Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 93

 

“........................” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Л......................... “........................” ХХК-нд холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2021/00784 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “........................” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Л........................., “........................” ХХК-нд холбогдох,

 

 “Бусдын зардлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн 81.818.182 төгрөг гаргуулах”  тухай нэхэмжлэлтэй хэргийг,

Хариуцагч Л........................., хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х........................., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Зоригтбаатар, хариуцагч Л........................., хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч “........................” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“........................" ХХК нь "........................" ХХК-тай Ил уурхайн ТТТЗ хэсгийн агуулахад ОК-1,0-22,5-5,35 зав№3-9062(и/4217404) кран-штабелерын их засварын ажилд гүйцэтгэгчээр ажиллах 5/196-12 тоот гэрээг 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан болно. Тус гэрээний дагуу "........................" ХХК нь 2012 онд ажлаа бүрэн гүйцэтгэн үйлдвэрийн комисст ажил хүлээлцэх актаар хүлээлгэж өгсөн юм. Харин гэрээний үлдэгдэл төлбөр болох 81.818.182 төгрөгийг шилжүүлэн өгөхийг хүсэж "........................" ХХК-ийн Ерөнхий захирлын эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Б.........................т албан тоот явуулсан хэдий ч төлбөрөө авч чадаагүй байсан юм. Гэтэл "........................" ХХК-ийн орчуулагчаар ажиллаж байсан Л......................... нь "........................" ХХК-ийн албан тоотыг хуурамчаар үйлдэн дээрх гэрээний үлдэгдэл төлбөрийг "........................"-ээс гаргуулан авсан болохыг 2018 оны 09 дүгээр сард Орхон аймгийн Цагдаагийн газарт очиж гэрчийн мэдүүлэг өгөх үедээ олж мэдсэн болно. Л.........................т бид ийм санхүүгийн эрх олгож, ямар нэг баримт бичиг огт үйлдээгүй болно. Иймд Л.........................ээс бусдын зардлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох 81.818.182 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л......................... шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“........................” ХХК-ийн захирал Х......................... юм уу эсвэл түүний эхнэр гүйцэтгэх захирал Д............ гаргаад байгаа юм уу хэн нь гаргасан нь тодорхойгүй нэхэмжлэлийг шүүхээс надад гардуулж өглөө. Л......................... намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гээд 81.818.182 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлтэй миний бие танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. ........................ ХХК-ийн захирал Х......................... 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 13\01 дугаартай албан бичгээр ... ........................ ХХК нь туслан гүйцэтгэгчээр ажилласан тул үлдэгдэл төлбөрийг ........................ ХХК-ийн дансанд шилжүүлж тусална уу гэж хүсэлтээ илэрхийлсний дагуу “........................” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 81.818.182 төгрөг миний эхнэр Д.Бурмаагийн “........................” ХХК-ийн дансанд шилжиж орсон байдаг. Тийм учраас эхлээд хэн нь нэхэмжлэл гаргаад байгааг тодруулаад дараа нь хариуцагч нь Л......................... мөн эсэхийг тогтоох нь чухал байх гэж бодож байна. Миний бодлоор Х.........................ийн хүсэлтээр ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр нь “........................” ХХК-ийн дансанд орсон тул Л......................... миний бие хариуцагч биш гэж үзэж байна. “........................” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 13\01 дугаартай албан бичгийн нотариатаар батлуулсан хуулбарыг хавсарган хүргүүлэв гэжээ.

Хариуцагч “........................” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“........................” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “........................” ХХК-ийн захирал Х.........................ийн хийж өгсөн албан бичгийг үндэслэн “........................” ХХК-иас манай “........................” ХХК-ийн дансанд 81.818.182 төгрөг орж ирсэн. Х.........................ийн энэ мөнгийг авч захиран зарцуулах талаар надад бичгээр өгсний дагуу шийдвэрлэсэн. Тэр хүн өөрөө маш сайн мэдэж байгаа. Надад шүүхэд гаргаж өгөх олон баримтууд байгаа гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2021/00784 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Л.........................ээс 81.818.182 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ........................ ХХК-д олгож, хариуцагч ........................ ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ........................ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 567,041 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.........................ээс улсын тэмдэгтийн хураамж 567,041 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ........................ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Л......................... шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  09 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2021/00784 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Л......................... би давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудад хуульд заасны дагуу үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй.хариуцагч талаас гаргаж өгсөн баримтуудыг ямар нэг байдлаар үнэлж дүгнэлт хийсэнгүй.харин ч эсрэгээрээ баримт гаргаж өгөөгүй гэж илтэд худал дүгнэлт хийсэнд маш их гомдолтой байна. “........................” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 13/01 дугаартай албан бичгийн талаар шүүгч ямар ч дүгнэлт хийгээгүй.Энэ албан бичгийн дагуу ........................ ........................ ХХК-д ажлын үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн бөгөөд энэ албан бичгийг “........................” ХХК-ийн захирал Х......................... үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэтэл шүүгч шийдвэрийн үндэслэл хэсэг эз нэхэмжлэгч энэ албан бичгийг Л......................... үйлдсэн ........................т өөрөө аваачиж өгч дээрх мөнгийг эхнэр Бурмаа нь захирал нь гэх ........................ ХХК-иар дамжуулан авсан гэж тайлбарлаж байна.Иймд Л ........................ээс 81.818.182 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэжээ.Тэгвэл Л......................... намайг дээрх албан бичгийг үйлдсэн гэх нэг ч нотлох баримт хэрэгт байхгүй.Намайг дээрх албан бичгийг үйлдсэн гэдгийг юугаар нотолж байгаагаа шүүгч шийдвэртээ бичээгүй байна. Шүүгч зүгээр л нэхэмжлэгч талд ямар нэг байдлаар талтай ханджээ гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна. Шүүгч хариуцагч биднийг дээрх мөнгийг авах эрхтэй гэдгээ нотлоогүй гэжээ.Х......................... өөрийн компанийн албан бланк дээр бичиж гарын үсгээ зурж тэмдгээ дарж өгсөн албан бичиг нь өөрөө биднийг энэ мөнгийг авах эрхтэй гэдгийг нотолж байгаа хамгийн гол нотлох баримт юм шүү. Х......................... нь эхлээд Цагдаад ямар ч гомдол гаргаагүй байхад цагдаа дуудах үед л мөнгөө алдсанаа мэдсэн гэж шүүх хурал дээр ярьсныг үгүйсгэх баримт нь тэрээр өөрөө гомдол гаргасныг нотлох баримт болох түүний. гомдлыг хүлээж авсан цагдаагийн ажилтны тэмдэглэл юм.Намайг болон манай эхнэрийг цагдаагийн байгууллагаар маш олон удаа дуудуулж дарамтлуулж байсан бөгөөд дээрх албан бичгийг үйлдэж өгөөгүй гэж хэлж байсан нь мөн шүүхэд энэ албан бичгийг би үйлдээгүй.албан бичиг дээрх он,сар,өдрийг би бичээгүй миний бичвэр биш гээд зориуд өөрөөр бичсэн тоон бичвэртэй олон баримтуудыг гаргаж өгсөн ч шинжээч түүний бичиг мөн гэдгийг тогтоосон юм.Тэгвэл би ........................ ХХК-ийн өмнөөс олон ажлыг ямар ч ажлын хөлс авалгүй хийж гүйцэтгэж байсан өөртөө байсан зарим ажил хийж гүйцэтгэсэн баримтуудыг л шүүхэд гаргаж өгсөн.хэргийн материалд байгаа.Харин Х......................... нь эдгээр нотлох баримтуудыг үгүйсгэсэн нотлох баримт гаргаж өгөөгүйгээр барахгүй эдгээр ажлыг намайг хийж гүйцэтгээгүй гэдэг тайлбарыг ч шүүхэд өгөөгүй юм шүү.Миний бие нэг айлын хүргэний хувьд Х.........................ийн бизнесийн ажилд болон бусад ажлуудад гэрээ хэлцэл.тогтсон цалин хөлс нэхэлгүйгээр олон жил тусалж хийж өгч байсан.Түүний эхнэрийн төрсөн дүү миний эхнэр Бурмаа тэр үед хүндээр өвдөж гадаадад маш хүнд хагалгаанд орох шаардлагатай болж энэ бүгдийг бодолцоод өөрөө санаачилж ажлын төлбөрийн үлдэгдлийг аа гэж дээрх албан бичгийг хийж өгсөн юм шүү.Хэрэв тэр өөрөө энэ бичгийг хийж өгөөгүй бол бүхэл бүтэн 5 жил ........................ээс ийм их мөнгийг авахаа мартаад яваад байсан байх уу. Бид мөнгө орж ирсэн тухай Х......................... болон түүний эхнэрт хэлж тухайн үедээ бүгдээрээ л баяртай байсан.Тэр 2 болохоор миний сайн ажиллаж байсныг сайшааж,бас дүүдээ эмчилгээнд нь тусалсандаа, харин бид 2 болохоор мөнгөтэй болсондоо баярлаж байсан юм шүү. Харин ийм олон жилийн дараа намайг хуурамч албан бичиг үйлдсэн гэж гүтгэж байж мөнгөө буцааж авна гэж улайран цагдаа шүүхийг ашиглан тэмцэж явааг үнэхээр гайхаж байна.Хэрэв би тэр албан бичгийг үйлдсэн юм бол шүүх намайг яагаад хуурамч баримт үйлдэж бусдын мөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхгүй байгаа юм бол.Цагдаагийн байгууллага шалгаад прокурор намайг гэмт хэрэг үйлдээгүй гэж тогтоосон прокурорын тогтоолыг шүүгч яагаад олж харсангүй вэ. Иймд хэргийг хянан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн  өмгөөлөгч Д.Оюунчимэг шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 784 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Л.........................ээс 81.818.182 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “........................” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй,эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хучин төгөлдөр болсон бол мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэжээ. Иргэний хуулийн энэ заалтыг хэрэглэх болсон үндэслэлээ шүүгч шийдвэрийн үндэслэл хэсэгтээ заагаагүй байна.Бусдын өмнө хөрөнгө шилжүүлэх үүрэг хүлээсэн этгээд болон үүрэг гүйцэтгэгч нь “........................” ХХК гэж үзсэн бололтой.Тэгвэл үүрэг гүйцэтгүүлэгч буюу мөнгө авах этгээд нь хэн юм бол. “........................” ХХК үүрэг гүйцэтгэгч юм бол хэний өмнө ямар үүрэг хүлээсэн байх вэ.шүүгч “........................” ХХК-ийг “........................” ХХК-ийн өмнө үүрэг хүлээсэн гэж үзсэн бол “........................” ХХК-ийн мөнгө шилжүүлэхийг хүссэн 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 13/01 дугаартай албан бичиг ........................т хийж өгсөн гэж үзвэл ........................ үүрэг гүйцэтгэгчийн хувьд түүний хүсэлтийн дагуу “........................” ХХК-д мөнгийг шилжүүлсэн бөгөөд Л.........................т өгөөгүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон байдаг. Шийдвэрийн үндэслэлээ шүүгч “ Харин нэхэмжлэгч дээрх албан бичгийг хариуцагч Л......................... үйлдэн ........................ ХХК-д өөрөө аваачиж өгч дээрх мөнгийг эхнэр Бурмаа нь захирал гэх ........................ ХХК-иар дамжуулан авсан гэж тайлбарлаж байна.” гээд энэ тайлбар нь ямар нотлох баримтаар нотлогдож байгаа талаар тайлбар дүгнэлт хийлгүй шууд залгаад “Иймд гээд Л.........................ээс мөнгийг гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байна.Нэхэмжлэгчийн тайлбар нь ямар ч нотолгоогүйгээр .хариуцагч тал зөвшөөрөхгүй маргаж байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болдог юм уу.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нотлох баримт гэж юуг хэлэх, ,40 дүгээр зүйлд заасан шүүх нотлох баримтыг хэрхэн үнэлэх талаарх хуулийн шаардлагыг шүүгч зөрчсөн. Өөрөөр хэлбэл энэ шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй нэг талыг барьсан,нотлох баримтанд үндэслээгүй байна. Нотлох баримтанд үндэслээгүй гэдэг нь Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Билгүүний гаргасан 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 127 дугаартай дүгнэлтээр “........................” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 13/01 дугаартай албан бичиг дээрх гарын үсэг нь Х.........................ийн гарын үсэгтэй тохирч байна гэж тогтоосон,мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын гаргасан 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1024 дугаартай дүгнэлтээр 2013 оны 0' дүгээр сарын 21-ний өдрийн 13/01 дугаартай ........................ ХХК-ийн албан бичиг дээрх “2013.01.13,13/01 гэсэн шинжилж буй тоон гар бичвэр нь ....Х.........................ийн гэх тоон бичгийн чөлөөт загвар.харьцангуй чөлөөт загваруудтай тохирно гэсэн дүгнэлтүүдийг шүүгч ямар нэг байдлаар үнэлж дүгнээгүй гэсэн юм.Өөрөөр хэлбэл шүүгч хариуцагч Л.........................ийг дээрх албан бичгийг үйлдсэн гэсэн нэхэмжлэгчийн зөвхөн тайлбарыг үндэслээд мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн бол хариуцагч нар Х......................... нь өөрөө албан бичиг үйлдээд гарын үсгээ зураад тамга тэмдгээ дараад өгсний дагуу мөнгийг ........................ шилжүүлж өгсөн гэсэн тайлбарыг өгсөн байдаг бөгөөд тэдний энэ тайлбар нь шинжээч нар нэхэмжлэгч Х......................... нь дээрх албан бичгийг үйлдсэн болохыг тогтоосон дүгнэлтүүдээр нотлогдож байгаа юм.Шинжээч нарын дүгнэлтийн талаар шүүгч ямар нэг дүгнэлт хийгээгүй. Харин дээрх албан бичгийг нэхэмжлэгч үйлдээгүй болох нь “........................” ХХК болон ........................ ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ болон “........................” ХХК-иас 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 13/04 дугаартай албан бичгээр нотлогдож байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. “........................” ХХК, “........................” ХХК хоёр 2013 оны 7 сарын 8-нд тооцоо нийлж үлдэгдэл төлбөрийг баталгаажуулах үед талууд “........................” ХХК-д үлдэгдлийг шилжүүлэх талаар тохиолцсон болох нь ........................ээс мөнгө шилжүүлсэн баримт дээр “........................” ХХК-ийн өмнөөс шилжүүлье гэж бичсэнээр нотлогдоно. Хэрэв тэд тохиролцоогүй юм бол ........................, “........................” ХХК-ийн өмнө үлдэгдэл төлбөрийг үндэслэлгүйгээр бусдад шилжүүлж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд болох бус уу. Хэрэв ингэж тохироогүй бол Х......................... бүхэл бүтэн 5-6 жил энэ үлдэгдэл их хэмжээний мөнгөө аль хэдийн нэхнэ бие дээ. Түүнчлэн шүүгч нь хариуцагч Л.........................ийг ямар нэг ажил хийж цалин мөнгө авах байсан тухайгаа нотлоогүй гэжээ. “........................” ХХК-ийн өмнөөс ........................тэй гэрээ хийж гэрээний дагуу хийсэн ажлуудаа хүлээлгэж өгсөн олон баримтыг шүүхэд өгсөн нь хэргийн материалд авагдсан байгаа. Харин нэхэмжлэгч нь үүнийг үгүйсгэсэн нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд тайлбараараа ч үгүйсгээгүй юм. Иймд нэхэмжлэгч тал Л.........................ийг хуурамч албан бичиг үйлдэж ........................ээс авах ёстой төлбөрийн үлдэгдлийг авсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон заалтыг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна уу гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “........................” ХХК нь хариуцагч Л......................... болон “........................” ХХК-нд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 81.818.182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

            Нэхэмжлэгч “........................” ХХК нь 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “........................” ХХК-тай Ил уурхайн ТТТЗ хэсгийн кран-штабелер ОК-1.0-22.5-5.35 зав№3-9062 их засварын ажил гүйцэтгэх 5/196-12 гэрээг байгуулж 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гүйцэтгэсэн ажлаа үйлдвэрийн комисст хүлээлгэн өгч акт үйлдсэн, ажил гүйцэтгэх гэрээний үнэ 150.000.000 төгрөг, төлбөрийн үлдэгдэл 81.818.182 төгрөг байсан зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “........................” ХХК нь “........................” ХХК-тай  байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 81.818.182 төгрөгийг гаргаж өгөхийг удаа дараа шаардаж, албан бичиг хүргүүлж байсан, “........................” ХХК болон хариуцагч Л........................., “........................” ХХК-ын хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй, “........................” ХХК нь “........................” ХХК, “........................” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд туслах гүйцэтгэгчээр оролцоогүй зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

            “........................” ХХК нь 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 13/9 дугаар албан бичгээр “........................” ХХК-нд гэрээний үлдэгдэл төлбөр 81.818.182 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэх талаар мэдэгдэж байсан ба нэхэмжлэгч “........................” ХХК нь 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 13/01 дугаар “Тус компани нь 5-196-12 дугаар ажил гүйцэтгэх гэрээг танай үйлдвэртэй хийсэн. Дээрх ажилд гэрээний нөхцөлийн дагуу “........................” ХХК нь туслах гүйцэтгэгчээр ажилласан болно. Иймд үлдэгдэл төлбөрийг “........................” ХХК-ийн данс руу шилжүүлэн өгч бидний ажилд тусална уу” гэх /ХХ-184/ албан бичгийг “........................” ХХК-нд явуулаагүй гэж маргаж, шинжээч томилуулсан, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 127 дугаар шинжээчийн дүгнэлтэнд “........................” ХХК нь 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 13/01 дугаартай албан бичгийн “захирал” гэсэн үгийн ард “Х.........................” гэсэн үгийн урд зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Х.........................ийн гарын үсгийн чөлөөт туршилтын загваруудтай тохирч байна гэсэн нь уг албан бичгийг нэхэмжлэгч талын миний гарын үсэг биш гэсэн тайлбарыг няцааж буй боловч шинжээчийн 4483 дугаар дүгнэлтээр “...төлбөрийн тухай гэсэн баримтын зүүн доод хэсэгт байх “захирал” гэсэн хэвлэмэл бичиг нь тус баримтын зүүн доод хэсэгт байх тэмдгийн дардас дээр хэвлэгдсэн байна” гэжээ. Энэ талаар нэхэмжлэгч талын гаргаж буй тайлбарыг үгүйсгэсэн нотлох баримтыг хариуцагч Л......................... шүүхэд гаргаагүй няцааж чадаагүй байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд “........................” ХХК болон хариуцагч Л......................... нар нь “........................” ХХК-иас төлбөрийн үлдэгдэл 81.818.182 төгрөгийг шаардан авах эрхгүй байсан болох нь тогтоогдсон. Нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар татгалзлалаа нотолж чадаагүй, нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтыг няцаагаагүй, нэхэмжлэгч “........................” ХХК “........................” ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тооцоо нийлж гэрээний үнээс 81.818.182 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо баталгаажуулсан ба 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр №1368 дугаартай төлбөрийн даалгавраар “........................” ХХК нь “........................” ХХК-ийн дансанд / “........................” ХХК-ийн өмнөөс шилжүүлэв/ 81.818.182 төгрөгийг шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх “........................” ХХК нь шилжүүлэх ёсгүй гэрээний төлбөрийг шилжүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн дүгнэлт хийж хариуцагч Л.........................ээс 81.818.182 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “........................” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй Иргэний хуулийн 492 дугаар 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байх ба уг зүйлийг олж авсан этгээдээс тухайн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй болохыг зохицуулсан тул хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Хариуцагч Л......................... нь 81.818.182 төгрөгийг шилжүүлэн авснаа хүлээн зөвшөөрч маргадаггүй боловч энэ мөнгийг “........................” ХХК-нд орчуулагчаар ажиллаж байсан Х......................... нь гэр бүлийн хэрэгцээндээ хэрэглэ гэж өгсөн гэх тайлбар гарган мэтгэлцэж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг үгүйсгэх, татгалзах үндэслэл болон тайлбар татгалзлалаа нотлоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна. Хариуцагч Л......................... “........................” ХХК-нд ажиллаж байсан ажлын хөлс авах байсан гэж маргаж буй боловч энэ талаар шаардлага гаргаж мэтгэлцээгүй тул хариуцагч Л.........................ийн гаргасан баримтыг үнэлэх боломжгүй юм.

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2021/00784 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Л........................., хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Л.........................ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 567.041 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР

                                                ШҮҮГЧ                                               С.УРАНЧИМЭГ