Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00274

 

С гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

      Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 151/ШШ2018/00847 дугаар шийдвэр,

            Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 223/МА2018/00020 дугаар магадлалтай,

            С гийн нэхэмжлэлтэй,

            “Т ” ХХК-д холбогдох

          Ажил гүйцэтгэх гэрээний үнэ 13,900,000.00  төгрөг гаргуулах, “Т ” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болох трансформаторын дэд өртөөг битүүмжлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2014 оны 6 сард А.Батхуяг, Г.Ганзориг нартай танилцаж, Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн нутаг, 4 дүгээр зөрлөгт байрлах А.Батхуяг, Г.Ганзориг нарын “Т ” ХХК-ийн аж ахуйн гадна цахилгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, /ажлын хөлс 6,800,000 төгрөг/ ажил эхлэх болоход материал нь дутуу байсан. Материал дутуу байгаа талаар хэлэхэд А.Батхуяг, Г.Ганзориг нар та өөрөөсөө гаргаад хийчих, удахгүй бид мөнгөтэй болно гэхээр нь өөрт байсан мөнгөөр материал авч 10 кв-ын цахилгаан дамжуулах шугам, 63 ква чадалтай дэд өртөөг хийж дуусган 2014 оны 8 сард улсын комисс хүлээн авч одоо хэвийн ажиллаж байна. Тус компаниас ажлын зураг хийсэн зардал, тээвэр механизмын зардал, ажлын хөлс нийт 19,400,000 төгрөг өгч, авахаар тохирсноос ажлын дундуур 2,000,000 төгрөг, ажил дууссаны дараа 500,000 төгрөг, 2016 оны 7 сард 3,000,000 төгрөг, нийт 5,500,000 төгрөг авсан. Одоо ажлын хөлсний үлдэгдэл 1,300,000 төгрөг, өөрөөс гарсан зардал 12,600,000 төгрөг нийт 13,900,000 төгрөгийг “Т ” ХХК-иас гаргуулж өгнө үү. Энэ 13,900,000 төгрөгийг гаргуулахаар Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд хандаж 2017 оны 06 сарын 08-ны өдөр “Т ” ХХК-ийн захирал А.Батхуяг, дэд захирал Г.Ганзориг нартай 189 тоот эвлэрлийн гэрээ байгуулан сар болгон 2,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон боловч гэрээний хугацаанд мөнгөө төлөөгүй. Дээрх гэрээг харьяалал зөрчсөн гээд шүүгчийн захирамжаар баталгаажуулахаас татгалзсан. “Т ” ХХК-ийн гол үйл ажиллагаа явагдаж байгаа байрлал нь Төв аймаг, Сэргэлэн сум, 1 дүгээр баг, 4 дүгээр зөрлөг бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2, 16.1 заалтуудтай тохирч байгаа тул харьяаллын дагуу тус аймаг дахь иргэний хэргийн Анхан шатны шүүхэд хандаж байна. Трансформатор битүүмжлэх хүсэлтээсээ татгалзаж байна. “Т ” ХХК-иас 13,900,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь анх “Т ” ХХК-тай гэрээ хийхдээ 19,400,000 төгрөгөөр хийсэн. Үүнээс 5,500,000 төгрөгийг авсан. Иймд одоо 13,900,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар С  нь өөрөөсөө мөнгө гарган ажил хийж гүйцэтгэсэн нь тогтоогдож байгаа, хариуцагч нар нь мөнгөө өгөхгүй гэж маргадаггүй, эвлэрлийн гэрээ байгуулж төлнө гэж байсан учир хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч А.Батхуягийн гаргасан хариу тайлбарт: Манай компани 2014 оны 6 сард иргэн С гөөр тус аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг, 4 дүгээр зөрлөгт байрлах аж ахуйн хашаанд цахилгаан хангамжийн ажил хийлгэсэн. Гэтэл С  цахилгаан холболтуудыг буруу хийж, авах ёстой газраас цахилгаан авалгүй, “Наран буйлс" ХХК-ийн эзэмшлийн талбай дээгүүр, тэдний шонгоос цахилгаан татсанаас зохих хуулийг зөрчин, одоо “Наран буйлс” ХХК нь манайд ирсэн цахилгаан таслуулах, их хэмжээний мөнгийг манайхаас нэхэмжилж байгаа. Энэ нь цахилгааны холболтыг буруу хийсэн С гийн буруугаас болсон. Тухайн үед С тэй гэрээ байгуулсан, гэрээ түүнд байгаа, уг гэрээнд заасан үүргээ буруу биелүүлснээс манай компанид хохирол учраад байгаа тул нэхэмжлэлд дурдсан мөнгийг манай компани төлөх учиргүй гэжээ.

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 151/ШШ2018/00847 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар хариуцагч “Т ” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 12,600,000 төгрөг, ажлын хөлс 1,300,000 төгрөг нийт 13,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т ” ХХК-иас 227,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С д олгож шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 223/МА2018/00020 дугаар магадлалаар: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 151/ШШ2018/00847 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 223/МА2018/00020 дугаар магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүх хариуцагч нар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцож маргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын дагуу үг, үзэл бодлоо илэрхийлэх, шинээр нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримтыг шинжлэн судлах, мэтгэлцэж маргалдах эрхүүдийг маань эдлүүлэхгүй, хариуцагчийн байхгүйд хурал хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь оролцогч нарын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн материалтай танилцах эрхийг минь эдлүүлээгүй, танилцуулаагүй. Хариуцагч “Т ” ХХК нь Улаанбаатар хотод тодорхой хаягтай, оффис үйл ажиллагаа явуулдаг байртай байхад цахилгааны ажил үүрэг гүйцэтгэсэн байрлалаар хэргийг шийдвэрлэсэн нь буруу. Шүүх хэргийн харяалалыг буруу тогтоосон, түүнийг зөвтгөж харяаллыг зөв тогтоогоогүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагчаар “Т ” ХХК-ны захирал А.Батхуяг, Г.Ганзориг нарыг татсан байдаг ба миний хувьд А.Батхуяг, Г.Ганзориг нартай хувь хүнийх нь хувьд төлөөлж итгэмжлэл үйлдэн нотариатаар батлуулж оролцсон. Гэтэл анхан шатны шүүхийн эхний хурал дээр нэхэмжлэгч нь нэхэмжилж буй мөнгийг А.Батхуяг, Г.Ганзориг нараас биш, “Т ” ХХК-иас нэхэмжилнэ гэж мэдүүлсэн. Үүний дагуу миний бие дараагийн шүүх хуралд “Т ” ХХК-ийг төлөөлж итгэмжлэл хийсэн байсан боловч хариуцагч болох  “Т ” ХХК-ийн төлөөлөлгүйгээр хурлыг явуулж шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иймд гомдлын дагуу хянан үзэж, оролцогч нарын эрхийг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэнэ үү гэжээ.           

                                                ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч С  хариуцагч “Т ” ХХК-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл, материалын зардал нийт 13,900,000.00 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “...гэрээний үүргээ буруу биелүүлснээс компанид хохирол учраад байгаа тул хөлс төлөх боломжгүй“ гэжээ.

Төв аймгийн Сэргэлэн сумын I багийн нутагт байрлах “Т ” ХХК-ийн гадна цахилгаан хангамжийн барилгыг барих ажил гүйцэтгэхээр нэхэмжлэгч С  нь  захиалагч “Т ” ХХК-ийн захирал А.Батхуяг, дэд захирал Г.Ганболд нартай тохиролцсон, 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн цахилгаан хангамжийн  барилгыг барьж 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дуусгаж ашиглалтад оруулж, гэрээний зүйлийг захиалагчид хүлээлгэн өгсөн болох нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай комисс”-ын Дугаар 67/14 тоот акт, гүйцэтгэлийн баримт бичиг, барилга байгууламж ашиглалтад оруулах тухай улсын комиссын акт, дэд станцыг сүлжээнд залгах зөвшөөрлийн бичиг, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, Гүйцэтгэлийн баримт бичиг, дэд станцын паспорт гэсэн баримтуудаар тогтоогдсон тухай хоёр шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, ажлын үр дүнг хүлээлгэн өгснөөр ажил гүйцэтгэгч нь захиалагчаас хөлсөө шаардах эрхтэй гэсэн шүүхийн дүгнэлт гэрээний үүргийн эрх зүйн зохицуулалтад нийцсэн, захиалагч нь ажил гүйцэтгэгч С д ажлын хөлс 6,800,000.00 төгрөг төлөх, гүйцэтгэгч нь өөрийн материалаар ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохирсон, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар ажлын хөлс 5,500,000.00 төгрөг төлсөн, ажлын хөлсний үлдэгдэл, материалын зардал нийт 13,900,000.00 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй, уг төлбөрийг төлөхөөр захирал А.Батхуяг, дэд захирал Г.Ганзориг нар тооцоо нийлж тохиролцож байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзсан үндэслэл тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу үүргээ хэрэгжүүлэн, нотлох баримтаар няцаалт өгч чадаагүй нөхцөлд ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд хариуцагчаас 13,900,000.00 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзнэ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан ба давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, нэхэмжлэгч С  нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-т заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд заасан үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх “... анхан шатны шүүхийг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1., 77.2., 100 дугаар зүйлийн 100.3., 35 дугаар зүйлийн 35.1-д заасныг зөрчөөгүй” гэж дүгнэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийн гэрээний үүргийн эрх зүйн зохицуулалтыг хэргийн үйл баримтад үндэслэл бүхий хэрэглэсэн байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраагийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 151/ШШ2018/00847 дугаар шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 223/МА2018/00020 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраагаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 227,450.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН