Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
Хэргийн индекс | 136/2021/00059/И |
Дугаар | 136/ШШ2021/00151 |
Огноо | 2021-06-25 |
Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 136/ШШ2021/00151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн *тоотод оршин суух, Ч овогт Ч.О/РД:*/-ийн нэхэмжлэлтэй,
Нөхөх олговор 40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.О(цахимаар), нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч, Д.Н /цахимаар/, прокурор Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ч.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иймээс зээ охин болох Ч.О надад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор тухай хуулийн 13-р зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасан нөхөн олговрыг олгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иймээс зээ охин болох Ч.О надад улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасан нөхөн олговрыг олгож өгнө үү. гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иймээс дахин нотлох баримт гаргуулах шаардлагагүй гэж үзлээ. Хуульд заасан эрхийнхээ дагуу 40,000,000 төгрөгийн нөхөн олговор авах хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.
Прокурор Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, нотлох баримтууд хавтас хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.О нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох цагаатгалын нөхөх олговор 40 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэлмэгдэгч П /М/ овогтой Ц нь Улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Дундговь аймгийн шүүхийн 1949 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх зүйлийг баримтлан 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Улсын дээд шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 257 дугаар тогтоолоор цагаатгагдсан болох нь Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 08/4649 дугаартай лавлагаа, Улсын дээд шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 257 дугаартай тогтоол, 1998 оны 08 дугаар сарын 30-ны өдөр олгосон П/М/ овогтой Ц цагаатгасан Цагаатгалын үнэмлэх, Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 271 дугаартай шийдвэрийн хуулбараар тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ч.О эцэг Ц.Ч/хх-4/ нь хуульд заасан шаардлагыг бүрдүүлэн Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 271 дугаартай шүүхийн шийдвэрээр хэлмэгдэгч П/М/ овогтой Ц хүүхэд мөн болохоо тогтоолгож, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13-р зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгийн нөхөх олговор авсан бөгөөд 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нас баржээ /хх-6/.
Ч.О нь Ц.Ч охин болох нь түүний иргэний үнэмлэх /хх-4/ болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 153/000252 дугаартай Төрөл садангийн тухай лавлагаа /хх-5/-ны хуулбараар, хэлмэгдэгч П/М/ овогтой Ц ач охин болох нь Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 136/ШШ2021/00059 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ч.О нь шүүх хуралдаанд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасан 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг эцэг Ц.Ч авах эрхтэй байсан бөгөөд тус хуулийн 10 дугаар зүйл, Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасны дагуу энэхүү эрх өөрт нь өвлөгдөн шилжсэн тул 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг гаргуулахаар шаардах эрхтэй гэх агуулгатай тайлбар гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно: 13.2.2.улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг гэж заасан байх ба дээрх шаардлагыг хангасан этгээд нөхөх олговор авахаар байна.
Гэвч дээрх хуулийн заалт нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар нэмэгдсэн бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр болжээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасан нөхөх олговрыг авах эрх уг хууль батлагдаж, хүчин төгөлдөр болсон өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн бий болсон гэж үзнэ. Харин Ц.Ч нь 2013 оны 08 дугаар сарын 21-ны өдөр нас барсан байх тул түүнд дээрх нөхөх олговрыг авах эрх үүсээгүй байна.
Иймд Ц.Ч Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасан нөхөх олговор авах эрх үүсээгүй байх тул түүний ач охин Ч.О мөн адил дээрх нөхөх олговрыг авах эрх өвлөгдөн шилжсэн гэж үзэх боломжгүй.
Нэхэмжлэгчээс нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтад орж, энэ тухай өдөр тутмын сонинд зарлуулахаар Цагаатгах ажлын удирдан зохион байгуулах улсын комисст хандсан боловч тус газрын 2021 оны 02 дүгээр сарын 02-ны өдрийн 217 дугаартай албан бичгээр/хх-87/, 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 229 дугаартай албан бичгээр /88/ Ч.О Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасан этгээдэд хамаарахгүй болохыг дурдаж, татгалзсан хариу өгсөн байх ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Өвлөх эрхийн гэрчилгээ болон бусад баримтаар нөхөх олговор авах эрхтэй өөр этгээд байхгүй болох нь нотлогдож байх тул өдөр тутмын сонинд зарлуулах шаардлаггүй гэх тайлбар гаргаж байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тухай гомдол гаргах, нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй холбогдсон баримт бичгийг бүрдүүлэх ...-д Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн биелэлтийг зохион байгуулах журмыг баримтлах[1] бөгөөд тус журмын 9 дэх хэсэгт ... баримт бичгийг бүрдүүлсэн этгээд энэ тухайгаа аймаг, нийслэлийн Цагаатгалын салбар комисст бүртгүүлнэ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэж буй этгээдийн нэрийг .. сонинд сар бүр зарлана. гэж заажээ.
Дээрх журмын дагуу нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах нь нөхөх олговрын талаар гомдол, санал гаргах эрхтэй этгээдийг бүрэн хамруулах, тэднийг мэдээлэл авах эрхээр хангах ач холбогдолтойгоос гадна тус шаардлагыг хангасан тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж болохоор журамласан байна. Харин Ч.О нь нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэлээ бүрдүүлэхдээ Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисст хандаж өдөр тутмын сонинд зарлуулаагүй буюу журамд заасан шаардлагыг хангаагүй буюу нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг бүрэн хангаагүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Ч.О нөхөх олговор 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Хүсэлт гаргагч Ч.О нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нөхөх олговор гаргах хүсэлтэд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт зааснаар Ч.О улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсаны нөхөх олговор 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА