Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2016/0109

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайхан, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 919 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Эм Ай Ю” олон улсын дээд сургууль, иргэн З.Тамир нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 919 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, 29.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Эм Ай Ю” олон улсын дээд сургууль, иргэн З.Тамир нарын “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 тоот захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, улмаар 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон иргэн З.Тамирын 0211762, Эм Ай Ю олон улсын дээд сургуулийн 0171781 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж баталгаажуулан, газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулан гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгах тухай захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасан шийдвэр гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын “шинжээчийн дүгнэлтээр гуравдагч этгээд “Сансар дижитал” ХХК-ийн эзэмшил газартай давхцал бүхий 231 м.кв, иргэн З.Тамирын газартай давхацсан 103 м.кв нийт 334 м.кв газрыг хасч тооцох, З.Тамир, “Эм Ай Ю” ОУДС-ийн газруудын давхацсан хэсгийг З.Тамирын газарт тооцох” хэсгээсээ татгалзсаныг баталж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 тоот захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, улмаар “Эм Ай Ю” дээд сургууль болон иргэн З.Тамирт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 324 тоот шийдвэрээр тус дүүргийн 20 дугаар хороонд “амралт, сувилал”-ын зориулалтаар 10.000 м.кв болон 20.000 м.кв газруудыг 5 жилийн хугацаагаар олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийн хугацааг сунгаж баталгаажуулан, газар эзэмшүүлэх гэрээнүүдийг шинэчлэн байгуулан гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгах тухай захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасан шийдвэрийг шүүхээс гаргуулах тухай нэхэмжлэлүүдийг тус компани болон нэр дурдсан иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие гаргасныг анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 919 тоот шийдвэрээр нэхэмжлэлүүдийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.

Уг шийдвэрийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гардан авсан болно.

Ингээд дараах үндэслэлээр энэхүү гомдлыг давж заалдах журмаар гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү.

1. Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа, нийслэлийн Засаг даргын аль 2003 оны 95 тоот захирамжаар Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн тэжээлийн мужид хамгаалалтын бүс тогтоож уг мужид газар эзэмшүүлэхгүй байхыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасан байтал Баянзүрх дүүргийн Засаг дарга үүнийг зөрчиж 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 324 тоот шийдвэрээр газар олгосон байх тул нийслэлийн Засаг дарга 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 тоот захирамжаар нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг “ундны усны тэжээлийн дотоод мужид газар эзэмшиж байгаа” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосонд нийслэлийн Засаг даргыг буруутгах боломжгүй гэж дүгнэжээ.

Гэтэл нэхэмжлэгч нарын тухайд, нийслэлийн Засаг дарга 2003 онд дээрх шийдвэрийг гаргасан байсныг, чухам аль газрыг ямар гээч бүсэд хамааруулсныг мэдэх боломжгүй, газар олгох хүсэлтээ хууль тогтоомжид заасан ёсоор нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу дүүрэгт гаргасныг нь шийдэж өгснийг дүүргийн зохих алба, албан тушаалтан хууль бус юм хийсэн гэж эргэлзэх, таамаглах боломжгүй бөгөөд дүүргүүд болон нийслэлийн удирдлагын үйл ажиллагаа хоорондоо ийнхүү уялдаагүй байсанд буруугүй, өөрсдийн зүгээс газрын тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй билээ.

2. Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн тэжээлийн мужид хамгаалалтын бүс тогтоосон нийслэлийн Засаг даргын 2003 оны 95 тоот захирамж, уг захирамжид өөрчлөлт оруулсан 2009 оны 95 тоот захирамж нь эрх зүйн хэм хэмжээ тогтоосон захиргааны акт байх тул Хууль зүйн яаманд хянуулан бүртгүүлж, “Хууль зүйн мэдээлэл” эмхтгэлд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр мөрдөгддөг журамтай. /тухайн үед үйлчилж байсан Засгийн газрын 2003 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 8 тоот тогтоол ёсоор/. Гэтэл эдгээр захирамжууд ийнхүү улсын бүртгэлд бүртгэгдэж хэвлэгдээгүй, www.legalinfo.mn албан ёсны сайт дээр “хүчинтэй” болон “хүчингүй” гэсэн аль аль төлөвөөр байхгүй байтал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “захирамжууд хүчингүй болоогүй байгаа” гэж тайлбарлаж байна хэмээн шүүх дүгнэсэн нь буруу юм. Тэгэхлээр хүчин төгөлдөр болоогүй захирамжуудыг зөрчсөн гэж гаргасан 2010 оны 703 тоот захирамж нь мөн хүчин төгөлдөр бус юм.

3. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 95 тоот захирамж хүчин төгөлдөр гэж дүүрэг үзэж байгаа юм бол, дүүргээс олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг уг захирамжийг зөрчсөн гэх үндэслэлээр нийслэл 2010 оны 703 тоот захирамжаар хүчингүй болгосон байтал яагаад дүүргийн Засаг дарга дээд шатныхаа Засаг даргын эдгээр захирамжийг үргэлжлүүлэн зөрчиж, “Эм Ай Ю” дээд сургууль болон иргэн З.Тамирт олгосон байсан газар болон зэргэлдээх газруудыг бусад иргэн, аж ахуйн нэгжүүдэд дахин сэргээн олгож, хугацааг нь сунгаад байгаа нь ойлгомжгүй байна /дүүргээс ийнхүү бусдад газар олгосныг нэр бүхий иргэд, аж ахуйн нэгжүүд ашиглаж байгааг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байгаа/.

4. “Эм Ай Ю” дээд сургууль болон иргэн З.Тамир нь газар эзэмших эрхийн гэрчилгээг 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 5 жилийн хугацаатай аваад үүргээ зохих ёсоор биелүүлж, газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлж ирсэн байдаг. Тэгэхлээр 5 жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээ аваад 2 жил ч болоогүй байхад нь тэдгээрийг хүчингүй болгоод, энэ тухай болон хүчингүй болгосон үндэслэлийг гэрчилгээ эзэмшигчдэд нийслэлийн болон дүүргийн Засаг дарга, газрын албанаас огт мэдэгдээгүй, тэр ч байтугай, газрын төлбөрийг тогтмол төлж байхад нь дүүргийн газрын албанаас зогсоож, илүү төлсөн мөнгийг буцаан олгох талаар мэдэгдэж байгаагүй, харин ч дараа жилийн төлбөрийг шүүхээр нэхэмжилж байсан билээ.

Нийслэлийн Засаг дарга 2010 оны 703 тоот захирамжаар газрын гэрчилгээнүүдийг хүчингүй болгохдоо, үүнээс үүдэн гарах хохирлыг хэрхэхийг мөн шийдэх ёстой байтал энэ асуудлыг орхигдуулсан байх юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 919 тоот шийдвэрийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэлүүдийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянахад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нар нь “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, улмаар 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон З.Тамирын 0211762, “Эм Ай Ю” олон улсын дээд сургуулийн 0171781 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж баталгаажуулан, газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулан гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгах тухай захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах шийдвэр гаргуулах, шинжээчийн дүгнэлтээр гуравдагч этгээд “Сансар дижитал” ХХК-ийн эзэмшил газартай давхцал бүхий 231 м.кв, иргэн З.Тамирын газартай давхацсан 103 м.кв нийт 334 м.кв газрыг хасч тооцох, З.Тамир, “Эм Ай Ю” олон улсын дээд сургуулийн газруудын давхацсан хэсгийг З.Тамирын газарт тооцох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн “шинжээчийн дүгнэлтээр гуравдагч этгээд “Сансар дижитал” ХХК-ийн эзэмшил газартай давхцал бүхий 231 м.кв, иргэн З.Тамирын газартай давхацсан 103 м.кв нийт 334 м.кв газрыг хасч тооцох, З.Тамир, “Эм Ай Ю” олон улсын дээд сургуулийн газруудын давхацсан хэсгийг З.Тамирын газарт тооцох” шаардлагаасаа татгалзжээ.

Хэргийн оролцогч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/656 дугаар захирамжаар “Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүс”-ийг шинэчлэн тогтоох Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталж, Ажлын хэсгийн тайланг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгожээ.

Анхан шатны шүүх дээрх захирамжийн дагуу ажлын хэсгийн дүгнэлт гарсан эсэх талаар лавлагаа авахад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 02 дугаар 08-ны өдрийн 07/425 дугаар албан бичгээр “...ажлын хэсгийн дүгнэлт одоогоор гараагүй бөгөөд гарсан даруй мэдэгдэх болно” гэсэн хариу ирүүлжээ. Үүний дараа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан.

Анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1/7603, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1/7919, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1/8575 дугаар албан бичгүүдээр маргаан бүхий газар нь дээрх 50 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд хамаарч байгаа эсэх талаар лавлагаа ирүүлэхийг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас шаардсан боловч хариу ирээгүй байхад шүүх хэргийн эцэслэн шийдвэрлэжээ.

Түүнчлэн нийслэлийн Засаг даргын 2003 оны 95, 2009 оны 95 дугаар захирамжуудаар “Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүс”-ийг тогтоожээ. Эдгээр захирамжууд нь хуулийн дагуу бүртгэгдэж, хүчин төгөлдөр болсон эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамж нь хуульд нийцэж гарсан эсэхэд шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байх бөгөөд дээрх баримтуудыг хэрэгт нотлох баримтаар авах нь хэргийг нэг мөр, эргэлзээгүйгээр эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1461, 1469 дүгээр захирамжаар Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрыг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан байх бөгөөд шүүхийн шийдвэрт шинжээчийн зардлыг огт шийдвэрлээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 919 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:      

                                    ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

                                    ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР