Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2021/00784

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, “Х” ХХК-ийн байранд байрлах “Х” ХХК /РД: /- ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Х баг, 0000 тоотод оршин суух Л.Б /РД:/

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 0 байранд байрлах “Р” ХХК /РД:/ нарт холбогдох,

"81,818,182 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, хариуцагч Л.Б, түүний өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х" ХХК нь "ЭҮ" ХХК-тай Ил уурхайн Т хэсгийн агуулахад ОК-1,0-22,5-5,35 зав№3-9062(и/4217404) кран-штабелерын их засварын ажилд гүйцэтгэгчээр ажиллах 5/000-00 тоот гэрээг 2012 оны 05 дугаар сарын 17 өдөр байгуулсан болно. Тус гэрээний дагуу "Х" ХХК нь 2012 онд ажлаа бүрэн гүйцэтгэн үйлдвэрийн комисст ажил хүлээлцэх актаар хүлээлгэж өгсөн юм. Харин гэрээний үлдэгдэл төлбөр болох 81,818,182 /наян нэгэн сая найман зуун арван найман мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийг шилжүүлэн өгөхийг хүсэж "ЭҮ" ХХК-ийн Ерөнхий захирлын эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Б.А-т албан тоот явуулсан хэдий ч төлбөрөө авч чадаагүй байсан юм. Гэтэл "Х" ХХК-ийн орчуулагчаар ажиллаж байсан Л.Б нь "Х" ХХК-ийн албан тоотыг хуурамчаар үйлдэн дээрх гэрээний үлдэгдэл төлбөрийг "ЭҮ"-ээс гаргуулан авсан болохыг 2018 оны 09 дүгээр сард Орхон аймгийн Цагдаагийн газарт очиж гэрчийн мэдүүлэг өгөх үедээ олж мэдсэн болно. Л.Бт бид ийм санхүүгийн эрх олгож, ямар нэг баримт бичиг огт үйлдээгүй болно. Иймд Л.Бээс бусдын зардлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох 81,818,182 наян нэгэн сая найман зуун арван найман мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Х” ХХК-ийн захирал Х.Б юм уу эсвэл түүний эхнэр гүйцэтгэх захирал Д.Э гаргаад байгаа юм уу хэн нь гаргасан нь тодорхойгүй нэхэмжлэлийг шүүхээс надад гардуулж өглөө. Л.Б намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гээд 81,818,182 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлтэй миний бие танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. “Х” ХХК-ийн захирал Х.Б 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 00\00 дугаартай албан бичгээр “...” Р” ХХК нь туслан гүйцэтгэгчээр ажилласан тул үлдэгдэл төлбөрийг “Р” ХХК-ийн дансанд шилжүүлж туслана уу” гэж хүсэлтээ илэрхийлсний дагуу “ЭҮ” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 81,818,182 төгрөг миний эхнэр Д.Б “Р” ХХК-ийн дансанд шилжиж орсон байдаг. Тийм учраас эхлээд хэн нь нэхэмжлэл гаргаад байгааг тодруулаад дараа нь хариуцагч нь Л.Б мөн эсэхийг тогтоох нь чухал байх гэж бодож байна. Миний бодлоор Х.Бийн хүсэлтээр ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр нь “Р” ХХК-ийн дансанд орсон тул Л.Б миний бие хариуцагч биш гэж үзэж байна. “Х” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 00/00 дугаартай албан бичгийн нотариатаар батлуулсан хуулбарыг хавсарган хүргүүлэв гэжээ.

Хариуцагч “Р” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “Х” ХХК-ийн захирал Х.Б-ийн хийж өгсөн албан бичгийг үндэслэн “ЭҮ” ХХК-иас манай “Р” ХХК-ийн дансанд 81,818,182 төгрөг орж ирсэн. Х.Б-ийн энэ мөнгийг авч захиран зарцуулах талаар надад бичгээр өгсөний дагуу шийдвэрлэсэн. Тэр хүн өөрөө маш сайн мэдэж байгаа. Надад шүүхэд гаргаж өгөх олон баримтууд байгаа гэжээ.Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь Л.Б холбогдуулан бусдын зардлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн 81,818,182 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар “Р” ХХК-г татан оролцуулсан.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “ЭҮ” ХХК-тай Ил уурхайн Т хэсгийн складанд кран-штабелёр ОК-1,0-22,5-5,35 зав №3-9062) их засварын ажлыг гүйцэтгэх 5/000-00 гэрээ байгуулж, 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гүйцэтгэсэн ажлыг үйлдвэрийн комисст актаар хүлээлцсэн байх ба гэрээний үлдэгдэл төлбөр болох 81,818,182 төгрөгийг аваагүй болох нь нотлогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 42-45 хуудас, хх 13 хуудас, 2 хавтаст хэргийн хх 53, 2 хх 52, 1 хавтас хэргийн 78-79 хуудас/

Нэхэмжлэгч  “Х” ХХК нь “ЭҮ” ХХК-тай байгуулсан 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 5/196-12 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ /1 хавтаст хэргийн 42-45 хуудас/-ний дагуу үлдэгдэл төлбөр 81,818,182 төгрөгийг авах эрхтэй, энэхүү төлбөрийг “ЭҮ” ХХК-наас удаа дараа шаардаж байсан болох нь “Х” ХХК-ний 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 00/00 тоот “...Манай компани засварын ажил гүйцэтгэхээр “ЭҮ” ХХК-тай 5/000-00 тоот гэрээг байгуулж, гэрээнд заасан хугацаанд ажлаа бүрэн гүйцэтгэж үйлдвэрийн комисст актаар хүлээлгэн өгсөн. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 81,818,182 төгрөгийг шилжүүлэн өгч тусална уу...” гэх албан бичиг /2 хавтаст хэргийн хх 53 хуудас/ болон бусад нотлох баримтаар батлагдаж байна.  

Гэтэл “ЭҮ” ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 0000 дугаартай төлбөрийн даалгавраар  “Р” ХХК-д 81,818,182 төгрөгийг  “Х” ХХК-ний өмнөөс шилжүүлэв” хэмээн шилжүүлсэн нь буруу байна. /1 хавтас хэргийн 78-79 хуудас/

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д  “....хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй...тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж заасны дагуу “Х” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК болон хариуцагч Л.Б, “Р” ХХК нарын хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулагдаагүй,”Р” ХХК нь нэхэмжлэгчийн үлдэгдэл төлбөр 81,818,182 төгрөгийг  ЭҮ ХХК-наас авах эрхтэй болох нь батлагдахгүй байна.

Хариуцагч нар нь Х” ХХК-ний 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 13/01 тоот “...5/196-12 тоот гэрээний засварын ажилд гэрээний нөхцлийн дагуу “Р” ХХК туслан гүйцэтгэгчээр ажилласан болно. Иймд үлдэгдэл төлбөрийг “Р” ХХК-ний данс руу шилжүүлж өгч бидний ажилд туслана уу...” гэх албан бичиг /2 хх 47 хуудас/,

“Р” ХХК-ний 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 13/9 тоот “... “Х” ХХК-ний 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 13/01 тоот албан бичгийн дагуу дээрх гэрээний үлдэгдэл төлбөрийг манай данс руу шилжүүлж бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү...” гэх албан бичиг, /2 хх 52 хуудас/ зэрэг нотлох баримтыг үндэслэн “ЭҮ” ХХК-иас манай “Р” ХХК-д 81,818,182 төгрөгийг шилжүүлсэн, дээрх мөнгийг авах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч хариуцагч нараас өөрсдийн тайлбар татгалзалтай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзал үндэслэлгүй байна.

Түүнчлэн “Р” ХХК нь “Х” ХХК-ийн “ЭҮ” ХХК-тай байгуулсан 5/000-00 тоот гэрээний дагуу гүйцэтгэсэн ажилд туслан гүйцэтгэгчээр ажилласан талаарх гэрээ болон холбогдох нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна.   

“Х” ХХК-ний явуулсан гэх 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 13/01 тоот албан бичгийг нэхэмжлэгч үйлдсэн гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дээрх баримт нь Х" ХХК  болон "ЭҮ" ХХК-ийн хооронд байгуулагдсан  2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ болон  “Х” ХХК-ний 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 13/04 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Түүнээс гадна Х ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “ЭҮ”ХХК-тай тооцоо нийлж 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 5/196-12 тоот гэрээний  үлдэгдэл 81,818,182 төгрөгийн төлбөрийг баталгаажуулсан боловч уг төлбөрийг 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр №0000 дугаартай төлбөрийн даалгавраар “Р”ХХК-ийн дансанд “Х”ХХК-ийн өмнөөс шилжүүлэв гэх утгатай шилжүүлэх ёсгүй гэрээний төлбөрийг шилжүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн болох нь тогтоогдож байна./ хх 78, хх192 /  

Харин нэхэмжлэгч дээрх албан бичгийг хариуцагч Л.Б үйлдэн, “ЭҮ” ХХК-нд өөрөө аваачиж өгч дээрх мөнгийг эхнэр Б нь захирал нь гэх Р ХХК-аар дамжуулан авсан гэж тайлбарлаж байна.      

Иймд шүүх хариуцагч “Р” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Л.Б-ээс 81,818,182 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.      

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Б-ээс 81,818,182 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, хариуцагч “Р” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 567,041 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-ээс улсын тэмдэгтийн хураамж 567,041 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.       

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БЯМБАСҮРЭН