Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2021/00796

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Х баг, 00 тоотод оршин суух, Г.О Регистрийн дугаар: /,-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Х баг, өөрийн байранд байрлах “ЭҮ” -т холбогдох

Нэг удаагийн тэтгэмж 45,900,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.О /цахимаар/, түүний өмгөөлөгч Т.М /цахимаар/, хариуцагчийн итгэжмлэгдсэн төлөөлөгч Б.Л /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.О миний бие 1992 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ЭҮ ТӨҮГ-т ажилласаар ирсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах хүсэлтийг өгснөөр 2020 оны 06 дугаар сарын 11-ний Б/000 тоот тушаалын дагуу ажлаас чөлөөлөгдсөн. “ЭҮ” ТӨҮГ захиргаа, үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээ-ний 8.11-р зүйл. Үйлдвэрийн газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ажилтанд тус үйлдвэрт ажилласан жилийг үндэслэн 8.11.4-т 25 буюу түүнээс дээш жил бол 17 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нь нэг удаа олгоно гэж заасан. Миний бие 2021 оны 03 сард 55 нас хүрч тэтгэвэр тогтоолгох нас хүрсэн учраас 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “ЭҮ” ТӨҮГ захиргаа, Хүний нөөцийн газар, Нийгмийн харилцаа хамтын ажиллагаа хариуцсан орлогч Д.Д нарт хандан өргөдөл гаргаж тухайн тэтгэмжийг олгохыг хүссэн. Гэвч “ЭҮ” ТӨҮГ нь 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 117/430 албан бичгээр надад дээрх тэтгэмжийг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байх тул олгох боломжгүй үндэслэлээр ЭҮ ТӨҮГ надад олгохоос татгалзсан. Надад дээрх тэтгэмжийг олгох татгалзаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.2. Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчиж байна. Иймд миний бие нь ЭҮ ТӨҮГ-т 26 жил 9 сар ажилласан бөгөөд сүүлд Нийгмийн харилцааны хэлтсийн Нарийн бичиг-референт албан тушаалд 2 300 000 төгрөгийн цалинтай ажилласан бөгөөд 2020 оны 05-р сард цалингийн хэмжээг үйлдвэрийн захиргаанаас нэмэгдүүлж 2,600,000 төгрөг болгох тушаал гарсан учраас 17 сарын хугацааны үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж 45,000,000 төгрөгийг ЭҮ ТӨҮГ-аас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.О-ийн “ЭҮ” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэг удаагийн тэтгэмж 45,900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Г.О нь “ЭҮ” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/952 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн ба энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хууль болон хамтын гэрээнд зааснаар ажил олгогч ажилтанд тэтгэмж олгох үүрэг хүлээхгүй юм. Нэхэмжлэгч нь “ЭҮ” ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 8.11 дэх заалтыг нэг удаагийн тэтгэмж олгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон байна. Энэхүү заалт нь “үйлдвэрийн газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ажилтанд ажилласан жилээс хамаарч олгох нэг удаагийн тэтгэмж”-ийг зохицуулсан заалт тул нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй байна. Иймд Г.О-ийн нэг удаагийн тэтгэмж “ЭҮ” ТӨҮГ-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагатай нотлох баримтуудыг гаргаж өгөх болно гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.О нь “ЭҮ” ТӨҮГ-т холбогдуулан 45,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

Нэхэмжлэгч Г.О нь “ЭҮ” ТӨҮГ-т 1992 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан анх ажилд орж, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлүүлэх хүсэлтээ гаргасан байх ба, “ЭҮ” ТӨҮГ-ийн ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/000 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг баримтлан Г.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж,үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...... “ЭҮ” ТӨҮГ-ын захиргаа, үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 8.11 дүгээр заалтад заасан байгаа. Хариуцагч тал нэхэмжлэгчийг 25 жил түүнээс дээш жил ажилласан гэдэгтэй огт маргадаггүй. Хариуцагч нь нэхэмжлэгчид тэтгэмж өгөхгүй байх шалтгаанаа хөдөлмөрийн харилцаагаа үргэлжлүүлээгүй гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсэгт зааснаар Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно гэж заасан. 25 жил нь хүрсэн үү хүрсэн. Тэтгэвэр тогтоолгох нас нь хүрсэн үү хүрсэн. Хариуцагч тал 25 жилээс бага ажилласан, тэтгэвэрийн насанд хүрээгүй гэдэгт маргадаггүй. Өгөхгүй байгаа шалтгаанаа та манай компанид албадан хөдөлмөр хийж байх ёстой гэсэн зүйл ярьж байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хууль, хамтын гэрээ хэлэлцээрт заасан үүргээсээ зайлсхийж байна гэж үзэж байна. Хүсэлтийг тэтгэвэрт гарах нас хүрмэгцээ өгсөн байдаг. Энэ хүсэлтийг шийдэж хариуг өгсөн” гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд, Г.О гуай ажлаасаа жилийн өмнө гарчихаад өнөөдөр хамтын гэрээний 8.11 заалтад өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажилтанд олгодог тэтгэмжийг нэхэмжлэх үндэслэлгүй юм. Тухайн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх ёстой. “ЭҮ” ТӨҮГ-ын захиргаа хүний нөөцийн газартай байгуулсан 2020-2021 оны хамтын гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хамтын гэрээний 8.11 заалтад зааснаар тодорхой зохицуулж өгсөн байгаа гэж тайлбарлаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.О нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлүүлэх хүсэлтээ гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөгджээ. Ийнхүү хөдөлмөрийн гэрээ цуцлагдснаар ажилтан, ажил олгогч нарын харилцан үүрэг хүлээсэн тохиролцоо, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байна.

Нөгөөтэйгүүр Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д Хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамтран хамгаалах зорилгоор улсын хэмжээнд болон тодорхой бүс нутаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбар мэргэжлийн хүрээнд ажил олгогч, ажилтны төлөөлөгчид, төрийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан тохиролцоог хэлнэ гэж заажээ.         

“ЭҮ” ТӨҮГ захиргаа, үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 8.11-р зүйлд “Үйлдвэрийн газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ажилтанд тус үйлдвэрт ажилласан жилийг үндэслэн 8.11.4-т 25 буюу түүнээс дээш жил бол 17 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нь нэг удаа олгоно” гэж заасан ба дээрх хамтын гэрээний заалтаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж, ажилтан хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэж байгаад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-д зааснаар тэтгэвэр авах эрх үүсч, ажлаас чөлөөлөгдөн өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэхээр зохицуулсан байна.

Гэтэл нэхэмжлэгчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар өөрийн санаачлагаар ажлаас чөлөөлөгдсөн тул Хамтын гэрээний 8.11, 8.11.4-т заасан тэтгэмжийг авах эрхээ алдсан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.  

Монгол Улсын Иргэний хэргийг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан “ЭҮ” ТӨҮГ-т холбогдох өндөр насны тэтгэвэрт гарах үеийн тэтгэмж 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.  

 

 

 

 

 

                                              ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                 Б.БЯМБАСҮРЭН