Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 153

 

З.Т, “Э А Ю” О у-н

дээд сургуулийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга,

Баянзүрх дүүргийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Б.Мөнхтуяа  

                                                    Д.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                            Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:              Г.Гантогтох   

Нэхэмжлэлийн шаардлага: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 тоот захирамжийн хавсралтын иргэн З.Т болон “Э А Ю” О у-н дээд сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/688 дугаар захирамжийн хавсралтын иргэн З.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Э А Ю” О у-н дээд сургууль болон З.Т-ын газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгахыг Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны албанд даалгах тухай захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах, Маргаан бүхий газар дээр “С д” ХХК-д газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0733 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2018/0063 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-ы хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0733 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Усны тухай /2004 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, Ариун цэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай /2002 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э А Ю” О у-н дээд сургууль болон З.Т-ын “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 тоот захирамжийн хавсралтын иргэн З.Т болон “Э А Ю” О у-н дээд сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/688 дугаар захирамжийн хавсралтын иргэн З.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Э А Ю” О у-н дээд сургууль болон З.Т-ын газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгахыг Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны албанд даалгах тухай захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах, Маргаан бүхий газар дээр “С д” ХХК-д газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2018/0063 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0733 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Усны тухай хуулийн /2004 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1.4, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн /2002 оны/ 8 дугаар зүйлийн 8.1, 12 дугаар зүйлийн 12.2, 12.4, 12.5, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан “нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн хавсралтын иргэн З.Т-т холбогдох 87 дахь мөр, “Э А Ю” О у-н дээд сургуульд холбогдох 89 дэх мөрийг хүчингүй болгохыг нийслэлийн Засаг даргад даалгах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/688 дугаар захирамжийн хавсралтын иргэн З.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Э А Ю” О у-н дээд сургууль болон З.Т-ын газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгахыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгах тухай захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах, маргаан бүхий газар дээр “С д” ХХК-д газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Т.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 тоот захирамжийн хавсралтын иргэн З.Т болон “Э А Ю” дээд сургуульд холбогдох мөрүүдийг хүчингүй болгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах, улмаар уг захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг дарга 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасан А/688 тоот захирамжийн хавсралтын иргэн З.Т-т холбогдох мөрийг хүчингүй болгон, иргэн З.Т болон “Э А Ю” дээд сургуулийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж баталгаажуулан, газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулан гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгах тухай захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасан шийдвэрийг шүүхээс гаргуулах тухай нэхэмжлэлүүдийг нэр дурдсан иргэн болон компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие гаргасныг анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд 128/ШШ2017/0733 тоот шийдвэрээр нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хангахгүй орхилоо.

4. Ингээд дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү: Уг хэргийг өмнө нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 221/MA2017/0109 тоот магадлалаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан билээ. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд уг магадлалаар буцаасан үндэслэлүүдийг нягтлалгүйгээр шийдвэр гаргалаа.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд шийдвэрээ гаргахдаа, нийслэлийн Засаг даргын аль 2003 оны 95 тоот, 2009 оны 95 тоот захирамжуудаар Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн тэжээлийн мужид хамгаалалтын бүс тогтоосон байсан гэх үндэслэлээр нийслэлийн Засаг дарга 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 тоот захирамжаар ундны усны эх үүсвэрийн дотоод мужид газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших, ашиглах эрхийг цуцалсан нь хууль ёсны үйлдэл гэж дүгнэлээ.

6. Гэтэл нэхэмжлэгч нарын тухайд, нийслэлийн Засаг дарга 2003, 2009 онд дээрх шийдвэрүүдийг гаргасан байсныг, чухам аль газрыг ямар гээч бүсэд хамааруулсныг мэдэх боломжгүй, газар олгох хүсэлтээ хууль тогтоомжид заасан ёсоор нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу дүүрэгт 2008 оны намар гаргасныг нь шийдэж өгснийг дүүргийн зохих алба, албан тушаалтан хууль бус юм хийсэн гэж эргэлзэх, таамаглах боломжгүй бөгөөд дүүргүүд болон нийслэлийн удирдлагын үйл ажиллагаа хоорондоо ийнхүү уялдаагүй байсанд буруугүй, өөрсдийн зүгээс газрын тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй билээ.

7. Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн тэжээлийн мужид хамгаалалтын бүс тогтоосон нийслэлийн Засаг даргын 2003 оны 95 тоот захирамж, уг захирамжид өөрчлөлт оруулсан 2009 оны 95 тоот захирамж нь эрх зүйн хэм хэмжээ тогтоосон захиргааны акт тул тухайн үед үйлчилж байсан Засгийн газрын 2003 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 8 тоот тогтоол ёсоор Хууль зүйн яаманд хянуулан бүртгүүлж, “Хууль зүйн мэдээлэл” эмхтгэлд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр мөрдөгддөг журамтай. Гэтэл эдгээр захирамжууд ийнхүү улсын бүртгэлд бүртгэгдэж хэвлэгдээгүй, www.legalinfo.mn албан ёсны сайт дээр “хүчинтэй” болон “хүчингүй” гэсэн аль аль төлөвөөр байхгүй байгаа тул хүчин төгөлдөр болоогүй захирамжуудыг зөрчсөн гэж гаргасан 2010 оны 703 тоот захирамж нь мөн хүчин төгөлдөр бус юм.

8. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 тоот тогтоол нь маргаж байх явцад гарсан тул түүнийг буцааж хэрэглэх ёсгүй билээ.

9. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 95 тоот захирамж хүчин төгөлдөр гэж дүүрэг үзэж байгаа юм бол, дүүргээс олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг уг захирамжийг зөрчсөн гэх үндэслэлээр нийслэл 2010 оны 703 тоот захирамжаар хүчингүй болгосон байтал яагаад дүүргийн Засаг дарга дээд шатныхаа Засаг даргын эдгээр захирамжийг үргэлжлүүлэн зөрчиж, “Э А Ю” дээд сургууль болон иргэн З.Т-т олгосон байсан газар болон зэргэлдээх газруудыг бусад иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2012, 2014 онд дахин сэргээн олгож, хугацааг нь сунгаад байгаа нь ойлгомжгүй байна /дүүргээс ийнхүү бусдад газар олгосныг нэр бүхий иргэд, аж ахуйн нэгжүүд ашиглаж байгааг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байгаа/.

10. “Э А Ю” дээд сургууль болон иргэн З.Т нь газар эзэмших эрхийн гэрчилгээг 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 5 жилийн хугацаатай аваад үүргээ зохих ёсоор биелүүлж, газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлж ирсэн байдаг. Тэгэхлээр 5 жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээ аваад 2 жил ч болоогүй байхад нь тэдгээрийг хүчингүй болгоод, энэ тухай болон хүчингүй болгосон үндэслэлийг гэрчилгээ эзэмшигчдэд нийслэлийн болон дүүргийн Засаг дарга, газрын албанаас огт мэдэгдээгүй, тэр ч байтугай, газрын төлбөрийг тогтмол төлж байхад нь дүүргийн газрын албанаас зогсоож, илүү төлсөн мөнгийг буцаан олгох талаар мэдэгдэж байгаагүй, харин ч дараа жилийн төлбөрийг шүүхээр нэхэмжилж байсан билээ.

11. Нийслэлийн Засаг дарга 2010 оны 703 тоот захирамжаар газрын гэрчилгээнүүдийг хүчингүй болгохдоо, үүнээс үүдэн гарах хохирлыг хэрхэхийг мөн шийдэх ёстой байтал энэ асуудлыг орхигдуулсан байх юм.

12. Хоёр шатны шүүхийн зүгээс, маргаантай газрыг өөр газраар солих зэргээр талуудад эвлэрэх боломж олгосонгүйд гомдолтой байна.

13. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0733 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/MA2018/0063 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлүүдийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

14. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн байна.  

15. Анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 275 дугаар захирамжаар иргэн Б.Н-т 30000 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар амралт, сувиллын зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон дээрх газраас тус дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, эрхийн гэрчилгээг шилжүүлэх, эрх олгох, газар эзэмших зориулалт, талбайг өөрчлөх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 324 дүгээр захирамжийн дагуу “Э А Ю” О у-н дээд сургуульд 10000 м.кв газрыг, иргэн З.Т-т 20000 м.кв газрыг тус бүр 5 жилийн хугацаатай, амралт, сургалтын зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

16. “Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн тэжээлийн мужид хамгаалалтын бүс тогтоох тухай” холбогдох байгууллага, албан тушаалтны шийдвэр гарч уул шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор ундны усны тэжээлийн дотоод мужтай давхцал үүсгэж нэхэмжлэгч нарт газар шилжүүлэн эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 324 дүгээр захирамжийг маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг хүчингүй болгох тухай” 703 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч нарын шаардлагаар хүчингүй болгох хууль зүйн боломжгүй байна.

17. Учир нь Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, ...өөрчлөх буюу хүчингүй болгоно”, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан бөгөөд хариуцагч хуульд заасан энэхүү эрхээ хэрэгжүүлсэн, нөгөөтэйгүүр Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т “хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан бодлого, шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” бүрэн эрхийн хүрээнд нийтийн эрх ашгийг хамгаалж гаргасан шийдвэр болно.

18. Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн тэжээлийн гадаад болон дотоод мужийн хамгаалалтын бүсийг тухайлан тогтоож, дотоод мужид   иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байхыг дүүргийн засаг нарт даалгасан хуульд нийцсэн дээд шатны Засаг даргын шийдвэр хүчинтэй байхад тухайн бүсэд газар эзэмшүүлэхийг шүүхээс даалгаж шийдвэр гаргах эрх зүйн үндэслэлгүй, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/688 дугаар захирамжийн хавсралтын иргэн З.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Э А Ю” О у-н дээд сургууль болон З.Т-ын газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгахыг Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны албанд даалгах тухай захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхүүд  үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгожээ.

19. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Нийслэл нь Улсын Их Хурлаас баталсан хилийн цэс бүхий нутаг дэвсгэртэй байх бөгөөд түүний дотор хотын эдэлбэр газар байна.” гэж заасан байна. Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч буюу нийтийн өмч бөгөөд тухайн тохиолдолд өөрийн өмчлөлийн эдэлбэр газарт хамаарах нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг хангуулах, хот суурины хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах зорилгоор тухайлан бүс тогтоосон  Нийслэлийн Засаг даргын  “Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн тэжээлийн тужид хамгаалалтын бүс тогтоох тухай” 2003 оны 95, 2009 оны “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 95 дугаар захирамжууд нь ижил тохиолдолд дахин давтан хэрэглэгддэг, бусдад эрх зүйн  нэгэн адил үйлчлэлтэй нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан захиргааны акт биш, өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын хуулиар олгогдсон өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар тухайн салбарын болон тодорхой нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэх заалт бүхий эрх зүйн хэм хэмжээ тогтоосон баримт бичигт хамаарахгүй болно.

20. Иймд дээрх захиргааны актыг “Хууль зүйн яаманд хянуулж бүртгүүлээгүй, улсын бүртгэлд бүртгэгдэж хэвлэгдээгүй хүчин төгөлдөр болоогүй хэм хэмжээ тогтоосон захиргааны актыг үндэслэн гарсан Нийслэлийн Засаг даргын 2010 оны  703 дугаар захирамж мөн хүчин төгөлдөр бус” гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

21. Тиймээс, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль хэрэглээний болон орхигдуулсан алдааг зөвтгөж шийдсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2018/0063 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН