Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/01170

 

 

 

 

 

 

 

 

 

А.Б-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/01418 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Б-ын хариуцагч Э.Б-, Ч.С- нарт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн 90 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, түүний өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б-а нь орон сууцны барилга барих зорилгоор Э.Б-гаас Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, барилгачдын 5 дугаар гудамж, 156 тоот, гэр бүлийн хэрэгцээний 276 м.кв газрыг 120 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан. Дээрх гэрээг байгуулах үед Э.Б-д түүний ээж Ч.С-ийн Хаан банкны 5099119595 дугаартай дансаар дамжуулан 44 900 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мөн дансанд 45 100 000 төгрөгийг шилжүүлж, нийт 90 000 000 төгрөгийг өгсөн. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн бол хэлцэл хийсэн гэж үзэхээр заасан. Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дах хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж заасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцэл нь анхнаасаа эрх зүйн ямар нэг үр дагавар үүсгэхгүй бөгөөд хийсэн үеэс хүчин төгөлдөр бус байдаг тул гэрээний эрх, үүрэг, хариуцлага тооцох боломжгүй, иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тогтоодог. Иймд Э.Б-тай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн газар худалдах, худалдан авах хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тогтоож, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, гэж мөн зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасны дагуу иргэн Ч.С-ээс хэлцлээр шилжүүлсэн 90 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Э.Б-, Ч.С- нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Б-а нь хариуцагч Э.Б-гийн өмч болох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 5 дугаар гудамж, 156 тоот, гэр бүлийн хэрэгцээний 276 м.кв газрыг 120 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулж, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 45 100 000 төгрөг, 44 900 000 төгрөг тус тус Ч.С-ийн Хаан банкны 5099119595 тоот дансанд шилжүүлсэн. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлдээ доороо үйлчилгээтэй орон сууц барих зорилготой бөгөөд зөвшөөрөгдөхөөр бол уг газрыг худалдаж авна гэхэд тэд бүгд 6 давхар барилга барихад ямар ч асуудал байхгүй, боломжтой, хот байгуулалт, хөгжлийн газраас зөвшөөрөл өгдөг гэж хэлсэн мэтээр тайлбарлан бичжээ. Гэтэл бодит байдал дээр ийм яриа яригдаагүй, харин ч нэхэмжлэгчийн зүгээс тус газарт өндөр барилга барих тухай тодруулахад нь эргэн тойрондоо айл оршин суудаг учраас өндөр барилга барих бол тухайн айлуудаас болон зохих газраас нь зөвшөөрөл авах шаардлага үүсэх байх, хэрэв тийм шаардлага үүсэх бол бид өөрийн зүгээс чадах дэмжлэг үзүүлж болно гэж тайлбарлаж байсан болно. Нэхэмжлэгч нь өөрөө хүлээн зөвшөөрөөд тус гэрээний үүрэгт төлөх ёстой төлбөрөөсөө 90 000 000 төгрөгийг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байгаа нь гэрээг бичгээр байгуулсан төдийгүй мөнгө шилжүүлсэн бодит үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн нь тодорхой харагдаж байгаа болно. Иймд нэхэмжлэгч нь талуудын хооронд яригдаагүй зүйлийг үндэслэл болгож үндэслэлгүйгээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б-а болон хариуцагч Э.Б- нарын хооронд байгуулсан 2020 /2019 гэж ташаа бичсэн/ оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Ч.С-ээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 90 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Б-ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-, Ч.С- нараас улсын тэмдэгтийн хураамж 607 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Б-ад олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б-а болон хариуцагч Э.Б- нарын хооронд байгуулсан 2020 /2019 гэж ташаа бичсэн/ оныг 01 дүгээр сарын 13-ны өдрийн газар худалдан, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Ч.С-ээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 90 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Б-ад олгож шийдвэрлэсэн. А.Б-а нь хариуцагч Э.Б-, Ч.С- нарт холбогдуулан шүүхэд анх газар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, наймаа буцсаны улмаас учирсан хохирол болон 90 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг хэлцлээр шилжүүлсэн 90 000 000 төгрөгийг гаргуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. А.Б-а нь хариуцагч Э.Б-гийн өмч болох Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Барилгачдын 5-р гудамж, 156 тоот, гэр бүлийн хэрэгцээний 276 м.кв газрыг 120 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулж, Ч.С-ийн Хаан банкны 5099119595 тоот дансанд нийт 90 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дороо үйлчилгээтэй орон сууц барих зорилготой бөгөөд зөвшөөрөгдөхөөр бол уг газрыг худалдаж авна гэхэд тэд бүгд 6 давхар барилга барихад ямар ч асуудал байхгүй, боломжтой, Хот байгуулалт, хөгжлийн газраас зөвшөөрөл өгдөг гэж хэлсэн мэтээр тайлбарлан бичжээ. Гэтэл бодит байдал дээр ийм яриа яригдаагүй, харин ч нэхэмжлэгчийн зүгээс тус газарт өндөр барилга барих тухай тодруулахад нь эргэн тойрондоо айл оршин суудаг учраас өндөр барилга барих бол тухайн айлуудаас болон зохих газраас нь зөвшөөрөл авах шаардлага үүсэх байх, хэрэв тийм шаардлага үүсэх бол бид өөрийн зүгээс чадах дэмжлэг үзүүлж болно гэж тайлбарлаж байсан. Нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрөөд тус гэрээний үүрэгт төлөх ёстой төлбөрөөсөө 90 000 000 төгрөгийг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байгаа нь гэрээг бичгээр байгуулсан төдийгүй мөнгө шилжүүлсэн бодит үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн нь тодорхой байгаа, мөн хэрэгт авагдсан бичгийн баримт зэргээр тодорхой харагдсаар байгаа болно. Гэвч шүүх үндэслэлгүйгээр дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаараа тодорхойлсон байдлаар хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч А.Б-а нь хариуцагч Э.Б-, Ч.С- нарт холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хэлцлээр шилжүүлсэн 90 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дээрх гэрээг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дах хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх шилжүүлэх үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлээгүй гэж тайлбарласныг хариуцагч нар эс зөвшөөрч нэхэмжлэгч нь өөрөө хүлээн зөвшөөрч тухайн газар дээр барилга барих боломжтой гэж гэрээг байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тайлбарласан байна.

 

Хариуцагч Э.Б- нь нэхэмжлэгч А.Б-атай 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Э.Б- нь өөрийн өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Барилгачдын 5-р гудамж, 156 тоот хаягт байршилтай, 276 м.кв талбай бүхий газрыг 120 000 000 төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч А.Б-а нь газрын үнээс 90 000 000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний дотор төлөх, үлдэх 30 000 000 төгрөгийг өмчлөх эрхийн гэрчилгээ гарсны дараа төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, худалдах, худалдан авах гэрээ зэргээр тогтоогджээ. /хх-ийн 5-р тал/.

 

Улмаар нэхэмжлэгч А.Б-а нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 5 000 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 19 900 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 45 100 000 төгрөг, нийт 90 000 000 төгрөгийг хариуцагч Э.Б-гийн эх буюу хариуцагч Ч.С-ийн дансанд шилжүүлсэн байна. /хх-ийн 7-11-р тал/

 

Хариуцагч Э.Б-, нэхэмжлэгч А.Б-а нар нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар газар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч дээрх хэлцэл хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл байна. Тодруулбал, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дах хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх-ээр зохицуулжээ. Гэвч гэрээний талууд худалдах, худалдан авах гэрээнд өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой заагаагүйгээс гадна, гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй байх тул дээрх хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

 

Хариуцагч нар татгалзал болон давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч А.Б-а нь барилга барих зөвшөөрөл авахад дэмжлэг үзүүлнэ гэж өөрөө хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан, үндэслэлгүйгээр гэрээг цуцлах гэж байгааг зөвшөөрөхгүй гэх боловч дээрх нөхцөл байдал нь талуудын байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй. Өөрөөр хэлбэл, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй тохиолдолд хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар Иргэний хуулиар тогтоосон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Ч.С- нь уг гэрээний дагуу шилжүүлэн авсан 90 000 000 төгрөгийг нэхэмжлэгч А.Б-ад буцаан төлөх үүрэгтэй.

 

Иймд хариуцагч Э.Б-, нэхэмжлэгч А.Б-а нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Ч.С-ээс 90 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Б-ад олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасанд нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/01418 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Г.ДАВААДОРЖ