Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 0264

 


 

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2018/00264

Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал  даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ж ХХК холбогдох

 

худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 209,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н/1300/, хариуцагчийн өмгөөлөгч С.Ө/1832/, Ж.У/1296/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.  

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь Ж ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Бетон зуурмагийн үйлдвэр үйлдвэрлэн, нийлүүлэх” гэрээ хийсэн. Гэрээний дагуу нийлүүлэгдсэн бетон зуурмагийн үйлдвэрийн үнийг туршилтын үйлдвэрлэл явуулж эхэлснээр хариуцагч мөнгийг төлсөн байх ёстой байсан боловч Ж ХХК-ийн захирал Ким хю жин “Бетон зуурмагийн үйлдвэр үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ”-ний дагуу нийт төлбөрт 489,143,120 вон төлөхөөр тохиролцож хариуцагчаас 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 50,00,000 вон, 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 220,000,000 вон, 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 100,000,000 воныг тус тус шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар хариуцагч 119,143,120 воны төлбөр төлөх ёстой байгаа. Гэвч бид эдийн засгийн байдлыг тооцон үзэж үүнээс 95,000,000 воныг нэхэмжилж байна. Үлдэгдэл төлбөрөө авахаар 2015 оны 10 сар, 2016 оны 5 дугаар сар, 2016 оны 10 саруудад Монгол улсад очиж байсан боловч төлбөрийг төлөхгүй байсаар байгаа тул нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд хариуцагчаас 95,000,000 вон буюу 209,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ннар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХКнь Ж ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Бетон зуурмагийн үйлдвэр үйлдвэрлэн, нийлүүлэх” гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нэхэмжлэгчийн зүгээс бетон зуурмагын үйлдвэр нийлүүлэх, хариуцагчийн зүгээс 489,143,120 воныг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Манай компани тохирсон хугацаанд бетон зуурмагын үйлдвэрийг нийлүүлсэн. Хариуцагч үйлдвэрийг хүлээн аваад туршилтын үйлдвэрлэл явуулж шалгасан, ямар нэг асуудал үүсээгүй. Хариуцагч 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 50,00,000 вон, 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 220,000,000 вон, 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 100,000,000 воныг тус тус төлсөн. Ингээд нийлүүлсэн бетон зуурмагын үйлдвэрийн үлдэгдэл төлбөр нь 119,143,120 вон болж байгаа юм. Гэвч бид эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, эрэлт нийлүүлэлтийн харьцаа буурсан байгааг харгалзан үзэж үнийн дүнгээ 95,000,000 вон болгон бууруулсан. Уг гадаад валютыг үүрэг үүсэх үеийн ханшаар тооцвол 209,950,000 төгрөг болж байгааг хариуцагчаас нэхэмжилж байгаа.  Нэхэмжлэгч компанийн захирал Монгол улсад удаа дараа ирэхдээ мөнгийг шаардаж байсан боловч хариуцагч аргацааж төлөлгүй буцаадаг байсан. Үндсэндээ гэрээний дагуу нэхэмжлэгч тал нэг цагт 90 м3 хэмжээтэй бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг зарсан. Өөрсдөө үйлдвэрийн угсралтын ажлыг хийж өгч, 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 12 сарын баталгаат хугацаа олгосон. Одоо уг үйлдвэр хэвийн ажиллаж, хариуцагч уг үйлдвэрээсээ ашгаа аваад явж байгаа. Ганц нэг удаа үйлдвэр дээр асуудал гарсныг тухай бүр нэхэмжлэгчийн зүгээс шийдвэрлэж өгч байсан. Ингээд хамгийн сүүлд 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч компанийн захирал нь бүх ажил дууссан, үйлдвэр ямар нэг асуудалгүй гээд хүлээн авсан байдаг. Гэтэл одоо эд хөрөнгийн доголдол гэх мэт зүйл ярьж, мөнгийг өгөхгүй гэж байгааг зөвшөөрөхгүй. Гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа бол дуусаагүй байгаа гэжээ.

  

Хариуцагчийн өмгөөлөгч С.Ө, Ж.Унар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Т ХХКнь Ж ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Бетон зуурмагийн үйлдвэр үйлдвэрлэн, нийлүүлэх” гэрээ хийсэн. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь нэг цагт 90м3 хэмжээтэй бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг нийлүүлэх ёстой байсан. Гэтэл уг гэрээний гол зүйл болох бетон зуурмагын үйлдвэр маань нэг цагт дөнгөж 60 м3 хэмжээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай буюу доголдолтой болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч буюу захирал нь анх 2015 оны 10 дугаар сард мөнгөө нэхсэн гэж байна. Яг үнэндээ нэхэмжлэгч компанийн захирал Ким Хю жин нь Монгол улсад 3 удаа ирэхдээ мөнгөө нэхэж ирээгүй, бетон зуурмагийн үйлдвэр биет байдлын доголдолтой байсан учраас үүнийг засварлах гэж ирсэн. Нэхэмжлэгч тал эдийн засгийн хямралтай байгаа учраас үлдэгдэл мөнгөө багасгаж 95,000,000 вон болгосон гэж байна. Гэтэл бодит байдал дээр нэхэмжлэгчийн нийлүүлсэн бетон зуурмагын үйлдвэр нь өөрөө чанарын доголдолтой, гэрээнд заагдсан хүчин чадалдаа хүрч ажиллаж чадахгүй байсан учраас нэхэмжлэгч энэ удаан хугацаанд мөнгөө нэхээгүй явж байсан. Хариуцагч тал ч гэсэн нэхэмжлэгчийг буруугаа ойлгоод мөнгөө нэхэмжлэхгүй, доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн учир үүргээ харилцан тооцоод дуусгасан байна гэж ойлгосон. Гэтэл гэнэт нэг өдөр л нэхэмжэгч шүүхэд хандсан байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4-т төлбөрийн нөхцлийг тохирсон. 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэрээний хугацаа дуусна гэж заасан. Нэхэмжлэгчийн шаардах эрх хэзээ үүссэн гэхээр 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэхэд туршилтын хугацаа дууссан байсан. Гэтэл нэхэмжлэгч талаас өгсөн баримтаас харвал 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр үйлдвэр Монголд орж ирсэн нь тодорхой байна. Тэр үед үлдэгдэл мөнгөө шаардаж болох байсан гэтэл шаардаагүй. Тэгээд ч заавал үлдэгдэл төлбөрөө нэхэхийн тулд Солонгос улсаас ирэх шаардлага байхгүй. Төлбөрийн үлдэгдэл шаардсан талаар баримт хэрэгт байхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6-т “...А талд 20 хувийн алданги төлнө” гэж заасан. Аливаа гэрээний үүргийн биелэлт шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлагддаг, шаардах эрх үүссэн үеэс тоолбол үлдэгдэл төлбөрөө шаардах эрх 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр туршилтын үйлдвэр ажиллуулах хугацаа байсан. 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр үйлдвэрээ хүлээлгэж өгөөд шаардах байсан. Иймд нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болохыг нэхэмжлэгч тал нотолж чадаагүй. Иргэний хуулийн 75.2.1, 82.1-т энэ талаар тодорхой заасан байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Т ХХКболон Ж ХХК-иуд 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Бетон зуурмагийн үйлдвэр үйлдвэрлэн, нийлүүлэх” гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр  Т ХХКнь нэг цагт 90 м3 бетон зуурмаг гаргах хүчин чадалтай үйлдвэрийг Ж ХХК-д нийлүүлж, улмаар угсран суурилуулж өгөхөөр, үүний хариуд 489,143,120 воныг Ж ХХК нь Т ХХК-дтөлөхөөр харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хариуцагч Ж ХХК нь Т ХХК-д2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 50,00,000 вон, 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 220,000,000 вон, 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 100,000,000 вон буюу нийт 370,000,000 воныг төлсөн болон гэрээний зүйл болох бетон зуурмагын үйлдвэр 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Монгол улсад орж ирсэн үйл баримтын талаар талууд маргаангүй.

 

Нэхэмжлэгч Т ХХКнь 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Бетон зуурмагийн үйлдвэр үйлдвэрлэн, нийлүүлэх” гэрээний дагуу үлдэгдэл төлбөр гэж 95,000,000 воныг Ж ХХК-иас нэхэмжилж шүүхэд хандсан ба нэхэмжлэгчийн зүгээс “...бид уг нь гэрээний дагуу 119,143,120 воныг хариуцагчаас авах ёстой ч эдийн засгийн харгалзан үзээд уг мөнгөнөөс 95,000,000 воныг нэхэмжилж байна” гэсэн тайлбарыг гаргажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагчийн зүгээс өөрийн татгалзлаа “...нэхэмжлэгч тал нэг цагт 90м3 хэмжээтэй бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг нийлүүлэх ёстой байсан. Гэтэл уг гэрээний гол зүйл болох бетон зуурмагын үйлдвэр маань нэг цагт дөнгөж 60 м3 хэмжээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай буюу доголдолтой болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон”, “...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан” гэж тайлбарлав.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаанд худалдагч ньбиет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. 

 

Харин худалдагчийн зүгээс худалдан авагчид шилжүүлж буй хөрөнгө нь тоо, хэмжээ, чанарын хувьд худалдах-худалдан авах гэрээгээр талууд харилцан тохирч, тогтоосонтой нийцэж байвал тухайн эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэхийг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсгээр зохицуулжээ. 

 

“Тэмёнсаноб” ХХК-иас хариуцагч талд нийлүүлсэн бетон зуурмагын үйлдвэр нь нэг цагт 90 м3 биш харин 60м3 бетон зуурмаг гаргах хүчин чадалтай болох нь шүүхээс томилогдсон 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 802 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Тодруулбал, талуудын хооронд 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “Бетон зуурмагийн үйлдвэр үйлдвэрлэн, нийлүүлэх” гэрээгээр тохирсон хэмжээний хүчин чадалтай үйлдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид нийлүүлсэн гэж үзэх боломжгүй.   

 

Хэдий тийм боловч шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Учир нь Иргэний хуулийн 253 дүгээр зүйлийн 253.1., 254 дүгээр зүйлийн 254.1.-д зааснаар худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй ба худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд худалдан авагч Ж ХХК нь нэхэмжлэгч Т ХХК-дхандаж 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Бетон зуурмагын үйлдвэрийн үйлдвэрлэл ба худалдах-худалдан авах гэрээний тухай” №14/005 тоот албан бичгийг явуулж, “Тэмёнсаноб” ХХК-иас нийлүүлсэн бетон зуурмагын үйлдвэр нь хүчин чадалдаа хүрэхгүй байгаа тул тодорхой арга хэмжээг авч өгөхийг хүсч байжээ. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу нийлүүлсэн эд хөрөнгийн доголдлын талаар гомдол гаргасан байна /хх 68 хуудас/.

 

Хариуцагчийн “...нэхэмжлэгчийн төлөөлөгч буюу захирал Ким Хю жин нь Монгол улсад 3 удаа ирэхдээ мөнгөө нэхэж ирээгүй, бетон зуурмагийн үйлдвэр биет байдлын доголдолтой байсан учраас үүнийг засварлах гэж ирсэн” гэсэн тайлбар, хэрэгт авагдсан 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажил дууссан тухай тодорхойлолт” зэргээс дүгнэхэд хариуцагч тал Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэрээний зүйлийн доголдлыг арилгуулах эрхээ эдэлсэн, харин нэхэмжлэгч мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэлээ /хх 41 хуудас/. 

Иймд хариуцагч Ж ХХК нь гэрээний зүйл болох бетон зуурмагын үйлдвэрийг Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан тул “...бетон зуурмагын үйлдвэр доголдолтой тул гэрээний дагуу үлдэх мөнгийг төлөхгүй” гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. 

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох ба харин гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхыг мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсгээр зохицуулсан.

 

Дээр дурдсанчлан хариуцагч нь бетон зуурмагын үйлдвэрийг 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн гэрээний үүрэг буюу үлдэгдэл мөнгийг шаардах эрх энэ өдрөөс үүснэ гэж шүүх үзсэн болно. 

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу  хариуцагч Ж ХХК-иас 95,000,000 вон буюу 209,950,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-долгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч тал хариуцагчаас 95,000,000 воныг шаардахдаа үүрэг үүсэх үеийн ханшаар тооцсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно”гэж заасантай харшлахгүй. 

 

Шүүх хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилсон бөгөөд шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийн зардал 6,000,000 төгрөг төлөгдөөгүй болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар хариуцагчаас 6,000,000 төгрөгийг гаргуулж шинжээчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж ХХК-иас 209,950,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-долгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн1,270,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,207,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг баримтлан хариуцагчЖ ХХК-иас 6,000,000 төгрөг гаргуулж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                   Н.ХАНГАЛ