэгч Б.дгийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрлэсэн болно.

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга ******* нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/******* дүгээр тушаалаар Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Техник ашиглалтын хэлтсийн Систем ашиглалтын тасгийн систем хариуцсан ээлжийн инженер, цагдаагийн ахмад Д нь цагдаагийн байгууллага, алба хаагчийн нэр төр, алдар хүндэд харшлах зохисгүй үйлдэл гарган, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.2, 2.3.8, 2.4.13 дахь заалтуудыг тус тус зөрчсөн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5 дахь заалт, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.15 дахь хэсэгт заасныг баримтлан цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Монгол Улсын иргэн цагдаагийн албанд орохдоо: Монгол Улсын иргэн би цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ гэж заажээ,

Нэхэмжлэгч Б.д цагдаагийн сургууль төгсөөгүй ч гэсэн цагдаагийн байгууллагад нийт 10 жил ажилласан, мөн 2014, 2017 онуудад Цагдаагийн албан хаагчийн тангараг өргөсөн байна.

Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 1.3.1-т /Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн зөрчил/ гээд холбогдох хууль тогтоомж болон, энэ дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй/ хэлнэ гэж, мөн ёс зүйн дүрмийн 2.3.2-д Цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх, 2.3.8-д Байгууллагын өмч хөрөнгө, техник хэрэгслийг албаны бус зориулалтаар ашиглахгүй байх, 2.4.1-д Өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой, хүнлэг, хүлээцтэй харьцах, 2.4.10-д ...нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх, 2.4.13-т Иргэдтэй маргалдах, хэл амаар доромжлох, зохисгүй үг хэллэг хэрэглэх зэргээр зан харьцааны дутагдал гаргахыг цээрлэх гэж заасан байна.

Дээрх Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмээс үзвэл цагдаагийн албан хаагчийн ёс зүй нь өргөсөн тангарагтаа үнэнч байх, хууль тогтоомжийг дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн тэгш байдлыг хангах, албан үүргээ амжилттай гүйцэтгэх, үндсэн нөхцөлийн нэг тул цагдаагийн байгууллага нь албан хаагч бүрээс ёс зүйн хэм хэмжээг заавал сахин биелүүлэхийг шаарддаг байна.

Мөн цагдаагийн алба хаагчийн ёс зүйг сахиж сурах нь даргын тушаал шийдвэрээр бус тухайн алба хаагчийн хүлээсэн үүрэгтэй өөрийн санаачилгаар биелүүлж хэвших үүргийн нэг байна.

Гэтэл Б.д нь дээрх төрийн албан хаагчийн өргөсөн тангараг болон цагдаагийн албан хаагчийн үүргээ биелүүлэлгүй энхэр 3 хүүхэдтэй хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэн улмаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж хэл амаар доромжлох, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан болох нь Цагдаагийн ерөнхий газар мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын газар-аас албаны шалгалт хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Б.д нь ...миний бие Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.2-д заасан цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх гэснийг зөрчсөн нь үнэн Э.саас 20 сая төгрөгийн авлагатай байсан Э.с надаас зугтаад байсан учраас гэрт нь очсон үүнээсээ болж эхнэртэй нь муудаж гараад биеэ барих чадваргүй болсон үедээ би суудлын авто машины гаднах будгийг төмөр түлхүүрээр санаатайгаар зурж сэвтүүлэн бусдад 1.375.000 төгрөгийг хохирол учруулж миний бие төлж барагдуулсан.

Мөн ёс зүйн дүрмийн 2.3.8-д заасан байгууллагын өмч хөрөнгө, техник хэрэгслийг албаны бус зориулалтаар ашиглахгүй байх гэдгийг зөрчсөн маань үнэн би Гэр бүлээс гадуурх харьцаа үүсгэн, албаны техник хэрэгслийг зориулалт бусаар ашигласан, албаны үүргээ гүйцэтгэх үедээ албаны утсаар Э.сын гар утас руу ярьж зориулалт бусаар ашигласан маань үнэн... гэж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өөрийн гаргасан ёс зүйн зөрчлөө хүлээн зөвшөөрдөг ч гэсэн надад сануулах цол бууруулах арга хэмжээ авч болохоор байсан би мөнгөө нэхэж Э.сынд очсоноор түүний эхнэрт зодуулсан болохоос бус би хүн зодож гэмтээгээгүй би өнөөдөр өөрөө хохирогч болоод явж байгаа... гэх тайлбараас дүгнэвэл Б.д нь өөрийн гаргасан зөрчилдөө огт дүгнэлт хийхгүй байна гэж үзэхээр байна.

Б.д нь цагдаагийн байгууллагад 10 жил ажилласан, энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан зэргээс үзвэл цагдаагийн албан хаагчийнхаа хувьд эрх зүйн зохих мэдлэгтэй болсон нь харагдаж байна.

Өөрөөр хэлбэл Б.д нь Э.С-аас авах ёстой 20 сая төгрөгөө авахын тулд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах бус иргэний журмаар нэхэмжлэх, өмгөөлөгчид хандаж эрх ашгаа хамгаалуулах, цагдаагийн байгууллагад буюу эрх бүхий албан тушаалтанд Э.сын талаар гомдол гаргах, бусдад зодуулж хохирсон бол цагдаагийн байгууллагад хандаж өөрийн эрх ашгаа хамгаалуулах гэдгээ бүрэн боломжтой байсан, эдгээр боломжуудыг Б.д нь хэрэглэх боломжтой байсаар байхад энэ боломжоо хэрэглээгүй нь түүнийг гаргасан зөрчилдөө ямар нэгэн дүгнэлт хийхгүй байна гэж үзэхээр байна.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.1-т Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэх баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана, 81.4.5-д Цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах, мөн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-т Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна гэж заасны дагуу Б.дг цагдаагийн байгууллагад 1 жил орох эрхгүйгээр халсан хариуцагчийн 2020 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/******* дугаар тушаал нь хуульд нийцсэн байна.

Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 1.3.1-д цагдаагийн алба хаагчийн ёс зүйн зөрчил гэж холбогдох хууль тогтоомж болон энэ дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж, мөн Цагдаагийн албан хаагчийн ёс зүй нь өргөсөн тангарагтаа үнэнч байх, хууль тогтоомжийг дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн тэгш байдлыг хангах, албан үүргээ амжилттай гүйцэтгэх үндсэн нөхцөлийн нэг тул цагдаагийн байгууллага нь алба хаагч бүрээс ёс зүйн хэм хэмжээг заавал сахин биелүүлэхийг шаарддаг байна.

Иймд Б.дгийн гаргасан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулж, цагдаагийн ахмад цолыг сэргээж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5, мөн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 -д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.дгийн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулж, цагдаагийн ахмад цолыг сэргээж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ОЮУНГЭРЭЛ