Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2021/02797

 

 

 

 

 

 

 

 

 

  2021          09           22

                   101/ШШ2021/02797

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                  

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: А ХХК нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Б.У холбогдох

 

            2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2019/10 дугаартай “Тээврийн хэрэгсэл түрээсийн гэрээ”-г цуцалж, учирсан хохиролд 28,590,350 төгрөг гаргуулах,

            Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй, экскаватор эвдэж гэмтээсний хохиролд 85,737,335.38 төгрөг, ковшийн түрээсийн төлбөрт 102,000,000 төгрөг, нийт 187,737,335.38 төгрөг гаргуулах, түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн ковшийг буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа, Д.Замбага-Эрдэнэ, хариуцагч Б.У, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ганзориг, Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч “А” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа, Д.Замбага-Эрдэнэ нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани хариуцагч Б.Ун эксковатор, ковш түрээслүүлнэ гэсний дагуу 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Их Үүсгэл” ХХК-ийн хашаанд байрлах 2007 онд үйлдвэрлэгдсэн ******* R924B маркийн эксковаторыг Б.Ун хамт очиж үзсэн. Үзэхэд тус эсковатор нь зэвэнд идэгдсэн, энд тэндээс нь тос шингэн ихээр гоожсон, байвал зохих бүх төрлийн тос, масло, тосол, шингэн байхгүй, шүүр филтерүүд бохирдсон, будаг нь гандаж халцарсан, удаан хугацаагаар гадаа зогссон байдалтай байсан. Бид уг техникийг асааж үзэх гэтэл аккумлятор нь байхгүй байсан тул шинээр 2 ширхэг аккумлятор, богино холбоосыг худалдаж авчирч асаасан. Гэтэл тус техникийг анх үзэж 5 минутаас илүүгүй хугацаанд асаахад хүч алдаад шууд унтарч байсан. Б.У бидэнд хэлэхдээ “тус техник 2 жил зогссон, бүрэн үйлчилгээ хийж бүх шүүлтүүрийг сольсон, 6 сард засвар хийгээд тавьчихаад ажилд гаргаагүй тэр чигтээ байгаа та нар зөвхөн тос масло сольчиход асуудалгүй” гэж хэлсэн тул бид ерөнхий үзлэг хийж тос тосоолыг нь хийвэл оношилгоонд орсон техник гэсэн тул гайгүй ажиллана байх гэж итгэсэн. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 09-ний өглөө Б.Утай ярьж шаардлагатай тос маслыг нь хийж ажиллуулж үзье хүрээд ирээч гэтэл Б.У “надад мөнгө байхгүй, завгүй байна та нар өөрсдийнхөө зардлаар хийчих, авах юмнуудаа танайх авчих тэгээд дараа сарын түрээсийн төлбөрөөс авсан бүх юмыг чинь суутгаж тооцьё” гэсэн тул бид Моннис Либхерр засвар үйлчилгээний газраас шаардлагатай тос масло, сэлбэг хэрэгсэлүүдийг худалдан авч засвар үйлчилгээ хийсэн. Тухайн үед тус техник засвар үйлчилгээ хийсний дараа богино хугацаанд хэвийн ажиллаж байсан тул бид маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 10-нд Хэнтий аймгийн Батноров сумын Ухаа Овоотын уурхайн руу ачиж явхаар болсон. Засвар хийж байх үедээ Б.Утай бид байнга утсаар холбогдож хийж байгаа зүйлийн талаар viber-p /зургаар/ танилцуулж зөвлөмж авч байсан. Б.Уг ирж эксковатороо акт үйлдэж хүлээлгэж өгөх шаардлагатайг хэлэхэд “Би энэ техникүүдийг яаж хүлээлгэж өгөх, юу гэж бичих талаар мэдэхгүйш дээ, надад хүлээлгэж өгөх техникийн мэдлэгтэй хүн олдохгүй байна”, хэдүүлээ тэгээд үзэж харсанаараа ямар нэгэн юм бичсэн болоод л хүлээлцчихье л дээ, чи зүгээр мөнгөө шилжүүлчихээ тэгээд хоорондоо учраа олоод болох л байлгүй гээд техникүүдийнхээ түлхүүрийг бидэнд өгөөд явсан. Маргааш нь бид нэгэнт төлбөрөө бүрэн төлчихсөн байсан учир Б.Уг дуудаж техникээ хүлээлцэж, хоорондоо хийсэн түрээсийн гэрээний нэг хувиа авья гэхэд “Би ажилтай байна завгүй байна, эсвэл хүүхэд харах хүнгүй байна” гэх мэтчилэн шалтаг тоочиж ирэхгүй байсан. Тийм учраас бид тухайн үеийн техникийн байдлыг зураг бичлэг хийн баримтжуулж авсан. Бид ачиж явах тээврийн хөлсийг төлж ачилт хийх цаг хугацааг тохирсон байсан тул зайлшгүй яаралтай ачих хэрэгтэй байгаа талаар Б.Уд хэлсэн. Тэгэхэд мөн л дээрх шалтаг шалтгаанаа хэлж ирэхгүй байсаар шөнө болсон. Бид экскаваторыг эхэлж ачаад цааш явж Шувуун фабрикаас дахин нэг техникийг авах байсан тул аргагүйн эрхэнд ачиж аваад хөдөлсөн. Тэгээд шөнө болсон тул харанхуйд ачихад хүндрэлтэй байсан тул маргааш өглөө нь үргэлжлүүлж ачаад буюу 2019 оны 10 дугаар сарын 10-ны өглөө хөдөлсөн. Энэ үед Б.Уд бас дахин ярьж мэдэгдэхэд тэрээр өөрөө ирээгүй бөгөөд техникүүдээ аччихсан уу л гэхээс өөр зүйл хэлээгүй. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манай компани Хэнтий аймгийн Батноров сумын Ухаа Овоотын уурхайн нээлтээ хийж үйл ажиллагаа эхэлж техникүүдээ буулган үзлэг шалгалт хийж ажилд гаргахад бэлдсэн. Ажил эхлэхээс өмнө тус эксковаторт шаардлагатай тос маслыг хийж 20 минут нормалдаж ажиглалт хийж бусад зүйлсээ шалгаж дуусаад ажил эхлүүлсэн. Ажил эхлээд 1 цаг орчим болж байхад тус эксковаторын хянах самбарт хөдөлгүүрийн улаан гэрэл ассан тул тэр даруй оператор хөдөлгүүрийг унтрааж шалгасан. Шалгахад тос масло нь холилдсон байсан ба кришкний жийргэвч алдсан юм уу эсхүл мотороо сольсон гэж байсан гэсэн тул дутуу боосон байх магадлалтай байсан. Энэ тухай нэн даруй Б.Уд болж буй үйл явдлыг мэдэгдэж танилцуулж байсан. Тэгэхэд Б.У “Одоо тэгвэл ачаад аваад ирээч тэгээд юу нь болохгүй яаралтай засуулж өгье, тэгээд асуудлаа шийдье. Та хэд наад техникээ авч ирээд Моннис Либхеррийн засварын газрын хашаанд буулгаад өгөөч” гэсэн. Ингээд бид тус техникт Б.Уас зөвшөөрөл авч бүх тос масло тосолыг нь асган дахин шинээр хийж Хэнтий аймгаас Улаанбаатар руу тээвэрлэж Моннис Либхеррийн засварын газрын хашаанд 2019 оны 10 дугаар сарын 12-нд буулгасан. Буулгах үед Б.Уг ирж акт үйлдэж хүлээж ав гэхэд "би хүүхэдтэй хоёулахнаа байна очиж чадахгүй байна, Моннисийн н.Энхболд гэдэг хүн харуулд нь хэлсэн байгаа оруулаад тавьчих" гэсэн. Ингэж оруулах үед тухайн техник зүгээр өөрөө асч трейлер дээрээс өөрөө ямар нэгэн асуудалгүй буусан. Энэ үед хангалттай зураг бичлэг хийн Б.Уд илгээж техникийг авчирч тавь гэсэн газарт ямар нэгэн асуудалгүй тавьж үлдээлээ гэдгийг мэдэгдсэн. Ингээд эксковаторыг Моннисийн хашаанд буулгасны дараа тус техникийг засаж янзлуулж дуустал хүлээх хугацаа бидэнд байхгүй байсан тул Б.Утай хийсэн түрээсийн гэрээгээ цуцлах эсхүл түрээсэлж буй ковшийнхоо дараагийн түрээсийн төлбөрт эксковаторын түрээсэнд төлсөн 15,000,000 төгрөг ба бусад зардалаа шилжүүлээд тооцьё гэсэн саналыг бид ярилцаж байсан юм. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 14-нд Б.У хэлсэн ярьсанаасаа буцан ямар нэг байдлаар манай операторын буруугаас болсон гэж биднийг буруутгаж эхэлсэн. Бид анх Б.Уд акт үйлдэж хүлээлгэж өгөх хэрэгтэйг сануулж байхад завгүй гэх шалтгаанаар бидэнд өөрөө хүлээлгэж өгөөгүй. Мөн бид нар анхнаасаа видео бичлэгийг хийж, өөрт нь тухай бүр болж байгаа үйл явдалыг дор дор нь мэдээлж байсан. 1 цаг ажиллахгүй техникийг бидэнд түрээсэлж мөнгөө бүтэн авчихаад одоо биднийг буруутгаж суух нь шударга бус юм. Хариуцагч Б.Ун энэхүү хариуцлагагүй байдлаас болж бид дахин эксковатор хайж түрээслэх гэж цаг хугацаа, эдийн засгаараа хохирч, эцэст нь хүүхдээ сургууль, цэцэрлэгт зөөдөг өөрийн болон эхнэрийнхээ машиныг хүртэл барьцаалж, хүүтэй мөнгө зээлж дахин өөр экскаватор авахад хүрсэн. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс манай компанийн Хэнтий аймгийн Батноров сумын Ухаа Овоотын уурхай нээлтээ хийж үйл ажиллагаа эхэлсэн. Гэтэл тус эксковаторын ажил зогссоноос шалтгаалж ажилчдыг хий цалинжуулахаас эхлээд эдийн засгийн хүнд нөхцөл байдалд оруулаад байна. Хэрэв хариуцагч Б.Ун түрээслүүлсэн тус эксковатор хэвийн ажиллаж байсан бол бидэнд ийм хохирол учрахгүй байсан юм.

... Ингээд Б.Уд хэрхэх талаар лавлатал “Танай опериатор миний техникийг эвдсэн” гэх зэргээр ерөөсөө халгаагүй, албан ёсны диллер “Моннис” ХХК-ийн дүгнэлтийг хүртэл хүлээн зөвшөөрөөгүй тул аргагүй эрхэнд тус шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хандсан билээ.

Ковшийн тухайд: 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээгээр ******* арлын дугаартай улсын дугаар аваагүй ковш шилжүүлж авсан. Улмаар улсын дугаар болон үзлэг оношлогоо хамрагдаагүй тул төрийн байгуулага, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа ашиглаж болохгүй гэдгийг тухайн үед Б.Уд хэлэхэд “арлын дугаар зөрүүтэй байгаа засуулаад гэрчилгээ аваад хойноос чинь эксоваторын бичиг баримттай хамт явуулна” гэж хэлээд өгөөгүй. Бид анх гэрээ цуцлагдсан тул шилжүүлэн авсан төлбөрөө өгөөд ковшоо ав гэж уурандаа хэлж байсан ч ковшыг буцааж өгөхөөр 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод өөрсдийн зардлаар тээвэрлэн ирж шүүхээр асуудлаа шийдвэрлүүлж байгаа тул ковшоо ав гэж зөндөө хэлсэн. Гэтэл хариуцагч нь ковшоо авахгүй мөртлөө шууд л гадагшаа гараад явсан, арга буюу шүүхээр хаашаа хэзээ явсныг нь мэдсэн. Энэ хооронд итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь солигдоод өдийг хүрсэн бөгөөд шүүхэд өгсөн төлөөлөгчийн итгэмжлэл нь зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл байсан тул арга буюу нэг сарын 250,000 төгрөгөөр зогсоолд байршуулсан.

Сэлбэг хэрэгсэлд зарцуулсан зардалууд: ******* R924B маркийн эксковаторын түрээсийн төлбөр 15,000,000 төгрөг, тээврийн зардал /Улаанбаатараас Хэнтий аймаг руу/ ачсан 3,800,000 төгрөг, тээврийн зардал /Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу ачсан 3,000,000 төгрөг, аккумлятор 2 ширхэг /1 ширхэг 290,000 төгрөг/ нийт 580,000 төгрөг, аккумлятор 2 ширхэг /1 ширхэг 290,000 төгрөг/ нийт 580,000 төгрөг, гидрийн шингэн kixx HD 46, 2 ширхэг /1 ширхэг 80,000 төгрөг/ нийт 160,000 төгрөг, гидрийн шингэн 2 ширхэг /1 ширхэг 90,000 төгрөг/ нийт 180,000 төгрөг, богино холбоос 10,000 төгрөг, келем толгой 2 ширхэг /1 ширхэг 2500 төгрөг / нийт 5,000 төгрөг, 100 литр түлш 250,000 төгрөг /н.Батцоожын машинаас авч хийсэн тул дансруу нь хийсэн/, “Моннис сервис саппорт” ХХК эсковаторын сэлбэг 1,009,084. 57 төгрөг, гидрийн шингэн kixx HD 46 2 ширхэг /1 ширхэг 80,000 төгрөг/ нийт 160,000 төгрөг, сангийн цагаан, гал хамгаалагч, машлак, дорцов дүлхүүр нийт 120,000 төгрөг, 24 литр тос нийт 132,000 төгрөг, doosan 10 W 40 хөдөлгүүрийн тос 4 ширхэг /1 ширхэг 120,000 төгрөг/ нийт 480,000 төгрөг, тосол 30 литр 2 ширхэг /1 ширхэг 75,000 төгрөг/ нийт 150,000 төгрөг, тосол 20 литр 1 ширхэг 50,000 төгрөг, товуд 2 ширхэг /1 ширхэг 75,000 төгрөг/ нийт 150,000 төгрөг, зэв арилгагч 2 ширхэг /1 ширхэг 3000 төгрөг/ нийт 6,000 төгрөг, нийт 25,822,085 төгрөг болж байна. Ажилчдын сул зогссон цалин /Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасны дагуу үндсэн цалингийн 60 хувийг 5 хоногоор тооцоолов/. Үүнд: Экскавотрын опероторын цалин /Үндсэн цалин 2,500,000 төгрөг/ 340,909 төгрөг, /Сарын үндсэн цалин 2,500,000 төгрөг, 60 хувь нь 1,500,000 төгрөг, ажлын 22 хоногт хуваагаад өдрийн 61,182 төгрөг, ажлын 5 хоногт үржүүлэхэд 340,909 төгрөг/, ковшны оператор /үндсэн цалин 2,500,000 төгрөг/ 340,909 төгрөг, уурхайн даргын цалин /үндсэн цалин 2,700,000 төгрөг/ 368,181 төгрөг, тогоочийн цалин /үндсэн цалин 1,000,000 төгрөг/ 136,363 төгрөг, туслах ажилтан /үндсэн цалин 1,000,000 төгрөг/ 136,363 төгрөг, туслах ажилтан /үндсэн цалин 1,000,000 төгрөг/ 136,363 төгрөг, орчуулагчийн цалин /үндсэн цалин 2,000,000 төгрөг/ 272,727 төгрөг, уулын инженер, өрмийн мастер /үндсэн цалин 20,000 юань, юанийг 380 төгрөгөөр бодов/ 1,036,450 төгрөг, нийт 2,768,265 төгрөг болж байна.

Иймд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Тээврийн хэрэгсэл түрээслүүлэх гэрээг цуцалж, эксковатор, ковшийн түрээсэнд төлсөн 15,000,000 төгрөг, эксковаторын тос, тосолгоо сэлбэг хэрэгсэлд зарцуулсан 25,822,085 төгрөг, ажилчдын сул зогссон цалин хөлсөнд 2,768,265 төгрөг, нийт 28,590,350 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч Б.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ******* арлын дугаартай, Liebherr маркийн ковш, ******* арлын дугаартай, ******* УБ улсын дугаартай Liebherr маркийн экскаваторыг тус тус өмчилдөг билээ. Эдгээр тээврийн хэрэгсэлүүд буюу экскаватороо 12,000,000 төгрөг, ковшоо 8,000,000 төгрөгөөр түрээслүүлэх зарыг unegui.mn газруудад зар байршуулаад байсан юм. Улмаар 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн үеэр “А” ХХК-ийн захирал Д.Зминий тавьсан зарын дагуу ярьж Liebherr 924 экскаватор, Liebherr 524 ковшуудыг худалдан авахаар сонирхож байгаагаа, мөн бартераар худалдах эсэх талаар асуусан юм. Тухайн үед нь бэлэн мөнгөөр худалдах бодолтой байгаагаа илэрхийлсэн. Дараа нь надад байгаа бусад техник, хэрэгсэлүүдийг сонирхож, тэдгээрийн байгаа газар нь очиж үзэх санал тавьсны дагуу байгаа газар нь очиж үзүүлсэн. Тэрээр миний өмчлөлийн ковш болон экскаваорыг ихэд сонирхож, эхлээд худалдаж авах талаар, дараа нь түрээслэх талаар олон удаа ярьсан ч ямар нэг шийдэлд хүрээгүй. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр надруу ярьж, экскаваторыг Porsche Cayenne маркийн автомашинаар солих уу, эсвэл түрээслүүлэх үү гэж асуусан. Тэгэхэд нь би ийм үнэтэй машин надад хэрэггүй, харин би өөрт чинь хувь лизингээр худалдая, гэхдээ эхний 3 сард түрээсийн гэрээ хийгээд, харин гэрээний хугацаанд эсвэл гэрээний төгсгөлд худалдаж авахаар шийдвэл би түрээсийн үнэд авсан мөнгөнийхөө 80 хувийг худалдан авах үнэд нь оруулан тооцож зарах саналтай байгаагаа хэлсэн. Тэгэхэд Д.Зүүнийг зөвшөөрсөн боловч мөнгө боломж муу, бизнес дөнгөж эхэлж байна түрээсийн үнээ бууруулаач гэхэд нь 2 техникийг нийтэд нь 20,000,000 төгрөгөөр түрээслүүлэх байсан боловч 15,000,000 төгрөгөөр, барьцаа баталгаагүйгээр түрээслүүлэхээр гэрээ хийхээр болсон. Улмаар 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бичгээр гэрээгээ бэлдээд 2 талаасаа “Ю Би Эйч” Центр дэх нотариат дээр уулзаж гарын үсгүүдээ зурж баталгаажуулсан. Нотариатаар гэрчлүүлэхээр ТБД андуудад байрлах нотариат орох гэтэл нотариатч нь гадагш түр ажил гарсан гэсэн тул Д.З2 хувь гэрээг хоёуланг нь надад үлдээгээд өөрөө тээврийн хэрэгслүүдэд дутуу зүйлсийг нь Моннисоос асуухаар явсан юм. Ийнхүү өнөөдрийг хүртэл гэрээ нь надад эх хувиараа яваа ба гэрээгээ авахуу гэхэд гарын үсгээ зурчихсан юм чинь асуудалгүй дээ, чамд байж байг, би тэгэж байгаад авна гэснээр өнөөдрийг хүртэл аваагүй юм. Тэрнээс миний бие түүнд гэрээний хувийг өгөхгүй, цааргалаад байсан зүйл огт байхгүй. Үүний дараа бид экскаватор байгаа газар буюу “Монгол газар” ХХК-ийн байранд дахин уулзсан. Тэр үед Д.Зтай хамт нэг хүн ирсэн бөгөөд би өөрийн механикчийн туслах Петрийн хамт байсан. Дараа нь морин даваанд байсан ковшийг Д.Зтай хамт ирсэн хүн нь шалгасан болно. Д.Зболон түүнтэй хамт ирсэн хүн нь тээврийн хэрэгсэлийг өөрсдөө асааж, жолоодлого хийж үзсэн. Тээврийн хэрэгсэлийг шалгаж ажиллуулж байх үеийн бичлэгийг би өөрийн утсан дээр видеогоор бичиж авсан ба үүнийгээ СД дээр буулган нотлох баримтаар хүргүүлж байна. Д.Здутуу байгаа тос, масло, аккумляторыг өөрөө хийсэн бөгөөд төлбөрийг нь гэрээнд заасны дагуу дараа сарын түрээсийн төлбөрөөс суутгахаар тохирсон юм. Д.Знь тэр өдрийнхөө орой нь техникийг ачиж явъя гэсэн ч манай механикчийн туслах Петр болон тэдний хүн хоёр өглөө эрт, гэрэлтэйд аваад явсан нь дээр гэж зөвлөсөн. Тэр өдөр Д.Знадаас тээврийн хэрэгслүүдийн түлхүүрийг өгөхийг хүсч, авч явахыг хүссэн ч миний бие тээврийн хэрэгсэлийг хүлээлцэж, акт үйлдэж гарын үсэг зураагүй, мөн тээврийн хэрэгсэлийн эхний сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй байсан тул түлхүүр өгөх боломжгүй гэдгээ хэлсэн. Улмаар маргааш өглөө нь Д.Знадад 15,000,000 төгрөг шилжүүлэн өгөөд тээврийн хэрэгсэлүүдийн түлхүүрийг нь авч явсан юм. Надад хэлэхдээ техникүүдийн дутуу зүйлийг бэлдүүлээд ачаад байж байя гэж байсан. Гэтэл тэр өдрөө надруу огт яриагүй. Миний бие гадуур хөөцөлдөх ажилтай байсан тул ярих ч завдал гараагүй. Гарахдаа над руу ярих байх гээд хүлээж байсан ба яриагүй болохоор нь тээврийн хэрэгслүүдийг ачиж яваагүй гэж ойлгож байсан. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр надад тээврийн хэрэгсэлийг ачаад явсан талаар хэлж, зургуудийг миний Viber -аар явуулсан байсан. Өөрсдөө өмнөх өдөр нь шалгаад, асааж, жолоодлого хийж үзсэн, мөн нэгэнт ачаад явчихсан учраас тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн акт үйлдээгүй. Миний хувьд хэвийн ажиллаж байсан тээврийн хэрэгслүүдийг Д.Зт өгсөн. Тэрээр өөрөө биечлэн тээврийн хэрэгслүүдийг шалган, асааж, жолоодлого хийж үзсэн, түүнтэй хамт ирсэн хүн ч энэ талаар мэдэж байгаа. Тээврийн хэрэгслүүд хэвийн ажиллаж байсан тул Д.Завч явахыг зөвшөөрч, өөрийн үйл ажиллагаа явуулж буй газар луугаа ачаад явсан болно. Харин маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 16 цаг 30 минутын үед залгаад улаан гэрэл асаад хонх дуугараад байна гэж хэлсэн. Би гадаадад байсан засварчин руугаа яриад асуутал хэд хэдэн зүйл шалгуулж асуулгаж, ямар гэмтэл учруулсан нь тодорхойгүй байсан тул Улаанбаатар хотод авчирж Leibherr маркийн том оврын тээврийн хэрэгсэлийн засварын төв болох Моннист авчирч үзүүлье гэж хэлсэн бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 12-ны орой хотод авчирсан. Улмаар моннисийн засварчинтай уулзаад шинжилгээнд оруулахаар болсон бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн өглөө Моннис дээр очиж задлан, оношлож өгөх хүсэлт тавьсан. Харин Моннисийн засварчид тээврийн хэрэгсэлийг задалж, оношлогоо хийх үед “А” ХХК-ийг төлөөлөх хүнийг хамт байлцуулахыг хүссэн. Ингээд тээврийн хэрэгсэлийг задалж, оношлогоо хийлгэсэн. Нэгэнтээ миний бие “А” ХХК-ийн захирал Д.Зт гэрээний дагуу бүрэн бүтэн, хэвийн байдлаар ажиллах боломжтой тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн. Тэрээр өөрөө тээврийн хэрэгслүүдийг нь газар дээр нь ажиллуулж үзээд, дараа нь үйл ажиллагаа явуулж байгаа газар луугаа авч явсан. Хэрэв үнэхээр ажиллах боломжгүй, эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгсэл байсан бол тухайн үед нь Д.Зтүрээсийн гэрээ байгуулахаар санал тавих, энэ талаар тохиролцох шаардлагагүй байсан. Тээврийн хэрэгслүүд бүрэн бүтэн байсан нь түүний тээврийн хэрэгсэлийг байгаа газраас нь ачаад явснаар нотлогдоно.

Миний бие “А” ХХК-ийн зүгээс хүсэлт тавьсаны дагуу экскаварыг сарын 9,000,000 төгрөгөөр, ковшийг сарын 6,000,000 төгрөгөөр түрээслэхээр 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2019/10 тоот “Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-г байгуулсан. Би түрээслэгчид бүрэн бүтэн, ямар нэгэн доголдол гэмтэлгүй тээврийн хэрэгслүүдийг хүлээлгэж өгсөн, түүнийг түрээслэгч болох Д.Зөөрөө болон өөрийн механикийн хамт ирж үзэн шалгаад ямар нэгэн асуудал байхгүй байсан тул өөрөө хүлээж авсан. Мөн шаардлагатай тос, тосолгоо болон бусад үйлчилгээг хийлгээд авч явж байгаа, түүний зардлыг дараа сарын төлбөрөөс хасаж тооцох тухайгаа надад хэлснийг нь би зөвшөөрсөн. Талуудын хооронд байгуулагдсан “Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх”-ний 7 дугаар зүйлд түрээслэгч талын хүлээх үүргүүдийг тодорхой зохицуулсан 7.1-д “Түрээсээр хүлээн авсан тээврийн хэрэгсэл бүрийн техникийн бүтэн байдал, хамгаалалт, аюулгүй ажиллагааны талаарх асуудлыг бүрэн хариуцна” гэж заасан байна. Түрээслэгчийн зүгээс тээврийн хэрэгслүүдийг шалгаж, эвдрэл доголдолгүй болохыг хүлээн зөвшөөрч, хүлээн авсан тул гэрээний дээрх заалтын дагуу техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангах учиртай. Техникүүдийг надаас хүлээн авснаас хойш ямар байдалтайгаар, хэрхэн яаж ашигласныг би мэдэхгүй, харин удаа дараагийн шинжээч нарын дүгнэлтээс харвал экскаваторын хянах самбар дээр анхааруулах улаан гэрэл ассаар байхад зогсоох арга хэмжээг авалгүйгээр үргэлжлүүлэн ажиллуулж, моторыг халааж эвдсэн байна. Түүнчлэн гэрээний 7.8-д заасны дагуу түрээслэгчийн зүгээс “Тээврийн хэрэгсэлд оношлогоо, хариуцлагын болон эд хөрөнгийн даатгал хийлгэх ба даатгал хийлгээгүйн улмаас учирсан бүх хохирлыг түрээслүүлэгч талд бүрэн барагдуулах” үүрэгтэй талаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл дээр дурдсанчлан түрээслэгч техникүүдийг зүй бусаар ашигласантай холбоотойгоор эвдрэл, гэмтэл үүсэж энэ мэтчилэн маргаан гарахаас сэргийлж энэхүү зохицуулалтыг тусгаж, талууд харилцан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэтэл түрээслэгч энэ үүргээ биелүүлээгүй, даатгал хийлгэлгүй техникүүдийг зүй бусаар ашигласнаас үүдэн миний өмчлөлийн экскаваторт эвдрэн их хэмжээгээр хохирол учирснаас гадна одоог болтол ковшоо эргүүлэн авч, ашиглаж чадахгүй хохирсоор байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.У шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие Б.У ******* арлын дугаартай, Liebherr маркийн ковш, ******* арлын дугаартай, ******* УБ улсын дугаартай Liebherr маркийн экскаваторын хууль ёсны өмчлөгч билээ. Эдгээр тээврийн хэрэгслүүд буюу экскаватороо нэг сарын 12,000,000 төгрөг, ковшоо 8,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр зар байршуулаад байсан юм. Улмаар зарын дагуу “А” ХХК-ийн захирал Д.З2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн үеэр холбогдож дээрх хоёр тээврийн хэрэгслүүдийг худалдаж авах сонирхолтой байгаа, бартераар худалдах сонирхолтой эсэх талаар надаас асуусан. Тухайн үед бэлэн мөнгөөр худалдах сонирхолтой байсан бөгөөд Д.Зэхлээд худалдаж авах талаар, дараа нь түрээслэх талаар ярилцаж байсан боловч шийдэлд хүрээгүй. Үүний дараа 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Д.Здахин над руу холбогдож. Экскаваторыг Porshce Cayenne машинаар солих уу, эсвэл түрээслүүлэх үү гэж асуусан. Тэгэхэд нь би ийм үнэтэй машин надад хэрэггүй, харин би өөрт чинь хувь лизингээр худалдъя, гэхдээ эхний 3 сард түрээсийн гэрээ хийгээд, харин гэрээний хугацаанд эсвэл гэрээний төгсгөлд худалдаж авахаар харилцан тохиролцсон тохиолдолд би түрээсийн үнэд авсан мөнгөнийхөө 80 хувийг худалдан авах үнэд нь оруулж болох юм гэж хэлсэн. Тэгэхэд хариуцагч үүнийг зөвшөөрсөн боловч мөнгө боломж муу, бизнес дөнгөж эхэлж байгаа учраас түрээсийн үнийг бууруулахыг надаас хүссэн. Д.Зын тээврийн хэрэгслүүдийг худалдан авах сонирхол, түүний санхүүгийн байдлын талаарх хүсэлтийг харгалзан үзэж, түүнээс ямар нэгэн барьцаа хөрөнгө, мөнгө авахгүйгээр нийтдээ 20,000,000 төгрөгөөр түрээслүүлэх байсан 2 тээврийн хэрэгслийнхээ үнийг бууруулан экскаварыг 9,000,000 төгрөг, ковшийг 6,000,000 төгрөг гэж үнэлэн нийтдээ 15,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2019/10 тоот “Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-г байгуулсан. Үүний дараа экскаватор байрлаж байсан “Монгол Газар” ХХК-ийн байранд би өөрийн механикч Петрийн хамт, харин Д.Зөөрийн хүний хамт ирж үзсэн бөгөөд дараа нь морин даваанд байсан ковшийг шалгаж үзсэн. Д.Зболон түүнтэй хамт ирсэн хүн тээврийн хэрэгслүүдийг асааж, жолоодлого хийн шалгаж үзэн ямар нэгэн асуудалгүй, доголдолгүй болохыг зөвшөөрсөн. Тэр өдрөө Д.Зуг тээврийн хэрэгслүүдийг ачиж явахыг хүссэн боловч төлбөр мөнгөө төлөөгүй, дээрээс нь орой болсон тул маргааш өдрийн цагаар авч явахыг манай механикч болон Д.Зыг дагаж ирсэн хүн зөвлөсөн. Ингээд маргааш нь түрээсийн гэрээний нэг сарын төлбөр болох 15,000,000 төгрөгийг над руу шилжүүлсэн тул тээврийн хэрэгслүүдийн түлхүүрүүдийг хүлээлгэж өгсөн бөгөөд тус тээврийн хэрэгслүүдэд шаардлагатай зүйлсийг бэлдээд байж байя гэсэн боловч тэр өдөр над руу эргэж утсаар холбогдоогүй. Харин маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 10-өдөр Д.Знад руу холбогдож, тээврийн хэрэгслүүдийг ачаад явсан талаар хэлж, зургуудыг VIBER-aap илгээсэн. Тодруулбал, би түрээслэгчид бүрэн бүтэн, ямар нэгэн доголдол гэмтэлгүй тээврийн хэрэгслүүдийг хүлээлгэж өгсөн, түүнийг түрээслэгч болох Д.Зөөрөө болон өөрийн механикийн хамт ирж үзэн шалгаад ямар нэгэн асуудал байхгүй байсан тул өөрөө хүлээж авсан. Мөн шаардлагатай тос, тосолгоо болон бусад үйлчилгээг хийлгээд авч явж байгаа, түүний зардлыг дараа сарын төлбөрөөс хасаж тооцох тухайгаа надад хэлснийг нь би зөвшөөрсөн. Харин өнөөдрийн байдлаар түрээслэгч “А” ХХК нь дараах үүргийг миний өмнө хүлээгээд байна.

Үүнд: Экскаватор эвдэж гэмтээсэнтэй холбоотойгоор: 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг 30 минутын үед над руу түрээслэгч залган улаан гэрэл асаад байна гэж хэлсний дагуу би гадаадад байдаг өөрийн засварчин руугаа холбогдож асуухад түрээслэгч экскаваторыг моторын хөргүүрийн шингэнгүйгээр /тосол/ хэт удаан асаасны улмаас мотор нь эвдэрсэн байж болзошгүй яаралтай мэргэжлийн засварчинд үзүүлэхийг зөвлөсөн. Үүний дараагаар эвдрэл гэмтлийг нэн даруй тодруулахаар Улаанбаатар хотод байрлах Моннис мотор луу экскаваторыг ачиж авчран оношлуулсан. “Моннис мотторс”-оос гаргасан засвар үйлчилгээний тайландаа “Oil cooler-ийн чангалгаа шаардлагын хэмжээнд хүрээгүй нь улмаас хөргөлтийн шингэн тос орж холилдсон мөн ажиллагааны явцад хөдөлгүүр тос хөргөлтийн шингэн рүүгээ орсон нь дээрх эвдрэлийн шалтгаан болсон” гэж дүгнэсэн байна. Түрээслэгч өөрийн механикийн хамт мөн манай механикчийг байлцуулан экскаваторыг түрээслэхээсээ өмнө асааж, шалгаж үзэн, ямар нэгэн эвдрэл гэмтэл, доголдол байхгүй тул хүлээж авсан байдаг. Гэтэл үүний дараа тийнхүү доголдол гарсан нь манай гадаадад байдаг механикийн хэлснээр түрээслэгч хангалттай моторын хөргүүрийн шингэн байхгүй байхад ажиллуулж моторыг халааж эвдэлсэн, үүнээс болж шингэн тос руу орж холилдсон. Хамгийн илэрхий зүйл бол оператор дэлгэц дээр аваарийн дохиолол дуугарч байхад үргэлжлүүлэн ажиллуулж /2 цаг орчим/ моторыг тэр чигт нь эвдсэн. Нөгөө талаас “Моннис моторс” ХХК-ийн гаргасан дүгнэлтээр хөргөлтийн шингэн рүү тос орсон гэж байгаа боловч ямар нэг тосны ул мөр хоолойд байхгүй байдаг. Бичлэг дээр асгаж үзүүлж байгаа шингэн хөөсөрхөг цайвар байгаа нь мөн нотолгоо болно. Бидний хооронд байгуулсан “Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-ний 7 дугаар зүйлийн 7.1-д “Түрээслэгч нь түрээсээр хүлээн авсан тээврийн хэрэгсэл бүрийн техникийн бүрэн бүтэн байдал, хамгаалалт, аюулгүй ажиллагааны талаарх асуудлыг бүрэн хариуцах үүрэгтэй” гэж, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Түрээслэгч тал гэрээний хугацаа дуусах үед тээврийн хэрэгслүүдийг анх хүлээн авсан үеийн хэмжээнд бүрэн бүтэн хүлээлгэн өгөх ба сэлбэг, дугуй, дутуу явах ангид гарсан гэмтлийг засварлаж, тээврийн хэрэгслийг дахин ашиглах болсон тохиолдолд нөхнө төлнө” гэж тус тус тохиролцсон. Үүний дагуу түрээслэгч тал тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулан, намайг хохиролгүй болгох учиртай. Моннис моторсоос гаргасан экскаваторын хөдөлгүүрийн эвдрэлийн тайланд дурдсанаар шаардлагатай сэлбэгийн үнийн дүн нийтдээ 85,737,335.38 төгрөг гэсэн тул тус төлбөрийг хариуцагчаас гаргуулах шаардлагатай байна.

Ковшийн түрээсийн төлбөртэй холбоотойгоор: Бидний хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2019/10 тоот “Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-ний дагуу би ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, доголдолгүй ковшийг түрээслэгчид шилжүүлэн өгсөн бөгөөд сарын түрээсийн төлбөрийг 6,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Түрээслэгчийн зүгээс гэрээний дагуу шилжүүлэн авсан ковшийг одоог болтол шилжүүлэн өгөөгүй ашиглаж байгаа ба доголдол гэмтэл, аль эсвэл гэрээний хугацаатай холбоотой ямар нэгэн асуудал яригдаагүй өдийг хүрлээ. Түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т “Хоёр тал харилцан зөвшилцөж гэрээг сунгаж болох бөгөөд гэрээний хугацаа дуусах эцсийн өдөр хүртэл аль нэг талаас дахин сунгах хүсэлт гаргаагүй бол гэрээний хугацааг дахин 3 сараар сунгасанд тооцно” гэж тохиролцсон. Үүний дагуу аль нэг талаас ямар нэгэн санал хүсэлт гараагүй тул гэрээ сунгагдсан гэж үзэн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нийт 13 сарын түрээсийн төлбөр нийтдээ 78,000,000 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийтдээ 4 түрээсийн төлбөр (нэг сарын түрээсийн төлбөр 6,000,000) нийтдээ 24,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Иймд “А” ХХК-иас экскаватор эвдэж гэмтээсний хохиролд 85,737,335.38 төгрөг, ковшийн түрээсийн төлбөр /17 сарын төлбөр/ болох 102,000,000 сая төгрөг, нийт 187,737,335.38 төгрөгийг гаргуулан надад олгож, мөн түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн ковшийг буцаан шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч “А” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Уд холбогдох иргэний хэрэгт хариуцагч тал өөрийн өмчлөлийн ковшийг түрээсийн гэрээ хийснээс хойш надад шилжүүлэн өгөхгүй, удаа дараа шаардсан боловч ямар нэг шалтаг хэлээд өгөхгүй байна гэжээ. Хариуцагч Б.Ун энэхүү худал гүтгэлэг, гүжирдлэг хэрээс хэтэрч байна. Хэрэв хариуцагч Б.У өөрийгөө буруугүй гэж үзэж байсан бол шүүхээр хурдан асуудлаа шийдүүлэх байсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой асуудал юм. Гэтэл манай компани Б.Уд гомдол гаргасан цагаас хойш цаг хугацааг бүтэн 2 жил санаатайгаар саатуулж, шүүхийг сануулсаар байтал гадаад руу гарч явчихаад шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөө явуулахгүй, эсхүл сонгосон өмгөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгчөө байн байн сольж, худал үнэн хүсэлт өгч аар саар аргаар хариуцлагаас зугтааж цаг хугацааг санаатайгаар өнгөрүүлчихээд өнөөдөр энэ байдлаа ашиглан хэний өмч нь үл мэдэгдэх ковшны түрээсийн мөнгө нэхэж байгаа нь Б.У хууль болон шүүхийг элэг доог хийж худал ярьж болох бүх аргыг хэрэглэж байгаа нь уйваагүй, шудрага бус, хууль бус явдал гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтэндээ Түрээсийн гэрээ болон Liebherr маркын ******* арлын дугаартай ковшны техникийн гэрчилгээг гаргуулах хүсэлт мөн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулах хүсэлтийг гаргаж байсан. Бид 2019 оны 10 дугаар сарын 12 ба гэрээнээс татгалзсан цагаас эхлээд энэ ковшийг огт хэрэглээгүй. Хэрэглэх шаардлагагүй хэрэглээгүй гэдэг нь дээрх шүүхэд гаргасан хүсэлт мөн хариуцагч Б.У өөрөө байхгүй байсан тул түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт “ковшоо ав манайд тавих газар зөөж тээвэрлэх зардал ч алга” гэж удаа дараа хэлж байсан ч түүний төлөөлөгч, өмгөөлөгч байнга солигдож энэ асуудал шийдэгдэхгүй явж байсан тул бид Улаанбаатар хотод зөөж тээвэрлэн Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Товчооны зам дагуу байрлах харуул хамгаалалтын агуулахын зориулттай хашаанд авчирч тавьж 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нэг сарын 250,000 төгрөгийн түрээсийн төлбөр өгч байршуулж байна. 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс тус техник байгаа хашаанд очиж үзлэг хийсэн бөгөөд удаан хугацаанд ашиглаагүй түрээсийн хашаанд байсан гэдэг нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үзлэгээр нотлогдож байгаа юм. Удаа дараа хариуцагчийн бидэнд шаардлагагүй хэрэггүй техникийг ав гэдэг шаардлага тавьж байсан боловч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хариуцахгүй авахгүй байсан тул гэрчилгээгүй яг хэнийх нь үл мэдэгдэх энэ ковшийг хариуцагч Б.Уд өөрөө ирж авахыг хүлээж өнөөдрийг хүртэл манай компанийг түрээсийн төлбөрт унагаж хохироосоор байна.

Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Б.Уд холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2019/10 дугаартай “Тээврийн хэрэгсэл түрээсийн гэрээ”-г цуцалж, учирсан хохиролд 28,590,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг,

            Хариуцагч Б.У нь нэхэмжлэгч “А” ХХК-д холбогдуулан экскаватор эвдэж гэмтээсний хохиролд 85,737,335.38 төгрөг, ковшийн түрээсийн төлбөрт 102,000,000 төгрөг, нийт 187,737,335.38 төгрөг гаргуулах, түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн ковшийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

            Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараахи үндэслэлүүдээр зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            “А” ХХК, Б.У нар нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2019/10 дугаартай “Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-г байгуулж, Liebherr маркийн  ******* арлын дугаартай ковш /улсын дугаар аваагүй/, Liebherr маркийн    ******* арлын дугаартай, ******* УБ улсын дугаартай, экскаватор, нийт 2 ширхэг тээврийн хэрэгслийг “А” ХХК нь түрээслэхээр, 1 сарын түрээсийн төлбөр нь 15,000,000 төгрөг ба ковшийг 6,000,000 төгрөгөөр, экскаваторыг 9,000,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон болох нь “Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх гэрээ”, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийнхээ дагуу зохигчдын хооронд түрээсийн гэрээ байгуулагджээ.

 

            Дээрх гэрээний 4 дүгээр зүйлд тээврийн хэрэгслүүдийг хүлээн авах, хүлээлгэн өгөх талаар тохиролцсон байх ба 4.1-д “2 тал тээврийн хэрэгслийг хүлээн авах /хүлээлгэн өгөх/-даа захирлын томилсон 2-с доошгүй хүний бүрэлдэхүүнтэй комиссыг томилно” гэж заасан боловч талууд комисс томилоогүй, 2 тээврийн хэрэгслийг хүлээлцэхдээ талууд өөр өөрийн ажилтантай очиж тээврийн хэрэгслүүдийг хүлээлцсэн боловч бичгийн баримт үйлдэгдээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Д.Знь өөрийн 5023227033 тоот данснаас Б.Ун данс руу 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1634374 дугаартай шилжүүлэгийн мэдээлэл, зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

            Ийнхүү гэрээний дагуу 2 тээврийн хэрэгслийн эхний сарын түрээсийн төлбөрийг шилжүүлснээр нэхэмжлэгч “А” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2 тээврийн хэрэгслийг ачиж, Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Батноров сумын нутагт байрлах Ухаа овоотын уурхай руу тээвэрлэн хүргэсэн ба, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр уг уурхайн нээлт болж, техникүүдийг буулган ажилд гарахад бэлдэж, экскаваторт шаардлагатай тос маслыг хийж, шалгаж дууссаны дараа ажил эхлүүлээд 1 цаг орчимын дараа экскаваторын хянах самбарт хөдөлгүүрийн улаан гэрэл асч, тэр даруй экскаваторыг унтрааж, улмаар энэ тухай хариуцагч Б.Уд мэдэгдсэний дагуу Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу тээврийн хэрэгслийг дахин тээвэрлэж, Б.Ун хүсэлтээр экскаваторыг “Моннис сервис саппорт” ХХК-ийн харуулд хэлж, уг компанийн хашаанд 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр буулгуулсан байна.

 

            “Моннис сервис саппорт” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Liebherr R924 SN:18537 Экскаваторын хөдөлгүүрийн эвдрэлийн ажлын тайлан”-д “хөдөлгүүрийн эвдрэлийн шалтгаан: Гильз хэт суулттайн улмаас поршенгийн толгой руу ус орсон. Oil cooler буюу тосны хөргүүрийн чангалгаа муу шаардлагатай хэмжээнд хүрээгүйн улмаас хөргөлтийн шингэн тос руу орж холилдсон. Дээрх шалтгаануудаас болж ажиллагааны явцад хөдөлгүүрийн тос болон хөргөлтийн шингэн холилдсон нь эвдрэлийн гол шалтгаан болсон” гэжээ.

 

            Ийнхүү хариуцагч Б.У нь экскаваторыг оношлогоонд оруулж, хүлээн авсан, харин ковшыг нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Б.Уд хүлээлгэн өгөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 525 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Хөргөлтийн систем дэх шингэн 85-900 градус халуунд 100 кПа даралтад ажилладаг. Тосны насосын шахах даралт 400-500 кПа байдаг. Уг хоёр систем тусдаа сувагтай, ажиллагааны механизм өөр тул механик гэмтэл, хэвийн бус ажиллагаа, эд ангийн элэгдлийн нөлөөгөөр холилдож болно. ...Хөргөлтийн системд тосны ул мөр байна. ...Экскаваторын ашиглалтын явц дахь эд ангийн элэгдэл, хуучралт, тослолтын систем, хөргөлтийн системийн хэвийн бус ажиллагаа, механик хольц зэрэг олон шалтгаан нөхцлөөс хөдөлгүүрийн тахир голын хүзүү цохисон гэмтэл үүссэн байна. ... Хянах самбар дээрх улаан гэрэл дохио нь хөдөлгүүрийн тослолтын системийн түвшин бага, хэвийн бус ажиллагааг анхааруулах зориулалттай асдаг. Энэ гэрэл ассан даруй хөдөлгүүрийг унтрааж, үзэж, шалган гэмтэл, доголдлыг арилгасны дараа хөдөлгүүрийг асааж болно. ... Хөдөлгүүр тос солих техник үйлчилгээ хийх үед моторын дотор байх Oil cooler-ийг чангалах, суллах боломжгүй. ...” гэжээ.

 

            Эдгээрээс үзвэл талууд экскаваторыг хүлээлцсэн баримт үйлдээгүй, харин экскаваторт гэмтэл гарсны улмаас нэхэмжлэгч нь экскаваторыг хариуцагчид хүлээлгэн өгсөн байх ба зохигчдын хооронд байгуулсан гэрээний 5.1-д “Түрээслүүлэгч тал түрээслэгч талд гэрээнд заагдсан тээврийн хэрэгслүүдийг, ашигт малтмал олборлох зориулалт бүхий, зохих стандарт шаардлагад тэнцсэн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөх” үүргийг Б.У хүлээсэн байна.

 

            Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлтэй, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь экскаваторыг биет байдлаар нь хариуцагчид хүлээлгэн өгсөн, харин ковшыг хүлээлгэн өгөөгүй байх ба хариуцагч Б.У нь ковшыг буцаан шилжүүлэхийг даалгуулах, ковшыг нэхэмжлэгч авч явсан 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж гарсан 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаагаар сарын түрээсийг талуудын харилцан тохиролцсон 6,000,000 төгрөгөөр тооцож, 17 сарын түрээсийн төлбөрт 102,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

            Харин нэхэмжлэгч нь ковшын түрээсийн төлбөрт 6,000,000 /15,000,000-9,000,000/ төгрөгийг шилжүүлсэн байх тул дээрх 102,000,000 төгрөгийн түрээсийн төлбөрөөс 6,000,000 төгрөгийг хасч тооцон, 96,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “А” ХХК-иас гаргуулах нь зүйтэй байна.

 

            Зохигчид анх гэрээ байгуулахад Liebherr маркийн ******* арлын дугаартай ковш нь улсын дугаар аваагүй болохыг хэн хэн нь ойлгосоны үндсэн дээр, өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан байх ба нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Б.Ун өмчлөлийн ковш биш байхад түрээслэхээр тохирч, одоо түрээсийн төлбөр нэхэмжилж буй нь үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, ковшын өмчлөгчийн талаарх маргаан хянан хэлэлцэгдээгүй болно.

 

            Нэхэмжлэгч “А” ХХК нь “Нано интернэйшнл” ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 19/025 дугаартай “Талбайн түрээсийн гэрээ”-г шүүхэд ирүүлсэн бөгөөд энэхүү гэрээгээр түрээсийн талбайд Liebherr L524 маркийн дугуйт ачигч хүнд машин механизмыг түрээслүүлэгчийн зааж өгсөн талбайд байрлуулан тавьж, хадгалахаар, гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт 3 сарын хугацаанд хүчинтэй, гэрээний хугацаа дуусахад талууд өөрөөр тохиролцоогүй тохиолдолд гэрээг энэхүү гэрээнд заасан хугацаагаар ижил нөхцөлөөр сунгасанд тооцохоор тохирсон байна.

 

            Дээрх гэрээний дагуу “А” ХХК нь хариуцагчийн гэрээний дагуу шилжүүлсэн ковшыг түрээсийн талбайд өнөөдрийг хүртэл хадгалуулж, ковшыг ашиглаагүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан өөр бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

           

            “Моннис сервис саппорт” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн экскаваторын хөдөлгүүрийн эвдрэлийн тайланд дурдсанаар шаардлагатай сэлбэгийн үнийн дүн нийтдээ 85,737,335.38 төгрөг гарсныг нэхэмжлэгч “А” ХХК-ийг экскаватор эвдэж гэмтээсний хохиролд тооцон хариуцагч нь нэхэмжилж байх бөгөөд дээр дурдсанаар талууд гэрээнд заасны дагуу экскаваторыг хүлээлцсэн баримт үйлдээгүй буюу эвдрэлийн шалтгаан нь дан ганц нэхэмжлэгчийн буруутай ажиллагаанаас болсон гэж үзэх үндэслэлгүй юм.

 

            Нөгөөтэйгүүр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 525 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Хөргөлтийн систем дэх шингэн 85-900 градус халуунд 100 кПа даралтад ажилладаг. Тосны насосын шахах даралт 400-500 кПа байдаг. Уг хоёр систем тусдаа сувагтай, ажиллагааны механизм өөр тул механик гэмтэл, хэвийн бус ажиллагаа, эд ангийн элэгдлийн нөлөөгөөр холилдож болно. ...Экскаваторын ашиглалтын явц дахь эд ангийн элэгдэл, хуучралт, тослолтын систем, хөргөлтийн системийн хэвийн бус ажиллагаа, механик хольц зэрэг олон шалтгаан нөхцлөөс хөдөлгүүрийн тахир голын хүзүү цохисон гэмтэл үүссэн байна...” гэснээс үзэхэд экскаваторын эвдрэл гэмтэл нь экскаваторын ашиглалтын явц дахь эд ангийн элэгдэл, хуучралт зэргээс үүдэлтэй гэмтэл байсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээ байгуулагдсан ба мөн зүйлийн 318.5-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж заажээ.

 

            Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д “хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх” үүргийг хариуцагч Б.У хүлээсэн ба мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.2-т “хөлслөн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдсон зайлшгүй зардлыг хөлслүүлэгчээс шаардах” гэж зааснаар нэхэмжлэгч “А” ХХК нь экскаваторыг хүлээн авч, тээвэрлэх болон тээвэрлэхтэй холбоотойгоор гаргасан бусад зардлыг шаардах эрхтэй байх ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн бичгийн баримтыг дараахи байдлаар үнэлэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Үүнд: Liebherr R924B маркийн эксковаторын түрээсийн төлбөр 9,000,000 /15,000,000-6,000,000/ төгрөг, тээврийн зардал /Улаанбаатараас Хэнтий аймаг руу/ ачсан 3,800,000 төгрөг, гидрийн шингэн 2 ширхэг /1ширхэг 90,000/ 180,000 төгрөг, 100 литр түлш 250,000 /н.Батцоожийн машинаас авч хийсэн тул дансруу нь хийсэн/, 24 литр тос нийт 132,000 төгрөг, доосан 10W40 хөдөлгүүрийн тос 4 ширхэг /1ширхэг 120,000/ 480,000 төгрөг, тосол 30 литр 2 ширхэг /1 ширхэг 75,000/ 150,000 төгрөг, тосол 20 литр 1 ширхэг 50,000 төгрөг, товуд 2 ширхэг /1 ширхэг 75,000/ 150,000 төгрөг, зэв арилгагч 2 ширхэг /1 ширхэг 3000/ 6000 төгрөг, нийт 14,198,000 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул уг зардлыг хариуцагч Б.Уас гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

            Харин Д.Заас Л.Амгаланбаатарт 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хаан банкны шилжүүлэгийн мэдээлэл гэх баримтаас үзэхэд “Hyundai 2900 LC3 trailer transport to khentii” гэх утгаар шилжүүлсэн 3,000,000 төгрөг нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 2 тээврийн хэрэгслийг тээвэрлэсэнтэй холбоотой гарсан зардал гэж үзэхээргүй байна.

            Мөн “Хүч.АК” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн аккумлятор 2 ширхэг /1 ширхэг 290,000/ нийт 580,000 төгрөг, 10 дугаар сарын 09-ний өдрийн аккумлятор 2 ширхэг / 1ширхэг 290,000/ нийт 580,000 төгрөг, гидрийн шингэн kixx HD46, 2 ширхэг /1 ширхэг 80,000/ 160,000 төгрөг, 10 дугаар сарын 11-ний өдрийн гидрийн шингэн kixx HD46, 2 ширхэг /1 ширхэг 80,000/ 160,000 төгрөг, “Ачжамдаг” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн сангийн цагаан, гал хамгаалагч, машлак, дорцов, түлхүүр нийт 120,000 төгрөг, ТИЗахын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн богино холбоос 10,000 төгрөг, келем толгой 2 ширхэг /1 ширхэг2500/ 5000 төгрөгийн баримтуудын хувьд нэхэмжлэгч “А” ХХК-иас гарсан зардал гэж үзэхээргүй буюу эд хүлээн авагчийн гарын үсэггүй байна.

            “Моннис сервис саппорт” ХХК экскаваторын сэлбэг 1,009,084.57 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Хаан банкны 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 6145788 дугаартай шилжүүлэгийн мэдээллийн баримтаас үзэхэд Д.Знь иргэн Д.Оюунцэцэгийн дансанд 1,009,085 төгрөгийг шилжүүлсэн байна.

 

            Нэхэмжлэгч нь ажилчдын сул зогссон цалин /Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасны дагуу үндсэн цалингийн 60 хувийг 5 хоногоор тооцоолов/ 2,768,265 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэхүү нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй буюу холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг хохирлыг зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор учирсан хохиролд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2019/10 дугаартай “Тээврийн хэрэгсэл түрээсийн гэрээ”-г цуцалж, учирсан хохиролд 14,198,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ковшын түрээсийн төлбөрт 96,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн ковшийг буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгаж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

    

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан зохигчдын хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2019/10 дугаартай “Тээврийн хэрэгсэл түрээсийн гэрээ”-г цуцалж, хариуцагч Б.Уас хохиролд 14,198,000 /арван дөрвөн сая нэг зуун ерэн найман мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 14,392,350 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-иас ковшын түрээсийн төлбөрт 96,000,000 /ерэн зургаан сая/ төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.Уд олгож, түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн ковшийг буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч “А” ХХК-д даалгаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс 91,737,335.38 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,902 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,324,837 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Уас улсын тэмдэгтийн хураамжид 228,940 /хоёр зуун хорин найман мянга есөн зуун дөч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, “А” ХХК-иас 708,150 /долоон зуун найман мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж, Б.Уд олгосугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2, 122.3-т тус тус зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШЗ2021/05264 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжаар авсан арга хэмжээ нь давж заалдах журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд, хяналтын журмаар гомдол гаргасан бол хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ