Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2019/01640

 

“ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01558 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Д, Б.Г нарт холбогдох,

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

Хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Заг констракшн” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ХБ-тай 5001017540 дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулан 80 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 23,64 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. “Заг констракшн” ХХК-ийн зээлийн төлбөрийг төлөх зорилгоор тус компанийн захирал Н.Д, Б.Г нар нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ХБ-тай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан улсын бүртгэлийн Ү-2203000894 дугаартай, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байрны 248 тоот хаягт байрлалтай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 81 000 000 төгрөгөөр ХБ-д худалдсан. ХБ нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг авч хууль ёсны өмчлөгч болсон. Банк нь 2018 оны 7 дугаар cap хүртэл хугацаанд зээлдэгчийг орон сууцаа буцааж худалдан авах нөхцөлөөр ханган бусдад худалдан борлуулаагүй ба 2018 оны 7 дугаар сараас худалдан авсан орон сууцаа худалдан борлуулахаар болж банканд хүлээлгэн өгөхийг хүсэхэд өөр санхүүгийн байгууллагаас зээл хөөцөлдөж байгаа, удахгүй төлнө, суллан өгөх боломжгүй гэдэг. Уг байранд өнөөдрийг хүртэл хариуцагч Н.Д, Б.Г нар нь амьдарч, орон сууцыг чөлөөлж өгөлгүй өмчлөгчийн эрхэнд саад учруулан худалдан борлуулах боломжгүй болгон хохирол учруулсаар байна. Иймд улсын бүртгэлийн Ү-2203000894 дугаартай, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байрны 248 тоот хаягт байрлалтай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Н.Д, Б.Г нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Заг констракшн” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “ХБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 80 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд энэхүү гэрээний барьцаанд өөрийн компанийн 2 үл хөдлөх эд хөрөнгө болох үйлдвэрийн барилга болон газрыг барьцаалсан. Мөн “Эксим финанс” ББСБ-тай 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан ЗГ-150707/3 дугаартай зээлийн гэрээнд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байр, 248 тоот, 40 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаанд тавьж, 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан ЗГ-150812/5 дугаартай зээлийн гэрээнд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 62 дугаар байр, 118 тоот 62.4 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаанд тавьж, 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан ЗГ-160111/4 дугаартай зээлийн гэрээнд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол. Нарны зам гудамж, 62 дугаар байр, 23 тоот 16 м.кв авто зогсоолыг барьцаанд тус тус тавьж нийт 67 000 000 төгрөгийн зээл авсан. Н.Д, Б.Гнар зээлийн хүү болон зээлийг боломжоороо төлж ирсэн бөгөөд 2017 оны сүүлээр санхүүгийн хүнд байдалд орж, төлж чадахгүй болсон юм. Н.Д, Б.Г нарын зүгээс зээлийн гэрээний дагуу “ХБ” ХХК-ийн барьцаанд байгаа 2 үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг аваад, худалдан борлуулж, зээлээ хаалгаад илүү гарсан зөрүү мөнгийг нь авъя гэсэн санал тавьсан боловч “ХБ” ХХК-иас манай банк нь үйлдвэрийн объектыг зээлийн төлбөрт авдаггүй, харин орон сууц, автомашины зогсоол зэрэг барьцаа хөрөнгөөр зээлийг хаадаг гэсэн хариу хэлсэн. Тэгэхээр нь бид “Эксим финанс” ББСБ-аас зээл авсан байгаа, барьцаанд нь 2 болон 3 өрөө орон сууц, 1 автомашины зогсоол тавьсан байгаа, тухайн үл хөдлөх хөрөнгөнүүдийг авч болно гэж хэлсэн. Тэгж хэлснээс хойш “ХБ” ХХК нь “Эксим финанс” ББСБ-тай холбогдон орон сууцууд болон авто машины зогсоолыг зээлийн гэрээний барьцаанаас нь гаргуулан, зээлийн гэрээг нь хаан тухайн орон сууц болон автомашины зогсоолуудыг Н.Д, Б.Г нараас худалдан авахаар тохиролцсон юм. Тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа давхар амлалтын үүрэг хүлээх гэрээг байгуулсан. Амлалтын үүрэг хүлээх гэрээ нь орон сууцыг Н.Д. Б.Г нар нь буцаан худалдан авах нөхцөлтэй, буцаан худалдан авахдаа хүү тооцох заалттай гэрээ байсан. Мөн энэхүү амлалтын үүрэг хүлээх гэрээг байгуулахад хэрэв Н.Д, Б.Г нар амлалтын үүрэг хүлээх гэрээний дагуу орон сууц болон автомашины зогсоолыг худалдан авч чадахгүй бол “ХБ” ХХК нь тухайн объектуудыг зах зээлийн үнэлгээгээр худалдан, худалдсан төлбөрийн зөрүүг өгөх болно гэж амаар хэлж байсан. Н.Д, Б.Г нар нь орон сууц болон авто зогсоолыг “ХБ” ХХК-ийн хэлснээр худалдсан бөгөөд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын зах зээлийн үнийн ханшаар худалдаж авах ёстой байсан. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байр, 248 тоот, 40 м.кв 3 өрөө орон сууц нь “Ашид билгүүн” хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн үнэлгээний тайлангаар 2017 оны 12 дугаар сарын зах зээлийн дундаж үнэлгээгээр 115 505 832 төгрөг гэж үнэлсэн юм. Үүнээс харахад үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 81 000 000 төгрөгөөр бус 115 505 832 төгрөгөөр хийх ёстой байсан гэсэн үг юм. Бид зах зээлийн үнэлгээнээс хэт бага үнээр орон сууцыг нэхэмжлэгчид худалдсан бөгөөд эрх зүйн ямар ч мэдлэггүй биднийг хуурч мэхлэн, гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө бүртгүүлж аваад, орон сууцнаас минь хөөж гаргаж байгаад гомдолтой байна. Иймд Н.Д, Б.Г нар дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй хэлцэл юм. Учир нь, банк нь зээлийг хаахдаа шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрээр зээлдэгчээс гаргуулан авах, эсхүл барьцаа хөрөнгөөр хангуулах гэх мэтээр зээлийг хаах байтал үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэн зээлийг хаасан нь үндэслэлгүй юм. “ХБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд үйлдвэрийн өөрийн компанийн 2 үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг барьцаалсан байхад тухайн хөрөнгөөр зээлийн гэрээний барьцааг хангах боломжтой байсан. “ХБ” ХХК нь зээлийн гэрээг байгуулахдаа компанийн тухайн үйлдвэрийн барилга болон газар нь зээлийн гэрээний барьцаанд авах шаардлага хангасан болоод зээлийн гэрээний барьцаанд авсан байгаа. Гэтэл дараа нь манай байгууллага үйлдвэрийн барилга авдаггүй гэсэн нь зээлийн гэрээгээр тохиролцсон зүйлээс тэс өөр байна. Талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь анхнаасаа орон сууцыг худалдах, худалдан авах зорилгоор бус зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой байсан бөгөөд “ХБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ, “Эксим финанс” ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээнүүд, мөн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа хамт хийгдсэн амлалтын үүрэг хүлээх гэрээ зэргээс илт тодорхой байна. Иймээс худалдах, худалдан авах гэрээнээс үүсэх үр дагавар буюу орон сууцны өмчлөх эрхийг зээлдүүлэгч “ХБ” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Иймд “Хас” банк болон Н.Д, Б.Г нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг. “Заг констракшн” ХХК нь ХБ-д хүсэлт гаргаж үл хөдлөх хөрөнгөнүүдийг үнэлэн “Эксим финанс” ББСБ-аас авсан зээлээ хаах хүсэлтээ илэрхийлсэн байдаг. “Заг констракшн” ХХК болон “Эксим финанс” ББСБ-ын ХБ-д гаргасан хүсэлтийг тус тус нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд хүргүүлсэн болно. Зээлдэгчийн гаргасан хүсэлтийн дагуу талууд гэрээний нөхцөлийг харилцан тохиролцож, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр амлалтын үүрэг хүлээх гэрээг тус тус байгуулсан ба гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон, хуулийн хүрээнд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж байгуулан, гэрээг хуульд заасан шаардлагыг хангуулан нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. Амлалт үүрэг хүлээх гэрээгээр талууд зорилгоо тодорхойлж, худалдагч тал заасан хугацааны дотор үл хөдлөх хөрөнгөнүүдийг буцаан худалдан авах, уг хугацаанд худалдан авагч тал өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхгүй байхаар үүрэг амлалт хүлээж, хүсэл зоригоо илэрхийлэн агуулгаа тодорхойлж байгуулсан тул дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлгүй тул “ХБ” ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох Н.Д, Б.Г нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000894 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байрны 248 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Н.Д, Б.Г нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 562 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 562 950 төгрөгөөс 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 492 750 төгрөгийг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 562 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх зохигчдын болон хэргийн нөхцөл байдлыг бүрэн ойлголгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хэргийн нөхцөл байдлын хувьд "Заг констракшн" ХХК нь 2013 онд "ХБ" ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 80 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд энэхүү гэрээний барьцаанд өөрийн компанийн 2 үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг барьцаалсан. Мөн "Эксим финанс" ББСБ-аас 2015 он, болон 2016 онд нийт 3 удаагийн зээлийн гэрээ байгуулж Баянзүрх дүүрэгт байрладаг 2 өрөө орон сууц болон автомашины граж, Сүхбаатар дүүрэгт байрлах 3 өрөө орон сууцыг барьцаанд тавьж нийт 67 000 000 төгрөгийн зээл авсан. "Заг констракшн" ХХК нь "ХБ" ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний төлбөрийг чадах боломжоороо төлж ирсэн бөгөөд төлөх боломжгүй болсон бөгөөд тухайн зээлийн гэрээний барьцаад тавьсан байсан үйлдвэрийн объект болон газрыг үүргийн гүйцэтгэл хангуулъя гэсэн боловч үйлдвэрийн объектоор үүргийн гүйцэтгэл хангахгүй гэж хэлсний улмаас "Эксим финанс ББСБ" ХХК-д тавьсан байсан 3 объектыг худалдаж зээлийн гэрээг хаасан. Хэрэв анхнаасаа үйлдвэрийн объектыг үүргийн гүйцэтгэлээр хангадаггүй байсан юм бол ямар үндэслэл агуулгаар манай компанийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаа болгож авсан нь ойлгомжгүй. Барьцаа болгож авахгүй гэсэн бол анхнаасаа орон сууцнуудыг барьцаанд тавих боломж байсан. Гэтэл аль хэдийн барьцаад тавьсан зүйлийг үүргийн гүйцэтгэлээр хангадаггүй гэхдээ орон сууц болно гэж байгаа нь банкны үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын хувьд байх боломжтой гэдгийг гайхаж байна. Ямар ч аргагүй болсны улмаас бид үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон амлалтын үүрэг хүлээх гэрээ байгуулсан бөгөөд тухайн худалдах, худалдан авах гэрээг байгуулахад хэрэв худалдан авч чадахгүй бол "ХБ" ХХК нь тухайн объектуудыг зах зээлийн үнэлгээгээр худалдан, худалдсан төлбөрийн зөрүүг өгөх болно гэж амаар хэлж байсан. Тухайн үед хэлцлийн тохиролцооны зүйл болох орон сууц нь “Ашид билгүүн” хөрөнгийн үнэлгээний үнэлгээний тайлангаар 2017 оны 12 дугаар сарын зах зээлийн дундаж үнэлгээгээр 115 505 832 төгрөг гэж үнэлсэн. Талууд хичнээн худалдах, худалдан авах гэрээг 81 000 000 төгрөгөөр тохиролцон байгуулсан ч гэсэн тухайн орон сууц нь 115 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө байхад “ХБ" ХХК нь зах зээлийн үнэлгээнээс бага үнийн дүнгээр худалдан авах гэрээ байгуулчхаад орон сууцыг чөлөөл гэсэн нэхэмжлэл гаргаж байгаа нь анхнаасаа үндэслэлгүй бөгөөд иргэн Н.Д, Б.Г бидний хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Амлалтын үүрэг хүлээх тухай гэрээ нь хэт нэг талын эрх ашиг сонирхлыг тусгасан гэрээ байсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “Энэхүү гэрээний 4.1.3, 4.1.5-д заасны дагуу гуравдагч этгээдэд үл хөдлөх хөрөнгийг хавсралт 1, 2-т заасан үнээс илүү үнээр худалдсан тохиолдолд үнийн зөрүүг худалдагчид, хэрвээ худалдагч нь банканд өөр бусад хугацаа хэтэрсэн өр төлбөртэй бол тэдгээрийн төлбөрт шилжүүлнэ" гэж заасан нь зөвхөн амлалтын үүрэг хүлээх тухай гэрээний хугацаа буюу 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 6 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан тохиолдолд л зөрүү мөнгийг олгоно гэж өөрт ашигтай гэрээ байгуулсан. Тухайн үед энэхүү "ХБ" ХХК-ийг ийм гэрээ байгуулах зайлшгүй шаардлагатай гэж хэлсний дагуу л тус гэрээг байгуулсан. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01558 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

         ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь хариуцагч Н.Д, Б.Г нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь хариуцагч Б.Г болон “Заг констракшн” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зээлийн шугамын гэрээ байгуулж, уг гэрээгээр “ХБ” ХХК нь 80 000 000 төгрөгийг, жилийн 23,64 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлдүүлж, “Заг констракшн” ХХК нь өөрийн эзэмшил, өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, цагдаагийн гудамж, 48А тоотод байрлалтай ГД-000300959 улсын бүртгэлийн дугаартай, 1 613 м.кв талбайтай газар, Ү-2203018517 улсын бүртгэлийн дугаартай 360 м.кв талбайтай барилгыг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 81-114 дүгээр тал/

Хариуцагч Б.Г, Н.Д нар болон иргэн Б.Саруул, Н.Мөнхтуяа, Г.Лхагвасүрэн нар 2015-2016 оны хооронд “Эксим финанс” ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд хариуцагч Б.Г, Н.Д нар өөрсдийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байр, 248 тоот хаягт байршилтай, 40 м.кв, 3 өрөө орон сууцыг, Б.Саруул, Н.Мөнхтуяа нар өөрсдийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 62 дугаар байр, 118 тоот хаягт байршилтай 62,405 м.кв, 2 өрөө орон сууцыг, Г.Лхагвасүрэн нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 62 дугаар байр, 23 тоот хаягт байршилтай 16 м.кв авто зогсоолыг тус тус барьцаалжээ. /хх-ийн 115-129 дүгээр тал/

Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь хариуцагч нарын хүсэлтээр хариуцагч Б.Г болон “Заг констракшн” ХХК-тай байгуулсан 2013 оны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 87 172 572 төгрөгийг хаасан байна. Түүнчлэн “Эксим финанс” ББСБ-тай хариуцагч нарын байгуулсан зээлийн гэрээний үүрэг болох 40 270 000 төгрөг, “Эксим финанс” ББСБ-тай Б.Саруул, Н.Мөнхтуяа, Г.Лхагвасүрэн нарын байгуулсан зээлийн гэрээний үүрэг болох 44 692 000 төгрөгийг мөн нэхэмжлэгч “ХБ” ХХК нь “Эксим финанс” ББСБ-д төлж барагдуулснаар хариуцагч нарын өмчлөлийн, барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 172 134 572 төгрөгт тооцож авахаар тохиролцжээ. /хх-ийн 35-44 дүгээр тал/

Дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч “ХБ” ХХК нь хариуцагч Б.Г, Н.Д нартай 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Н.Д, Б.Г нар өөрсдийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203000894 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байр, 248 тоот хаягт байршилтай, 40 м.кв, 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгч “ХБ” ХХК нь хариуцагч нарын өмчлөлийн орон сууцыг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл бусдад аливаа байдлаар шилжүүлэхгүй байхаар, хариуцагч нар тухайн хугацааны дотор орон сууцыг буцаан худалдан авахаар, буцаан худалдан аваагүй тохиолдолд нэхэмжлэгч “ХБ” ХХК бусдад худалдан борлуулахаар тохиролцсон нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, амлалтын үүрэг хүлээх гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 7-9, 31-34 дүгээр тал/

Талуудын байгуулсан дээрх үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч “ХБ” ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс өмчлөлийн зүйлээ шаардах эрхтэй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон давж заалдах гомдолдоо орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнээр худалдан авсан нь үндэслэлгүй, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх боловч талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүрээнд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хэлцэл хийсэн байх тул хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, энэ талаар гаргасан хариуцагч нарын гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/01558 дугаар дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 633 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                                         

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ИЧИНХОРЛОО

                                             ШҮҮГЧИД                                         Н.БАТЗОРИГ

                                                                                                       Г.ДАВААДОРЖ