Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2021/00808

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, С багт байрлах “С” ХХК /Регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Х багт байрлах “ЭУ” ХК /Регистрийн дугаар: /,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт байрлах, О нарт холбогдох  

Орхон аймаг Баян-Өндөр сум М багийн 0-р байрны “В” корпусын урд байрлах 000 кв-ын чадал бүхий дэд станцын үнийн зөрүү 98,749,948 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, гэрч Ц.Э, н.А /цахимаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “С” ХХК-иас Орон нутгийн өмчийн албанд төлүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд 832,511,952 төгрөгийн хөрөнгө шилжүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бөгөөд О аймгийн ЗД-ын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/000 захирамжаар 2014 оны 09 сарын 02-ны өдөр 00/00 тоот актаар Э ХК 400 кв хүчин чадал бүхий дэд станцыг хүлээн авсан. Одоо дэд станцын байгууламж 6 болон 7-р бичил хорооллын орон сууцнуудын цахилгаан хангамжийг дамжуулах үүрэгтэйгээр тус компаний мэдэлд ашиглагдаж, ашиглалт, үйлчилгээ нь явагдаж байгаа юм. 2014 оны 09 сарын 02-ны өдөр 56/17 дугаартай актаар дээрх хөрөнгийг буюу Цахилгаан дамжуулах дэд станц ТП-444 1 ширхэг, хүчний трансформатор 0,6 квт 1 ширхэг, ТП доторхи цахилгаан тоног төхөөрөмж зэргийг шилжүүлсэн бөгөөд эрх бүхий байгууллагын үнэлсэн үнэлгээний дагуу Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 56-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Л.Б “Э” ОНӨХК-ийн ажилтнууд болох Д, П нарт хүлээлгэн өгсөн. Гэтэл Г.З-ын 2014 оны 12 сарын 23-ны өдрийн А/000 дугаартай захирамжаар 2014 оны 12 сарын 31-ний өдөр тус байгууллага нь дээрх дэд станцыг үндсэн хөрөнгөнд авахдаа 81,394,452 төгрөгөөр үнэлжээ. Үүнээс улбаалан “С” ХХК-аас үнийн зөрүү 98,749,948 төгрөг дутагдаж Орхон аймгийн НДХ манай компаниас шүүхийн шийдвэрийн дагуу нэхэгдэж байна. 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага 6 дугаар бичил хорооллын 17 дугаар байрны урд байрлах 400 м2 кеолотын чадал бүхий дэд станцын үнийн зөрүү 98,749,948 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч байгууллага болох Орхон аймаг Баян-Өндөр сум Х багт байрлах Э ХХК байгаа. 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 14/12 дугаартай барилга байгууламжийн ашиглалтанд оруулах улсын комиссын актаар дэд станцыг хүлээж авсан байдаг. Үүнийг орон нутгийн өмч рүү шилжүүлсэн. Үндсэн үнэлгээ 180 144 400 төгрөгийн үнэлгээтэй. Энэ нь Г.З захирлын өөрийнх нь санаачлагаар биш. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны санаачлагаар албан ёсоор үнэлсэн. 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 56/00 дугаартай актаар “Э” ОНӨХК-д албан ёсоор хүлээлгэж өгсөн. Иймд 400 кв-ын хүчин чадал бүхий дэд станцыг орлогод авахдаа үнийг санаатайгаар бууруулж балансдаа тусгасан Орхон аймгийн Э ОНӨХК-иас 98,749,948 төгрөг гаргуулан “С ХХК-г хохиролгүй болгож өгнө үү гэжээ.      

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Б.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “С” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 0 дугаар бичил хорооллын 00 дугаар байрны “В” корпусын урд байрлах 400Кв-ын чадал бүхий дэд станцын үнийн зөрүү 98 749 948 төгрөгийг О хариуцах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нөхцөл байдалд маргасан зүйл байхгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны санаачлагаар дүгнэсэн гэж байна. Тайлбарыг өмнөх хүсэлтдээ хангалттай дурдсан. Тухайн акт нь хэргийн материалд эх хувиараа байдаггүй. Нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх үндэслэлгүй байна. Үнийн зөрүү байгаа тухай дурдсан байдаг. Бидний зүгээс хүсэлт гаргасан. Та материалуудтай танилцсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна. Нэхэмжлэгчийн шаардах эрх тодорхойгүй байна. Өмчлөх эрхийн хүрээнд байгаа гэж нотлоод байгаа юм уу, Иргэний хуулийн зүйл заалтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлах ёстой. Тухайн шаардах эрх нь хүчин төгөлдөр байх ёстой. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна. Нотлох баримт нь шаардлага хангахгүй гэж үзэж байна. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуульд зааснаар Засаг даргын захирамж байдаг. Үүнд 8 ширхэг орон сууц гэж заасан байдаг. Зөрүүг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Засаг даргын газар болох 8 байр авсан нь үндэслэлгүй байна. Тухайн үед харилцаанд орж байсан. Тооны зөрүүг ашиглаж нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэж үзэж байна. 2014 онд захирамж гарчихаад байхыг мэдэх ёстой байсан. Үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага байна. Нотлох баримтуудыг анхаарах нь зүйтэй байна. Хэт өндөр үнээр үнэлж авсан байдаг. С байгууллага олон байгууллагад өртэй байдаг юм байна. Энэ өрөө төлөхгүйгээр тооны зөрүү харуулчихаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг царцаадаг үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  832 510 592 төгрөгийн өр төлбөртэй гарсан. Орон сууц болон дэд станцыг тооцож хүлээж авсан. Зохицуулах хороооны тушаалаар орон сууж шилжүүлж өгөх хуулийн зохицуулалтай. Тухайн байрнууд 832 000 000 төгрөгт хүрэхгүй асуудал байдаг. Захирал болох З тохиролцоод өргүй болж тэглэж дуусгавар болсон асуудал байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э” ОНӨХК-д холбогдох иргэний хэрэгт Л.Б миний бие хариуцагч “Э” ОНӨХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авах боломжгүй гэсэн тайлбар гаргаж байна. Учир нь манай байгууллага нь мэргэжлийн байгууллагын хувьд ус, дулаан, цахилгааны эрчим хүч авах хүсэлтийг судалсны үндсэн дээр техникийн нөхцөл гаргах, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах техникийн комиссын акт гаргахад оролцох, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын акт гаргахад оролцох чиг үүрэгтэй байдаг бөгөөд тухайн эд хөрөнгийг үнэлэхэд манай байгууллагын зүгээс оролцох эрх зүйн үндэслэл байхгүй. “С” ХХК нь 832,511,952 төгрөгний татварын их хэмжээний өртэй байдлаас шалтгаалан орон сууцны 8 байр, 6 кв-ын кабелийн шугам, 400 кв-ын дэд станцын барилгыг тоноглол шугамыг авахаар Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн А/000 тоот захирамжаар шийдвэрлэсэн бөгөөд Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/000 дугаартай захирамжаар 6 кв-ын кабелийн шугам, 400 кв-ын дэд станцын барилга, тоноглолыг 81,394,452 төгрөгөөр үнэлэн манай байгууллагад эзэмшүүлэхээр хүлээлгэн өгснийг үндсэн хөрөнгөндөө бүртгэн тооцоо блансандаа тусгасан болно. Иймд “С” ХХК-ний гаргасан нэхэмжлэлд дурдагдсан асуудал нь манай байгууллагад хамааралгүй болохыг дээр дурдагдсан засаг даргын захирамжууд нь нотолж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авах боломжгүй. Яагаад манай байгууллага оролцож байна вэ гэхээр манай тавьсан шаардлагын дагуу улсын комисс оролцдог. Тухайн барьсан тоног төхөөрөмжийг хуулийн зохицуулалтаар тусгасан байдаг юм. Тусгай зөвшөөрөл эзэмшигч ашиглаж явах эрхтэй. 2013 оны Засаг даргын захирамжаар хүлээлгэж өгсөн байдаг. Хариуцагчаар татсан зүйл үндэслэлгүй гэж үзэж байна. Э ХХК нэгдээгүй байхдаа хүлээж авсан байдаг. Гантулга захирлын үед хүлээж авсан акттай байдаг. Нягтлангийн тайлбарласнаар өр төлбөрийн асуудлыг үүсгэж байсан удаа байгаа. 7 жилийн хугацаанд энэ асуудлаа шийдэхгүй байж ийм асуудал гаргаж байна. Манайх ямар нэгэн байдлаар хамаагүй, хариуцагчаа зөв тодорхойл гэж хэлмээр байна гэжээ.   

Шүүх зохигчдын тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “С” ХХК нь “ЭУ” ОНӨХК болон О нарт холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 17-р байрны “В” корпусын урд байрлах 400 кв-ын чадал бүхий дэд станцын үнийн зөрүү 98,749,948 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.      

Нэхэмжлэгч нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын С багийн 0-р бичил хорооллын 00-р байрны В корпусын урд байрлах 6 кв-ын кабель шугам, 400 кв хүчин чадал бүхий дэд станцын барилга байгууламжийг 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 56/00 дугаартай актаар “Э” ОНӨХК-д 180,144,400 төгрөгийн үнийн дүнд хүлээлгэн өгсөн атлаа О-ын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/000 дугаартай захирамжаар дээрх 6 кв-ын кабелийн шугам, 400 кв-ын дэд станцын барилга, тоноглолыг дэд станцыг 81.394.452 төгрөгөөр үнэлэн “ЭУ” ОНӨХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэний улмаас үнийн зөрүү 98.749.948 төгрөг дутагдан Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс шүүхийн шийдвэрийн дагуу дээрх мөнгийг нэхэж байгаа учраас учирсан хохирлоо төлүүлнэ гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна. 

Харин хариуцагч “ЭУ” ОНӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд “...Орхон аймгийн ЗД-ийн захирамжаар манай байгууллагад маргаан бүхий дэд станцыг хүлээлгэн өгсөн, уг маргаан манай байгууллагад хариуцагдахгүй...” гэж, хариуцагч Орхон аймгийн Засаг даргын тамгын газар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа “...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдон тогтоогдоогүй...” гэж тайлбарлан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг шаардан маргаж байна.           

Нэхэмжлэгч “С” ХХК нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 8 удаагийн шийдвэрээр Татварын хэлтэс болон бусад байгууллагад нийт 832,511,952 мянган төгрөгийн өр төлбөртэй байсан байх ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Орхон аймаг, Баян-Өндөр сумын Согоот багийн 6-р бичил хорооллын 00-р байрны В корпусын урд байрлах 6 кв-ын кабель шугам, 400 кв хүчин чадал бүхий дэд станцын барилга байгууламжийг 2014 оны 09 дүгээр сарын 02-гы өдрийн 56/00 дугаартай актаар “Э” ХК-д 180,144,400 төгрөгийн үнийн дүнд хүлээлгэн өгсөн байна.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны томилсоны дагуу “Найдвар-Од” аудит ХХК 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дээрх дэд станцын барилга байгууламжийг 180,144,400 төгрөгөөр үнэлсэн байна.        

Харин Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/000 дугаартай захирамжаар дээрх 6 кв-ын кабелийн шугам, 400 кв-ын дэд станцын барилга, тоноглолыг дэд станцыг 81.394.452 төгрөгөөр үнэлэн “Э” ХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба тус компани 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үндсэн хөрөнгөнд захирамжийн дагуу үнэлгээг 81,394,452 төгрөг гэж бүртгэж авчээ. /хх 13-р хуудас/

Одоо дээрх дэд станцын байгууламж нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 болон 0 дугаар бичил хорооллын орон сууцнуудын цахилгаан хангамжийг дамжуулах үүрэгтэйгээр тус компанийн мэдэлд ашиглагдаж, ашиглалт, үйлчилгээ явагдаж байгаа болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь үнийн зөрүү 98.749.948 төгрөгөөр хохирсон, дээрх мөнгийг Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэж байна гэж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлож чадахгүй, 98.749.948 төгрөгийн хохирол хүлээсэн болох нь баримтаар нотлогдохгүй байна.  

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагч О захирамж гарган дэд станцын үнийг бууруулж 98,749,948 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжиж хохирол учруулсан гэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа боловч энэхүү байдал тогтоогдохгүй байна.      

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.  

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ний хариуцагч “Э” болон О-с Орхон аймаг Баян-Өндөр сум С багийн 00-р байрны “В” корпусын урд байрлах 400 кв-ын чадал бүхий дэд станцын үнийн зөрүү 98,749,948 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 651,669 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.      

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                     Б.БЯМБАСҮРЭН