Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2021/01418

 

 

 

 

 

 

 

2021 05 19

101/ШШ2021/01418

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                       

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Б

 

Хариуцагч: Ч.С нарт холбогдох

 

2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тогтоолгох, уг хэлцлээр шилжүүлсэн 90,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогзолмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болдбаатар /№0064/, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Буянтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч А.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогзолмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Б нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э.Б, Ч.С нараас газар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, наймаа буцсаны улмаас учирсан хохирол болох урьдчилан төлсөн 90,000,000 төгрөгийг гаргуулан авах тухай нэхэмжлэлийн шаардлага гарсан. Уг нэхэмжлэлийн шаардлагын Э.Бтай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн газар худалдах, худалдан авах хэлцийг хүчин төгөлдөр бус гэж тогтоолгох, иргэн Ч.Сээс хэлцлээр шилжүүлсэн 90,000,000 төгрөгийг гаргуулах гэж өөрчилж байна.

А.Б би доороо үйлчилгээтэй орон сууцны барилга барих зорилгоор иргэн Э.Бгаас түүний өмч болох Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, барилгачдын 5 дугаар гудамж, 156 тоот, гэр бүлийн хэрэгцээний 276 м.кв газрыг 120,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах хэлцлийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан. Дээрх гэрээг байгуулах үед би Э.Бд түүний ээж Ч.Сийн Хаан банкны ******* дугаартай дансаар дамжуулан 44,900,000 төгрөгийг шилжүүлээд байсан бөгөөд, гэрээ хийсний маргааш буюу 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мөн дансанд 45,100,000 төгрөгийг шилжүүлж, нийт 90,000,000 төгрөгийг шилжүүлсэн болно. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах хэлцлийн зүйл нь Э. *******гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох газар юм. Тиймээс талууд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой хэлцэл байгуулах тохиолдолд Иргэний хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх хуулийн нөхцөл, шаардлагыг хангасан байх учиртай. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн бол хэлцэл хийсэн гэж үзэхээр заасан. Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж заасан. Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 5.5-д Мөн зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэдэг нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т заасан шаардлагад хамааралтай ба энэхүү хэлбэрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн хамааруулан үзнэ гэжээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцэл нь анхнаасаа эрх зүйн ямар нэг үр дагавар үүсгэхгүй бөгөөд хийсэн үеэс хүчин төгөлдөр бус байдаг тул гэрээний эрх, үүрэг, хариуцлага тооцох боломжгүй, иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тогтоодог.

Иймд Э.Бтай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн газар худалдах, худалдан авах хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тогтоож, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасны дагуу иргэн Ч.Сээс хэлцлээр шилжүүлсэн 90,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Э.Б, Ч.С нар, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Буянтөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч А.Б нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Э.Б, Ч.С нараас 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан газар худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тогтоолгох, иргэн Ч.Сээс хэлцлээр шилжүүлсэн 90.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Э.Бгийн өмч болох Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ******* 5 дугаар гудамж, 156 тоот, гэр бүлийн хэрэгцээний 276 м.кв газрыг 120,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулж 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 45,100,000 төгрөг, 44,900,000 төгрөг тус тус хариуцагч Ч.Сийн Хаан банкны ******* тоот дансанд нийт 90,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тус гэрээг байгуулах үед А.Б нь эхнэр Д.Цогзолмаатай, Ч.С нь хүү Э.Б, нөхөр н.Энх-Амгалангийн хамт байлцаж 2 гэр бүлийн хооронд харилцан ярилцаж тохиролцон байгуулсан байдаг ба хариуцагч Ч.Сийн зүгээс нэхэмжлэгч А.*******ын нэхэмжлэлийн шаардлагаараа тодорхойлсон 90,000,000 төгрөгийг хүлээн авсан нь үнэн. Нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Газар худалдах, худалдан авах гэрээ-г хууль бус болохыг тогтоолгож, тус гэрээний үүрэгт шилжүүлсэн 90,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаад хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Доороо үйлчилгээтэй орон сууц барих зорилготой бөгөөд зөвшөөрөгдөхөөр бол уг газрыг худалдаж авна гэхэд тэд бүгд 6 давхар барилга барихад ямар ч асуудал байхгүй, боломжтой, хот байгуулалт, хөгжлийн газраас зөвшөөрөл өгдөг гэж хэлсэн мэтээр тайлбарлан бичжээ. Гэтэл бодит байдал дээр Ийм яриа огт яригдаагуй, харин ч нэхэмжлэгчийн зугээс тус газарт өндөр барилга барих тухай тодруулахад нь Эргэн тойрондоо айл оршин суудаг учраас өндөр барилга барих бол тухайн айлуудаас болон зохих газраас нь зөвшөөрөл авах шаардлага үусэх байх, хэрэв тийм шаардлага үүсэх бол бид өөрийн зүгээс чадах дэмжлэг узүулж болно гэж тайлбарлаж байсан болно. Нэхэмжлэгч нь өөрөө хүлээн зөвшөөрөөд тус гэрээний үүрэгт төлөх ёстой төлбөрөөсөө 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 44,900,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 45,900,000 төгрөгийг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байгаа нь гэрээг бичгээр байгуулсан төдийгүй мөнгө шилжүүлсэн бодит үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн нь тодорхой харагдаж байгаа болно.

Иймд нэхэмжлэгч нь талуудын хооронд яригдаагүй зүйлийг үндэслэл болгож үндэслэлгүйгээр Газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох-оор шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Э.Б, Ч.С нарт холбогдуулан шүүхэд анх газар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, наймаа буцсаны улмаас учирсан хохирол болох 90,000,000 төгрөгийг гаргуулах-аар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тогтоолгох, уг хэлцлээр шилжүүлсэн 90,000,000 төгрөгийг гаргуулах тухай гэж өөрчилжээ.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч, гэрээний үүрэгт урьдчилгаа төлбөр төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, талуудын хооронд яригдаагүй зүйлийг үндэслэл болгон нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, ******* ******* тоотод байрлах, улсын бүртгэлийн Г******* дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 276 мкв талбайтай газрын өмчлөгч нь хариуцагч Э.Б болох нь Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа тодорхойлолт өгөх нэгдсэн маягтын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Уг газрыг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр /гэрээний оныг 2019 гэж ташаа бичигдсэний хувьд зохигчид маргаагүй/ А.Б нь Э.Бгаас 120,000,000 төгрөгөөр худалдан авахаар, төлбөрийг Э.Сн Хаан банкин дахь ******* тоот дансанд шилжүүлэхээр, газар өмчлөлийн гэрчилгээ бэлэн гарсаны дараа үлдэгдэл 30,000,000 төгрөгийг шилжүүлэхээр харилцан тохирсон болох нь Худалдах, худалдан авах гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

А.Б болон Э.Б нарын хооронд дээрх гэрээ байгуулагдахаас өмнө А.Б нь Э.Сн Хаан банкин дахь ******* тоот дансанд 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 17,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг шилжүүлж, гэрээ байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 19,900,000 төгрөг, гэрээ байгуулагдсаны дараа өдөр болох 01 дүгээр сарын 14-ний өдөр 45,100,000 төгрөг, нийт 90,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь А.Бн Хаан банкны ******* тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Зохигчдын дээрх тохиролцооноос үзэхэд А.Б болон Э.Б нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Дээрх 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ний агуулгаас үзвэл өмчлөх эрхтэй газар буюу үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авахаар тохирсон байх ба энэ тохиолдолд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж заасан зохицуулалтад нийцээгүй буюу газар өмчлөх эрхийг шилжүүлэх болсон үндэслэлийг гэрээнд тодорхой заагаагүй, түүнчлэн нотариатаар гэрчлүүлэх хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл байна.

 

Мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлд хэлцлийн хэлбэрийг заасан ба 42.4-т Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ гэж заажээ.

 

Нэхэмжлэгч А.Б нь ... доороо үйлчилгээтэй орон сууцны барилга барих зорилгоор ... хариуцагч Э.Бгийн өмчлөлийн газрыг худалдан авахаар тохирсон боловч уг газарт барилга барих боломжгүй, барилга барих зөвшөөрөл өгөхгүй болохыг мэдсэн гэх тайлбарыг гаргадаг бөгөөд энэ талаарх мэдээллийг хариуцагчийн зүгээс тодорхой өгөөгүйтэй холбоотойгоор эрх бүхий байгууллагад хандахад Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 08/2082 дугаартай Барилга барих зөвшөөрлийн тухай албан бичгийг Э.Бд өгсөн байна.

 

Уг албан бичигт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар гудамж, 156 дугаар хашаанд барилга барих хүсэлтийг судалж үзлээ. ... Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан, энэ захирамжийн хавсралтад заасан суурьшлын бүсийн хязгаарт инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй байхыг үүрэг болгосон болно. Иймд дээрх нэгж талбар нь тухайн суурьшлын бүсийн хязгаарт орсон тул орон сууцны барилгын зөвшөөрөл олгох боломжгүй байна гэжээ.

 

Хэдийгээр зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнд газар өмчлөх эрхийг шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой заагаагүй боловч газрыг нэхэмжлэгч А.Б нь орон сууцны барилга барих зорилгоор худалдан авахаар, улмаар барилга барих зөвшөөрөлтэй холбоотойгоор хариуцагч Э.Б нь эрх бүхий байгууллагад хандаж байсан, эдгээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан А.Б нь гэрээний дагуу төлөх төлбөрийг дутуу төлсөн, өнөөдрийг хүртэл өмчлөх эрх А.Бд шилжээгүй байна.

 

Эдгээрээс дүгнэхэд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн ... бол хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцохоор зохицуулсан ба энэ үндэслэлээр нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Э.Бтай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн газар Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар А.Б болон Э.Б нарын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдсон тул тэдний хооронд гэрээ байгуулагдахаас өмнөх цаг хугацаанд болон гэрээний дагуу хариуцагч Ч.Сийн дансанд шилжүүлсэн 90,000,000 төгрөгийн хувьд тэрээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх ба нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Ч.Сээс шаардах эрхтэй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б болон хариуцагч Э.Б нарын хооронд байгуулсан 2020 /2019 гэж ташаа бичсэн/ оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн газар Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Ч.Сээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 90,000,000 /ерэн сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Бд олгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б, Ч.С нараас улсын тэмдэгтийн хураамж 607,950 /зургаан зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Бд олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ