Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01748

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01748

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2021/02444 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Ггийн хариуцагч Ц.Бд холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 1 692 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 16 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц.Б нь Д.Ггийн эзэмшлийн Тоёота ланд крузер 100 маркийн 06-43 УНР улсын дугаартай авто машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Ц.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан заалтыг зөрчин гэм хор учруулсан. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Вендо ХХК-ийн үнэлгээгээр хохирлын үнэлгээг 1 692 000 төгрөг гэж тогтоосон. Автомашиныг засуулахад үнэлгээнээс өндөр буюу 2 300 000 төгрөгийн зардал гарсан боловч тогтоосон үнэлгээний хэмжээгээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд Ц.Бгаас гэм хорын төлбөрт 1 692 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Бгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тухайн үед халтиргаатай байсан учраас гудамжны хойд талд явж байхад нэхэмжлэгч хажуугаар хурдтай гарч ирж мөргөсөн. Ингээд цагдаа ирж газар дээр нь хэмжилт хийгээд Д.Ггийн буруу гэж тогтоосон. Д.Г нь тухайн үед бүрэн бус техниктэй явж байсан. Д.Ггийн тээврийн хэрэгслийн нэг тоормос нь ажиллаж байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Ц.Сүхбаатарын гаргасан дүгнэлтэд: Д.Г нь бүрэн бус техниктэй явсан. Ц.Б нь хүний тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй унасан. Хоёр иргэн хоёулаа буруутай. Хоорондоо зөвшилцөн шийдэх хэрэгтэй гэж дүгнэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Бгаас гэм хорын хохиролд 507 720 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 184 280 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 42 050 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 15 881 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Ггийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Ц.Б автомашинд хохирол учруулсан бөгөөд энэхүү зам тээврийн ослын хэрэг, зөрчлийг хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд Замын цагдаагийн байгууллага хяналт шалгалт хийж дүгнэлтээ гаргасан. Ц.Б нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн болох нь тогтоогдож холбогдох хариуцлагыг хүлээсэн. Харин Д.Гг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, журам зөрчсөн буруутай болохыг тогтоосон баримт байхгүй байхад анхан шатны шүүх хохирогчийн болгоомжгүй үйлдлээс уг зам тээврийн осол, зөрчил гарсан мэтээр дүгнэж, хуулиар хүлээсэн чиг үүрэг, эрх мэдлээ хэтрүүлэн Эрүүгийн хэргийн шүүхийн хянан шийдвэрлэж дүгнэдэг асуудлыг шийдвэрлэсэн нь хууль бус болсон. Хохирлын үнэлгээгээр автомашинд 1 692 000 төгрөгийн гэмтэл учирсан болохыг тогтоосон боловч бодит байдалд уг тээврийн хэрэгслийг засварлахад 2 300 000 төгрөг зарцуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 1 184 280 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Д.Г нь иргэн Ц.Бд холбогдуулан гэм хорын хохиролд 1 692 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараас үзэхэд хариуцагч Ц.Б Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Киа Бонго" маркийн авто тээврийн хэрэгслийг баруунаас зүүн чиглэлд жолоодон явахдаа осол гаргаж, нэхэмжлэгч Д.Ггийн жолоодож явсан Ланд крузер маркийн автомашинтай мөргөлдсөн болох нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Тээврийн цагдаагийн албаны үзлэгийн баримт, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, эрх бүхий албан тушаалтны магадлагаа, хөрөнгийн үнэлгээний тайлан, шийтгэлийн хуудас зэрэг хэрэгг авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон байна./хх.39-41,43-48/

 

Нэхэмжлэгч Д.Г нь дээрх ослын улмаас өөрийн эзэмшлийн автомашинд учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний Вендо" ХХК-аар тогтоолгоход 1 692 400 төгрөг гэж үнэлсэн байна./хх 42/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ц.Бгийн буруутай үйлдлийн улмаас Ланд крузер маркийн автомашинд 1 692 400 төгрөгийн хохирол учирсан гэж, хариуцагч нь ...тухайн үед халтиргаа ихтэй байсан, Д.Г хажуугаар хурдтай гарч ирж мөргөсөн, Д.Ггийн тээврийн хэрэгсэл бүрэн бус буюу зөвхөн 1 тоормос ажиллаж байсан гэж няцаасан тайлбарыг тус тус гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтэд ...хариуцагч Ц.Бг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэхэд учир дутагдалтай боловч Замын хөдөлгөөний дүрмийн 15.12-т заасныг зөрчсөн байх магадлалтай, Д.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.10, 15.12-т заасныг мөрдлөг болгоогүй..." гэж, ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн шинжээчдийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтэд ... Д.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.10-т заасныг зөрчсөн, харин Ц.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан материалаар тогтоогдохгүй байна... гэж тус тус дурдсан байна. 2018 онд батлагдсан Замын хөдөлгөөний дүрмийн 10.10-т ...хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө... гэж заажээ. /хх 79-82, 97-98/

 

Дээрх хоёр шинжээчид хэргийн газрын зургийг үндэслэн уг осол гарахад нэхэмжлэгч Д.Г Замын хөдөлгөөний дүрмийн 10.10 дахь заалтыг баримтлаагүй нь нотлогдсон гэж дүгнэжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дээрх дүгнэлтүүд, Вендо" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, талуудын тайлбар, эрх бүхий албан тушаалтны магадлагаа, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, Тээврийн цагдаагийн апбаны үзлэгийн баримт, шийтгэлийн хуудас зэрэг баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагчийг нэхэмжлэгчийн автомашинд учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй гэж дүгнэсэн нь зөв боловч тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хүлээх хариуцлагыг тодорхойлох Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсгийг баримталсан нь учир дутагдалтай байна.

 

Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар өөрийн бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Дээрх ослын улмаас үүссэн хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгч Д.Ггийн болгоомжгүй үйлдэл буюу Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нөлөөлсөн болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь зөв боловч хохирлын хэмжээг 70 хувиар бууруулсан үндэслэл тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, гэм хор үүсэхэд зохигчдын хэн аль нь буруутай боловч гэм бурууг хувьчлан тогтоох боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт гэрээний бус үүргийн харилцаанд гэрээний үүргийн холбогдох журмыг хэрэглэж болно гэж заасан. Зохигчдын хэн аль нь үр дагаврыг хариуцах ёстой боловч хариуцах хэмжээ тодорхойгүй тохиолдолд тэдгээрийн үүрэг, хариуцлагыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасан үүрэг тэнцүү байх зарчим-ын дагуу тодорхойлов.

 

Түүнчлэн, иргэдийн төлөөлөгчийн зохигчийн хэн аль нь буруутай, хоорондоо зөвшилцөх хэрэгтэй гэх дүгнэлтэд үндэслэн хэрэгт авагдсан хохирлыг бууруулан тооцоход харгалзан үзсэн болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Ц.Бгаас 846 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ/2021/02444 дугаар шийдвэрийн тогтооххэсгийн 1 дэх заалтын 499 дүгээр зүйлийн 499.1 гэснийг 497 дугаар зүйлийн 497.1 гэж, 507 702 гэснийг 846 200 гэж, 1 184 280 гэснийг 846 200 гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 15 881 гэснийг 24 859 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ