Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
Хэргийн индекс | 181/2021/00911/И |
Дугаар | 181/ШШ2021/01876 |
Огноо | 2021-10-15 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 181/ШШ2021/01876
2021 10 15 181/ШШ2021/01876
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: байрлах, ХДК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах, ЧХБ ХХК /-д холбогдох,
“Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ”-ний дагуу Төв банкны үнэт цаас худалдан авах зориулалтаар байршуулсан 16 320 000 000 төгрөг, түүний алданги 3 443 520 000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдөр хугацаа хоцроож хийсэн 16 333 794 211 төгрөгт бодогдсон 2 хувийн алданги 32 667 588 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Төв банкны үнэт цаасны арилжааны 2 хоногийн өгөөж 8 104 426 төгрөгт 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тооцсон алданги 1 750 556 төгрөг, “Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэх гэрээ”-ний дагуу харилцах дансны үлдэгдэл 8 817 934 төгрөг, нийт 19 806 756 079 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Д.Б, Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Өлзийдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХДК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан, Д.Нарантуяа, Д.Бэлгүтэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХДК нь Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сангийн актив хөрөнгийг аюулгүй, хөрвөх чадвартай, ашигтай байх зарчмыг баримтлан Монгол банкны үнэт цаасанд байршуулж болно" гэж заасны дагуу 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн “Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ”-г байгуулан тухайн үеэс эхлэн 2020 оны 08 сарын 10-ны өдрийг хүртэл Төв банкны үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд тус банкаар зуучлуулан хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгийг хөрөнгө оруулалтад байршуулан ажилласаар ирсэн. Гэвч 2019 оны 12 дугаар сараас эхлэн Чингисхаан банк нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж эхэлсэн.
Тодруулбал ХДК нь ЧХБ ХХК -тай 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.1.3 дах хэсэгт заасан, мөн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан “Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэх гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.4.1 дэх хэсэгт заасан эрх, үүргийг удаа дараа ноцтой зөрчиж байна.
Улмаар Корпорацийн зүгээс өөрийн эзэмшлийн ЧХБ ХХК 3941110001 тоот дансанд байрших мөнгөн дүнг Монголбанкны ХДК-йн эзэмшлийн 3603006001 тоот дансанд шилжүүлэн данс зузаатгуулахаар 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №4547 дугаартай Төлбөрийн даалгаврыг хүргүүлсэн. Тус даалгаврыг Чингисхаан банк хүлээн авч 2020 оны 08 дугаар сарын 17-ний өдөр Чингисхаан банкан дахь нэхэмжлэгч ХДКйн эзэмшлийн 3941110001 тоот данснаас 16,320,000,000 төгрөгийн зарлага гаргасан гэх дансны хуулгыг үзүүлсэн боловч Монголбанкны Хадгаламжийн даатгалын копорацийн эзэмшлийн 3603006001 тоот дансанд 16,320,000,000 төгрөгийн зузаатгал хийгдээгүй байна.
Мөн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ”-ний дагуу 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр худалдан авсан бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хугацаа нь дуусах ТБҮЦ-нд байршуулсан эх үүсвэрийн өгөөжийг гэрээний нөхцөлийг зөрчин 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр буюу 2 хоногийн хугацаа хоцроож хийсэн. Хугацаа хоцроосны алданги болох 32 667 588 төгрөгийг дансанд шилжүүлээгүй үйлдэл нь гэрээнд заасан үүргээ зөрчсөн гэж үзэж байна.
Түүнчлэн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хийгдсэн ТБҮЦ-ны арилжааны өгөөж болох 8 104 426 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд нийт 140 хоногийн хугацаа хэтрүүлэн шилжүүлсэн. Иймээс 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны алданги болох 1 134 619 төгрөгийг гэрээний дагуу нэхэмжлэгч талд шилжүүлэх ёстой боловч одоог хүртэл энэ үүргээ биелүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл “Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ”, “Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэх” гэрээгээр хүлээсэн үүрэг болон Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх заалт, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь заалт, Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалт, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтуудыг давхар зөрчиж, улмаар харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг зөрчөөд зогсохгүй, хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлд оруулж байна.
Иймд Нэхэмжлэгч нь ЧХБ ХХК -аас доор заагдсан төлбөрүүдийг нэхэмжлэж байна. Үүнд:
1. 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ”-ний дагуу Төв банкны үнэт цаас худалдан авах зориулалтаар байршуулсан эх үүсвэр 16 320 000 000 төгрөг, түүний алданги болох 3 443 520 000 төгрөг,
2. 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хугацаа хоцроож хийсэн 16 333 794 211 төгрөгт бодогдсон 2 хоногийн алданги 32 667 588 төгрөг,
3. 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хийгдсэн Төв банкны үнэт цаасны арилжааны 2 хоногийн өгөөж 8 104 426 төгрөгт 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцсон алданги 1 750 556 төгрөг
4. ЧХБ ХХК харилцах дансны үлдэгдэл 8 817 934 төгрөгийг тооцож төлбөл зохих нийт 19 806 756 079 төгрөг,
Иймд хариуцагч ЧХБ ХХК -аас нэхэмжлэлийн нийт дүн болох 19 806 756 079 (арван есөн тэрбум найман зуун зургаан сая долоон зуун тавин зургаан мянга далан есөн) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХДКд олгож өгнө үү гэв.
Хариуцагч ЧХБ ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингис хаан банк ХХК болон ХДК нар Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ, Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэх гэрээ байгуулсан. Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэх гэрээ, Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээнүүд нь тус тусдаа харилцааг зохицуулдаг гэрээ юм.
Хөрөнгө оруулалтын зуулчлалын гэрээ бол ХДКйн оруулсан хөрөнгөөр монгол банкны үнэт цаасыг худалдах худалдан авах харилцааг зохицуулдаг. Хөрөнгө оруулалтын зуулчлалын гэрээний Нийтлэг үндэслэлийн 1.2-т гэрээний зорилго нь зуучлагчаас зуучлуулагчийн эх үүсвэрээр төв банкны үнэт цаас худалдах худалдан авах, түүний буцаан төлөх нөхцөлтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах, талуудын эрх, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой заагаад өгсөн өөрөөр хэлбэл тус гэрээний 1.2-т заасны дагуу оруулж ирсэн хөрөнгөөр монгол банкны үнэт цаасыг худалдаж аваад, худалдаж авсан үнэт цаасыг буцааж худалдах замаар оруулж ирсэн хөрөнгийг Чингис хаан банкан дахь нэхэмжлэгч ХДКйн эзэмшлийн 3941110001 тоот дансанд байршуулах харилцааг зохицуулдаг.
Харин Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэх гэрээгээр Чингис хаан банкан дахь данснаас мөнгийг бусад банк руу гаргах харилцааг зохицуулж байна. Энэ 2 гэрээний үндсэн зорилго юм. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа манай 16,320,000,000 төгрөгийг гаргаж өгөөгүй алданги гээд 3,443,520,000 төгрөгийг нэхэмжилдэг. Гэтэл энэ алдангийн зүйл заалтыг амаар тайлбарлахдаа Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ-ний 2.7-д заасны дагуу 0,1 хувийн алдангийг тооцно гэж зааснаар гэж дурдсан. Уг заалтад зуучлагч нь хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг гэрээний 2.3-т заасны дагуу худалдаж авсан үнэт цаасны хугацааны эцэст төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй төлбөрийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувиар алданги тооцно гэж заасан. Энэ Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ бол зөвхөн Монгол банк, Чингис хаан банк ХХК хоорондоо үнэт цаасыг худалдаж аваад, буцаагаад дансанд нь байршуулаагүйтэй холбоотой 0,1 хувийн хүүний алдангийг тооцохтой холбоотой асуудал болохоос биш энэ данснаас мөнгө гаргаад, гаргасан мөнгийг өөр нэг данс руу шилжүүлээгүйтэй холбоотой 0,1 хувийн алдангийг зохицуулсан харилцаа биш. Энэ гэрээ бол 2 тусдаа харилцаагаар зохицуулагдаж байгаа. Энэ гэрээний 2.7-д заасан зохицуулалт нь нэхэмжлэлийн шаардлагын 2 дугаар хуудасны дээрээсээ мөн гэж эхлээд 32,667,588 төгрөгийн алданги өөрөөр хэлбэл Монгол банкны үнэт цаасыг худалдаж аваад худалдаж аваагүй тохиолдолд нэхэмжлэгчийн 0,1 хувийн алданги шаардах үндэслэл зөв гарч ирнэ. Нэхэмжлэгч тал буруу тайлбарлаж хүүгийн төлбөр 3,4 тэрбум төгрөг шаардаж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна.
Чингис хаан банканд ХДК нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр а-1/200 дугаартай албан бичигт уг төв банкны үнэт цаасыг буцаан худалдах шаардлагатай болсон тул гэрээний 2.8-т заасны дагуу 2020 оны 08 дугаар сарын 14-ний дотор 2 дахь зах зээлд буцаан худалдаж өгнө үү гэж зааж өгсөн. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын 2-т 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хугацаа хоцроож хийсэн 16,333,794,211.48 төгрөгт бодогдсон 2 хоногийн алданги 32,667,588.42 төгрөгийг гаргуулж өгөх гэсэн. Гэтэл албан бичигт 2020 оны 08 дугаар сарын 14-ний дотор худалдаж болно гэсэн хирнээ бид нарыг та нар 2 хоног хугацаа алдуулж зарлаа гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ бүх хугацаанд хариу тайлбар өгөхгүй байсан нь ямар учиртай вэ гэхээр нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, үнийн дүнг буруу бичдэг. Буруу бичихдээ нэхэмжлэлийн агуулга хэсэгт манайхаас түүнчлэн гэж байгаад 1,134,619 төгрөг нэхэнгүүтээ нэхэмжлэлийн шаардлагадаа 1,750,556 төгрөг гэж нэхдэг. Ингээд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн хоорондоо зөрүүтэй болоод ирэхээр тайлбар өгөх боломж байгаагүй. Нэхэмжлэгч тодруулахгүй байхад хариуцагч тодруулах гээд байх шаардлага байхгүй.
Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх гэрээний 3 дахь хэсэгт харилцагч нь банкны төлбөр тооцооны баримтыг зохих журмын дагуу бичиж баталгаажуулан харилцах данснаасаа төлбөр тооцоо хийнэ гэж заагаад өгсөн. Бид банканд үйлчлүүлэхдээ харилцах дансны төлбөрийн даалгаврыг бичээд, тамга дарж, зохих ёсны төлөөлөх эрхтэй этгээд гарын үсэг зурснаар гүйцэтгэнэ. Өөрөөр бид хуульд заасан шаардлагын дагуу төлбөрийг гүйцэтгэх ёстой болохоос хэн нэгний амаар, албан бичгээр төлбөрийг шилжүүл гэсний дагуу төлбөрийг гаргахгүй.
Өнөөдрийг хүртэл Монгол банкнаас төлбөр гаргаагүйтэй холбоотой эсхүл Хадгаламж даатгалын корпорацаас ЧХБ ХХК ХДК йн мөнгийг шилжүүлээгүйтэй холбоотой албан бичгийг хавтаст хэргийн материалд ирүүлээгүй. Хавтаст хэрэгт Монгол банкнаас үнэт цаастай холбоотой харилцааг зохицуулсан уу зохицуулаагүй юу, үнэт цаасны арилжаанд оролцсон уу, оролцоогүй юу холбоотой баримт байгаа. Үнэхээр Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх гэрээнд заасны дагуу Хадгаламж даатгалын корпорциас төлбөрийн даалгаврыг зохих журмаар баримт бүрдэхийг хангаж манайд ирүүлээгүй. Хөрөнгө оруулалт зуучлалын гэрээний 8 дугаар хуудасны 2.9-т зуучлагч нь зуучлуулагчийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр түүний өгөөжийг 2.5-т заасны дагуу төлөх баталгаа болгож энгийн викселийг эх үүсвэр бүрд өөрчлөлт оруулах тухай бичнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл хэрэв манайх мөнгөө төлж чадахгүй байгаа бол манайхаас гаргасан энгийн викселээр Монгол банкнаас викселийн тухай хуульд заасны дагуу төлбөр мөнгийг гаргуулах бүрэн боломжтой. Яагаад энэ эрхээ хэрэгжүүлээгүй байж Чингис банкнаас гаргуулах гээд байгаа. Нэхэмжлэгчийн өнөөдрийн хүртэл тодорхойгүй байгаа нь үнийн дүнгээс харагдаж байна. Дээрээс нь хууль болон гэрээнд заагаагүй харилцааг нэгээр нь нөгөөг нотлуулах замаар мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХДК нь хариуцагч ЧХБ ХХК -д холбогдуулан “Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ”-ний дагуу Төв банкны үнэт цаас худалдан авах зориулалтаар байршуулсан 16 320 000 000 төгрөг, түүний алданги 3 443 520 000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдөр хугацаа хоцроож хийсэн 16 333 794 211 төгрөгт бодогдсон 2 хоногийн алданги 32 667 588 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Төв банкны үнэт цаасны арилжааны 2 хоногийн өгөөж 8 104 426 төгрөгт 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тооцсон алданги 1 750 556 төгрөг, “Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэх гэрээ”-ний дагуу харилцах дансны үлдэгдэл 8 817 934 төгрөг, нийт 19 806 756 079 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
ХДК, ЧХБ ХХК нарын хооронд 2013 оны 10 сарын 31-ний өдөр “Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэх” гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ” тус тус байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
1. Нэхэмжлэгч ХДК нь өөрийн эзэмшлийн ЧХБ ХХК 3941110001 тоот дансанд байрших 16 320 000 000 төгрөгийг Монголбанкны ХДКйн эзэмшлийн 3603006001 тоот дансанд шилжүүлэхээр хариуцагч ЧХБ ХХК-д 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №4547 дугаартай Төлбөрийн даалгаврыг хүргүүлсэн байна.
Тус даалгаврыг ЧХБ ХХК нь хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 17-ний өдөр Чингисхаан банкан дахь ХДКйн эзэмшлийн 3941110001 тоот данснаас 16 320 000 000 төгрөгийн зарлага гаргасан дансны хуулга /хх-66 ар тал/ байгаа боловч Монголбанкны Хадгаламжийн даатгалын копорацийн эзэмшлийн 3603006001 тоот дансанд 16 320 000 000 төгрөгийн зузаатгал хийгдээгүй, Чингисхаан банкнаас “дотоодын саатлын дансанд бүртгэсэн” гэх тайлбар /хх-62х/-ыг гаргасан байна.
Иймд хариуцагч ЧХБ ХХК нь “Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэх гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.1.2, 2.5 дахь хэсэгт заасан үүргээ зөрчиж, ХДКйн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №4547 дугаартай Төлбөрийн даалгаврын дагуу Монголбанкны ХДК эзэмшлийн 3603006001 тоот дансанд 16 320 000 000 төгрөгийг шилжүүлээгүй байх тул ХДКйн 16 320 000 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Харин “Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэх гэрээ”-нд талууд алданги төлөхөөр тохиролцоогүй тул уг гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй байна.
ХДКйн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №4547 дугаартай Төлбөрийн даалгаврын дагуу мөнгө шилжүүлэх үүрэг нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ”-ний үүрэгт хамааралгүй тул нэхэмжлэгч уг гэрээний дагуу алданги шаардсан нь үндэслэлгүй байна.
Иймд ХДКйн алданги 3 443 520 000 төгрөгийг Чингисхаан банк ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Хариуцагч ЧХБ ХХК нь ХДКйн 2020 оны 08 сарын 10-ны өдрийн Төв банкны үнэт цаас худалдан авах санал /хх-150х, 104х/-ын дагуу 1 000 000 нэгжийн нэрлэсэн үнэтэй, 16 442 багцыг худалдан авсан /хх-149х, 105х/ гүйлгээг хийсэн байх бөгөөд ХДКйн 2020.08.12-ны өдрийн А-1/200 тоот албан бичиг /хх-14х/-ээр Хоёрдогч зах зээлд буцаан худалдах саналын дагуу ЧХБ ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр арилжааг хийсэн байна. /хх-106-107х/
Энэхүү арилжаа нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ”-ний 2.8-д “Зуучлагч нь гэрээний 2.3-ын дагуу худалдан авсан үнэт цаасыг зуучлуулагчийн захиалгын дагуу хоёрдогч зах дээр болон репо нөхцлөөр худалдаж болно” гэж заасантай нийцсэн байна.
ХДКйн 2020.08.12-ны өдрийн А-1/200 тоот албан бичиг /хх-14х/-т “... 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн дотор Хоёрдогч зах зээлд буцаан худалдаж өгнө үү” гэж үнэт цаасыг Хоёрдогч зах зээлд буцаан худалдах хугацааг тогтоосон байх бөгөөд ЧХБ ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хийсэн Хоёрдогч захын арилжааны төлбөрийг 2020.08.14-ны өдөр ХДКйн дансанд 16 333 794 211.48 төгрөгөөр байршуулсныг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн ХДКйн ““Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ”-ний дагуу 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр худалдан авсан бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хугацаа нь дуусах ТБҮЦ-нд байршуулсан эх үүсвэрийн өгөөжийг гэрээний нөхцөлийг зөрчин 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр буюу 2 хоногийн хугацаа хоцроож хийсэн” гэх тайлбар үндэслэлгүй байна.
Иймд ХДКйн ЧХБ ХХК -иас 2 хоногийн алданги 32 667 588.42 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
3. Хариуцагч ЧХБ ХХК нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хийгдсэн ТБҮЦ-ны арилжааны өгөөж болох 8 104 426 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн болох нь дансны хуулга /хх-35х/, ХДКйн 2020.10.28-ны өдрийн А-1/283 тоот албан бичиг /хх-72х/, ЧХБ ХХК -ийн 2020.12.28-ны өдрийн СА/69 тоот албан бичиг /хх-73х/ зэргээр тогтоогдож байна.
“Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ”-ний 4.1.4-д “...хөрөнгө оруулалтын эх үүсвэр, түүний өгөөжийг бүтнээр буюу хэсэгчлэн төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй хэсэгт хугацаа хэтрүүлсэн хоног тутамд ...алданги төлнө” гэж заасны дагуу хариуцагч ЧХБ ХХК нь арилжааны өгөөж болох 8 104 426 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд шилжүүлээгүйн алданги 1 134 619,66 төгрөг /8 104 426.22 х 0,1% = 8 104.42 х 140 хоног = 1 134 619.66/-ийг төлөх үүрэгтэй байна.
4. ХДКйн Чингисхаан банкин дахь 3941110001 тоот харилцах дансны үлдэгдэл 8 817 934 төгрөг /хх-27-35х/ байна.
“Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэх гэрээ”-ний 4.4.1, 6.3-д заасны дагуу ХДК нь Чингисхаан банкинд өөрийн дансанд байгаа мөнгийг захиран зарцуулах болон дансаа хаалгах хүсэлтийг гаргаагүй байна. Иймд Чингисхаан банк ХХК-иас харилцах дансны үлдэгдэл 8 817 934 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.
Дээрхи үндэслэлүүдээр ЧХБ ХХК-иас 16 321 134 619.66 төгрөгийг гаргуулж ХДКд олгож, нэхэмжлэлээс 3 485 621 459.71 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 445.4-д зааснаар хариуцагч ЧХБ ХХК -иас 16 321 134 619.66 /арван зургаан тэрбум гурван зуун хорин нэгэн сая нэг зуун гучин дөрвөн мянга зургаан зуун арван есөн төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХДК д олгож, нэхэмжлэлээс 3 485 621 459.71 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч ХДК йн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ЧХБ ХХК -иас 81 763 623 /наян нэгэн сая долоон зуун жаран гурван мянга зургаан зуун хорин гурван/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА