Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 92

 

“........................” ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч“........................ дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-нд

 холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2021/00808 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “........................” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “........................ дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-нд холбогдох,

 

 “........................ Согоот багийн 17-р байрны В корпусын урд байрлах 400 кв-ын чадал бүхий дэд станцын үнийн зөрүү 98.749.948 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.........................ы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А........................., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б........................., Б.Баттүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батцэцэг, нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч “........................” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“........................” ХХК-иас Орон нутгийн өмчийн албанд төлүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд 832.511.952 төгрөгийн хөрөнгө шилжүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бөгөөд Орхон аймгийн ........................ даргын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/441 дугаар захирамжаар 2014 оны 09 сарын 02-ны өдөр 56/16 тоот актаар “........................” ДТС ОНӨХК 400 кв хүчин чадал бүхий дэд станцыг хүлээн авсан. Одоо дэд станцын байгууламж 6 болон 7-р бичил хорооллын орон сууцуудын цахилгаан хангамжийг дамжуулах үүрэгтэйгээр тус компанийн мэдэлд ашиглагдаж, ашиглалт, үйлчилгээ нь явагдаж байгаа юм. 2014 оны 09 сарын 02-ны өдөр 56/17 дугаар актаар дээрх хөрөнгийг буюу Цахилгаан дамжуулах дэд станц ТП-444 1 ширхэг, хүчний трансформатор 0,6 квт 1 ширхэг, ТП доторх цахилгаан тоног төхөөрөмж зэргийг шилжүүлсэн бөгөөд эрх бүхий байгууллагын үнэлсэн үнэлгээний дагуу Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 56-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Л.Батцагаан “........................” ДТС ОНӨХК-ийн ажилтнууд болох ........................, Пүрэвдорж нарт хүлээлгэн өгсөн. Гэтэл Орхон аймгийн ........................ дарга Г.Зоригтын 2014 оны 12 сарын 23-ны өдрийн А/690 дугаартай захирамжаар 2014 оны 12 сарын 31-ний өдөр тус байгууллага нь дээрх дэд станцыг үндсэн хөрөнгөнд авахдаа 81.394.452 төгрөгөөр үнэлжээ. Үүнээс улбаалан “........................” ХХК-иас үнийн зөрүү 98.749.948 төгрөг дутагдаж Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтэс манай компаниас шүүхийн шийдвэрийн дагуу нэхэгдэж байна. 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага 6 дугаар бичил хорооллын 17 дугаар байрны урд байрлах 400 м2 кеолотын чадал бүхий дэд станцын үнийн зөрүү 98.749.948 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч байгууллага болох ........................, Хүрэнбулаг багт байрлах “Эрдэнэт ус” ДТС ХХК байгаа. 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 14/12 дугаартай барилга байгууламжийн ашиглалтанд оруулах улсын комиссын актаар дэд станцыг хүлээж авсан байдаг. Үүнийг орон нутгийн өмч рүү шилжүүлсэн. Үндсэн үнэлгээ 180.144.400 төгрөгийн үнэлгээтэй. Энэ нь Г.Зориглон захирлын өөрийнх нь санаачилгаар биш. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны санаачилгаар албан ёсоор үнэлсэн. 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 56/17 дугаартай актаар “Эрдэнэт ус” ДТС ОНӨХК-д албан ёсоор хүлээлгэж өгсөн. Иймд 400 кв-ын хүчин чадал бүхий дэд станцыг орлогод авахдаа үнийг санаатайгаар бууруулж балансдаа тусгасан Орхон аймгийн “........................” ДТС ОНӨХК-иас 98.749.948 төгрөг гаргуулан “........................” ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б........................., Б.Баттүвшин нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“........................” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагч Орхон аймгийн ........................ даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 6 дугаар бичил хорооллын 17 дугаар байрны В корпусын урд байрлах 400Кв-ын чадал бүхий дэд станцын үнийн зөрүү 98.749.948 төгрөгийг Орхон аймгийн ........................ дарга хариуцах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нөхцөл байдалд маргасан зүйл байхгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны санаачилгаар дүгнэсэн гэж байна. Тайлбарыг өмнөх хүсэлтдээ хангалттай дурдсан. Тухайн акт нь хэргийн материалд эх хувиараа байдаггүй. Нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх үндэслэлгүй байна. Үнийн зөрүү байгаа тухай дурдсан байдаг. Бидний зүгээс хүсэлт гаргасан. Та материалуудтай танилцсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна. Нэхэмжлэгчийн шаардах эрх тодорхойгүй байна. Өмчлөх эрхийн хүрээнд байгаа гэж нотлоод байгаа юм уу, Иргэний хуулийн зүйл заалтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлах ёстой. Тухайн шаардах эрх нь хүчин төгөлдөр байх ёстой. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна. Нотлох баримт нь шаардлага хангахгүй гэж үзэж байна. ........................ захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуульд зааснаар ........................ даргын захирамж байдаг. Үүнд 8 ширхэг орон сууц гэж заасан байдаг. Зөрүүг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. ........................ даргын газар болох 8 байр авсан нь үндэслэлгүй байна. Тухайн үед харилцаанд орж байсан. Тооны зөрүүг ашиглаж нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэж үзэж байна. 2014 онд захирамж гарчхаад байхыг мэдэх ёстой байсан. Үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага байна. Нотлох баримтуудыг анхаарах нь зүйтэй байна. Хэт өндөр үнээр үнэлж авсан байдаг. “........................” байгууллага олон байгууллагад өртэй байдаг юм байна. Энэ өрөө төлөхгүйгээр тооны зөрүү харуулчхаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг царцаадаг үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  832.510.592 төгрөгийн өр төлбөртэй гарсан. Орон сууц болон дэд станцыг тооцож хүлээж авсан. Зохицуулах хорооны тушаалаар орон сууц шилжүүлж өгөх хуулийн зохицуулалтай. Тухайн байрнууд 832.000.000 төгрөгт хүрэхгүй асуудал байдаг. Захирал болох Зориглон тохиролцоод өргүй болж тэглэж дуусгавар болсон асуудал байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“........................” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэт ус” ДТС ОНӨХК-д холбогдох иргэний хэрэгт Л.Батцэцэг миний бие хариуцагч “Эрдэнэт ус” ДТС ОНӨХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. “........................” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авах боломжгүй гэсэн тайлбар гаргаж байна. Учир нь манай байгууллага нь мэргэжлийн байгууллагын хувьд ус, дулаан, цахилгааны эрчим хүч авах хүсэлтийг судалсны үндсэн дээр техникийн нөхцөл гаргах, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах техникийн комиссын акт гаргахад оролцох, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын акт гаргахад оролцох чиг үүрэгтэй байдаг бөгөөд тухайн эд хөрөнгийг үнэлэхэд манай байгууллагын зүгээс оролцох эрх зүйн үндэслэл байхгүй. “........................” ХХК нь 832.511.952 төгрөгийн татварын их хэмжээний өртэй байдлаас шалтгаалан орон сууцны 8 байр, 6 кв-ын кабелийн шугам, 400 кв-ын дэд станцын барилгыг тоноглол шугамыг авахаар ........................ даргын 2014 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн А/441 тоот захирамжаар шийдвэрлэсэн бөгөөд ........................ даргын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/690 дугаартай захирамжаар 6 кв-ын кабелийн шугам, 400 кв-ын дэд станцын барилга, тоноглолыг 81,394,452 төгрөгөөр үнэлэн манай байгууллагад эзэмшүүлэхээр хүлээлгэн өгснийг үндсэн хөрөнгөндөө бүртгэн тооцоо блансандаа тусгасан болно. Иймд “........................” ХХК-ний гаргасан нэхэмжлэлд дурдагдсан асуудал нь манай байгууллагад хамааралгүй болохыг дээр дурдагдсан ........................ даргын захирамжууд нь нотолж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авах боломжгүй. Яагаад манай байгууллага оролцож байна вэ гэхээр манай тавьсан шаардлагын дагуу улсын комисс оролцдог. Тухайн барьсан тоног төхөөрөмжийг хуулийн зохицуулалтаар тусгасан байдаг юм. Тусгай зөвшөөрөл эзэмшигч ашиглаж явах эрхтэй. 2013 оны ........................ даргын захирамжаар хүлээлгэж өгсөн байдаг. Хариуцагчаар татсан зүйл үндэслэлгүй гэж үзэж байна. “Эрдэнэт амьдрал” ХХК нэгдээгүй байхдаа хүлээж авсан байдаг. н.Гантулга захирлын үед хүлээж авсан акттай байдаг. Нягтлангийн тайлбарласнаар өр төлбөрийн асуудлыг үүсгэж байсан удаа байгаа. 7 жилийн хугацаанд энэ асуудлаа шийдэхгүй байж ийм асуудал гаргаж байна. Манайх ямар нэгэн байдлаар хамаагүй, хариуцагчаа зөв тодорхойл гэж хэлмээр байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2021/00808 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “........................” ХХК-ний хариуцагч “Эрдэнэт ус” ДТС ОНӨҮК болон Орхон аймгийн ........................ даргаас ........................ Согоот багийн 17-р байрны В корпусын урд байрлах 400 кв-ын чадал бүхий дэд станцын үнийн зөрүү 98.749.948 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 651.669 төгрөгийг ТСтройөрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А......................... давж заалдсан гомдолдоо:

Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 сарын 15-ны өдрийн 142/ШШ2021/00808 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А......................... би дараах байдлаар давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: “........................” ХХК-иас Орон нутгийн өмчийн албанд төлүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд 832.511.952 төгрөгийн хөрөнгө шилжүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бөгөөд Орхон аймгийн ........................ даргын 2020 оны 08 сарын 27-ны өдрийн А/441 захирамжаар 2014 оны 9 сарын 02-ний өдөр 56/17 тоот актаар “........................” ДТС ОНӨХК-д 400 КВ хүчин чадал бүхий дэд станцыг хүлээн авсан. Одоо дэд станцын байгууламж 6 болон 7-р бичил хорооллын орон сууцнуудын цахилгаан хангамжийг дамжуулах үүрэгтэйгээр тус компанийн мэдэлд ашиглагдаж, ашиглалт үйлчилгээ нь явагдаж байгаа. 2014 оны 09 сарын 02-ны өдрийн 56/17 дугаартай актаар дээрх хөрөнгийг буюу Цахилгаан дамжуулах дэд станц ТП-444 1 ширхэг, хүчний трансформатор 0,6 квц, ТП доторх бусад цахилгаан тоног төхөөрөмж зэргийг шилжүүлсэн бөгөөд эрх бүхий байгууллагын үнэлсэн үнэлгээний дагуу Орхон аймгийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 56-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Л.Батцагаан “........................ ДТС” ОНӨХК-ийн ажилтнууд болох ........................, Пүрэвдорж нарт хүлээлгэн өгсөн байдаг. Гэтэл Орхон аймгийн ........................ дарга Г.Зоригтын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/690 дугаартай захирамжаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус байгууллага нь дээрх дэд станцыг үндсэн хөрөнгөнд авахдаа 81,394,452 төгрөгөөр үнэлж шилжүүлсэн. Ингэснээр аймгийн өмчийн албанд “........................” “ХХК 98.749.948 төгрөгийн өрөнд ороод энэ мөнгө одоогоор нэхэгдэж байгаа бөгөөд маргааны үндсэн гол зүйл нь шилжүүлсэн хөрөнгийн үнийг ........................ дарга Г.Зоригт үндэслэлгүйгээр бууруулж орлогот авхуулснаас улбаатай юм. Гэтэл анхан шатны шүүхээс эл маргаанд дүгнэлт хийхдээ асуудлын голд ул ^ сууртай хандалгүй хэт нэг талыг барин үндэслэлгүй шийдвэрийг гаргаснаар “........................” ХХК дахин хохирч үлдлээ. Шийдвэрт дурдсанаар маргаан бүхий дэд станцын байгууламж нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 болон 7-р бичил хорооллын орон сууцнуудын цахилгаан хангамжийг дамжуулах үүрэгтэйгээр тус компанийн мэдэлд ашиглагдаж, ашиглалт, үйлчилгээ явагдаж байгаа болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэх мөртөө үнийн зөрүүний талаарх баримтыг хэрэгт хавсарган өгсөөр байтал хохирол хүлээсэн болох нь баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Иймд Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 сарын 15-ны өдрийн 142/ШШ2021/00808 дугаартай шийдвэртэй хэргийг бүх талаас нь хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “........................” ХХКомпани нь хариуцагч “........................” дулаан түгээх сүлжээ ОНӨХК-нд холбогдуулан “Тус сумын Согоот багийн 17-р байрны В корпусын урд байрлах 400 кв-ын чадал бүхий дэд станцын үнийн зөрүү 98.749.948 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Орхон аймгийн ........................ даргыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б........................., Б.Баттүвшин нар нь “...нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, нотлогдохгүй байна, нэхэмжлэгчийн шаардах эрх тодорхойгүй, нотлох баримт нь шаардлага хангаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар гаргаж, мэтгэлцжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж,  нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй, 98.749.948 төгрөгийн  хохирол  хүлээсэн болох нь баримтаар тогтоогдохгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 400 КВ хүчин чадал бүхий дэд станцыг 180.000.000 төгрөгөөр үнэлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар 2014 оны 09 сарын 02-ны өдрийн Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх тухай 56/17 дугаар актаар “Эрдэнэт ус ДТС” ОНӨХК-д хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогджээ.

 Нэхэмжлэгч “........................” ХХК Дэд станцын үнийн зөрүү 98.749.948 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...Нийгмийн даатгалд төлөх өр төлбөр тухайн үед бүрэн төлөгдөөгүй, одоо шийдвэр гүйцэтгэлийн журмаар нэхэгдэж байгаа, дээрх хөрөнгийг төлбөрт тооцож шилжүүлэхдээ 180.000.000 төгрөгөөр үнэлж шилжүүлсэн байхад үнийг бууруулж үнэлснээс болж манай компанид хохирол учирсан” гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч тус компаний Орон нутгийн өмчийн албанд төлөх  832.511.952 төгрөгийн төлбөрт тухайлбал Өмчийн харилцааны газрын 58.460.598 төгрөгийн өр төлбөрт даатгалын өр төлбөр орж тооцогдсон эсэх нь тодорхойгүй энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх, үүргээ  хэрэгжүүлээгүй байх  тул шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй гэж  дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж,  холбогдох  хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.........................ы давж заалдах журмаар гаргасан “...шилжүүлсэн хөрөнгийн үнэлгээг үндэслэлгүйгээр  бууруулж орлогод авхуулснаас улбаатай, ...үнийн зөрүүтэй талаарх нотлох баримтыг хэрэгт хавсарган өгсөөр байтал  баримтаар нотлогдоогүй гэсэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай тул нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэх  гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2021/00808 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.........................ы гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.........................ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 651.700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                                С.УРАНЧИМЭГ      

                                                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ