Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 877

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00264 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ж” ХХК-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 209 950 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н, Н.М,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Ө, Ж.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК нь “Ж” ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Бетон зуурмагийн үйлдвэр үйлдвэрлэн, нийлүүлэх” гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нэхэмжлэгчийн зүгээс бетон зуурмагийн үйлдвэр нийлүүлэх, хариуцагчийн зүгээс 489 143 120 воныг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Манай компани тохирсон хугацаанд бетон зуурмагийн үйлдвэрийг нийлүүлсэн. Хариуцагч үйлдвэрийг хүлээн аваад туршилтын үйлдвэрлэл явуулж шалгасан, ямар нэг асуудал үүсээгүй. Хариуцагч 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 50 00 000 вон, 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 220 000 000 вон, 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 100 000 000 воныг тус тус төлсөн. Нийлүүлсэн бетон зуурмагийн үйлдвэрийн үлдэгдэл төлбөр нь 119 143 120 вон болж байгаа. Гэвч бид эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, эрэлт нийлүүлэлтийн харьцаа буурсан байгааг харгалзан үзэж үнийн дүнгээ 95 000 000 вон болгон бууруулсан. Уг гадаад валютын үүрэг үүсэх үеийн ханшаар тооцвол 209 950 000 төгрөг болж байгааг хариуцагчаас нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгч компанийн захирал Монгол Улсад удаа дараа ирэхдээ мөнгийг шаардаж байсан боловч хариуцагч аргацааж төлөлгүй буцааж байсан. Үндсэндээ гэрээний дагуу нэхэмжлэгч тал нэг цагт 90 м.куб хэмжээтэй бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг зарсан. Өөрсдөө үйлдвэрийн угсралтын ажлыг хийж өгч, 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 12 сарын баталгаат хугацаа олгосон. Одоо уг үйлдвэр хэвийн ажиллаж, хариуцагч уг үйлдвэрээсээ ашгаа аваад явж байгаа. Ганц нэг удаа үйлдвэр дээр асуудал гарсныг тухай бүр нэхэмжлэгчийн зүгээс шийдвэрлэж өгч байсан. Ингээд хамгийн сүүлд 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч компанийн захирал нь бүх ажил дууссан, үйлдвэр ямар нэг асуудалгүй гээд хүлээн авсан. Гэтэл одоо эд хөрөнгийн доголдол гэх мэт зүйл ярьж, мөнгийг өгөхгүй гэж байгааг зөвшөөрөхгүй. Гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. “Т” ХХК нь “Ж” ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Бетон зуурмагийн үйлдвэр үйлдвэрлэн, нийлүүлэх” гэрээ хийсэн. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь нэг цагт 90 м.куб хэмжээтэй бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг нийлүүлэх ёстой байсан. Гэтэл уг гэрээний гол зүйл болох бетон зуурмагийн үйлдвэр нэг цагт дөнгөж 60 м.куб хэмжээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай буюу доголдолтой болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Нэхэмжлэгч компанийн захирал Ким Хю жин нь Монгол улсад 3 удаа ирэхдээ мөнгөө нэхэж ирээгүй, бетон зуурмагийн үйлдвэр биет байдлын доголдолтой байсан учраас үүнийг засварлах гэж ирсэн. Нэхэмжлэгч тал эдийн засгийн хямралтай байгаа учраас үлдэгдэл мөнгөө багасгаж 95 000 000 вон болгосон гэж байна. Гэтэл бодит байдал дээр нэхэмжлэгчийн нийлүүлсэн бетон зуурмагийн үйлдвэр нь өөрөө чанарын доголдолтой, гэрээнд заагдсан хүчин чадалдаа хүрч ажиллаж чадахгүй байсан учраас нэхэмжлэгч энэ удаан хугацаанд мөнгөө нэхээгүй явж байсан. Хариуцагч ч гэсэн нэхэмжлэгчийн буруугаа ойлгоод мөнгөө нэхэмжлэхгүй, доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн учир үүргээ харилцан тооцоод дуусгасан байна гэж ойлгосон. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4-т төлбөрийн нөхцлийг тохирсон. 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэрээний хугацаа дуусна гэж заасан. Нэхэмжлэгчийн шаардах эрх хэзээ үүссэн гэхээр 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэхэд туршилтын хугацаа дууссан байсан. Гэтэл нэхэмжлэгч талаас өгсөн баримтаас харвал 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр үйлдвэр Монголд орж ирсэн нь тодорхой байна. Тэр үед үлдэгдэл мөнгөө шаардаж болох байсан гэтэл шаардаагүй. Төлбөрийн үлдэгдэл шаардсан талаар баримт хэрэгт байхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6-т “ А талд 20 хувийн алданги төлнө” гэж заасан. Аливаа гэрээний үүргийн биелэлт шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлагддаг, шаардах эрх үүссэн үеэс тоолбол үлдэгдэл төлбөрөө шаардах эрх 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр туршилтын үйлдвэр ажиллуулах хугацаа байсан. 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр үйлдвэрээ хулээлгэж өгөөд шаардах байсан. Иймд нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болохыг нэхэмжлэгч тал нотолж чадаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК-иас 209 950 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 270 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 207 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК-иас 6 000 000 төгрөг гаргуулж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Бетон зуурмагийн үйлдвэр үйлдвэрлэн, нийлүүлэх” гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээнээс харахад захиалагч тал нэгэнт үйлдвэрлэгдсэн бэлэн зарагдаж байгаа үйлдвэр худалдаж авах биш өөрийн онцлогтоо тохируулан үйлдвэр үйлдвэрлэж, хийж өгөхийг захиалсан байдаг. Тус үйлдвэр нь төрлийн шинжээр тодорхойлогдох бүтээгдэхүүн биш юм. Учир нь зах зээл дээр зөөврийн 90 м.кубын хүчин чадалтай үйлдвэр зарагддаггүй учраас захиалагч тал зөвхөн өөрийн онцлог, хэрэгцээ шаардлагадаа нийцсэн зөөврийн үйлдвэр захиалсан. “Бетон зуурмагийн үйлдвэр үйлдвэрлэн, нийлүүлэх гэрээ” нь бүхэлдээ ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байгай тул талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ биш ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Гэтэл анхан шатны шүүх худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэн Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан, мөн хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсан гэж үзнэ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Ажил гүйцтэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдгийнхаа хувьд талуудын хооронд байгуулагдсан “Бетон зуурмагийн үйлдвэр үйлдвэрлэн, нийлүүлэх” гэрээний зүйл нь цагт 90 м.кубын хүчин чадалтай үйлдвэрийг захиалагч талд нийлүүлэх байсан. Гэтэл тус үйлдвэр нь цагт 90 м.куб бетон зуурмаг үйлдвэрлэх биш цагт 60 м.кубын хүчин чадалтай үйлдвэр байсан тул захиалагч тал Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 349.2-т заасан хугацаанд гомдлын шаардлага гаргасан байдаг. /хх-ийн 68 хуудас/ Гэтэл анхан шатны шүүх захиалагч талыг “...гэрээний дагуу нийлүүлсэн эд хөрөнгийн доголдлын талаар гомдол гаргасан байна” гэж дүгнэсэн хэрнээ Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр бетон зуурмагийн үйлдвэрийг хүлээж авсан гэж үзнэ” гэж мөн хуульд нийцэхгүй дүгнэлт хийсэн. Ажил гүйцэтгэгч Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй.

Хэргийн материалд авагдсан 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажил дууссан тухай тодорхойлолт” нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 802 дугаар шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байхад зөвхөн “Ажил дууссан тухай тодорхойлолт”-ыг шууд нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэрийнхээ үндэслэп болгосон нь учир дутагдалтай байна. Тодруулбал, хэргийн материалд байгаа зөрүүтэй 2 нотлох баримтыг шүүх ямар үндэслэлээр нэгийг нь илүү нотолгооны ач холбогдолтой гэж үзсэн нь ойлгомжгүйгээс гадна тус баримтын орчуулгыг хийсэн “Легал шилүүс” ХХК-ийн орчуулга хийх эрхтэй этгээд эсэх нь тодорхойгүй байхад нотлох баримтын хэмжээнд авч үзсэн нь хуульд нийцэхгүй байна.

Мөн хэргийн материалд авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэлээс харахад Жи Жо Хён гэх хүн итгэмжлэл олгосон байх ба “Т” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд захирал Жи Жон Хён гэж бичигдсэнээс дүгнэвэл итгэмжлэлийг эрх бүхий этгээд олгосон эсэх нь эргэлзээтэй байна. Мөн нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хүчинтэй хугацаа тодорхой биш, итгэмжлэл олгосон хүн нь тухайн компанийг төлөөлөх эрхтэй эсэх нь хэргийн материалд авагдсан баримтаас харагдахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 209 950 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр бетон зуурмагийн үйлдвэр үйлдвэрлэн, нийлүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь DMBP-MB90S загварын нэг цагт 90 м.куб бетон зуурмаг гаргах хүчин чадалтай үйлдвэрийг хариуцагчид нийлүүлэх, угсарч суурилуулж өгөхөөр, хариуцагч нь 489 143 120 воныг туршилтын үйлдвэрлэл эхэлснээс 10 хоногийн дотор бүгдийг төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаангүй байна.

 

Дээрх гэрээний агуулгаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч нь бетон зуурмагийн үйлдвэрийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсад оруулан ирж угсарч суурилуулсан, хариуцагч “Ж” ХХК нь нэхэмжлэгч “Т” ХХК-д 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 50 000 000 вон, 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 220 000 000 вон, 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 100 000 000 вон, нийт 370 000 000 воныг нэхэмжлэгчид төлсөн үйл баримт талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон энэ талаар талууд маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “гэрээний дагуу 119 143 120 воныг хариуцагчаас авах ёстой боловч эдийн засгийн байдлыг нь харгалзан үзэж 95 000 000 вон буюу 209 950 000 төгрөг гаргуулна” гэж тодорхойлсныг хариуцагч няцаан гэрээний зүйл доголдолтой тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээдэг байна.

 

Гэрээний зүйл болох бетон зуурмагийн үйлдвэр хүчин чадалдаа хүрэхгүй байснаас талуудын хооронд маргаан үүссэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилсон ба нэхэмжлэгчээс хариуцагчид нийлүүлсэн бетон зуурмагийн үйлдвэр нь 1.5 м.куб зуурах тогоотой үйлдвэрийн хүчин чадал нь 90 м.куб байх ба уг бетон зуурмагийн ашиглалтын хүчин чадлыг тооцвол нэг цагт 63 м.куб бетон зуурмаг үйлдвэрлэх ашиглалтын хүчин чадалтай  болох нь шүүхээс томилогдсон 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 802 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.  

 

 “Т” ХХК нь “Ж” ХХК-д гэрээгээр тохирсон хүчин чадалд хүрэхгүй эд хөрөнгө шилжүүлэн өгсөн нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул “Ж” ХХК нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК-д хариуцагч “Ж” ХХК 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр албан бичиг хүргүүлсэн бөгөөд уг албан бичигт тус компанийн нийлүүлсэн бетон зуурмагийн үйлдвэр нь цагт 90 м.куб бетон зуурмаг гаргах хүчин чадалд хүрэхгүй байгааг 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор засч тодорхой арга хэмжээ авч өгөхийг шаардаж байснаас үзвэл Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасны дагуу доголдлын талаар гомдлын шаардлага гаргасан гэж үзэх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Талууд гэрээний 11 дүгээр зүйлд баталгаат хугацааг 12 сар гэж тогтоосон байх ба худалдан авагч нь худалдагчид эд хөрөнгийн доголдол арилгуулах талаар 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр албан бичиг хүргүүлснээс үзвэл уг хугацааны дотор гомдлын шаардлага гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэргийн 41 дүгээр талд 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ажил дууссан тухай тодорхойлолт гэх баримт авагдсан байх ба уг баримтад элс, хайрга зөөх, эх биеийн завсрын цементийг тооцоолох, компьютерийн программыг бүхэлд нь тохируулж цэгцэлснээр үйлдвэрлэл явуулахад саадгүй, нэг цагт 90 м.куб зуурмаг үйлдвэрлэх талаар тодорхойлсон байна.

 

Нэхэмжлэгчийн гаргасан дээрх баримтыг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд бетон зуурмагийн үйлдвэрийг ажиллуулж байгаагаас үзвэл худалдагч нь Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Хариуцагч нь 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гэрээний зүйлийг хүлээн авах үедээ гэрээний зүйлийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байсан бөгөөд доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдах талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт нийцсэн тул уг дүгнэлтийг буруутгах боломжгүй. Энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Талууд худалдах-худалдан авах гэрээг 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ажил дууссан тодорхойлолт үйлдсэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолбол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацааны дотор нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй талаар шүүх зөв дүгнэсэн.

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан мөнгөний ханш өөрчлөгдсөн гэж үзэх нөхцөл байдал бий болоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг гадаад валютаар илэрхийлж гаргаснаар тухайн өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсоор ханшаар тооцох учиртай.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч “Ж” ХХК-иас 95 000 000 вон буюу 209 950 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Тухайн маргаанд хамааралтай нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасны дагуу Солонгос хэлнээс Монгол хэлнээ хөрвүүлж орчуулгын товчооны тамга дарагдан, холбогдох ажилтны гарын үсэг зурагдсан, нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд хуульд заасан журмын дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд төлөөлөх эрх олгосон, төлөөлөгч, төлөөлүүлэгч хоорондоо итгэмжлэлийн талаар маргаагүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хүчинтэй хугацаа тодорхой биш, итгэмжлэл олгосон хүн нь тухайн компанийг төлөөлөх эрхтэй эсэх нь эргэлзээтэй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Энэ талаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00264 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ж” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1 207 700 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ                                                                                     

                            ШҮҮГЧИД                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ