Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 223/МА2018/00020

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 20 өдөр

 Дугаар 223/МА2018/00020

 

С.М-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 151/ШШ2018/00847 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч С.М-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Т Э Э” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 13 900 000 төгрөг гаргуулах, "Т Э Э" ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болох трансформаторын дэд өртөөг битүүмжлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Мөнхөө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа,  нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нар оролцов.

 Нэхэмжлэгч  С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2014 оны 06 сард А.Батхуяг, Г.Ганзориг нартай танилцаж, Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн нутаг, 4 дүгээр зөрлөгт байрлах А.Батхуяг, Г.Ганзориг нарын "Т Э Э" ХХК-ийн аж ахуйн гадна цахилгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, /ажлын хөлс 6 800 000 төгрөг/ ажил эхлэх болоход материал нь дутуу байсан. Материал дутуу байгаа талаар хэлэхэд А.Батхуяг. Г.Ганзориг нар та өөрөөсөө гаргаад хийчих, удахгүй бид мөнгөтөй болно гэхээр нь өөрт байсан мөнгөөр материал авч 10 кв-ын цахилгаан дамжуулах шугам, 63 ква чадалтай дэд өртөөг хийж дуусган 2014 оны 08 сард улсын комисс хүлээн авч одоо хэвийн ажиллаж байна. Тус компаниас ажлын зураг хийсэн зардал. тээвэр механизмын зардал, ажлын хөлс нийт 19 400 000 төгрөг өгч, авахаар тохирсноос ажлын дундуур 2 000 000 төгрөг, ажил дууссаны дараа 500 000 төгрөг, 2016 оны 07 сард 3 000 000 төгрөг нийт 5 500 000 төгрөг авсан. Одоо ажлын хөлсний үлдэгдэл 1 300 000 төгрөг, өөрөөс гарсан зардал 12 600 000 төгрөг нийт 13 900 000 төгрөгийг "Т Э Э" ХХК-иас гаргуулж өгнө үү. Энэ 13 900 000 төгрөгийг гаргуулахаар Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд хандаж 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр "Т Э Э" ХХК-ийн захирал А.Батхуяг, дэд захирал Г.Ганзориг нартай 189 тоот эвлэрлийн гэрээ байгуулан cap болгон 2 000 000 төгрөг өгөхөөр тохиролцсон боловч гэрээний хугацаанд мөнгөө төлөөгүй. Дээрх гэрээг харьяалал зөрчсөн гээд шүүгчийн захирамжаар баталгаажуулахаас татгалзсан. "Т Э Э" ХХК-ийн гол үйл ажиллагаа явагдаж байгаа байрлал нь Төв аймаг, Сэргэлэн сум, 1 дүгээр баг, 4 дүгээр зөрлөг бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2, 16.1 дэх заалтуудтай тохирч байгаа тул харьяаллын дагуу тус аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна. Трансформатор битүүмжлэх хүсэлтээсээ татгалзаж байна. "Т Э Э" ХХК-иас 13 900 000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь анх "Т Э Э" ХХК-тай гэрээ хийхдээ 19 400 000 төгрөгөөр хийсэн. Үүнээс 5 500 000 төгрөгийг авсан. Иймд одоо 13 900 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар С.М нь өөрөөсөө мөнгө гарган ажил хийж гүйцэтгэсэн нь тогтоогдож байгаа, хариуцагч нар нь мөнгөө өгөхгүй гэж маргадаггүй, эвлэрлийн гэрээ байгуулж төлнө гэж байсан учир хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн төлөөлөгч А.Батхуяг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "Т Э Э" ХХК-ийн захирал А.Батхуяг би С.М-н нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Манай компани 2014 оны 06 сард иргэн С.М-р тус аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг, 4 дүгээр зөрлөгт байрлах аж ахуйн хашаанд цахилгаан хангамжийн ажил хийлгэсэн. Гэтэл С.М цахилгаан холболтуудыг буруу хийж, авах ёстой газраас цахилгаан авалгүй, "Наран буйлс" ХХК-ийн эзэмшлийн талбай дээгүүр, тэдний шонгоос цахилгаан татснаас зохих хуулийг зөрчин, одоо "Наран буйлс" ХХК нь манайд ирсэн цахилгаан таслуулах, их хэмжээний мөнгийг манайхаас нэхэмжилж байгаа. Энэ нь цахилгааны холболтыг буруу хийсэн С.М-н буруугаас болсон. Тухайн үед С.М-тэй гэрээ байгуулсан, гэрээ түүнд байгаа, уг гэрээнд заасан үүргээ бүруу биелүүлснээс манай компанид хохирол учраад байгаа тул нэхэмжлэлд дурдсан мөнгийг манай компани төлөх учиргүй.” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар хариуцагч Т Э Э" ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 12 600 000 төгрөг, ажлын хөлс 1 300 000 төгрөг нийт 13 900 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.М-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Т Э Э" ХХК-иас 227 450 төгрөг гарсуулан нэхэмжлэгч С.М-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа  давж заалдах гомдолдоо: “С.М-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн 2018.07.31-ний өдрийн 151/ШШ2018/00847 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь илтэд хууль зөрчиж, оролцогчдын эрх, ашгийг хөндсөн, тодорхой баримтуудыг буруу дүгнэн үзэж, буруу шийдсэн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би хурал товлогдсоныг мэдсэн боловч цагдан хоригдож буй хүний эрх, ашиг хөндөгдсөн, цагдан хорионы товлоогүй хурлын учир шүүх хуралд оролцох боломжгүй болсон тухай миний бие өөрийн гар утсаар А.Энхтөр шүүгчийн туслах С.Базардоржийн 88258822 дугаарын утсанд мэдэгдэж хурлыг товлосон цагаас хойшлуулж явуулж өгөхийг хүссэн, шүүгчийн туслах шүүгч болон нарийн бичиг нарт дамжуулан мэдэгдэнэ гэсэн. Миний бие шүүх хуралд тодорхой баримт гаргаж, мэтгэлцэх зарчмаар оролцох байсан боловч тэр боломжоор шүүх хангасангүй. Нэхэмжлэгч С.М нь 13 900 000 төгрөг нэхэмжилдэг боловч тодорхой баримтууд байхгүй, гаргаж өгч буй баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүгч дотоод итгэлэээр үнэлсэн дүгнэлт гаргасан нь буруу юм. Мөн “Т Э Э” ХХК нь Улаанбаатар хотод тодорхой хаягтай, оффис, үйл ажиллагаагаа явуулдаг байртай байхад цахилгааны ажил гүйцэтгэсэн байршилд хэргийг шийдвэрлэсэн нь харъяалал зөрчсөн байна. Иймд хэргийг хянан үзэж, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

                                                      ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бодитойгоор үнэлж, Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлан  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа ажлын хөлсний үлдэгдэл, материалын зардал нийт 13 900 000 төгрөг нэхэмжилсэн, хариуцагч “Т Э Э” ХХК-ийн захирал А.Батхуяг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...гэрээний үүргээ буруу биелүүлсэнээс манай компанид хохирол учраад байгаа тул С.М-н нэхэмжлэлд дурьдсан мөнгийг манай компани төлөх боломжгүй “ гэсэн тайлбар бичгээр гаргажээ. /хх-17тал/

Нэхэмжлэгч С.М нь Төв аймгийн Сэргэлэн сумын 1-р багийн нутаг 4-р зөрлөгт байрлах “Т Э Э” ХХК –ийн үйлдвэр үйлчилгээний газрын гадна цахилгаан хангамжийн /дэд станц/ барилгыг барих ажил гүйцэтгэхээр, захиалагч Т Э Э ХХК-ийн захирал А.Батхуяг, дэд захирал Г.Ганболд нартай хэлэлцэн  тохиролцож, гэрээний үүргээ биелүүлж гэрээний үр дүн болох цахилгаан хангамжийн барилгыг /дэд станц/ 2014 оны 10 дугаар сарын 11-нээс барьж 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дуусгаж ашиглалтанд оруулж захиалагчид шилжүүлж, хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай комисс”-ын Дугаар 67/14 тоот акт,гүйцэтгэлийн баримт бичиг, барилга байгууламж ашиглалтанд оруулах тухай улсын комиссын акт, дэд станцыг сүлжээнд залгах зөвшөөрлийн бичиг, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, Гүйцэтгэлийн баримт бичиг, дэд станцын паспорт, зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнээс үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн,  ажлын үр дүнг хүлээлгэн өгснөөр ажил гүйцэтгэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн  байна.

Харин талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс болон материалын зардлын хувьд захиалагчаас ажил гүйцэтгэгч С.М-д ажлын хөлс 6 800 000 төгрөг төлөхөөр, өөрийнх нь материалаар ажлыг хийж гүйцэтгүүлэхээр хэлэлцэн  тохирсоны зэрэгцээ  Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар өргөдөл гаргагч С.Мөнхөө, Эвлэрэлд уригдаж хуулийн этгээдийг хууль ёсоор төлөөлөх захирал А.Батхуяг, дэд захирал Г.Ганзориг нар 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар ажлын хөлс 5 500 000 төгрөг төлсөн , ажлын хөлсний үлдэгдэл, материалын зардал нийт 13 900 000 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй, уг төлбөрийг төлөхөөр тооцоо нийлж тохиролцож байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон, шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн  захирамжаар тогтоогдож байна. /хх-5-6тал/

Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд хариуцагчаас 13 900 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.   

Хариуцагч ажлын хөлсний үлдэгдэл төлбөр, материалын зардал нийт  13 900 000 төгрөгийн тооцооны талаархи шаардлагыг  үгүйсгэх, татгалзсан үндэслэл тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “ Зохигч ...тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй “ гэж заасны дагуу үүргээ хэрэгжүүлэн, нотлох баримтаар няцаалт өгч чадаагүй нөхцөлд хариуцагчид төлбөр хариуцуулсан шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

Мөн хариуцагч ажлын үр дүнг хүлээж авснаас хойш шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд  2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Т Э Э ХХК-ийн захирал А.Батхуягаас  “... цахилгааны холболтыг буруу хийсэн С.М-н буруугаас болсон. ... гэрээнд заасан үүргээ буруу биелүүлснээс манай компанид хохирол учраад байгаа “ гэсэн  тайлбарыг бичгээр  гарган маргаж байгаа нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т заасан ажил гүйцэтгэгчийн хариуцлагын талаар гомдлын шаардлага гаргах хугацаа хэтэрсэн байна.

Харин шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт өгөөгүй нь буруу байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна”  гэж заажээ.

Ажил гүйцэтгэгчийн ажлын үр дүнг хүлээлгэн өгч,  гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр дуусгавар болсон хэдий ч нэхэмжлэгч С.М шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хандсан, Эвлэрэлд уригдсан хуулийн этгээдийг хууль ёсоор төлөөлөх захирал А.Батхуяг, дэд захирал Г.Ганзориг нар төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрч тооцоо нийлж байсан, эвлэрлийн гэрээ болон холбогдох материалуудыг шүүх 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 6 дугаар сарын 20-ны өдөр шүүгчийн захирамж гаргасан байна.

Эдгээр үйл баримт болон Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд  урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана “ гэж, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-т “ Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан  бол өмнө өнгөрсөн  хугацаа тооцохгүй , хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэсэн хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгч С.М нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид болон шүүхэд хандсан, төлбөрийг төлөх шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан зэрэг нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, ажил гүйцэтгэх гэрээний үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолох үндэслэл бүрдсэн байна.  

Хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн гэх хавтас хэргийн 27 дугаар талд авагдсан №10/2014 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг талуудын хооронд хэлэлцэн байгуулсан бичгийн гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэх гэрээг бичгээр хийсэн боловч  хариуцагч нар тамга дарна гээд эргүүлж өгөөгүй, гэрээний эхний хуудас биш , сүүлийн хуудас дахь  гарын үсэг минийнх мөн гэж үгүйсгэсэн, №10/2014 дугаартай гэрээний эхний хуудас дээр   “2014 .10.06” гэж , компаний тамга , тэмдэггүй, ажил гүйцэтгэх хугацааг “ 2014 оны 10 дугаар сарын 06-нд эхэлж 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 9 хоногт багтаан “ гэж бичигдсэн зэрэг байдал нь нэхэмжлэгчийн барилга байгууламжийг ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн актны ажил гүйцэтгэсэн хугацаатай тохирохгүй,  эргэлзээтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар дээрх гэрээг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраагийн давж заалдах гомдлыг судалж үзвэл:

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хуулийн этгээдийн ажил хэргээ явуулж байгаа газрын харьяалалаар Төв аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд  гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраагийн “...Т Э Э ХХК нь Улаанбаатар хотод тодорхой хаягтай, оффис үйл ажиллагаа явуулдаг байртай байхад цахилгааны ажил гүйцэтгэсэн байрлалаар хэргийг шийдвэрлэсэн “ гэх гомдол үндэслэлгүй байна.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраад шүүхээс утсаар хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн, тэрээр “ шууд хэргийн материалтай танилцаад шүүх хуралдаанд орно” гэснээс үзвэл /хх-95тал/, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн материалтай танилцах эрхийг эдлүүлэхээр шүүхээс мэдэгдэхэд тэрээр энэ эрхээ хэрэгжүүлээгүй байх тул шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1., 77.2-т заасны дагуу хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраад шүүх хуралдааныг товыг 2018 оны 07 дугаар сарын 25-ны мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна./хх- 39тал /,

Гэтэл шүүх хуралдааны мэдэгдлийг хүлээн авсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх бөгөөд тэрээр шүүхэд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас  ирэх боломжгүй тухайгаа хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдсэн талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй, хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй нөхцөлд нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “ Хариуцагч, түүний төлөөлөгч ....хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийн хянан шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

4. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасны дагуу 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр иргэн Г.Ганзориг, иргэн А.Батхуяг нараас иргэн О.Баяраад итгэмжлэл олгосноос хойш /хх-29 тал/ тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нар хуулийн этгээдийг төлөөлж оролцсон байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчаа “Т Э Э” ХХКомпани болон захирал А.Батхуяг, дэд захирал Г.Ганзориг гэж тодорхойлсон, шүүх иргэний хэрэг үүсгэхдээ хуулийн этгээдэд болон хуулийн этгээдийг хууль ёсоор төлөөлөх, удирдах албан тушаалтан болохын хувьд А.Батхуяг, Г.Ганзориг нарт иргэний хэрэг үүсгэсэн, нэхэмжлэлийг хувийг гардан авах, хэргийн оролцогчдын хуульд заасан эрх үүрэгтэй танилцаж гарын үсэг зурах, хариу тайлбарыг компаний захирал А.Батхуяг бичгээр гаргасан зэргээр А.Батхуяг, Г.Ганзориг нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  хуульд заасан журмын дагуу оролцсон байна.   

Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдүүд нь А.Батхуяг, Г.Ганзориг нар байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-т “ Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл компанийн эрх бүхий албан тушаалтан өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүйгээр бусдад итгэмжлэл олгох журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлүүлэн оролцуулах нь дээрхи хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иймээс хуулийн этгээдийг хууль ёсоор төлөөлөх А.Батхуяг, Г.Ганзориг нараас   өөрсдийгөө төлөөлүүлэхээр О.Баяраад итгэмжлэл олгосон нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасныг зөрчөөгүй, хуулийн этгээдээс олгосон итгэмжлэл биш гэж үзэх үндэслэлгүй байна.   

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ

1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 151/ШШ2018/00847 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 227 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үдээсүгэй.  

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

     ШҮҮГЧИД                                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                               

                                                                                      Т.ЭНХМАА