Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 98

 

Г................ийн нэхэмжлэлтэй

хариуцагч “...............” ТӨҮГ-т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2021/0796 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:  Г................ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: “...............” ТӨҮГ-т холбогдох,

 

 “Нэг удаагийн тэтгэмж 45.900.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,  

Нэхэмжлэгч Г................ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т................ /Улаанбаатар хотоос цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б................ цахимаар, нарийн бичгийн дарга Ц.Чагнаадорж нар оролцов.

Нэхэмжлэгч Г................ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Г................ миний бие 1992 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн “...............” ТӨҮГ-т ажилласаар ирсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах хүсэлтийг өгснөөр 2020 оны 06 дугаар сарын 11-ний Б/952 тоот тушаалын дагуу ажлаас чөлөөлөгдсөн. “...............” ТӨҮГ захиргаа, үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээ-ний 8.11-р зүйл. Үйлдвэрийн газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ажилтанд тус үйлдвэрт ажилласан жилийг үндэслэн 8.11.4-т 25 буюу түүнээс дээш жил бол 17 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нь нэг удаа олгоно гэж заасан. Миний бие 2021 оны 03 сард 55 нас хүрч тэтгэвэр тогтоолгох нас хүрсэн учраас 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “...............” ТӨҮГ захиргаа, Хүний нөөцийн газар, Нийгмийн харилцаа хамтын ажиллагаа хариуцсан орлогч Д................ нарт хандан өргөдөл гаргаж тухайн тэтгэмжийг олгохыг хүссэн. Гэвч “...............” ТӨҮГ нь 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 117/430 албан бичгээр надад дээрх тэтгэмжийг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байх тул олгох боломжгүй үндэслэлээр “...............” ТӨҮГ надад олгохоос татгалзсан. Надад дээрх тэтгэмжийг олгох татгалзаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.2. Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчиж байна. Иймд миний бие нь “............... ТӨҮГ”-т 26 жил 9 сар ажилласан бөгөөд сүүлд Нийгмийн харилцааны хэлтсийн Нарийн бичиг-референт албан тушаалд 2.300.000 төгрөгийн цалинтай ажилласан бөгөөд 2020 оны 05-р сард цалингийн хэмжээг үйлдвэрийн захиргаанаас нэмэгдүүлж 2.600.000 төгрөг болгох тушаал гарсан учраас 17 сарын хугацааны үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж 45.000.000 төгрөгийг ............... ТӨҮГ-аас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б................ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Г................ийн “...............” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэг удаагийн тэтгэмж 45.900.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Г................ нь “...............” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/952 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн ба энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хууль болон хамтын гэрээнд зааснаар ажил олгогч ажилтанд тэтгэмж олгох үүрэг хүлээхгүй юм. Нэхэмжлэгч нь “...............” ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 8.11 дэх заалтыг нэг удаагийн тэтгэмж олгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон байна. Энэхүү заалт нь үйлдвэрийн газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ажилтанд ажилласан жилээс хамаарч олгох нэг удаагийн тэтгэмж-ийг зохицуулсан заалт тул нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй байна. Иймд Г................ийн нэг удаагийн тэтгэмж “...............” ТӨҮГ-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагатай нотлох баримтуудыг гаргаж өгөх болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2021/00796 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан ............... ТӨҮГ-т холбогдох өндөр насны тэтгэвэрт гарах үеийн тэтгэмж 45.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г................ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г................ заалдсан гомдолдоо:

2021 оны 09 сарын 10-ний өдрийн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар 142/ШШ2021/00796 тоот шийдвэрт танилцаад, 45.900.000 төгрөгийн шаардлагын хүрээнд эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.Үүнд: Шүүхийн шийдвэрийн “үндэслэх”, “тогтоох” хэсэгт дүгнэхдээ: “нэхэмжлэгчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.1.1-д зааснаар өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн тул Хамтын гэрээний 8.11, 8.11.4-т заасан тэтгэмжийг авах эрхээ алдсан байна” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж хэргийг үйл баримтын талаар хууль зүйн зөв дүгнэлт хийж чадаагүй шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Учир нь: 1.“...............” ТӨҮГ захиргаа, үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх “Хамтын гэрээ”-ний 8.11-р зүйл. Үйлдвэрийн газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ажилтанд тус үйлдвэрт ажилласан жилийг үндэслэн 8.11.4-т 25 буюу түүнээс дээш жил бол 17 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нь нэг удаа олгоно” гэж заасан. ............... миний бие нь“...............” ТӨҮГ-т 26 жил 9 сар ажилласан бөгөөд “Нийгмийн харилцааны хэлтсийн Нарийн бичиг-референт” албан тушаалд 2.300.000 төгрөгийн цалинтай ажилласан бөгөөд 2020 оны 06-р сард цалингийн хэмжээг үйлдвэрийн захиргаанаас нэмэгдүүлж 2.700.000 төгрөг болгох тушаал гарсан учраас 17 сарын хугацааны үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж 45.900.000 төгрөгийг “...............” ТӨҮГ-аас гаргуулан авах эрхтэй гэж үзэж байна. 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.2.Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй” гэж заасан. Миний бие нь 55 нас хүрсэн даруйд тэтгэмж авахаар хандсан бөгөөд өмнө нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн нөхцөл байдал •        олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.2 дэх хэсэгт зааснаар хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн тэтгэмжийг олгохоос татгалзах үндэслэлгүй юм. Иймд 2021 оны 09 сарын 10-ны өдрийн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар 142/ШШ2021/00796 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж 45.900.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б................ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Г................ийн “...............” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэг удаагийн тэтгэмж 45.900.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2021/00796 тоот шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Нэхэмжлэгч Г................ нь “...............” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/952 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Энэ талаараа нэхэмжлэгч маргадаггүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...............” ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 8.11 дэх заалтыг үндэслэл болгосон. Уг заалт нь “үйлдвэрийн газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ажилтанд ажилласан жилээс хамаарч олгох нэг удаагийн тэтгэмж”-ийг зохицуулсан заалт юм. Гэтэл Г................ нь 2020.06.11-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, ажлаас чөлөөлөгдсөн асуудал дээрээ маргаагүй атлаа жилийн дараа тэтгэвэр тогтоолгохдоо Хамтын гэрээний дээрх тэтгэмжийг авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. “...............” ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 1.8-ын “б” заалтад “ажилтан” гэж “...............” ТӨҮГ-т хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг хэлнэ, 8.1 дэх заалтад “ ... өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ажилтанд ... олгоно” гэж тодорхой заасан. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т  заасан шаардлагыг хангасан байна.

 Нэхэмжлэгч Г................ шүүхэд “Нэг удаагийн тэтгэмж 45.900.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б................ “...Хөдөлмөрийн тухай хууль болон хамтын гэрээнд заасны дагуу ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан бол ажилласан жилээс хамаарч тэтгэмж олгох зохицуулалттай ба нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул дээрх хуулийн зохицуулалтад хамаарахгүй...” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г................ нь  тус байгууллагад  хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр 1992 оны 5 сараас эхлэн 2020 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд эсгүүрийн тооцоологч, эдийн засагч-норм зохиогч, нарийн бичиг референтээр ажиллаж байгаад  2020 оны 06 дугаар сард өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөний дараа 2021 оны 03 дугаар сард 55 насанд хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үедээ хариуцагч байгууллагаас Хамтын гэрээнд заасан тэтгэмжийг  гаргуулж авах тухай өргөдөл гаргасан байна.

Хариуцагч байгууллага “...нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул Хамтын гэрээний 8 дугаар зүйлийн 8.11-т заасан тэтгэмжийг олгох хууль зүйн үндэслэлгүй байна”  гэж шийдвэрлэсэн нь хууль болон Хамтын гэрээ зөрчөөгүй ба ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.-т заасан “...ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх” гэсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхээргүй байна.  

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ажил олгогч байгууллага болон Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020 оноос 2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээгээр тухайн байгууллагад ажиллаж байгаад өндөр  насны тэтгэвэр тогтоолгож буй ажилтан, албан хаагчдын  ажилласан жилээс хамаарч тэтгэмжийг тодорхой сараар олгохоор  заасан ба нэхэмжлэгч Г................ нь 2020 оны 06 дугаар сард өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн тул Хамтын гэрээний  1.8.б -д  “ажилтан гэж” гэж заасны дагуу тэтгэмж авах эрх бүхий  ажилтанд хамаарагдахгүй байх тул уг гэрээний  8.11.4-т заасны дагуу 17 сарын тэтгэмж авах эрх үүсэхгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч Г................ийн гаргасан “...хариуцагч байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 5.2. дахь хэсэгт зааснаар хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 45.900.000 төгрөг гаргуулж өгнө үү..” гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2021/00796 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г................ийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Г................ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387.450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                                С.УРАНЧИМЭГ      

                                                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ