Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2021/02444

 

 

 

 

 

     2021            10              04                                            184/ШШ2021/02444                      

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМННӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, шүүгч Б.Хишигбаатар, шүүгч Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, Б 00 гудамж, 00 тоот хаягт оршин суух, Б овогт Д Г /рд:00000000/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, Ч 0 гудам, 00 тоот хаягт оршин суух, Б овогт Ц Б /рд:000000000/-д холбогдох,

Гэм хорын хохиролд 1,692,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан хэлэлцэв.

шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Ц.Б, шинжээч Т.А, И.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 16:30 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Киа бонго /KIA Bongo/ маркийн 0000 УНО улсын дугаартай автомашины жолооч Ц.Б нь Д.Г миний Тоёота ланд крузер 100 маркийн 0000 УНР дугаартай авто машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан.

Ц.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан заалтыг зөрчин гэм хор учруулсан. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Вендо хөрөнгийн үнэлгээний компаниас миний автомашинд учирсан эвдрэл, хохирлын үнэлгээг 1,692,000 төгрөг гэж тогтоосон.

Автомашиныг засуулахад үнэлгээнээс өндөр буюу 2,300,000 төгрөгийн зардал гарсан боловч тогтоосон үнэлгээний хэмжээгээр нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Ц.Б гэм хорын төлбөрт 1,692,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ үйл явдал 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр болсон ба тухайн үед халтиргаатай байсан учраас би гудамжны хойд талын хашааг налж явж байхад нэхэмжлэгч хажуугаар хурдтай гарч ирж мөргөсөн. Ингээд цагдаа ирж газар дээр нь хэмжилт хийгээд Д.Г буруу гэж тогтоосон.

Д.Г нь тухайн үед бүрэн бус техниктэй явж байсан. Д.Г нь тээврийн хэрэгслийн 4 дугуйны 1 дугуйн хурд багасгах төхөөрөмж /тормоз/-өөс бусад нь ажиллахгүй байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Ц.С 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Энэ хэрэг нь цаг хугацааны хувьд удаашралтай шийдэгдэж байна. Нэхэмжлэгч, хариуцагч хоёр хүн хэргийн дүгнэлт мэдээллийг сайн ойлгоогүй байна. Тухайн хоёр иргэн хоёулаа буруутай ... гэж, 

2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан дүгнэлтдээ:

Д.Г нь бүрэн бус техниктэй явсан. Ц.Б нь хүний тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй унасан. Хоёр иргэн хоёулаа буруутай гэж дүгнэж байна. Хоорондоо зөвшилцөн шийдэх хэрэгтэй гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Ц.Б холбогдуулж гэм хорын хохиролд 1,692,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Ц.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заалтыг зөрчин гэм хор учруулсан, хохирлын үнэлгээ 1,692,000 төгрөгөөр тогтоосон...” гэж, хариуцагч татгалзал, хариу тайлбараа шүүхэд бичгээр өгөөгүй, шүүх хуралдаанд “...нэхэмжлэгч бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явж байсан..., ...би замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны магадлагаа, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Замын тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Вендо хөрөнгийн үнэлгээний тайлан, Ц.Б хүлээлгэсэн шийтгэлийн хуудас, зөрчлийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлэх тухай тогтоол, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар баримтаар 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, 16:30 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хариуцагч Ц.Б нь Киа бонго маркийн 0000 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл баруунаас зүүн чиглэлд жолоодон явахдаа зам хөдөлгөөний дүрэм зөрчиж тээврийн осол гаргаснаар нэхэмжлэгч Д.Г хойноос урд чиглэлд жолоодон явсан Ланд крусер 100 маркийн 0000 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо. /хх-1, 39-41, 43-48/

 

Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн №202006 дугаартай дүгнэлтэнд “...хариуцагч Ц.Б замын хөдөлгөөний дүрмийн 15.12-т заасан ...нэвтрэх дараалал тогтооход хүндрэлтэй байвал өөрийгөө туслах замаар яваад тооцно гэснийг зөрчсөн байх магадлалтай...” гэж, /хх-79-82, /

2021 оны 01-р сарын 11-ний өдрийн 14/08 дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэнд “...жолооч Д.Г нь МУ-ын ЗХД-ийн 10.10-р заалт буюу “хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэснийг зөрчсөн, жолооч Ц.Б МУ-н ЗХД-ийн ямар нэгэн даалтыг зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан материалаас тогтоогдохгүй байна гэж тус тус зөрүүтэй дүгнэлт гаргажээ. /хх-97-98/

 

Түүнчлэн хариуцагч Ц.Б нь дээрх шинжээчийн №202006 дугаартай дүгнэлт үндэслэлгүй, нэхэмжлэгч Д.Г жолоодон явсан тээврийн хэрэгсэл бүрэн бус гэж татгалзаж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг ба хариуцагч Ц.Б гэм хор учирсан явдалд гэм буруугүй болохоо нотлоогүй. Татгалзал, тайлбараа баримтаар нотлоогүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан нотлох баримтыг өөрөө цуглуулж бүрдүүлж өгөх, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан баримт болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шинжээч Т.А, И.Б нарын өөрсдийн гаргасан шинжээчийн дүгнэлтээ шүүх хуралдаанд тайлбарласан байдал зэргийг үндэслэн хариуцагч Ц.Б Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг,

мөн энэ дүрмийн 11.1-д “...Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэснийг,

энэ дүрмийн 15.12-т заасан “... нэвтрэх дараалал тогтооход хүндрэлтэй байвал өөрийгөө туслах замаар яваад тооцно” гэсэн ерөнхий ба тусгайлан заасан заалтыг тус тус зөрчсөн,

нэхэмжлэгч Д.Г энэ дүрмийн 10.10-д “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд зохигч хэн алинь нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн, хариуцагч Ц.Б хууль бус гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй улмаас нэхэмжлэгч Д.Г тээврийн хэрэгсэлд 1,692,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн, хариуцагчийн гэм буруутай үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоотой болох нь Вендо хөрөнгийн үнэлгээний тайлан, зохигчийн тайлбар, шинжээчийн дүгнэлт, тайлан, үзлэгээр тогтоогдож байна./хх-6-8, 43-48, 78-82, 97-98/,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Хариуцагч Ц.Б нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын ... эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.”

Нэхэмжлэгч Д.Г нь энэ үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодон явсан этгээдэд холбогдуулан зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах, эд хөрөнгийн хохирлоо шаардах эрхтэй.

 

Мөн түүнчлэн зам тээврийн осол гаргах, хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн байх тул шүүх бүрэлдэхүүн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын 30 хувийг хариуцуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хариуцагч Ц.Б нь өөрийн жолоодон явсан тээврийн хэрэгслийн буюу С.Ч тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хариуцан арилгасан гэж тайлбарлаж, нэхэмжлэгч Д.Г нь хохирлыг тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчээс бус, жолооч Ц.Б нэхэмжлэнэ гэснийг дурдах нь зүйтэй. /хх-75,76/

 

Иргэдийн төлөөлөгч нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3.3.-д заасан “хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, шүүгдэгч, зохигчийн гэм буруутай эсэх талаар бичгээр дүгнэлт гаргах” эрхтэй бөгөөд шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгч Ц.С 2021 оны 6-р сарын 24–ний өдрийн, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд оролцохдоо гаргасан “...2 жолооч хоёулаа гэм буруутай” гэх агуулга бүхий дүгнэлтийг харгалзан үзэж, уг дүгнэлт хэрэгт авагдсан баримт, хэргийн үйл баримт, хууль дүрэмд нийцсэн, үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд хоёр жолоочийн хууль бус гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээг багасган 507,720 төгрөгийг хариуцагч Ц.Б гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,184,280 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д “томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно.” гэж заасан ба зохигч иргэдийн төлөөлөгчийг оролцуулах шаардлагагүй гэдгээ илэрхийлсэн тул түүний эзгүйд, хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: 

1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Б гэм хорын хохиролд 507,720 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Г олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,184,280 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан 42,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15,881 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         В.АМАРТҮВШИН

                ШҮҮГЧИД                                        Б.ХИШИГБААТАР

                                                                                                    Ч.НЯМСҮРЭН