Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2020/0626

 

                                                                                                                               

Б.Д-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ц.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 646 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу Б.Д-ийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 646 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5, мөн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Д-ийн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/389 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулж, цагдаагийн ахмад цолыг сэргээж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, тэдгээрийн хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заажээ.

Б.Д намайг төрийн албан хаагчийн өргөсөн тангараг болон цагдаагийн албан хаагчийн үүргээ биелүүлэлгүй эхнэр 3 хүүхэдтэй хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэн улмаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж хэл амаар доромжилж, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан болох нь "Цагдаагийн ерөнхий газар мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын газар"-аас албаны шалгалт хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан байна.

Миний шүүх хуралдаанд гаргасан өөрийн гаргасан ёс зүйн зөрчлөө хүлээн зөвшөөрдөг ч гэсэн надад сануулах, цалин, цол бууруулах арга хэмжээ авч болохоор байсан би зээлдүүлсэн мөнгөө авахаар Э.С-д очсоноор түүний эхнэрт зодуулсан болохоос бус хүн зодож гэмтээгээгүй би өөрөө хохирогч болоод явж байгаа гэх тайлбараас дүгнэвэл Б.Д нь өөрийн гаргасан зөрчилдөө огт дүгнэлт хийхгүй байна гэсэн нь хэтэрхий өрөөсгөл дүгнэлт байна. Мөн Э.С-аас авах ёстой 20 сая төгрөгөө авахын тулд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах бус иргэний журмаар нэхэмжлэх, өмгөөлөгчид хандаж эрх ашгаа хамгаалуулах боломжтой байсан, цагдаагийн байгууллагад буюу эрх бүхий албан тушаалтанд Э.С-ын талаар гомдол гаргах бүрэн боломжтой байсан, эдгээр боломжуудыг хэрэглээгүй нь түүнийг гаргасан зөрчилдөө ямар нэгэн дүгнэлт хийхгүй байна гэж үзэхээр байна гэж шүүх дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, хэргийн бодит нөхцөл байдлыг огт үнэлж дүгнэхгүйгээр шийдвэрлэх нь шүүхийн чиг үүрэгт нийцэхгүй гэж үзэж байна.

Тухайлбал Б.Д би Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад Э.Ст 2019 оны 4, 11 саруудад мөнгө зээлүүлж, мөнгөө авахаар удаа дараа гар утас руу нь залгахад Э.С утсаа авахгүй, надаас зугтах болсон аргаа бараад утсаа авахгүй байхаар нь 2020 оны  03 дугаар сарын 15-ны өдрийн 14-15 цагийн үед түүний гэрт очиж хаалгыг нь тогшсон охин хүүхэд хаалга нээсэн “Э.С байна уу? Мөнгөө авах гэсэн юм” гэж хэлэхэд түүний эхнэр болох Д.Намуунцэцэг гарч ирээд хэл амаар доромжлоод үснээс татаж чирэн газар унагааж зодсон талаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж шалгуулсан юм. Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн "Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай" 1591 дугаартай тогтоолд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Х-ийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай дүгнэлтэд Б.Д-ийн биед зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо ... гэмтлийн зэрэгт хамаарахгүй" гэсэн дүгнэлтээр гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн шинжтэй гэсэн дүгнэлтийг хийж, Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасан байдаг. Мөн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 4/629 дугаартай "Гомдлын хариу гэх хариу мэдэгдэх хуудас Э.С нь 5 сая төгрөгөө 2020 оны 04 дүгээр сарын 02-нд өгсөн, үлдсэн мөнгөө ойрын хугацаанд өгч барагдуулах болно гэж тохирсон учраас гомдол санал байхгүй мөнгө зээлсэн асуудал нь залилангийн гэмт хэргийн шинжгүй ... " гэсэн дүгнэлтийг тус дүүргийн Ерөнхий прокуророос дүгнэлтийг хийсэн байгаа.

Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсийн дарга цагдаагийн хурандаа А.Д нь иргэн Б.Д-ийн нэр дээр 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн За/2935 дугаар албан бичгээр хариу мэдэгдэх тухай шалгалтаар цагдаагийн ахмад Э.С цагдаагийн алба хаагчийн ёс зүйг зөрчсөн байдал тогтоогдсон тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн болно.

Шалгалтын явцад Э.С нь бусдаас 19 сая төгрөгийг залилан авсан байж болзошгүй асуудлыг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр За/2709 дугаартай албан бичгээр Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн болохыг хариу мэдэгдэж байна гэжээ. Дээрх хэрэгт байгаа нотлох баримтуудаас үзэхэд Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсээс Э.С цагдаагийн алба хаагчийн ёс зүйг зөрчсөн байдал, бусдаас 19 сая төгрөгийг залилан авсан байж болзошгүй асуудлыг гомдол гаргаж шалгуулсан, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст Э.С-ын эхнэр болох Д.Н-т зодуулсан талаар гомдол гаргаж шалгуулж прокуророос шийдвэрлэсэн байхад эрх ашгаа хамгаалуулах боломжтой байсан, эдгээр боломжуудыг хэрэглээгүй, гаргасан зөрчилдөө ямар нэгэн дүгнэлт хийхгүй байна гэсэн шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, ... захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийн хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана" гэж заасан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.1-д "Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана" , 81.4.5-д “Цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах" Мөн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-т "Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасны дагуу намайг цагдаагийн байгууллагад 1 жил орох эрхгүйгээр халсан хариуцагчийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/389 дүгээр тушаал нь хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэсэн байна.

Цагдаагийн Ерөнхий газрын Б/389 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэл муутай Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, гэснийг үндэслэл болгосон боловч хуулийн 47 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах, 48 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлүүдээс аль тохирох хэсгийг баримтлаагүй байна.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Техник ашиглалтын хэлтсийн Систем ашиглалтын тасгийн ээлжийн инженер, цагдаагийн ахмад Б.Д би эрхэлж байгаа ажил алба, Цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах зохисгүй үйлдэл гаргаагүй байхад ахмад цолыг хурааж, ажлаас халж сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь зөрчлийн шинж байдалд тохироогүй, санамсаргүй үйлдсэн ёс зүйн зөрчилд нь тохирох сахилгын шийтгэл оногдуулж чадаагүй байхад Цагдаагийн Ерөнхий газрын Б/389 дугаар тушаал нь хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д "Тодорхойлох хэсэгт өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана" гэж заасан гэтэл шүүхийн шийдвэрт миний өмгөөлөгчийн ... Б.Д нь эрхэлж байгаа ажил алба, Цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах зохисгүй үйлдэл гаргаагүй байхад ахмад цолыг хурааж, ажлаас халж сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь үндэслэлгүй зөрчлийн шинж байдалд тохироогүй, ёс зүйн зөрчилд нь тохирох сахилгын шийтгэл оногдуулж чадаагүй агуулгатай тайлбарыг тусгаагүй орхигдуулсан байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0646 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхийг хүсье …” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/389 дүгээр тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.6, 97 дугаар зүйлийн 97.1, Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан “Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Дг “цагдаагийн байгууллага, алба хаагчийн нэр төр, алдар хүндэд харшлах зохисгүй үйлдэл гарган, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.2, 2.3.8, 2.4.13 дахь заалтуудыг тус тус зөрчсөн” гэж Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5 дахь заалт, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.15 дахь хэсэгт заасныг баримтлан цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, “цагдаагийн ахмад” цолыг нь хураажээ.

Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “... намайг ямар зөрчил гаргасан гэдэг нь тодорхойгүйгээр хэт нэг талыг барьж миний хөдөлмөрлөх эрхэнд ноцтойгоор халдсан ... “Цагдаагийн газрын даргын зөвлөл ... албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулах санал гаргасан атал уг зөвлөлийн хурлын шийдвэрийг үл харгалзан ... халсанд гомдолтой ... ажлаас халах тухай тушаал нь хүндэдсэн, миний эрх зүйн байдлыг дордуулсан ...” гэсэн үндэслэлээр “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/389 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулж, цагдаагийн ахмад цолыг сэргээж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргасан байна.

Анхан шатны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.7-д “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэх баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана”, 81.4-д “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна”, 81.4.5-д “Цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, мөн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-т “Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна” гэж тус тус хуульчилжээ.

Дээрх хуульд зааснаар цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа хууль болон ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллах үүрэгтэй, хэрэв тухайн албан хаагч Цагдаагийн албаны тухай хууль, болон цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагаанд мөрдөгдөх ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий албан тушаалтан хуульд заасны дагуу шийтгэл хүлээлгэх эрхтэй байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 1.3.1-д “Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн зөрчил” гэж холбогдох хууль тогтоомж болон, энэ дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор зохицуулж, 2.3.2-т “Цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх”, 2.3.8-д “Байгууллагын өмч хөрөнгө, техник хэрэгслийг албаны бус зориулалтаар ашиглахгүй байх”, 2.4.1-д “Өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой, хүнлэг, хүлээцтэй харьцах”, 2.4.10-д “...нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх”, 2.4.13-т “Иргэдтэй маргалдах, хэл амаар доромжлох, зохисгүй үг хэллэг хэрэглэх зэргээр зан харьцааны дутагдал гаргахыг цээрлэх” гэж тус тус заасан байхаас гадна мөн дүрмээр “ёс зүйн зөрчил” болон “ноцтой зөрчил”-д ямар үйлдэл, эс үйлдэхүйг тооцох талаар зааж, ёс зүйн зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-д заасан сахилгын шийтгэлээс зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан дэс дараалан хэрэглэхгүйгээр оногдуулахаар заажээ.

Хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газар мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын газраас хийсэн албаны шалгалтын материал, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзвэл үзэхэд Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас иргэн Д.Н-ийн цагдаагийн байгууллагад гаргасан дуудлага, мэдээллийн дагуу нэхэмжлэгч Б.Д-д холбогдуулан албаны шалгалт явуулсан байх бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Албаны шалгалтын тухай 8/490 дүгээр албан бичгээр шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, холбогдох саналыг Цагдаагийн ерөнхий газрын даргад хүргүүлжээ.

Уг албаны шалгалтын дүгнэлт, саналд “... Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн техник ашиглалтын хэлтсийн систем ашиглалтын ээлжийн инженер, цагдаагийн ахмад Б.Д нь 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 13-14 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 43б байрны гаднах зогсоол дээр байсан иргэн Д.Н-ийн эзэмшлийн Тоёота Клугер маркийн суудлын автомашины гаднах будгийг төмөр түлхүүрээр санаатай зурж сэвтүүлэн 1.375.000 төгрөгийг хохирол учруулсан, иргэнтэй зүй бус харьцаж, хэл амаар доромжилсон, гэр бүлээс гадуурх харьцаа үүсгэсэн, албаны техник хэрэгслийг зориулалтын бусаар ашигласан ба албан үүрэг гүйцэтгэх үедээ албаны хэрэгцээнд тавьж олгосон 7019113* дугаарын утсаар 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд 991091... дугаарын эзэмшигч Э.С-ын гар утас руу 71 удаа албаны 9402610* дугаарын утсаар 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд мөн Э.С-ын 991091.. дугаарын гар утас руу 17 удаа тус тус холбогдож зориулалтын бусаар ашигласан, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст Зөрчлийн ... дугаарын хэрэг  үүсгэгдэн шалгагдаж байгаа нь тогтоогдсон, өөрийн гаргасан буруутай үйлдэлдээ дүгнэлт хийлгүй албан шалгалт хийгдэж байх хугацаанд Э.С-ын гар утас руу удаа дараа залгаж, ёс зүйгүй захидал /мессеж/ бичиж бусдын гэр бүл, цагдаагийн алба хаагчийн ёс зүй, албаны нэр хүндийг үл хүндэтгэж өөрийн гэм буруугаа ухамсарлахгүй, илтэд өргөсөн тангаргаа зөрчсөн тул цаашид цагдаагийн албанд тэнцэхгүй” гэж дүгнэн Б.Д-д “цагдаагийн албанаас халах” сахилгын шийтгэл оногдуулах” санал гаргажээ.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан эдгээр зөрчлүүдийг холбогдох баримтаар тогтоогдсон гэж үзэж, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн маргаан бүхий Б/389 дүгээр тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.2, 2.3.8, 2.4.13, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.15-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Д-д цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, “цагдаагийн ахмад” цолыг хураасныг эс зөвшөөрч маргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хүрээнд уг шийдвэрийг хууль бус, үндэслэлгүй гэж  үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, албаны шалгалтаар тогтоогдсон гэх зөрчилд хамаарах Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Албаны шалгалтын тухай” 8/940 дүгээр албан бичиг[1], Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 20200070000002 дугаар албаны шалгалтын материал[2] /Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Дотоод ажил, хяналт шалгалт хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.А-ийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Техник ашиглалтын хэлтсийн систем ашиглалтын тасгийн ээлжийн инженер, цагдаагийн ахмад Б.Д-д холбогдох 20200070000002 дугаартай албаны шалгалт явуулсан тухай “Танилцуулга”, Б.Д, Э.С, Д.Н нарын тайлбарууд, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 8д-1/179 дүгээр албан бичгийн дагуу “Мобиком” ХХК-ийн гарган өгсөн Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн албаны хэрэгцээнд ашигладаг дугааруудын 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 10-ны өдрүүдийн хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвд Монголын Цахилгаан холбоо хувьцаат компанийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 3а/212 дугаар албан бичгээр хүргүүлсэн 70191133 дугаарын утасны 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрүүдэд 99109183 дугаартай холбогдсон дуулагын жагсаалт, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн даргын зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 07 дугаар хуралдааны тэмдэглэл/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан, нэхэмжлэгч Б.Д-д холбогдох албаны шалгалтаар тогтоогдсон түүний гаргасан зөрчлийн талаарх үйл баримтуудыг няцааж, үгүйсгэх баримт нотолгоо хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчээс энэ талаарх баримт, нотолгоог гаргаж мэтгэлцээгүй, албаны шалгалтын явцад “... Өндөржүүлсэн бэлэн байдлын үед дээд газраас болон удирдлагаас өгсөн үүргийг биелүүлж ажиллаагүй, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн зөрчил, дутагдал гаргасан...” гэж, мөн анхан болон давж шатны шүүх хуралдаанд “... Э.С-т дугуй гар утас, сургалтын төлбөр зэргийг өгч байсан ... карманы мөнгийг хангалттай өгч байсан ... гэр оронд нь Э.С-тай уулзах зорилготой очсон ... Э.С-тай мессежээр дотно байсан ... Монголд ирээд нэг уулзсан ... Э.С-т больё гэж хэлсэн ... 3 хүүхдээ бод гэж хэлсэн ... миний хувьд авч явж байсан гэрийн түлхүүрээрээ Э.Сын машиныг зурж хохироосон ... би уураа дийлж барахгүй байсан ... Э.С анх надтай харьцаж байхдаа эхнэр, хүүхэдтэй гэдэг талаар хэлээгүй ... би тухайн үед мэдээгүй байсан ... өргөсөн тангарагтаа үнэнч байгаагүй ... Өөрийнхөө баримтлах ёстой үйлдлийг баримтлаагүй ... бусдын эд хөрөнгөд санаатай халдсан ... албаны утас ашигласан нь үнэн ...” гэх зэргээр өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тайлбаруудыг гаргасан байх тул хариуцагчаас өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу хийсэн албаны шалгалтаар тогтоогдсон баримтыг үндэслэн хуульд заасан арга хэмжээг авсан буюу нэхэмжлэгч Б.Д-г Цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, цагдаагийн ахмад цолыг нь хураасныг зөрчлийн шинж байдалд тохироогүй гэж үзэх үндэслэлгүй, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны маргаан бүхий Б/389 дүгээр тушаал хуульд нийцсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн “шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг огт үнэлж дүгнэхгүйгээр шийдвэрлэх нь шүүхийн чиг үүрэгт нийцээгүй, Цагдаагийн Ерөнхий газрын даргын Б/389 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэл муутай, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлүүдээс аль тохирох хэсгийг баримтлаагүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д “Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг тусгаагүй орхигдуулсан гэх давж заалдах гомдол үндэслэлтэй, шүүх шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг тусгаагүй алдаа гаргасан байх боловч энэ нь хэргийн шийдлийг үгүйсгэх үндэслэл болохгүй, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн шүүхийн шийдвэрийг энэ үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 646 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                       Ц.ЦОГТ

 

ШҮҮГЧ                                                      Н.ХОНИНХҮҮ

 

[1] Хавтаст хэргийн 15-18 дахь тал

[2] Хавтаст хэргийн 28-157 дахь тал