Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01725

 

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01725

 

гадлал

2021.12.01 №1655

Магадлал

2021.12.01                              №16

“АМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2021/02797 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “АМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.У-д холбогдох

 

2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2019/10 дугаартай тээврийн хэрэгсэл түрээсийн гэрээг цуцалж, учирсан хохиролд 28 590 350 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, экскаватор эвдэж гэмтээсний хохиролд 85 737 335.38 төгрөг, ковшийн түрээсийн төлбөрт 102 000 000 төгрөг, нийт 187 737 335.38 төгрөг гаргуулах, түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн ковшийг буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З, Д.З, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З, Д.З нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани хариуцагч Б.У-ын экскаватор, ковш түрээслүүлнэ гэсний дагуу 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Их Үүсгэл ХХК-ийн хашаанд байрлах 2007 онд үйлдвэрлэгдсэн LIEBHERR R924B маркийн экскаваторыг Б.У-ын хамт очиж үзсэн. Үзэхэд тус эсковатор нь зэвэнд идэгдсэн, энд тэндээс нь тос шингэн ихээр гоожсон, байвал зохих бүх төрлийн тос, масло, тосол, шингэн байхгүй, шүүр филтерүүд бохирдсон, будаг нь гандаж халцарсан, удаан хугацаагаар гадаа зогссон байдалтай байсан. ... Ингээд 2019 оны 10 дугаар сарын 09-ний өглөө Б.У-тай ярьж шаардлагатай тос маслыг нь хийж ажиллуулж үзье хүрээд ир гэтэл Б.У- та нар өөрсдийнхөө зардлаар хийчих, дараа сарын түрээсийн төлбөрөөс авсан бүх юмыг чинь суутгана гэсэн тул бид Моннис Либхерр засвар үйлчилгээний газраас шаардлагатай тос масло, сэлбэг хэрэгслүүдийг худалдан авч засвар үйлчилгээ хийсэн. Тухайн үед тус техник засвар үйлчилгээ хийсний дараа богино хугацаанд хэвийн ажиллаж байсан тул бид маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 10-нд Хэнтий аймгийн Батноров сумын Ухаа Овоотын уурхайн руу ачиж явахаар болсон. ...Маргааш нь бид нэгэнт төлбөрөө бүрэн төлчихсөн байсан учир Б.У-ыг дуудаж техникээ хүлээлцэж, хоорондоо хийсэн түрээсийн гэрээ хийе гэхэд ирэхгүй байсан. Тийм учраас бид тухайн үеийн техникийн байдлыг зураг бичлэг хийн баримтжуулж авсан. Бид ачиж явах тээврийн хөлсийг төлж ачилт хийх цаг хугацааг тохирсон байсан тул зайлшгүй яаралтай ачих хэрэгтэй байгаа талаар Б.У-д хэлсэн. Бид экскаваторыг эхэлж ачаад цааш явж Шувуун фабрикаас дахин нэг техникийг авах байсан тул аргагүйн эрхэнд ачиж аваад хөдөлсөн. Тэгээд шөнө болсон тул харанхуйд ачихад хүндрэлтэй байсан тул 2019 оны 10 дугаар сарын 10-ны өглөө үргэлжлүүлж ачаад хөдөлсөн. Энэ үед Б.У-д бас дахин ярьж мэдэгдэхэд тэрээр өөрөө ирээгүй бөгөөд техникүүдээ аччихсан уу л гэхээс өөр зүйл хэлээгүй. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манай компани Хэнтий аймгийн Батноров сумын Ухаа Овоотын уурхайн нээлтээ хийж үйл ажиллагаа эхэлж техникүүдээ буулган үзлэг шалгалт хийж ажилд гаргахад бэлдсэн. Ажил эхлэхээс өмнө тус экскаваторт шаардлагатай тос маслыг хийж 20 минут нормалдаж ажиглалт хийж бусад зүйлсээ шалгаж дуусаад ажил эхлүүлсэн. Ажил эхлээд 1 цаг орчим болж байхад тус экскаваторын хянах самбарт хөдөлгүүрийн улаан гэрэл ассан тул тэр даруй оператор хөдөлгүүрийг унтрааж шалгасан. Шалгахад тос масло нь холилдсон байсан ба кришкний жийргэвч алдсан юм уу эсхүл мотороо сольсон гэж байсан гэсэн тул дутуу боосон байх магадлалтай байсан. Энэ тухай нэн даруй Б.У-д болж буй үйл явдлыг мэдэгдэж танилцуулж байсан. Тэгэхэд Б.У- одоо тэгвэл ачаад аваад ир, юу нь болохгүй байна яаралтай засуулж өгье, тэгээд асуудлаа шийдье. Та хэд наад техникээ авч ирээд Моннис Либхеррийн засварын газрын хашаанд буулгаад өгөөч гэсэн. Ингээд бид тус техникт Б.У-ас зөвшөөрөл авч бүх тос масло тосолыг нь асган дахин шинээр хийж Хэнтий аймгаас Улаанбаатар руу тээвэрлэж Моннис Либхеррийн засварын газрын хашаанд 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр буулгасан. Буулгах үед Б.У-ыг ирж акт үйлдэж хүлээж ав гэхэд "... би хүүхэдтэй хоёулхнаа байна очиж чадахгүй байна, Моннисийн н.Энхболд гэдэг хүн харуулд нь хэлсэн байгаа оруулаад тавьчих..." гэсэн. Ингэж оруулах үед тухайн техник зүгээр өөрөө асч трейлер дээрээс өөрөө ямар нэгэн асуудалгүй буусан. Энэ үед хангалттай зураг бичлэг хийн Б.У-д илгээж техникийг авчирч тавь гэсэн газарт ямар нэгэн асуудалгүй тавьж үлдээлээ гэдгийг мэдэгдсэн. Ингээд экскаваторыг Моннисийн хашаанд буулгасны дараа тус техникийг засаж янзлуулж дуустал хүлээх хугацаа бидэнд байхгүй байсан тул Б.У-тай хийсэн түрээсийн гэрээгээ цуцлах эсхүл түрээсэлж буй ковшийнхоо дараагийн түрээсийн төлбөрт экскаваторын түрээсэнд төлсөн 15 000 000 төгрөг ба бусад зардлаа шилжүүлээд тооцьё гэсэн саналыг бид ярилцаж байсан юм. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 14-нд Б.У- хэлсэн ярьснаасаа буцан ямар нэг байдлаар манай операторын буруугаас болсон гэж биднийг буруутгаж эхэлсэн. Бид анх Б.У-д акт үйлдэж хүлээлгэж өгөх хэрэгтэйг сануулж байхад завгүй гэх шалтгаанаар бидэнд өөрөө хүлээлгэж өгөөгүй. Мөн бид нар анхнаасаа видео бичлэгийг хийж, өөрт нь тухай бүр болж байгаа үйл явдлыг мэдээлж байсан. 1 цаг ажиллахгүй техникийг бидэнд түрээсэлж мөнгөө бүтэн авчихаад одоо биднийг буруутгаж суух нь шударга бус юм. Хариуцагч Б.У-ын энэхүү хариуцлагагүй байдлаас болж бид дахин экскаватор хайж түрээслэх гэж цаг хугацаа, эдийн засгаараа хохирсон. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс манай компанийн Хэнтий аймгийн Батноров сумын Ухаа Овоотын уурхай нээлтээ хийж үйл ажиллагаа эхэлсэн. Гэтэл тус экскаваторын ажил зогссоноос шалтгаалж ажилчдыг хий цалинжуулахаас эхлээд эдийн засгийн хүнд нөхцөл байдалд оруулаад байна. Хэрэв хариуцагч Б.У-ын түрээслүүлсэн тус экскаватор хэвийн ажиллаж байсан бол бидэнд ийм хохирол учрахгүй байсан юм. Ингээд Б.У-д хэрхэх талаар лавлатал Танай опериатор миний техникийг эвдсэн гэх зэргээр ерөөсөө халгаагүй, албан ёсны диллер Моннис ХХК-ийн дүгнэлтийг хүртэл хүлээн зөвшөөрөөгүй тул аргагүй эрхэнд тус шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хандсан билээ.

Ковшийн тухайд: 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээгээр VATZ0438VZB0174861 арлын дугаартай улсын дугаар аваагүй ковш шилжүүлж авсан. Улмаар улсын дугаар болон үзлэг оношлогоо хамрагдаагүй тул төрийн байгуулага, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа ашиглаж болохгүй гэдгийг тухайн үед Б.У-д хэлэхэд арлын дугаар зөрүүтэй байгаа засуулаад гэрчилгээ аваад хойноос чинь эксоваторын бичиг баримттай хамт явуулна гэж хэлээд өгөөгүй. Бид анх гэрээ цуцлагдсан тул шилжүүлэн авсан төлбөрөө өгөөд ковшоо ав гэж уурандаа хэлж байсан ч ковшийг буцааж өгөхөөр 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод өөрсдийн зардлаар тээвэрлэн ирж шүүхээр асуудлаа шийдвэрлүүлж байгаа тул ковшоо ав гэж зөндөө хэлсэн. Гэтэл хариуцагч нь ковшоо авахгүй мөртлөө шууд л гадагшаа гараад явсан, арга буюу шүүхээр хаашаа хэзээ явсныг нь мэдсэн. Энэ хооронд  ковшийг нэг сарын 250 000 төгрөгөөр зогсоолд байршуулсан.

Сэлбэг хэрэгсэлд зарцуулсан зардлууд: LIEBHERR R924B маркийн экскаваторын түрээсийн төлбөр 15 000 000 төгрөг, тээврийн зардал /Улаанбаатараас Хэнтий аймаг руу/ ачсан 3 800 000 төгрөг, тээврийн зардал /Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу ачсан 3 000 000 төгрөг, аккумулятор 2 ширхэг /1 ширхэг 290 000 төгрөг/ нийт 580 000 төгрөг, аккумулятор 2 ширхэг /1 ширхэг 290 000 төгрөг/ нийт 580 000 төгрөг, гидрийн шингэн kixx HD 46, 2 ширхэг /1 ширхэг 80,000 төгрөг/ нийт 160 000 төгрөг, гидрийн шингэн 2 ширхэг /1 ширхэг 90 000 төгрөг/ нийт 180 000 төгрөг, богино холбоос 10 000 төгрөг, келем толгой 2 ширхэг /1 ширхэг 2 500 төгрөг / нийт 5 000 төгрөг, 100 литр түлш 250 000 төгрөг /н.Батцоожийн машинаас авч хийсэн тул дансруу нь хийсэн/, “Моннис сервис саппорт ХХК эсковаторын сэлбэг 1 009 084,57 төгрөг, гидрийн шингэн kixx HD 46 2 ширхэг /1 ширхэг 80 000 төгрөг/ нийт 160 000 төгрөг, сангийн цагаан, гал хамгаалагч, машлак, дорцов дүлхүүр нийт 120 000 төгрөг, 24 литр тос нийт 132 000 төгрөг, doosan 10 W 40 хөдөлгүүрийн тос 4 ширхэг /1 ширхэг 120 000 төгрөг/ нийт 480 000 төгрөг, тосол 30 литр 2 ширхэг /1 ширхэг 75 000 төгрөг/ нийт 150 000 төгрөг, тосол 20 литр 1 ширхэг 50 000 төгрөг, товуд 2 ширхэг /1 ширхэг 75 000 төгрөг/ нийт 150 000 төгрөг, зэв арилгагч 2 ширхэг /1 ширхэг 3000 төгрөг/ нийт 6 000 төгрөг, нийт 25 822 085 төгрөг болж байна. Ажилчдын сул зогссон цалин /Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасны дагуу үндсэн цалингийн 60 хувийг 5 хоногоор тооцоолов./ Үүнд: Экскавотрын опероторын цалин /Үндсэн цалин 2 500 000 төгрөг/ 340 909 төгрөг, /Сарын үндсэн цалин 2 500 000 төгрөг, 60 хувь нь 1 500 000 төгрөг, ажлын 22 хоногт хуваагаад өдрийн 61 182 төгрөг, ажлын 5 хоногт үржүүлэхэд 340 909 төгрөг/, ковшны оператор / үндсэн цалин 2 500 000 төгрөг/ 340 909 төгрөг, уурхайн даргын цалин /үндсэн цалин 2 700 000 төгрөг/ 368 181 төгрөг, тогоочийн цалин /үндсэн цалин 1 000 000 төгрөг/ 136 363 төгрөг, туслах ажилтан /үндсэн цалин 1 000 000 төгрөг/ 136 363 төгрөг, туслах ажилтан /үндсэн цалин 1 000 000 төгрөг/ 136 363 төгрөг, орчуулагчийн цалин /үндсэн цалин 2 000 000 төгрөг/ 272 727 төгрөг, уулын инженер, өрмийн мастер /үндсэн цалин 20 000 юань, юанийг 380 төгрөгөөр бодов/ 1 036 450 төгрөг, нийт 2 768 265 төгрөг болж байна.

Иймд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн тээврийн хэрэгсэл түрээслүүлэх гэрээг цуцалж, экскаватор, ковшийн түрээсэнд төлсөн 15 000 000 төгрөг, экскаваторын тос, тосолгоо сэлбэг хэрэгсэлд зарцуулсан 25 822 085 төгрөг, ажилчдын сул зогссон цалин хөлсөнд 2 768 265 төгрөг, нийт 28 590 350 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие VATZ0438VZB0174861 арлын дугаартай, Liebherr маркийн ковш, WLHZ1073PZD018537 арлын дугаартай, 72-95 УБ улсын дугаартай Liebherr маркийн экскаваторыг тус тус өмчилдөг билээ. Эдгээр тээврийн хэрэгслүүд буюу экскаватороо 12 000 000 төгрөг, ковшоо 8 000 000 төгрөгөөр түрээслүүлэх зарыг unegui.mn газруудад зар байршуулаад байсан юм. Улмаар 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн үеэр “АМ” ХХК-ийн захирал Д.З- миний тавьсан зарын дагуу ярьж Liebherr 924 экскаватор, Liebherr 524 ковшуудыг худалдан авахаар сонирхож байгаагаа, мөн бартераар худалдах эсэх талаар асуусан юм… 2 техникийг нийтэд нь 20 000 000 төгрөгөөр түрээслүүлэх байсан боловч 15 000 000 төгрөгөөр, барьцаа баталгаагүйгээр түрээслүүлэхээр гэрээ хийхээр болсон. “АМ” ХХК-ийн зүгээс хүсэлт тавьсаны дагуу экскаварыг сарын 9 000 000 төгрөгөөр, ковшийг сарын 6 000 000 төгрөгөөр түрээслэхээр 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2019/10 тоот Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх гэрээг байгуулсан. Улмаар 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бичгээр гэрээгээ бэлдээд 2 талаасаа Ю Би Эйч Центр дэх нотариат дээр уулзаж гарын үсгүүдээ зурж баталгаажуулсан. Үүний дараа бид экскаватор байгаа газар буюу Монгол газар ХХК-ийн байранд дахин уулзсан. Тэр үед Д.З-тай хамт нэг хүн ирсэн бөгөөд би өөрийн механикчийн туслах Петрийн хамт байсан. Дараа нь морин даваанд байсан ковшийг Д.З-тай хамт ирсэн хүн нь шалгасан болно. Д.З- болон түүнтэй хамт ирсэн хүн нь тээврийн хэрэгслийг өөрсдөө асааж, жолоодлого хийж үзсэн. Д.З- дутуу байгаа тос, масло, аккумуляторыг өөрөө хийсэн бөгөөд төлбөрийг нь гэрээнд заасны дагуу дараа сарын түрээсийн төлбөрөөс суутгахаар тохирсон юм. Д.З- нь тэр өдрийнхөө орой нь техникийг ачиж явъя гэсэн ч манай механикчийн туслах Петр болон тэдний хүн хоёр өглөө эрт, гэрэлтэйд аваад явсан нь дээр гэж зөвлөсөн. Тэр өдөр Д.З- надаас тээврийн хэрэгслүүдийн түлхүүрийг өгөхийг хүсч, авч явахыг хүссэн ч миний бие тээврийн хэрэгслийг хүлээлцэж, акт үйлдэж гарын үсэг зураагүй, мөн тээврийн хэрэгслийн эхний сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй байсан тул түлхүүр өгөх боломжгүй гэдгээ хэлсэн. Улмаар маргааш өглөө нь Д.З- надад 15 000 000 төгрөг шилжүүлэн өгөөд тээврийн хэрэгслүүдийн түлхүүрийг нь авч явсан юм. Надад хэлэхдээ техникүүдийн дутуу зүйлийг бэлдүүлээд ачаад байж байя гэж байсан. Гэтэл тэр өдрөө надруу огт яриагүй. Миний бие гадуур хөөцөлдөх ажилтай байсан тул ярих ч завдал гараагүй. Гарахдаа над руу ярих байх гээд хүлээж байсан ба яриагүй болохоор нь тээврийн хэрэгслүүдийг ачиж яваагүй гэж ойлгож байсан. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр надад тээврийн хэрэгслийг ачаад явсан талаар хэлж, зургуудыг миний Viber-аар явуулсан байсан. Өөрсдөө өмнөх өдөр нь шалгаад, асааж, жолоодлого хийж үзсэн, мөн нэгэнт ачаад явчихсан учраас тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн акт үйлдээгүй. Миний хувьд хэвийн ажиллаж байсан тээврийн хэрэгслүүдийг Д.З-т өгсөн... Харин маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 16 цаг 30 минутын үед залгаад улаан гэрэл асаад хонх дуугараад байна гэж хэлсэн. Би гадаадад байсан засварчин руугаа яриад асуутал хэд хэдэн зүйл шалгуулж асуулгаж, ямар гэмтэл учруулсан нь тодорхойгүй байсан тул Улаанбаатар хотод авчирж Leibherr маркийн том оврын тээврийн хэрэгслийн засварын төв болох Моннист авчирч үзүүлье гэж хэлсэн бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 12-ны орой хотод авчирсан. Улмаар моннисийн засварчинтай уулзаад шинжилгээнд оруулахаар болсон бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн өглөө Моннис дээр очиж задлан, оношилж өгөх хүсэлт тавьсан. Харин Моннисийн засварчид тээврийн хэрэгслийг задалж, оношлогоо хийх үедАМ” ХХК-ийг төлөөлөх хүнийг хамт байлцуулахыг хүссэн. Ингээд тээврийн хэрэгслийг задалж, оношлогоо хийлгэсэн. Нэгэнт миний бие “АМ” ХХК-ийн захирал Д.З-т гэрээний дагуу бүрэн бүтэн, хэвийн байдлаар ажиллах боломжтой тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн. Тээврийн хэрэгслүүд бүрэн бүтэн байсан нь түүний тээврийн хэрэгслийг байгаа газраас нь ачаад явснаар нотлогдоно.

 

Талуудын хооронд байгуулагдсан Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх гэрээний 7.1-д “түрээсээр хүлээн авсан тээврийн хэрэгсэл бүрийн техникийн бүтэн байдал, хамгаалалт, аюулгүй ажиллагааны талаарх асуудлыг бүрэн хариуцна” гэж заасан байна. Түрээслэгчийн зүгээс тээврийн хэрэгслүүдийг шалгаж, эвдрэл доголдолгүй болохыг хүлээн зөвшөөрч, хүлээн авсан тул гэрээний дээрх заалтын дагуу техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангах учиртай. Техникүүдийг надаас хүлээн авснаас хойш ямар байдалтайгаар, хэрхэн яаж ашигласныг би мэдэхгүй, харин удаа дараагийн шинжээч нарын дүгнэлтээс харвал экскаваторын хянах самбар дээр анхааруулах улаан гэрэл ассаар байхад зогсоох арга хэмжээг авалгүйгээр үргэлжлүүлэн ажиллуулж, моторыг халааж эвдсэн байна. Түүнчлэн гэрээний 7.8-д заасны дагуу түрээслэгчийн зүгээс тээврийн хэрэгсэлд оношлогоо, хариуцлагын болон эд хөрөнгийн даатгал хийлгэх ба даатгал хийлгээгүйн улмаас учирсан бүх хохирлыг түрээслүүлэгч талд бүрэн барагдуулах үүрэгтэй талаар зохицуулсан. Гэтэл түрээслэгч энэ үүргээ биелүүлээгүй, даатгал хийлгэлгүй техникүүдийг зүй бусаар ашигласнаас үүдэн миний өмчлөлийн экскаваторт эвдрэн их хэмжээгээр хохирол учирснаас гадна одоог болтол ковшоо эргүүлэн авч, ашиглаж чадахгүй хохирсоор байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн байдлаар түрээслэгч “АМ” ХХК нь дараах үүргийг миний өмнө хүлээгээд байна. Түрээслэгч өөрийн механикийн хамт мөн манай механикчийг байлцуулан экскаваторыг түрээслэхээсээ өмнө асааж, шалгаж үзэн, ямар нэгэн эвдрэл гэмтэл, доголдол байхгүй тул хүлээж авсан байдаг. Гэтэл үүний дараа тийнхүү доголдол гарсан нь манай гадаадад байдаг механикийн хэлснээр түрээслэгч хангалттай моторын хөргүүрийн шингэн байхгүй байхад ажиллуулж моторыг халааж эвдэлсэн, үүнээс болж шингэн тос руу орж холилдсон. Хамгийн илэрхий зүйл бол оператор дэлгэц дээр аваарын дохиолол дуугарч байхад үргэлжлүүлэн ажиллуулж /2 цаг орчим/ моторыг тэр чигт нь эвдсэн.

 

Нөгөө талаас Моннис моторс ХХК-ийн гаргасан дүгнэлтээр хөргөлтийн шингэн рүү тос орсон гэж байгаа боловч ямар нэг тосны ул мөр хоолойд байхгүй байдаг. Бичлэг дээр асгаж үзүүлж байгаа шингэн хөөсөрхөг цайвар байгаа нь мөн нотолгоо болно. Бидний хооронд байгуулсан Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д түрээслэгч нь түрээсээр хүлээн авсан тээврийн хэрэгсэл бүрийн техникийн бүрэн бүтэн байдал, хамгаалалт, аюулгүй ажиллагааны талаарх асуудлыг бүрэн хариуцах үүрэгтэй, 4 дүгээр зүйлийн 4.3-т түрээслэгч тал гэрээний хугацаа дуусах үед тээврийн хэрэгслүүдийг анх хүлээн авсан үеийн хэмжээнд бүрэн бүтэн хүлээлгэн өгөх ба сэлбэг, дугуй, дутуу явах ангид гарсан гэмтлийг засварлаж, тээврийн хэрэгслийг дахин ашиглах болсон тохиолдолд нөхнө төлнө гэж тус тус тохиролцсон. Үүний дагуу түрээслэгч тал тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулан, намайг хохиролгүй болгох учиртай. Моннис моторсоос гаргасан экскаваторын хөдөлгүүрийн эвдрэлийн тайланд дурдсанаар шаардлагатай сэлбэгийн үнийн дүн нийтдээ 85 737 335,38 төгрөг гэсэн тул тус төлбөрийг хариуцагчаас гаргуулах шаардлагатай байна.

 

Ковшийн түрээсийн төлбөртэй холбоотойгоор: Бидний хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2019/10 тоот Тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх гэрээний дагуу би ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, доголдолгүй ковшийг түрээслэгчид шилжүүлэн өгсөн бөгөөд сарын түрээсийн төлбөрийг 6 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Түрээслэгчийн зүгээс гэрээний дагуу шилжүүлэн авсан ковшийг одоог болтол шилжүүлэн өгөөгүй ашиглаж байгаа ба доголдол гэмтэл, аль эсвэл гэрээний хугацаатай холбоотой ямар нэгэн асуудал яригдаагүй өдийг хүрлээ. Түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т хоёр тал харилцан зөвшилцөж гэрээг сунгаж болох бөгөөд гэрээний хугацаа дуусах эцсийн өдөр хүртэл аль нэг талаас дахин сунгах хүсэлт гаргаагүй бол гэрээний хугацааг дахин 3 сараар сунгасанд тооцно гэж тохиролцсон. Үүний дагуу аль нэг талаас ямар нэгэн санал хүсэлт гараагүй тул гэрээ сунгагдсан гэж үзэн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нийт 13 сарын түрээсийн төлбөр нийтдээ 78 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийтдээ 4 түрээсийн төлбөр (нэг сарын түрээсийн төлбөр 6 000 000) нийтдээ 24 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

 

Иймд “АМ” ХХК-иас экскаватор эвдэж гэмтээсний хохиролд 85 737 335,38 төгрөг, ковшийн түрээсийн төлбөр /17 сарын төлбөр/ болох 102 000 000 төгрөг, нийт 187 737 335,38 төгрөгийг гаргуулан надад олгож, мөн түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн ковшийг буцаан шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгч “АМ” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтэндээ түрээсийн гэрээ болон Liebherr маркийн VATZ0438VZB0174861 арлын дугаартай ковшны техникийн гэрчилгээг гаргуулах хүсэлт мөн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулах хүсэлтийг гаргаж байсан. Бид 2019 оны 10 дугаар сарын 12-нд гэрээнээс татгалзсан цагаас эхлээд энэ ковшийг огт хэрэглээгүй. Хариуцагч Б.У- өөрөө байхгүй байсан тул түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт ковшоо ав манайд тавих газар зөөж тээвэрлэх зардал ч алга гэж удаа дараа хэлж байсан ч энэ асуудал шийдэгдэхгүй байсан тул бид Улаанбаатар хотод зөөж тээвэрлэн Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Товчооны зам дагуу байрлах харуул хамгаалалтын агуулахын зориулалттай хашаанд авчирч тавьж 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нэг сарын 250 000 төгрөгийн түрээсийн төлбөр өгч байршуулж байна.

 

2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс тус техник байгаа хашаанд очиж үзлэг хийсэн бөгөөд удаан хугацаанд ашиглаагүй түрээсийн хашаанд байсан гэдэг нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үзлэгээр нотлогдож байгаа юм. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан зохигчдын хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2019/10 дугаартай Тээврийн хэрэгсэл түрээсийн гэрээг цуцалж, хариуцагч Б.У-ас хохиролд 14 198 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “АМ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 14 392 350 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “АМ” ХХК-аас ковшийн түрээсийн төлбөрт 96 000 000 төгрөг гаргуулж, хариуцагч Б.У-д олгож, түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн ковшийг буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч “АМ” ХХК-д даалгаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс 91 737 335 төгрөгт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300 902 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 324 837 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 Ковшийг нэхэмжлэгч тал ашиглах боломжгүй байсан учраас хэрэглээгүй, хариуцагч тал санаатайгаар ковшоо авахгүй түрээсийн төлбөр гаргуулах санаатай байсан. Нэхэмжлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтэд ковшны техникийн гэрчилгээ гаргуулах, 2019 оны 11 сарын 08-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.2-т зааснаар шийдвэрийг баталгаажуулах хүсэлт, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт бичсэн нэхэмжлэгчийн тайлбар зэргээр "ковшоо ав манайд тавих газар зөөж тээвэрлэх зардал алга" гэж удаа дараа шаардаж байсан нь харагдана. Нэхэмжлэгч өөрийн зардлаар 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгаас Улаанбаатар хотруу ковш тээвэрлэж Баянгол дүүрэг, 20 хороо, Товчооны зам дагуу байрлах харуул хамгаалалтын агуулахын зориулалттай хашаанд авч ирсэн. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс нэг сарын 250 000 төгрөгийн түрээсийн төлбөр өгч байсан түрээсийн гэрээ хэрэгт авагдсан. Гэтэл хариуцагч Б.У- гадаад улс руу гарч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг хэргийн оролцогчоор оруулж, тэд нарт ковшоо буцааж ав гэхээр Б.У- өөрөө ирж байж болно, хаана хүргэхийг мэдэхгүй асуугаад хэлье гэдэг. Улсын дугааргүй ашиглах боломжгүй ковшийг Улаанбаатар хотод ашигласан гэж шүүх үзсэн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргаж, 10 сард газар хөлдөж өвлийн хүйтэн болсноор 5 сард газар гэсдэг ба өвлийн хүйтэнд газар шорооны ажил хийх боломжгүй. Мөн 2020 оноос 2021 онд дэлхий дахинд Ковид-19 цар тахал өвчин гарч Монгол Улс хорио цээрийн дэглэмтэй байсан үеийг шүүх тооцож үзээгүй.

Түрээсийн төлбөр төлөөд хэнийх нь мэдэгдэхгүй техникийг хамгаалж хадгалж байснаар түрээсийн төлбөр төлөх шийдвэр гарч байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу түрээслэгч ковшийг авч ашиглаагүй, зорилгоо биелүүлээгүй. Харин Б.У- 15 000 000 төгрөг авч хэрэглэсэн. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлтэй гэж шийдвэрт дурдсан. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2019/10 дугаар тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээнд LIEBHERR R924B маркийн экскаватор, \/АТ20438\/2В0174861 арлын дугаартай улсын дугааргүй ковшийг хамтад нь түрээслэсэн ба нэг гэрээтэй байдаг. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд бичсэн ковшийн арлын дугаар 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2019/10 дугаар тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээ дэх арлын дугаар болон Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн ковшийн арлын дугаараас тус тус зөрүүтэй ба улсын дугаар аваагүй гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д "хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлыг болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг.

Хариуцагч Б.У-ын эрхийн доголдолтой, ашиглах боломжгүй ковшийг асааж үзэх гэхэд аккумуляторгүй, тос маслогүй, түлшгүй, хоосон хөндий төмөр байсныг өөрийн мөнгөөр шаардлагатай бүх зүйлийг худалдан авч зассан. Улсын дугаар аваагүй болон үзлэг оношилгоонд хамрагдах эрхгүй, хамрагдаагүй техникийг түрээслүүлэхээр өгсөн нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх энэхүү хариуцагчийн буруутай үйл ажиллагааг анхаарч хараагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын нэхэмжлэгчээс 96 000 000 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

 ...Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.2-т зааснаар нэхэмжлэгч экскаваторыг хүлээн авч, тээвэрлэх болон тээвэрлэхтэй холбоотой гаргасан бусад зардлыг шаардах эрхтэй. Хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргасан зардалд маргаагүй байхад шүүх өөрийн үзэмжээр бусад зардлыг хасч тооцсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2 жил гадаа зогссон зэвэнд идэгдсэн, тос шингэн их гоожсон, зохих бүх төрлийн тос байхгүй, асааж үзэх гэхээр аккумулятор байхгүй ковшийг тос масло хийж үзмээр байна гэхэд Б.У- өөрсдийнхөө зардлаар хийчих, авах юмнуудаа танайх авчих тэгээд дараа сарын түрээсийн төлбөрөөс авсан бүх юмыг суутгаж тооцьё гэж бичсэн байдаг. Гэтэл нотлох баримтаар өгсөн тооцооны хуудсаас заримыг нь хүлээн авагчийн гарын үсэггүй гээд хангаж шийдвэрлээгүй бөгөөд хүлээн авагч нь нэхэмжлэгч юм. Шүүх хариуцагчийн маргаагүй зүйлд бодит зардлыг хасч, цаг хугацааны хувьд ашиглах боломжгүй нөхцөл байдлыг анзаарахгүй нэхэмжлэгчийг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна.

 

 Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Б.У-д ковшийг өгөх гэж холбогдох гэхээр утсаа авдаггүй гэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудад Б.У-д ковшийг хүлээлгэж өгөх талаар гаргасан гомдол, хүсэлт авагдаагүй. Харин хэргийн 59 дүгээр талд “АМ” ХХК-ийн гүйцэтгэх захирал хохирлоо барагдуулсны дараа ковшийг ав гэж хэлж байсан нь цахим захидлаар тогтоогддог. Нэхэмжлэгчээс тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгөхгүй байсан учраас 2021 оны 3 дугаар сард сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл, ковшийг буцааж өгөхийг даалгуулах, энэ хугацааны түрээсийн төлбөрийг гаргуулах, тээврийн хэрэгслийг битүүмжлэх шаардлагыг тус тус гаргасан. Тухайн тээврийн хэрэгслийн үр шимийг хүртэж чадахгүй жилийн хугацаа болох гэж байна. Анхнаасаа эрхийн доголдолтой эд хөрөнгийг шилжүүлсэн гэж байна. Хэрэгт авагдсан түрээсийн гэрээний 2.2-т ковш нь улсын дугаар байхгүй гэж тодорхой тусгагдсан. Өөрөөр хэлбэл, улсын дугааргүй болохыг нэхэмжлэгч тал анхнаасаа мэдэж байсан. Тухайн эд хөрөнгө “Есөн шижир” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй боловч анх “Моннис моторс” ХХК-аас худалдаж авсан. “Моннис моторс “ХХК-аас тодорхойлолт гаргаж өгсөн. Автотээврийн үндэсний төвд явуулахдаа арлын дугаарыг зөрүүтэй бичсэнээс болж өнөөдөр арлын дугаар зөрүүтэй байдал үүссэн. “Есөн шижир” ХХК-аас албан бичиг хийж өгсөн. Иймээс өмчлөлийн ямар нэгэн маргаан байхгүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгчээс экскаваторыг 9 000 000 төгрөг, ковшийг 6 000 000 төгрөгөөр түрээсэлсэн тохиролцоо байгаа эсэхийг тодруулж асуухад нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрч маргаан байхгүй гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Мөн хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр экскаваторыг 9 000 000 төгрөг, ковшийг 6 000 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон болох нь нотлогддог. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцсэн. 

Учир  нь нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын хүрээнд буюу хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан хүрээнд гомдол гаргасан. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан зардлын баримтуудаас нийт 14 198 000 төгрөгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж, эдгээр зардлыг хариуцагч Б.У-ас гаргуулж, нэхэмжлэгч “АМ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 14 392 350 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, түрээсийн гэрээ цуцлагдсантай холбоотойгоор ковшийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид шилжүүлэхээр, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас экскаватор эвдэж гэмтээсний хохиролд тооцон 85 737 335,38 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн талаар зохигчдын хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй байх тул давж заалдах гомдлын хүрээгээр хязгаарлах нь талуудын зарчимд нийцэх юм.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан үндэслэлийн талаар.

 

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ковшийн түрээсийн төлбөрт 96 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу зөв үнэлээгүй байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт зааснаар нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол гэрээнээс татгалзсаны хохирлыг төлөх үндэслэлгүй болохыг шүүх анхаараагүй, ковшийн түрээсийн төлбөр тооцох хугацааг зөв тооцож чадаагүй байна.

 

Түрээсийн гэрээ нь эд хөрөнгө хөлслөх гэрээнээс ялгаатай нь тухайн гэрээний зүйл болох эд хөрөнгийн ашиглалт байдаг бөгөөд нэхэмжлэгч талаас 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ковшийг битүүмжилж өгөхийг хүссэн хүсэлт /хх-ийн 41/ гаргаснаас үзэхэд уг ковшийг  үргэлжлүүлэн ашигласан, ашиглах боломжтой байсан эсхүл, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр эзэмшилдээ байлгаж байгаа гэж үзэх боломжгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэгчээс түрээсийн төлбөр шаардсан үндэслэл үгүйсгэгдсэн.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Б.У-ыг уг ковшийг буцааж авахгүй байгаа, нэхэмжлэгч тал ковшийг буцааж өгөх хүсэл зоригийг илэрхийлж байсан болох нь шүүхэд гаргаж байсан удаа дараагийн тайлбаруудаар нотлогдсон байх бөгөөд хариуцагч Б.У- нь “...2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс Чех улс руу яваад 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ирсэн ...” гэж өөрөө тайлбар гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /хх-ийн 144, 151, 2хх-ийн 130, 145/

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас гаргасан “...ковшийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүгчийн  2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШЗ2019/18703 тоот шүүгчийн захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн /хх-ийн 42/ атлаа хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж гарсан 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаагаар ковшийн түрээсийн төлбөр тооцож 96 000 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй болжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч “...хэргийн 59 дүгээр талд “АМ” ХХК-ийн гүйцэтгэх захирал хохирлоо барагдуулсны дараа ковшийг ав гэж хэлж байсан нь цахим захидлаар тогтоогддог...” гэж гомдолд хариу тайлбар гаргасан байх боловч уг баримт  хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

 

Харин ковшийн эзэмшил, өмчлөлтэй холбоотойгоор гуравдагч этгээд шаардлага гаргаагүй, талууд гэрээндээ улсын дугааргүй ковш түрээслэхээр тохиролцсон байдаг тул нэхэмжлэгч тал ковшийн эрхийн доголдлын талаар  гомдолд дурдсан нь үндэслэлгүй болно.

 

Иймд ковш ашигласан зардалд нэг сарын түрээсийн төлбөр тооцогдох боломжтой боловч урьдчилгаанд 6 000 000 төгрөг төлснөөс суутгагдаж, хариуцагч дээрх хугацаанаас хойш нэмж түрээсийн төлбөр шаардах эрх үүсээгүй учраас хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй.

 

Зохигчдын хооронд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2019/10 дугаартай тээврийн хэрэгсэл түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч Б.У- нь түрээслэгч “АМ” ХХК-д Liebherr маркийн VATZ0438VZB0174861 арлын дугаартай ковш /улсын дугаар аваагүй/, Liebherr маркийн WLHZ1073PZD018537 арлын дугаартай, 72-95 УБ улсын дугаартай экскаватор зэрэг нийт 2 ширхэг тээврийн хэрэгслийг Хэнтий аймгийн Батноров сумын Ухаа овоотын уурхайгаас жонш олборлох үйл ажиллагаанд 3 сарын хугацаатай, ашиглуулахаар шилжүүлэх, “АМ” ХХК нь 2 ширхэг тээврийн хэрэгслийн түрээсийн төлбөрт нийт 15 000 000 төгрөгийг Б.У-д төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 68-71/

 

Түрээслэгч  “АМ” ХХК нь дээрх гэрээний дагуу 15 000 000 төгрөгийг түрээслүүлэгч Б.У-д  шилжүүлсэн, гэрээнд нийт түрээсийн төлбөрийг 15 000 000 төгрөг байхаар заасан боловч экскаваторыг 9 000 000 төгрөгөөр, ковшийг 6 000 000 төгрөгөөр тус тус түрээсийн төлбөр тооцохоор тохиролцсон болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдсон байна. /хх-ийн 17, 124, 2хх-ийн 206/

 Нэхэмжлэгч “АМ” ХХК нь түрээсийн гэрээний зүйл болох 2 тээврийн хэрэгслийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ачиж, Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Батноров сумын нутагт байрлах Ухаа овоотын уурхай руу тээвэрлэн хүргэсэн, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр уг уурхайн нээлт болж, техникүүдийг буулган ажилд гарахад бэлдэж, экскаваторт шаардлагатай тос маслыг хийж, шалгаж дууссаны дараа ажил эхлүүлээд 1 цаг орчмын дараа экскаваторын хянах самбарт хөдөлгүүрийн улаан гэрэл асч, тэр даруй экскаваторыг унтрааж, улмаар энэ тухай хариуцагч Б.У-д мэдэгдсэн талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нотлогдсон гэж үзнэ.

 

Мөн экскаваторыг Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу дахин тээвэрлэж, түрээслэгч Б.У-ын хүсэлтээр экскаваторыг “Моннис сервис саппорт” ХХК-ийн хашаанд 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр буулгасан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 1, 45-46/

 

“Моннис сервис саппорт” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Liebherr R924 SN:18537 Экскаваторын хөдөлгүүрийн эвдрэлийн ажлын тайланд “...Oil cooler /ойл күүлэр/ буюу тосны хөргүүрийн чангалгаа муу шаардлагатай хэмжээнд хүрээгүйн улмаас хөргөлтийн шингэн тос руу орж холилдсон...” нь эвдрэлийн гол шалтгаан болсон гэж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 525 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...хөргөлтийн системд тосны ул мөр байна. ...Экскаваторын ашиглалтын явц дахь эд ангийн элэгдэл, хуучралт, тослолтын систем, хөргөлтийн системийн хэвийн бус ажиллагаа, механик хольц” зэрэг олон шалтгаан нөхцөлөөс хөдөлгүүрийн тахир голын хүзүү цохисон гэмтэл үүссэн байна. “... Хөдөлгүүр тос солих техник үйлчилгээ хийх үед моторын дотор байх Oil cooler /ойл күүлэр/ -ийг чангалах, суллах боломжгүй...” гэж тус тус дүгнэснээс үзэхэд “...түрээслэгч техникүүдийг зүй бусаар ашигласнаас үүдэн миний өмчлөлийн экскаваторт эвдрэн их хэмжээгээр хохирол учирсан...” гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгджээ.

 

Ийм учраас анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 288 дугаар зүйлийн 288.1.1, 289 дүгээр зүйлийн 289.2.2-т заасан зохицуулалтыг талуудын хоорондох түрээсийн гэрээний маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн гаргасан хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан зардлын баримтуудад үндэслэн нийт 14 198 000 төгрөгийг хариуцагч Б.У-ас гаргуулж, нэхэмжлэгч “АМ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгч талаас “...хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргасан зардалд маргаагүй байхад шүүх өөрийн үзэмжээр бусад зардлыг хасч тооцсон...” гэсэн үндэслэлийг гомдолдоо заасан боловч шүүхийн шийдвэрт энэ талаар ямар өөрчлөлт оруулах хүсэлтэй байгаа болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.5-д зааснаар гомдолдоо заагаагүй, улсын тэмдэгтийн хураамжийг анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр төлсөн байх тул давж заалдах гомдлын энэ хэсгийг  хүлээн авах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2021/02797 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх  заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2019/10 дугаартай Түрээсийн гэрээг цуцалж, хариуцагч Б.У-ас хохиролд 14 198 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “АМ” ХХК-д олгож, нэхэмжлэгч “АМ” ХХК-иас Liebherr маркийн VATZ0438VZB0174861 арлын дугаартай ковшийг гаргуулж хариуцагч Б.У-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 14 392 350 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч “АМ” ХХК-иас хохирол, ковшийн түрээсийн төлбөрт нийт 187 737 335.38 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “...“АМ” ХХК-аас 708 150 төгрөг гаргуулж, Б.У-д олгосугай” гэснийг  “...“АМ” ХХК-аас 70 200 төгрөг гаргуулж, Б.У-д олгосугай” гэж тус тус өөрчилж,  шийдвэрийг бусад  заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 637 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                   Н.БАТЗОРИГ