Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 136/ШШ2021/00151

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 136/ШШ2021/00151

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 5-р баг, Зүүнбаян зэвсэгт хүчин гудамжны 1/58 айл байрны 53 тоотод оршин суух, Чой овогт Чойжамцын Оюунцэцэг /РД:УЗ66120509/-ийн нэхэмжлэлтэй,

Нөхөх олговор 40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Оюунцэцэг (цахимаар), нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг, Д.Нармандах /цахимаар/, прокурор Л.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ч.Оюунцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлмэгдэгч Пунцаг /Мижиг/ овогтой Цэндоо нь миний аав Чойжамцийн төрсөн эцэг нь байгаа юм. Ц.Чойжамц нь 1942 оны 03 сарын 24-нд Дунд говь аймгийн Өлзийт суманд хэлмэгдэгч Цэндоогийн хүү болж төрсөн. Тэд Дарьзав, Оюунцэцэг, Цэцэгээ нарыг төрүүлж, өсгөсөн юм. Өвөг эцэг Пунцаг /Мижиг/ овогтой Цэндоо нь Дундговь аймгийн Буянт-Овоо сумын үндсэн харьяат малчин байсан ба хөрөнгө мөнгөө хураалгаж, 1949 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Дундговь аймгийн шүүхийн 69-р тогтоолоор 10 жилийн хорих ялаар шийтгэгджээ. Пунцаг /Мижиг/ овогтой Цэндоод холбогдох хэргийг хянан үзээд Улсын Дээд Шүүхийн 1999 оны 07 сарын 22-ны өдрийн 277-р тогтоолоор цагаатгагдсан. Пунцаг /Мижиг/ овогтой Цэндоо нь улс төрийн хилс хэрэгт баривчлагдан шоронд зодуур, нүдүүр тарчлаан зовоолтын дүнд бие муутай болж, суллагдан ирж гэртээ хэвтэрт байж байгаад удалгүй 1978 онд нас барсан. Өвөг эцэг Пунцаг /Мижиг/ овогтой Цэндоог нас барсны дараа Ц.Чойжамц нь Лхагвадоржийн Даариймаа гэгчтэй гэр бүл болж, хүүхдүүд бүгд Чойжамцаар овоглох болсон байна. Ч.Оюунцэцэгийн аав 2013 онд нас барсан. Иймд Ч.Оюунцэцэг нь хэлмэгдэгч Пунцаг /Мижиг/ овогтой Цэндоогийн ач охин нь болохыг тогтоож өгнө үү. Мөн Миний өвөө болох Пунцаг /Мижиг/ овогтой Цэндоо нь 1949 оны 08 сарын 22-ны өдрийн Дундговь аймгийн шүүхийн 69-р тогтоолоор 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 1999 оны 07 сарын 22-ны өдөр Улсын дээд шүүхийн 277-р тогтоолоор цагаатгагдсан. Миний өвөө Цэндоо нь шоронгоос гараад хөдөө мал маллаж байгаад 1978 онд нас барсан. Миний аав Ц.Чойжамц нь 1942 оны 03 сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд Цэндоогийн хүү болж төрсөн бөгөөд 2013 онд нас барсан. Иймээс зээ охин болох Ч.Оюунцэцэг надад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор тухай хуулийн 13-р зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасан нөхөн олговрыг олгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагад Миний өвөө болох Пунцаг /Мижиг/ овогтой Цэндоо нь 1949 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Дундговь аймгийн шүүхийн 69 дүгээр тогтоолоор 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдөр улсын дээд шүүхийн 277 тогтоолоор цагаатгагдсан. Миний овоо Цэндоо нь шоронгоос гараад хөдөө мал маллаж байгаад 1978 онд нас барсан. Миний аав Чойжамц нь 1942 онд 03 дугаар сарын 20-ны өдөр Цэндоогийн хүүхэд болж төрсөн бөгөөд 2013 онд нас барсан. Иймээс зээ охин болох Ч.Оюунцэцэг надад улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасан нөхөн олговрыг олгож өгнө үү. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан. Хоёрдугаарт цагаатгах, ажлыг удирдан зохион байгуулах комиссоос хуулийг буруу тайлбарласан. Монгол улсын үндсэн хуулиас бусад хуулийн улсын дээд шүүхээс тайлбарладаг. Хуулийн заалтыг ямар ч албан тушаалтан, байгууллага тайлбарлах хууль зүйн үндэслэл байхгүй. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10.1.4 дэх хэсэгт энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан хүмүүс байхгүй бол хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ байна. Манай нэхэмжлэгч Ч.Оюунцэцэг нь хэлмэгдэгчийн зээ охин мөн. Хуульд зааснаар гадна маргаан олон гарч байсан тул Улсын дээд шүүхээс тогтоол гаргасан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай 1998 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 62 тоот тогтоолын 6 дугаар зүйлд Нөхөх олговрыг хэлмэгдэгч өөрөө амьд байгаа бол түүний, хэрэв нас барсан бол хуулийн 10.1.2-т зааснаар хэлмэгдэгчийн эхнэр буюу нөхрийн, эдгээр хүмүүс байхгүй бол хуулийн 10.1.3-т зааснаар төрүүлсэн болон үрчилж авсан хүүхдийн, дээрх хүмүүс байхгүй бол хуулийн 10.1.4-т зааснаар хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач зээгийн нь нэхэмжлэлийг үндэслэн дараалал харгалзан олгоно гэж хуульд зааж, улсын дээд шүүхээс тайлбарласан байна. Иймээс маргаан гарах ямар нэгэн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч Ч.Оюунцэцэг нь нөхөх олговор авах бүрэн үндэслэлтэй юм. Нотлох баримт нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ээдрээ төвөгтэй байдлыг улмаас өөрийн боломжоороо нотлох баримт бүрдүүлсэн ба өмнө нь сонинд зарлуулж байсан тухай нотлох баримт байна. Иймээс дахин нотлох баримт гаргуулах шаардлагагүй гэж үзлээ. Хуульд заасан эрхийнхээ дагуу 40,000,000 төгрөгийн нөхөн олговор авах хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

Прокурор Л.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ч.Оюунцэцэг нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд зааснаар 40,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Хавтаст хэргийн материалд Ч.Оюунцэцэг нь хэлмэгдэгчийн зээ охин мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хавтаст хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаагаар хавтаст хэрэгт Цагаатгах, ажлыг удирдан зохион байгуулах комиссоос сонинд зарлуулах ажиллагааг хийгдээгүй байна гэж ярьж байна. Ч.Оюунцэцэг эхээр гурвуулаа. Гол нь өвлөх эрхийн гэрчилгээ нэхэмжлэгч Ч.Оюунцэцэгт олгогдсон байна. Иймд цагаатгах, ажлыг удирдан зохион байгуулах комиссоос сонинд зарлуулах ажлыг нотлох баримтаар зайлшгүй байх нотлох баримт мөн эсэхийг шүүхээс дүгнэлт хийнэ үү. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, нотлох баримтууд хавтас хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Оюунцэцэг нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох цагаатгалын нөхөх олговор 40 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэлмэгдэгч Пунцаг /Мижиг/ овогтой Цэндоо нь Улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Дундговь аймгийн шүүхийн 1949 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх зүйлийг баримтлан 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Улсын дээд шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 257 дугаар тогтоолоор цагаатгагдсан болох нь Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 08/4649 дугаартай лавлагаа, Улсын дээд шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 257 дугаартай тогтоол, 1998 оны 08 дугаар сарын 30-ны өдөр олгосон Пунцаг /Мижиг/ овогтой Цэндоог цагаатгасан Цагаатгалын үнэмлэх, Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 271 дугаартай шийдвэрийн хуулбараар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ч.Оюунцэцэгийн эцэг Ц.Чойцамж /хх-4/ нь хуульд заасан шаардлагыг бүрдүүлэн Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 271 дугаартай шүүхийн шийдвэрээр хэлмэгдэгч Пунцаг /Мижиг/ овогтой Цэндоогийн хүүхэд мөн болохоо тогтоолгож, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13-р зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгийн нөхөх олговор авсан бөгөөд 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нас баржээ /хх-6/.

Ч.Оюунцэцэг нь Ц.Чойжамцын охин болох нь түүний иргэний үнэмлэх /хх-4/ болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 153/000252 дугаартай Төрөл садангийн тухай лавлагаа /хх-5/-ны хуулбараар, хэлмэгдэгч Пунцаг /Мижиг/ овогтой Цэндоогийн ач охин болох нь Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 136/ШШ2021/00059 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ч.Оюунцэцэг нь шүүх хуралдаанд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасан 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг эцэг Ц.Чойжамц авах эрхтэй байсан бөгөөд тус хуулийн 10 дугаар зүйл, Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасны дагуу энэхүү эрх өөрт нь өвлөгдөн шилжсэн тул 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг гаргуулахаар шаардах эрхтэй гэх агуулгатай тайлбар гаргажээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно: 13.2.2.улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг гэж заасан байх ба дээрх шаардлагыг хангасан этгээд нөхөх олговор авахаар байна.

Гэвч дээрх хуулийн заалт нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар нэмэгдсэн бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр болжээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасан нөхөх олговрыг авах эрх уг хууль батлагдаж, хүчин төгөлдөр болсон өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн бий болсон гэж үзнэ. Харин Ц.Чойжамц нь 2013 оны 08 дугаар сарын 21-ны өдөр нас барсан байх тул түүнд дээрх нөхөх олговрыг авах эрх үүсээгүй байна.

Иймд Ц.Чойжамцад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасан нөхөх олговор авах эрх үүсээгүй байх тул түүний ач охин Ч.Оюунцэцэгт мөн адил дээрх нөхөх олговрыг авах эрх өвлөгдөн шилжсэн гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгчээс нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтад орж, энэ тухай өдөр тутмын сонинд зарлуулахаар Цагаатгах ажлын удирдан зохион байгуулах улсын комисст хандсан боловч тус газрын 2021 оны 02 дүгээр сарын 02-ны өдрийн 217 дугаартай албан бичгээр/хх-87/, 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 229 дугаартай албан бичгээр /88/ Ч.Оюунцэцэгийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасан этгээдэд хамаарахгүй болохыг дурдаж, татгалзсан хариу өгсөн байх ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Өвлөх эрхийн гэрчилгээ болон бусад баримтаар нөхөх олговор авах эрхтэй өөр этгээд байхгүй болох нь нотлогдож байх тул өдөр тутмын сонинд зарлуулах шаардлаггүй гэх тайлбар гаргаж байна.

Улс төрийн хилс хэрэгт  хэлмэгдэгчдийг цагаатгах тухай гомдол гаргах, нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй холбогдсон баримт бичгийг бүрдүүлэх ...-д Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн биелэлтийг зохион байгуулах журмыг баримтлах[1] бөгөөд тус журмын 9 дэх хэсэгт ... баримт бичгийг бүрдүүлсэн этгээд энэ тухайгаа аймаг, нийслэлийн Цагаатгалын салбар комисст бүртгүүлнэ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэж буй этгээдийн нэрийг .. сонинд сар бүр зарлана. гэж заажээ.

Дээрх журмын дагуу нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах нь нөхөх олговрын талаар гомдол, санал гаргах эрхтэй этгээдийг бүрэн хамруулах, тэднийг мэдээлэл авах эрхээр хангах ач холбогдолтойгоос гадна тус шаардлагыг хангасан тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж болохоор журамласан байна. Харин Ч.Оюунцэцэг нь нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэлээ бүрдүүлэхдээ Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисст хандаж өдөр тутмын сонинд зарлуулаагүй буюу журамд заасан шаардлагыг хангаагүй буюу нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг бүрэн хангаагүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Ч.Оюунцэцэгийн нөхөх олговор 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Хүсэлт гаргагч Ч.Оюунцэцэг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нөхөх олговор гаргах хүсэлтэд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт зааснаар Ч.Оюунцэцэгийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсаны нөхөх олговор 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Оюунцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт Энэ зүйлийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ. гэж тус тус

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль нь 1998 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр батлагджээ. Харин 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр батлагдаж, тухайн оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тус 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсгийг нэмж тусгасан байна.

Нэхэмжлэгчээс Өнөөдөр сонины 2001 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №122 (1279) дугаарт нийтлэгдсэн Нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалт болон уг мэдээллийн тухай Монгол Ньюс ХХК-ийн ?? оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №03-1 дугаартай тодорхойлолтыг хэрэгт авахуулсан бөгөөд 2017 онд 1 000 000 төгрөгийн нөхөх олговор гаргуулахаар шүүхээр шийдвэрлүүлэх явцад сонинд зарлуулсан тул 80 000 000 төгрөгийн нөхөх олговор гаргуулахад дахин сонинд зарлуулах шаардлага тавигдахгүй гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

 

 

 

 


[1] Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн биелэлтийг зохион байгуулах журмын 1 дүгээр зүйл.