Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2021/02022

 

           

 

 

 

 

 

 

 

   2021        10         27                                          181/ШШ2021/02022         

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, “ХБ” ХХК ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Д,

Хариуцагч: Б.Г нарт холбогдох,

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Н.Д, түүний өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Сандаг нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч ХБ ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хариуцагч Н.Д 100 хувийн эзэмшлийн ЗК ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ХБ ХХК  5001017540 дугаартай Зээлийн шугамын гэрээ байгуулан 80 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 23.64 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.

Хариуцагч нар нь ХБ ХХК-ийн зээлийн төлбөр 87 172 572 төгрөг болон ЭФ ББСБ -ын зээлийн төлбөр 84,962,000 төгрөгийг төлж чадахгүйд хүрч өр төлбөрөө төлөх зорилгоор 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ХБ ХХК  “Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-г байгуулан 2 орон сууц, 1 автозогсоолыг нийт 172,134,572 төгрөгөөр худалдсан. Үүнд:

-Улсын бүртгэлийн Ү-22 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байрны 248 тоот 40 м.кв, 3 өрөө орон сууцыг 81,000,000 төгрөгөөр

-Улсын бүртгэлийн Ү-22 дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 62 дугаар байрны 118 тоот, 62,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 81,000,000 төгрөгөөр

-Улсын бүртгэлийн Ү-22 дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 62 дугаар байрны зоорийн давхрын 23 тоот, 16 м.кв талбайтай авто зогсоолыг 10,134,572 төгрөгөөр

Худалдан авагч ХБ нь 2017 оны 12 сарын 22-ны өдөр 84,962,000 төгрөгийг ЭФ ББСБ -д, 87,172,572 төгрөгийг ХБны зээлийн төлбөрт, нийт 172,134,572 төгрөгийг хариуцагч нарын нэрийн өмнөөс тэдгээрийн төлбөрт шилжүүлж “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төлөх гэрээний зүйлийн төлбөрийг төлж үүргээ бүрэн биелүүлсэн.

 Талууд “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулахдаа МУ-ын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу өөрсдийн чөлөөт байдлын хүрээнд агуулгаа тохирч хийсэн бөгөөд хариуцагч нарын зүгээс хөрөнгө худалдан борлуулсан мөнгөөр бусдад төлөх өр төлбөрөө барагдуулах зорилготой байсан бөгөөд гэрээний үр дүнд уг зорилго биелэгдэж хариуцагчийн өр төлбөрүүд төлөгдөж зээлийн харилцаанууд дуусгавар болсон.

Талууд өөрсдийн хүсэл зорилгоо тодорхойлж, гэрээний үнэ, хугацааг сайн дурын үндсэн дээр харилцан тохирч “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан ба гэрээний төлбөр төлөгдөж, өмчлөх эрх ХБинд шилжиж, хариуцагч нарын бусдад төлөгдөх зээлийн төлбөр төлөгдөн зээлийн хариуцаа дуусгавар болж бодит үр дүнд хүрсэн тул Иргэний хуулийн 56.1.2 д заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэх боломжгүй юм. Мөн талууд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 д заасны дагуу хэлцэл хийсэн гэж үзэж байна.

ХБ нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлснээр хууль ёсны өмчлөгч нь болсон. Мөн ХБ ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч нарт ашигтай давуу байдал үүсгэн өөрсдийн орон сууцыг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл буцаан худалдан авах нөхцөлөөр хангаж “Амлалтын үүрэг хүлээх гэрээг” байгуулсан. Банкнаас боломжоор хангасаар байтал дээрх орон сууцыг буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй тул өмчлөгч нь өөрийн өмчлөлийн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 д заасны дагуу шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан болно.

Хариуцагч Н.Д, Б.Гнар нь орон сууцыг чөлөөлж өгөлгүй өмчлөгчийн эрхэнд саад учруулан худалдан борлуулах боломжгүй болгон хохирол учруулсаар байна. Иймд улсын бүртгэлийн Ү-2203000894 дугаартай, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байрны 248 тоот хаягт байрлалтай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Н.Д, Б.Гнарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           

 

                Нэхэмжлэгч Н.Д, Б.Гнарын шүүхэд гаргасан тайлбартаа болон өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Заг констракшн ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ХБ" ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 80,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд энэхүү гэрээний барьцаанд өөрийн компанийн 2 үл хөдлөх эд хөрөнгө болох үйлдвэрийн барилга болон газрыг барьцаалсан.

Мөн ЭФ ББСБ-тай 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан ЗГ-150707/3 дугаартай зээлийн гэрээнд Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11-р хороолол, 10-р байр, 248 тоот, 40м.кв 3 өрөө орон сууцыг барьцаанд тавьж, 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан ЗГ-150812/5 дугаартай зээлийн гэрээнд Баянзүрх дүүргийн 15-р хороо, 13-р хороолол, Нарны зам гудамж, 62-р байр, 118 тоот 62.4 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаанд тавьж, 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан ЗГ-160111/4 дугаартай зээлийн гэрээнд Баянзүрх дүүргийн 15-р хороо, 13-р хороолол. Нарны зам гудамж, 62-р байр, 23 тоот 16 м.кв авто зогсоолыг барьцаанд тус тус тавьж нийт 67,000,000 төгрөгийн зээл авсан.

Н.Д, Б.Гнар зээлийн хүү болон зээлийг боломжоороо төлж ирсэн бөгөөд 2017 оны сүүлээр санхүүгийн хүнд байдалд орж, төлж чадахгүй болсон юм. Н.Д, Б.Гнарын зүгээс зээлийн гэрээний дагуу ХБ ХХК-ийн барьцаанд байгаа 2 үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг аваад, худалдан борлуулж, зээлээ хаалгаад илүү гарсан зөрүү мөнгийг нь авъя гэсэн санал тавьсан боловч ХБ ХХК-аас манай банк нь үйлдвэрийн объектыг зээлийн төлбөрт авдаггүй, харин орон сууц, автомашины зогсоол зэрэг барьцаа хөрөнгөөр зээлийг хаадаг гэсэн хариу хэлсэн. Тэгэхээр нь бид ЭФ ББСБ-аас зээл авсан байгаа, барьцаанд нь 2 болон 3 өрөө орон сууц, 1 автомашины зогсоол тавьсан байгаа, тухайн үл хөдлөх хөрөнгөнүүдийг авч болно гэж хэлсэн.

Тэгж хэлснээс хойш ХБ ХХК нь ЭФ ББСБ-тай холбогдон орон сууцууд болон авто машины зогсоолыг зээлийн гэрээний барьцаанаас нь гаргуулан, зээлийн гэрээг нь хааж тухайн орон сууц болон автомашины зогсоолуудыг Н.Д, Б.Гнараас худалдан авахаар тохиролцсон юм. Тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа давхар амлалтын үүрэг хүлээх гэрээг байгуулсан. Амлалтын үүрэг хүлээх гэрээ нь орон сууцыг Н.Д. Б.Гнар нь буцаан худалдан авах нөхцөлтэй, буцаан худалдан авахдаа хүү тооцох заалттай гэрээ байсан.

Мөн энэхүү амлалтын үүрэг хүлээх гэрээг байгуулахад хэрэв Н.Д, Б.Гнар амлалтын үүрэг хүлээх гэрээний дагуу орон сууц болон автомашины зогсоолыг худалдан авч чадахгүй бол ХБ ХХК нь тухайн объектуудыг зах зээлийн үнэлгээгээр худалдан, худалдсан төлбөрийн зөрүүг өгөх болно гэж амаар хэлж байсан.

Н.Д, Б.Гнар нь орон сууц болон авто зогсоолыг ХБ ХХК-ийн хэлснээр худалдсан бөгөөд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын зах зээлийн үнийн ханшаар худалдаж авах ёстой байсан.

Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11-р хороолол, 10-р байр, 248 тоот, 40м.кв 3 өрөө орон сууц нь Ашид билгүүн хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Үнэлгээний тайлангаар 2017 оны 12 дугаар сарын зах зээлийн дундаж үнэлгээгээр 115,505,832 төгрөг гэж үнэлсэн юм. Үүнээс харахад үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 81,000,000 төгрөгөөр бус 115,505,832 төгрөгөөр хийх ёстой байсан гэсэн үг юм.

Бид зах зээлийн үнэлгээнээс хэт бага үнээр орон сууцыг нэхэмжлэгчид худалдсан бөгөөд эрх зүйн ямар ч мэдлэггүй биднийг хуурч мэхлэн, гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө бүртгүүлж аваад, орон сууцнаас минь хөөж гаргаж байгаад гомдолтой байна.

Иймд Н.Д, Б.Гнар дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

                  Н.Д, Б.Гнь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ЗК ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ХБ ХХК -тай 5001017540 дугаартай Зээлийн шугамын гэрээ байгуулан 80 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд энэхүү гэрээний барьцаанд өөрийн компанийн 2 үл хөдлөх хөрөнгө болон газрыг барьцаалсан. Мөн “ЭФ ББСБ” ХХК-тай 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ЗГ-15707/3 дугаартай зээлийн гэрээнд Сүхбаатар дүүргийн 07 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байрны 248 тоот хаягт байрлалтай 40 мк.в талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаанд тавьж, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ-160111/4 дугаар зээлийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 15 хороо, 13 хороолол, Нарны зам гудамж, 62 дугаар байр, 23 тоот 16 мк.в авто зогсоолыг барьцаанд тус тус тавьж нийт 67 000 000 төгрөгийн зээл авсан.

Хариуцагч нар нь зээлийн хүү болон зээлийг боломжоороо төлсөн ба 2017 оны сүүлээр санхүүгийн хүнд байдалд орж төлж чадахгүй болсон юм. Хариуцагч нарын зүгээс зээлийн гэрээний дагуу ХБ ХХК -ийн барьцаанд байгаа 2 үл хөдлөх хөрөнгө болон газрыг аваад, худалдан борлуулж зээлээ хаалгаад илүү гарсан зөрүүг авах тухай санал гаргасан боловч банк үйлдвэрлэлийн объект зээлийн төлбөрт авдаггүй, харин орон сууц, зогсоол зэрэг зээлийн хөрөнгөөр зээлийг хаадаг гэж хариулсан. Тэгэхээр нь бид “ЭФ ББСБ” ХХК-иас зээл авсан байгаа, барьцаанд нь 2 болон 3 өрөө орон сууц, 1 автомашины зогсоол тавьсан байгаа, тухайн үл хөдлөх хөрөнгөнүүдийг авч болно гэж хэлсэн. Тэгж хэлснээс хойш банк нь “ЭФ ББСБ” ХХК-тай холбогдон орон сууцууд болон авто машины зогсоолыг зээлийн гэрээний барьцаанаас гаргуулан, зээлийн гэрээг хаах тухайн орон сууцыг болон зогсоолуудыг хариуцагч Б.Г, Н.Д нараас худалдан авахаар тохирсон юм. Тухайн үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа давхар амлалтын үүрэг хүлээн гэрээ байгуулсан. Амлалтын үүрэг хүлээх гэрээ нь орон сууцыг хариуцагч нар нь буцаан худалдан авах нөхцөлтэй, буцаан худалдан авахдаа хүү тооцох заалттай гэрээ байгуулсан.

 Энэхүү амлалтын үүрэг хүлээх гэрээ байгуулахад хариуцагч Н.Д,  Б.Гнар нь амлалтын үүрэг хүлээх гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгүүдээ авч чадахгүй бол банк тухайн хөрөнгөнүүдийг зах зээлийн үнэлгээгээр худалдан борлуулж, зөрүүг өгөх болно хэмээн амаар хэлж байсан.

Хариуцагч нар нь орон сууц болон авто зогсоолыг банкны хэлсэнээр худалдсан бөгөөд гэрээ байгуулсан өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын зах зээлийн үнээр худалдаж авах ёстой байсан. Туханй үеийн зах зээлийн үнэлгээгээр Сүхбаатар дүүргийн 07 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байрны 248 тоот, 40 мк.в талбайтай, 3 өрөө орон сууц нь 115 505 832 төгрөг болж байгаа буюу үл хөдлөх хөрөнгө, худалдах худалдан авах гэрээг 81 000 000 төгрөгөөр бус 115 505 832 төгрөгөөр байгуулах ёстой байсан гэсэн үг юм.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт “дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасан байдаг бөгөөд зээлийн гэрээг, худалдах худалдан авах гэрээ болгон өөрчилж үл хөдлөх эд хөрөнгийг ХБны өмчлөлд шилжүүлээд дараа нь буцаан хүү төлж худалдаж авах Амлалтын үүрэг хүлээх гэрээг байгуулсан нт дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Түүнчлэн банк нь зээлийг хаахдаа шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрээр зээлдэгчээс гаргуулан авах, эсхүл барьцаа хөрөнгөөр хангуулах гэх мэтээр зээлийг хаах байтал үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэн зээлийг хаасан нь үндэслэлгүй юм. ХБ ХХК -иай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд үйлдвэрийн өөрийн компанийн 2 үл хөдлөх эд хөрөнгө /үйлдвэрийн барилга/ болон газрыг барьцаалсан байхад тухайн хөрөнгөөр зээлийн гэрээний барьцааг хангах боломжтой байсан. ХБ ХХК нь зээлийн гэрээг байгуулахдаа компанийн тухайн үйлдвэрийн барилга болон газар нь зээлийн гэрээний барьцаанд авах шаардлага хангасан болоод зээлийн гэрээний барьцаанд авсан байгаа. Гэтэл дараа нь манай байгууллага үйлдвэрийн барилга авдаггүй гэсэн нь зээлийн гэрээг тохиролцсон зүйлээс тэс өөр байна.

Талуудын хооронд байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь анхнаасаа орон сууцыг худалдах, худалдан авах зорилгоор бус зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой байсан бөгөөд ХБ ХХК -тай байгуулсан зээлийн гэрээ, ЭФ ББСБ -тай байгуулсан зээлийн гэрээнүүд, мөн худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа хамт хийсэн амлалтын үүрэг хүлээх гэрээ зэргээс илт тодорхой байна.

Иймд ХБ ХХк болон Н.Д, Б.Гнарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө, худалдах худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэв.

 

                 ХБ ХХК  нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХБ ХХК  нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг доорх үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Дүр үзүүлэн хийсэн хэлцлийн тухайд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах хэсэгт заасныг УДШ-ийн 2010 оны 17 дугаар тогтоолоор “тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийлэлийг бий болгохын тулд хийдэг” гэж тайлбарласан байдаг. ЗК ХХК нв манай банканд хүсэлт гаргаж үл хөдлөх хөрөнгийг үнэлэн зээл хаах хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Зээлдэгчийн гаргасан хүсэлтийн дагуу талууд гэрээний нөхцөлийг харилцан тохиролцож 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Амлалтын үүрэг хүлээх гэрээг тус тус байгуулсан ба гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон хуулийн хүрээнд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж гэрээг байгуулан, гэрээг хуульд заасан шаардлагыг хангуулан нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. Амлалтын үүрэг хүлээх гэрээгээр талууд зорилгоо тодорхойлж, худалдагч тал заасан хугацааны дотор үл хөдлөх хөрөнгийг буцаан худалдан авах, уг хугацаанд худалдан авагч тал хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй байхаар үүрэг амлалт хүлээж хүсэл зоригоо илэрхийлэн агуулгаа тодорхойлсон тул дүр үзүүлэн хийсэн хэлцэл хэмээн үзэх үндэслэлгүй юм. Тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн гэх тухайд нэхэмжлэгч нар нь сөрөг нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.4 дах хэсэгт заасныг үндэслэн ХБ ХХК -тай байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар 2 тал төөрөгдсөн гэжээ. Эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүдийн хооронд гэрээний агуулгыг чөлөөтэй тодорхойлж харилцан тохиролцож байгаа тул Иргэний хуулийн зарчим мөн хуулийн 170 дугаар зүйлд заасны дагуу өмчлөгч өөрөө ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоолгох үүрэг хүлээсэн талаасаа худалдах зүйлийн үнэлгээний талаар төөрөгдөх үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.4 дахь хэсэгт заасныг Иргэний хуулийн онолын тайлбарт хэрэв талууд сэдэлтийг тохиролцооны зүйл болгосон бол зарим онцгой тохиолдолд маргаан үүсдэг гээд өртгийн төөрөгдлийг үл анзаарахуйц ноцтой бус төөрөгдөл хэмээн үздэг. Мөн 2 тал нэгэн зэрэг төөрөгдсөн бол учирсан хохирлыг хэлцлийн нэг талд байхгүй хэмээн тайлбарласан байдаг. Дээр дурдсанчлан ЗК ХХК нь банк болон банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээний үүргээ зөрчин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны хөрөнгийг шилжүүлэх гэрээний дагуу харилцан тохирсон үнээр хөрөнгийг буцаан авах нөхцөлтэйгөөр хоорондоо холбоотой хэд хэдэн гэрээг тодорхой хугацааны турш хэлцэл хийн байгуулсан нь тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Түүнчлэн сөрөг нэхэмжлэлд “...“Ашид билгүүн” ХХК хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлүүлсэн 2019 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн үнэлгээний тайлангаар 2017 оны 12 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр 115 505 832 төгрөг гэж үнэлсэн” гэжээ. Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Иргэний хуулийн 159.2 дах хэсэгт тус тус заасан. Мөн Иргэний хуульд зааснаар ипотекийг дуудлага худалдаагаар худалдах бол үл хөдлөх хөрөнгийн үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийг хэрэв тохиролцоогүй бол үнэлээчин тогтоосон үнийг тодорхой хувиар тооцон тогтоохоор хуульчилсан. Иймд талуудын 2017 онд тогтоосон үнэлгээг 2019 онд үнэлэгчээр үнэлүүлэх, уг үнэлгээг баримтлах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.  

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХБ ХХК  нь хариуцагч Н.Д, Б.Гнарт холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Н.Д, Б.Гнар нь ХБ ХХК -д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Нэхэмжлэгч ХБ ХХК  нь хариуцагч Б.Г, Н.Д нартай 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр хариуцагч Н.Д, Б.Гнар өөрсдийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203000894 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байр, 248 тоот хаягт байршилтай, 40 м.кв, 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч ХБ ХХК -ийн өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгч ХБ ХХК  нь хариуцагч нарын өмчлөлийн орон сууцыг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл бусдад аливаа байдлаар шилжүүлэхгүй байхаар, хариуцагч нар тухайн хугацааны дотор орон сууцыг буцаан худалдан авахаар, буцаан худалдан аваагүй тохиолдолд нэхэмжлэгч ХБ ХХК  нь бусдад худалдан борлуулахаар тохиролцсон нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, амлалтын үүрэг хүлээх гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-7-9, 31-34х/

Тус гэрээ нь агуулга болон зорилгын хувьд, Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө буцаан худалдах авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтад хамаарч байна.

 

Нэхэмжлэгч дээрхи гэрээний хугацаа дуусгавар болсноор хариуцагчийн эзэмшил хууль бус гэх үндэслэлээр хариуцагчийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-д зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргаж байна.

 

Хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байна.

Талуудын хооронд “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”,  “Амлалтын үүрэг хүлээх гэрээ” нэрээр байгуулсан үл хөдлөх хөрөнгийг буцаан худалдах авах болзолтой хийсэн худалдах худалдан авах гэрээ нь, субъектүүдын хувьд эрх зүйн зохих чадамжтай, субъектын шинжийг үгүйсгэх нөхцөл байдалгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.

Харин хэлцлийн субъектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах талуудын дотоод зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцэж байгаа эсэх, агуулгын хувьд хууль зөрчиж байгаа эсэхийн хувьд талууд маргаж байх тул тусгайлан дүгнэлт хийх нь зүйтэй.

Иргэний хуулийн зохицуулалтын дагуу хэлцэл субъектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус байх нь дүр үзүүлэх /Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2/, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл хийх /56.1.3/, үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож хэлцэл хийх /56.1.4/, субъектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн хувьд ноцтой төөрөгдлийн улмаас хэлцэл хийх /58 дугаар зүйл/, хууран мэхэлж хэлцэл хийх /59 дүгээр зүйл/, хүч хэрэглэж хэлцэл хийх /60 дугаар зүйл/ зэргээр зохицуулжээ.

Хариуцагч тал нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж тайлбарлаж байна. Дүр үзүүлэн хийсэн хэлцэлд талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг эрмэлзэлгүй байдаг буюу хэрэг дээрээ хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсдэггүй.

Хариуцагч Б.Г, Н.Д нар нь өөрсдийн болон өөрийн хамаарал бүхий субъектүүд /Б.Саруул, Н.Мөнхтуяа, Г.Лхагвасүрэн, ЗК ХХК /-ийн ХБ ХХК -тай байгуулсан 2013.10.14-ний өдрийн Зээлийн шугамын гэрээ, 2015-2016 оны хооронд ЭФ ББСБ -тай байгуулсан Зээлийн гэрээнүүдийн дагуу төлөх хугацаа нь болсон зээлийн төлбөрийг төлөхөөр ХБанд үл хөдлөх эд хөрөнгүүдээ худалдах хүсэл зоригийг илэрхийлсэн бөгөөд энэхүү хүсэл зоригийг нь ХБ ХХК хүлээн авч, талууд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, Амлалтын үүрэг хүлээх гэрээ” байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. 

Тодруулбал, тухайн хэлцэл байгуулах талуудын дотоод зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцсэн, талуудын хүссэн үр дагавар үүссэн буюу худалдсан үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг ХБ ХХК-д шилжүүлж, худалдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэ нийт 172 134 572 төгрөгөөр хариуцагч нар нь ХБ ХХК-тай ЗК ХХК , Б.Гнарын байгуулсан Зээлийн шугамын зээлийн гэрээний үүрэг болох 87 172 572 төгрөг, ЭФ ББСБ -тай хариуцагч нарын байгуулсан зээлийн гэрээний үүрэг болох 40 270 000 төгрөг, ЭФ ББСБ -тай Б.Саруул, Н.Мөнхтуяа, Г.Лхагвасүрэн нарын байгуулсан зээлийн гэрээний үүрэг болох 44 692 000 төгрөгийг тус тус төлж, ХБ ХХК , ЭФ ББСБ  нарын зээлүүдийг хаасан байна. /хх-35-44х/

 

Иргэний хуулийн зохицуулалтын дагуу хэлцэл агуулгын хувьд хүчин төгөлдөр бус байх нь хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан байх бөгөөд хууль зөрчсөн гэх агуулга нь хуулиар хориглосон, хуульд хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан байдаг.

Хариуцагч Б.Г, ЗК ХХК нар нь ХБ ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Зээлийн шугамын гэрээ байгуулж, 80 000 000 төгрөгийн зээл авч, зээлийн барьцаанд ЗК ХХК -ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан /хх-81-114х/ тул уг зээлийн төлбөрийн шаардлагыг хангуулахаар зээлдэгчийн өмчлөлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг зээлдүүлэгч ХБ ХХК шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдах авах гэрээ”-г ХБ ХХК, Н.Д, Б.Г, Г.Лхагвасүрэн, Г.Пүрэвсүрэн Г.Баасансүрэн нарын хооронд байгуулагдсан бөгөөд худалдсан үл хөдлөх хөрөнгүүд, гэрээний оролцогч талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, зорилго, гэрээгээр хүлээсэн эрх, үүргүүд, үр дагавар зэргээс үзэхэд уг гэрээг Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна” гэж заасан хэлцлийн шинжийг агуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар, гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдах авах гэрээ”-ний нөхцлүүдийг талууд харилцан тохиролцож, тодорхой тусгасан байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч ХБ ХХК-ийг зээлийн төлбөрийг барагдуулахаар барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа тул Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлд заасан ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41-46 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах журмыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдах авах гэрээ”-г үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх тул уг гэрээ хүчин төгөлдөр байна.

 

“Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдах авах гэрээ”-ний дагуу ХБ ХХК-тай ЗК ХХК , Б.Гнарын байгуулсан Зээлийн шугамын зээлийн гэрээний үүрэг болох 87 172 572 төгрөг, ЭФ ББСБ -тай Б.Г, Н.Д нарын байгуулсан зээлийн гэрээний үүрэг болох 40 270 000 төгрөг, ЭФ ББСБ -тай Б.Саруул, Н.Мөнхтуяа, Г.Лхагвасүрэн нарын байгуулсан зээлийн гэрээний үүрэг болох 44 692 000 төгрөгийн зээлийн төлбөрүүдийг төлөгдсөнөөр, зээлийн гэрээний болон барьцаа, баталгаа, батлан даалтын гэрээнүүдийн харилцааг дуусгавар болсон нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236.3-д заасантай нийцсэн байна.   

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасан шаардах эрхийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохын тулд нэхэмжлэгч тухайн хөрөнгийн өмчлөгч мөн болох нь, хариуцагч хөрөнгийг хууль бусаар эзэмшиж буй нь тус тус тогтоогдсон байх учиртай.

 

Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт зааснаар, эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагч өөрийн өмчлөлд хөрөнгийг шилжүүлэх буюу худалдан авсан хөрөнгийн хувьд өмчлөх эрх үүсэх хууль зүйн үр дагавартай гэрээ тул энэ агуулгаар “Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэг”-т хамаардаг.

Нэхэмжлэгч ХБ ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдах авах гэрээ”-ний дагуу хариуцагч нараас улсын бүртгэлийн Ү-22 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 3 өрөө орон сууцыг шилжүүлэн авч, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасны дагуу орон сууцын хууль ёсны өмчлөгч болсон болох нь хэрэгт авагдсан уг гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-7-9х/

 

Хариуцагч Н.Д, Б.Гнар нь маргааны зүйл болж буй орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Амлалтын үүрэг хүлээх гэрээ”-ний 2.1, 4.1.4-д заасны дагуу 2018.06.21-ний өдрийг хүртэлх эзэмших эрхтэй байна.

Хариуцагч талын эзэмшил гэрээний үндсэн дээр үүссэн тул тухайн эзэмшлийг угаас хууль бус гэж үзэхгүй, харин хууль ёсны эзэмшлийн эрх зүйн үндэслэл үгүй болсон бол хожим хууль бус болсон гэж үзэх үндэслэлтэй.

“Амлалтын үүрэг хүлээх гэрээ”-ний 2.1, 4.1.4-д зааснаар ХБ ХХК нь 2018.06.21-ний өдрийг хүртэлх хугацаанд орон сууцыг эзэмших, ашиглах эрхийг Н.Д, Б.Гнарт олгосон бөгөөд Н.Д, Б.Гнарын буцаан худалдах авах эрх хэрэгжүүлэх хугацаа дууссан, гэрээнд заасны дагуу эзэмшил ашиглалтандаа байлгах хугацаа дууссанаар хариуцагч Н.Д, Б.Гнарт орон сууцыг чөлөөлж өгөх үүрэг үүсч, орон сууцны эзэмшил хууль бус болсон байх тул нэхэмжлэгч ХБ ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

 

Нэхэмжлэгч ХБ ХХК  нь хариуцагч Б.Гболон ЗК ХХК -тай 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Зээлийн шугамын гэрээ байгуулж, уг гэрээгээр ‘ХБ” ХХК нь 80 000 000 төгрөгийг, жилийн 23,64 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлдүүлж, ЗК ХХК нь өөрийн эзэмшил, өмчлөлиин Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, байрлалтай, ГГД-000 гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 143052/0083 дугаартай, 1613 м.кв талбайтай газар, Ү-22 улсын бүртгэлийн дугаартай 360 м.кв талбайтай, конторын зориулалттай барилга, Ү-220 улсын бүртгэлийн дугаартай, 79,36 м.кв талбайтай конторын зориулалттай барилга зэргийг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-81-114х/

Хариуцагч Б.Г, Н.Д нар болон иргэн Б.Саруул, Н.Мөнхтуяа, Г.Лхагвасүрэн нар 2015-2016 оны хооронд ЭФ ББСБ -тай зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд хариуцагч Б.Г, Н.Д нар өөрсдийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байр, 248 тоот хаягт байршилтай, 40 м.кв, 3 өрөө орон сууцыг, Б.Саруул, Н.Мөнхтуяа нарын зээлийн барьцаанд Б.Саруул, Г.Лхагвасүрэн нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 62,405 м.кв, 2 өрөө орон сууцыг, Г.Лхагвасүрэн нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 62 дугаар байр, 23 тоот хаягт байршилтай 16 м.кв авто зогсоолыг тус тус барьцаалжээ. /хх-115-129х/

 

Нэхэмжлэгч ХБ ХХК  нь хариуцагч нарын хүсэлтээр дээрхи барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 172 134 572 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, хариуцагч Б.Г, Н.Д нартай 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу Б.Гболон ЗК ХХК нарын ХБ ХХК -тай байгуулсан Зээлийн шугамын зээлийн гэрээний зээлийн төлбөр 87 172 572 төгрөг, ЭФ ББСБ -тай хариуцагч нарын байгуулсан зээлийн гэрээний үүрэг болох 40 270 000 төгрөг, ЭФ ББСБ - тай Б.Саруул, Н.Мөнхтуяа, Г.Лхагвасүрэн нарын байгуулсан зээлийн гэрээний үүрэг болох 44 692 000 төгрөгийг ХБ ХХК , ЭФ ББСБ -д төлж барагдуулснаар зээлийн гэрээнүүдийг хаасан байна. /хх-35-44х/

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлээр, 2017.12.20-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг гаргасан.

Үндсэн нэхэмжлэлийн хүрээнд уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Энэ талаар өмнөх хэсэгт дүгнэсэн болно.

Иймд Б.Г, Н.Д нарын ХБ ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар улсын бүртгэлийн Ү-2203000894 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 3 өрөө орон сууцыг хариуцагч Н.Д, Б.Гнарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч ХБ ХХК-д хүлээлгэж өгөхийг даалгасугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д зааснаар ХБ ХХК-д холбогдуулан гаргасан 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай Н.Д, Б.Гнарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ХБ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 562 950 төгрөгийг, Н.Д, Б.Гнарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 562 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Д, Б.Гнараас 362 950 төгрөгийг гаргуулж ХБ ХХК -д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н. ОЮУНТУЯА