Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 202/МА2021/00022

 

 

 

 

 

 

Ч.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 136/ШШ2021/00151 дүгээр шийдвэртэй,  

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын * дугаар баг, Зүүнбаян зэвсэгт хүчин гудамжны ** айл байрны ** тоотод оршин суух Ч овогт Ч-ын О-ийн нэхэмжлэлтэй,

 

Нөхөх олговор 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Ч.О-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Прокурор Л.М /зайнаас цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н /зайнаас цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлмэгдэгч П (М) овогтой Ц нь миний аав Ч-ын төрсөн эцэг нь байгаа юм. Ц.Ч нь 1942 оны 03 дугаар сарын 24-нд Дундговь аймгийн Өлзийт суманд хэлмэгдэгч Ц-ийн хүү болж төрсөн. Тэд Д, О, Ц нарыг төрүүлж, өсгөсөн юм. Өвөг эцэг П (М) овогтой Ц нь Дундговь аймгийн Буянт-Овоо сумын үндсэн харьяат малчин байсан ба хөрөнгө мөнгөө хураалгаж, 1949 оны 08 дугаар 22-ны өдрийн Дундговь аймгийн шүүхийн 69-р тогтоолоор 10 жилийн хорих ялаар шийтгэгджээ. П (М) овогтой Ц-д холбогдох хэргийг хянан үзээд Улсын Дээд Шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 22-ны 277-р тогтоолоор цагаатгагдсан. П (М) овогтой Ц нь улс төрийн хилс хэрэгт баривчлагдан шоронд зодуур, нүдүүр тарчлаан зовоолтын дүнд бие муутай болж, суллагдан ирж гэртээ хэвтэрт байж байгаад удалгүй 1978 онд нас барсан. Өвөг эцэг П (М) овогтой Ц-г нас барсны дараа Ц.Ч нь Л-ийн Д эгчтэй гэр бүл болж, хүүхдүүд бүгд Ч-аар овоглох болсон байна. Ч.О-ийн аав 2013 онд нас барсан. Иймд Ч.О нь хэлмэгдэгч П (М) овогтой Ц-ийн ач охин нь болохыг тогтоож өгнө үү. Мөн миний өвөө болох П (М) овогтой Ц нь 1949 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дундговь аймгийн шүүхийн 69-р тогтоолоор 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улсын дээд шүүхийн 277-р тогтоолоор цагаатгагдсан. Миний өвөө Ц нь шоронгоос гараад хөдөө мал маллаж байгаа 1978 онд нас барсан. Миний аав Ц.Ч нь 1942 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд Ц-ийн хүү болж төрсөн бөгөөд 2013 онд нас барсан. Иймээс зээ охин болох Ч.О надад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд Нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасан нөхөх олговрыг олгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд 2018 онд өөрчлөлт орсон. Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ, нас барснаас хойш 1 жилийн дараа өв залгамжлах эрх нээгдэнэ гэж заасан. Нотариатын тухай хуульд болон нотариатын үйлдэл хийх журамд өв яаж өвлөгддөг, өв залгамжлах эрх хэзээ нээгддэг талаар журамлагдсан. Дундговь аймгийн нотариатын үйлдэл тухайн журамдаа заагдсан үйлдлээр хийгдсэн байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2 дахь хэсэгт энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ нар гэж заасны дагуу Ч.О-т өвлөх эрх нээгдэнэ гэж үзэж байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д хэлмэгдэгчдийг амьд байхад нь төрсөн, үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд, 10.1.4 энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан хүмүүс байхгүй бол хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ байна. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөд 40 сая төгрөг, 80 сая төгрөгийн өөрчлөлт орсон. Үүнд: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг дор дурдсан этгээд нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.О нэхэмжлэх эрхтэй юм. Бусад өвлөгч нарыг заавал тодруулах шаардлагатай эсэхийг хавтаст хэрэгт авагдсан Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 271 дугаартай шүүхийн шийдвэрт Ц-ийн хүү Ч мөн болохыг тогтоосон шийдвэр байна. Ч нь Ц-г сонинд зарлуулж нөхөх олговор болох 1,000,000 төгрөгийг авсан. Үүнээс хойш ямар нэгэн маргаан гараагүй тул өв залгамжлалд ямар нэгэн маргаан гарахгүй болно.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан. Хоёрдугаарт цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос хуулийг буруу тайлбарласан. Монгол үндсэн хуулиас бусад хуулийн улсын дээд шүүхээс тайлбарладаг. Хуулийн заалтыг ямар ч албан тушаалтан, байгууллага тайлбарлах хууль зүйн үндэслэл байхгүй. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10.1.4 дэх хэсэгт энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан хүмүүс байхгүй бол хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ байна. Манай хэлмэгдэгч Ч.О нь хэлмэгдэгчийн зээ охин мөн. Хуульд зааснаар гадна маргаан олон гарч байсан тул Улсын дээд шүүхээс тогтоол гаргасан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай 1998 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 62 тоот тогтоолын 6 дугаар зүйлд нөхөх олговрыг хэлмэгдэгч өөрөө амьд байгаа бол түүний, хэрэв нас барсан бол хуулийн 10.1.3-т зааснаар төрүүлсэн болон үрчилж авсан хүүхдийн, дээрх хүмүүс байхгүй бол хуулийн 10.1.4-т зааснаар хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээгийн нэхэмжлэлийг үндэслэн дараалал харгалзан олгоно гэж хуульд зааж, Улсын дээд шүүхээс тайлбарласан байна. Иймээс маргаан гарах ямар нэг үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч Ч.О нь нөхөх олговор авах бүрэн үндэслэлтэй юм. Нотлох баримт нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас өөрийн боломжоороо нотлох баримт бүрдүүлсэн ба өмнө нь сонин зарлуулж байсан тухай нотлох баримт байна. Иймээс дахин нотлох баримт гаргуулах шаардлагагүй гэж үзлээ. Хуульд заасан эрхийнхээ дагуу 40,000,000 төгрөгийн нөхөх олговор авах хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Прокурор Л.М анхан шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.М би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэгт, 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.1.12 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 31 дүгээр зүйлд (аль тохирох хэсгийг бичнэ) заасны Дорноговь аймаг Сайншанд сум Зүүнбаян 5 дугаар баг ЗХ-ний 1-58 байр IV-12 тоотод оршин суух Ч овогт Ч-ын О-ийн нэхэмжлэлтэй, садан төрлийн холбоо тогтоох тухай нэхэмжлэлд төрийг төлөөлөн оролцож дараах тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч Ч.О-ийн өвөг эцэг П (М) овогт Ц гэгч нь 1949 оны 08 дугаар сарын 22-ны өдөр улсын төрийн хэрэгт баривчлагдан Дундговь аймгийн шүүхийн 69 дүгээр тогтоолоор 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, Улсын дээд шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 22-ны 277 дугаартай тогтоолоор цагаатгагдаж шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна. Тэрээр П (М) овогтой Ц-ийн төрсөн хүү Ц.Ч-ын төрсөн охин болох нь тогтоогдож байх тул иргэний хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэлийн дагуу садан төрлөөр тогтоож, 40,000,000 олгуулах нь зүйтэй байна. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.1 дэх хэсэгт зааснаар Ч-ын О нь П (М) овогтой Ч-ын ач охин мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах, шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ. Ч.О-г нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд зааснаар 40,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Хавтаст хэргийн материалд Ч.О нь хэлмэгдэгчийн зээ охин болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хавтаст хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаагаар хавтаст хэрэгт цагаатгах, ажлыг удирдан зохион байгуулах комиссоос сонинд зарлуулах ажиллагаа хийгдээгүй байна гэж ярьж байна. Ч.О эхээс гурвуулаа. Гол нь өвлөх эрхийн гэрчилгээ нэхэмжлэгч Ч.О-т олгогдсон байна. Иймд цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос сонинд зарлуулах ажлыг нотлох баримтаар зайлшгүй байх нотлох баримт мөн эсэхийг шүүхээс дүгнэлт хийнэ үү. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэсэн гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэжээ.

 

            Анхан шатны шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт зааснаар Ч.Оюунцэцэгийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсаны нөхөх олговор 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.О давж заалдсан гомдолдоо: “...Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох журмын тухай хууль нь 1998 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр батлагдсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орсон юм. Ч нь 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нас барсан нь түүний зээ охин хуульд заасны дагуу нөхөх олговор авах эрх үүсэхгүй байх үндэслэл тус хуульд байхгүй юм. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох журмын тухай хуульд нөхөх олговрыг хэн нэхэмжлэх эрхтэйг дараах байдлаар заасан байна.

  • 10.1.1. улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч өөрөө;
  • 10.1.2. хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр нь түүнийг нас барснаас хойш өөр хүнтэй гэрлэсэн эсэхээс үл хамааран;
  • 10.1.3. хэлмэгдэгчийг амьд байхад төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд;
  • 10.1.4. энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан хүмүүс байхгүй бол хэлмэгдэгчийн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ.

Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй байна гэж үзсэн байна. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай сонинд зарлуулах шийдвэрийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс гаргахгүй, хуулийн заалтыг буруу тайлбарлаад байгаа үндэслэлээр миний бие шүүх хуралдаанаас өмнө Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан бөгөөд энэ талаарх нотлох баримтаа хавсаргаж чадаагүй. Учир нь захиргааны хэргийн шүүх миний гомдлыг хүлээж удаагүй байсан. Шүүх хурлаар хэргийг хэлэлцэж эхлэхийн өмнө захиргааны хэргийг хянан шийдвэрлэж дуустал Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгөх хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх хүлээж аваагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх ёстой байсан. Анхан шатны шүүх хурал дээр төрийг төлөөлөн оролцсон прокурор нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэсэн байр суурьтай байсан. Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 136/ШШ2021/00151 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дорноговь аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд миний бие оролцож байсан. Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шалтгаан нь нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзсэн. Тэр нь гомдолд дурдсанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль нь 1998 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр батлагдсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон. Ц.Ч нь 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нас барсан. Түүний зээ охин хуульд заасны дагуу нөхөх олговор авахгүй байх үндэслэлгүй. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд хэн нэхэмжлэх эрхтэй талаар заасан байгаа. Энэ талаар шүүгч танилцууллаа. Тус хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан хүмүүс буюу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч өөрөө, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр нь түүнийг нас барснаас хойш өөр хүнтэй гэрлэсэн эсэхээс үл хамааран байхгүй бол хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ нөхөх олговрыг авч болно гэж заасан хуулийн заалтыг баримтална. Монгол улсад үйлчилж байгаа хууль тогтоомжийн тайлбарт Улсын дээд шүүхээс өөр ямар ч субъект тайлбар хийх эрхгүй байгаа. Гэтэл үүн дээр бол цагаатгах ажлыг удирдах комиссын зүгээс хуулийг өөрийн ойлгосноор тайлбарлаж байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс нь өөрөө хууль тайлбарлах субъект биш юм. Тиймээс хуульд заасан хуулийн заалтыг баримтална. Хуулиас гадна Улсын дээд шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 62 тоот тогтоол байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг заалтыг тайлбарлах тухай тогтоолын 6 дугаар хэсэгт энэхүү Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тайлбарлаж, тодруулсан байгаа. Энэ тогтоолд “нөхөх олговрыг хэлмэгдэгч өөрөө амьд байгаа бол түүний, хэрвээ нас барсан бол тус хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлмэгдэгчийн эхнэр, нөхөр эдгээр хүмүүс байхгүй бол тус хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд, дээрх хүмүүс байхгүй бол тус хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээгийн нэхэмжлэлийг үндэслэн олгоно” гэж заасан. Нэгдүгээрт, хуульд эрх нь нээлттэй байна. Хоёрдугаарт, Улсын дээд шүүхийн тогтоолоор нэхэмжлэх эрхтэй гэж заасан байгаа учраас нэхэмжлэгч Ч.О нь хэлмэгдэгч Ц.Ч-ын зээ охин гэдэг нь тогтоогдож байгаа. Өмнөх Дорноговь аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр нэхэмжлэх эрх нь олгогдсон, захирамж гарсан байгаа. Өвлөх эрхийн гэрчилгээ нэхэмжлэгч Ч.О-т олгогдсон байна. Тэгэхээр нэхэмжлэх бүрэн эрхтэй байна. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Тийм учраас нэхэмжлэлээ дэмжиж байна” гэв.

 

Прокурор Л.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс анхан шатны шүүхэд гаргасан байр сууриа дэмжиж оролцож байна. Шүүхээс үндэслэлгүй шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий ойлгомжтой байх ёстой гэж заасан хуулийн шаардлагыг хангахгүй байна. Эхний ээлжинд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаачлан Ч.О нь өөрөө хэлмэгдэгчийн итгэмжлэлийн дагуу нөхөх олговрыг авах эрхгүй этгээд гэсэн байна.  Энэ шийдвэр нь олон салаа утгатай байна. Холбогдох хууль тогтоомжид зааснаар цагаатгах, ажлыг удирдан зохион байгуулах комиссоос сонинд зарлуулах ажиллагаа хийгдэх ёстой байсан гэж байна. Энэ ажиллагаа хийгдсэнээр нэхэмжлэх эрхтэй байсан юм шиг зүйл ярьж байна. Ийм олон агуулгатай байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, үндэслэл бүхий агуулгыг гаргаж өгнө үү. Нэхэмжлэгч Ч.О-ийг нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй этгээд биш гэж байгаа бол ямар үндэслэлээр нэхэмжлэх эрхгүй гэж байгаа агуулга ойлгомжгүй байна. Нөгөө талаас сонинд зарлуулаад холбогдох байгууллагад 2 удаа албан бичиг хүргүүлсэн байна. Хүргүүлэхдээ энэ хууль тогтоомжид заасан этгээдэд хамаарахаас бусад этгээдэд гэсэн байна. Тэр байгууллагад холбогдох хүсэлтээ гаргасан хүмүүсийн хүсэлтийг гаргах эрх бүхий байгууллага. Тэгээд холбогдох нотлох баримтуудыг оролцогчид авчраад шүүхээр шинжлэн судлуулаад шүүх шийдвэр гаргахдаа Ч.О-ийг энэ нөхөх олговрыг авах эрхтэй үгүйг нэг утгаар тайлбарлах нь зүйтэй. Цаашид энэ нөхөх олговрын асуудлыг хэн нэгэн этгээд авах эрхтэй үгүйг эцэслэн шийдвэрлэмээр байна. Ийм ойлгомжгүй зүйлс байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 136/ШШ2021/00151 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Учир нь: Нэхэмжлэгч Ч.О-ээс гаргасан давж заалдах гомдолд үндэслэн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх маргаанд холбогдох Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

            Нэхэмжлэгч Ч.О улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч П /М/ овогтой Ц-ийн ач охин тул Улс төрийн хилс хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-д зааснаар 40.000.000 төгрөгийн нөхөх олговрыг олгож өгөхийг хүсч шүүхэд нэхэмжилсэн.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасан нөхөх олговрыг авах эрх уг хууль хүчин төгөлдөр болсон өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн бий болсон, харин Ц.Ч 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нас барсан тул түүнд дээрх нөхөх олговрыг авах эрх үүсээгүй, түүний ач охин Ч.О-т мөн адил дээрх нөхөх олговрыг авах эрх өвлөгдөн шилжсэн гэж үзэх боломжгүй,

 

Нэхэмжлэгч Ч.О нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлэхдээ Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисст хандаж өдөр тутмын сонинд зарлуулаагүй, журамд заасан шаардлагыг хангаагүй буюу нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг бүрэн хангаагүй гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хянан үзэхэд Ц овогтой Ч 2013/08/21-нд нас барсны бүртгэлд байгаа тухай нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 6/, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч П.Ц-г 1949 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Дундговь аймгийн шүүхийн 69 дүгээр тогтоолоор /1932 оны/ эсэргүү бослого гаргаж гадаадад гарах гэж бүлэг этгээд нартай зөвлөлдөж байсан. Нам засгаас явуулж буй бодлогыг шууд эсэргүүцэж мөн Зөвлөлт Монгол хоёр улсын найрамдлын асуудлыг гутааж байсан гэх хэрэгт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн 1 дэх ангийг баримтлан 10 жил хорих ял шийтгэсэн хэргийг Монгол Улсын дээд шүүх 1999 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 267 тоот тогтоолоор түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан /хх-ийн 8-9/,  Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 271 тоот шийдвэрээр хэлмэгдэгч П-ийн Ц-ийн хүүхэд нь Ц овогтой Ч болохыг тогтоож, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д зааснаар 1 сая төгрөгийн нөхөх олговрыг олгохоор шийдвэрлэсэн /хх-ийн 10/, Дундговь тойргийн нотариатын 2020 оны 12 дугаар сарын 25-ны 129 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2-т зааснаар олгогдвол зохих 40 сая төгрөгийг уг хуулийн 10.3-т зааснаар Ч.О /шүүхэд нэхэмжлэх/ эрхийн хамт өвлөх эрхийн гэрчилгээг олгосон /хх-ийн 13/,  Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний 136/ШШ2021/00059 дүгээр шийдвэрээр Ч.О нь Пунцаг /М/ овогтой Ц-ийн ач охин мөн болохыг тогтоосон тухай /хх-ийн 76-78/ зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.

 

Нэхэмжлэгч Ч.О-ийн нэхэмжлэлийн шаардлага нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацаанд төрсөн хүүхдэд 40 сая төгрөг” гэсэнд үндэслэжээ.

 

Уг зохицуулалт 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр батлагдсан ба хуульд заасан нөхцөл, шаардлага нь улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд,  хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацаанд төрсөн хүүхэд уг нөхөх олговрыг авах эрхтэй байхаар заасан ба хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасан “...гэр бүлийн гишүүдэд” гэснээс ялгаатайгаар, эрх бүхий этгээдийг тодорхой нарийвчлан, хязгаартайгаар заасан.

 

Хуульд зааснаар 40 сая төгрөгийг авах эрх бүхий этгээд нь нэхэмжлэгч Ч.О-ийн төрсөн эцэг Ц.Ч байсан боловч тэрээр 2013 оны 08 дугаар сарын 21-нд нас барсан тул 2018 оны 01 дүгээр сарын 12-нд батлагдсан хуулиар нөхөх олговрыг авах эрх үүсэхгүй, үүнтэй холбогдож хэлмэгдэгчийн ач охин болох нэхэмжлэгч Ч.О-т уг нөхөх олговрыг өвлөж авах эрх үүсээгүй гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлтэй зөв болсон.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээдүүдийг  “хэлмэгдэгч өөрөө, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр, хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан хүүхэд, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацаанд төрсөн хүүхэд,  эдгээр хүмүүс байхгүй бол түүний төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ”  нар байхаар тус тус заасан боловч мөн хуулийн 10.3-т “ нөхөх олговрыг авах эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ “ гэж заасан.

 

 Энэ нь энэ тохиолдолд 2018 оны 01 дүгээр сарын 12-ноос хойш хугацаанд  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан эрхтэй этгээд болох Ц.Ч нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа буюу эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол хэлмэгдэгчийн ач охин Ч.О уг 40 сая төгрөгийг нэхэмжлэх эрхтэй буюу өв залгамжлалаар уг эрх шилжинэ гэж мөн хуулийн 10.3-д тодорхой заасан байна

 

Иймд нэхэмжлэгч Ч.О-ийн хувьд энэ хуулийн 10.3-т зааснаар 40 сая төгрөгийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрх хууль ёсоор өвлөх эрх үүсээгүй тул түүнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13.2.2-т заасан 40 сая төгрөгийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхгүй этгээд гэж давж заалдах шатны шүүхээс мөн үзлээ.

 

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлэхдээ Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисст хандаж өдөр тутмын сонинд зарлуулаагүй, журамд заасан шаардлагыг хангаагүй буюу нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг бүрэн хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй болсон боловч энэ нөхцөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн биелэлтийг зохион байгуулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 9-д “...нэхэмжлэл гаргах гэж буй этгээдийн нэрийг ...сонинд сар бүр зарлана” гэж заасныг өөр нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд байгаа эсэхийг тодруулах, тэднийг мэдээллээр хангах зорилго, ач холбогдолтой гэж үзэх тул нэхэмжлэгчийн сонинд зарлуулаагүй нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хамааралгүй, маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж болохгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Нэхэмжлэгчийн зүгээс Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд зааснаар нөхөх олговор авах эрх бүхий этгээд гэж сонинд зарлуулахыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст даалгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гараагүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж анхан шатны шүүхийг буруутгаж байгаа боловч нэхэмжлэгч нь нөхөх олговрын 40 сая төгрөгийг нэхэмжлэх эрх хуулиар өвлөгдөөгүй тул Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бий болгохгүй.

 

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгч Ч.О-ээс гаргасан “...намайг нөхөх олговрыг авах эрх үүсээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, ...хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай сонинд зарлуулах ажиллагааг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст даалгуулах шийдвэр гаргуулахаар  нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан тул уг асуудлыг  шийдвэрлэх хүртэл хугацаанд анхан шатны шүүхийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн  ...хэргийг анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг хүсч байна” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол нь үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          

                     Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 136/ШШ2021/00151 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.О-ээс гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

           

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

 

                                      ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                          А.САЙНТӨГС