Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 223/МА2018/00022

 

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 20 өдөр

 Дугаар 223/МА2018/00022

 

 

Г.Д-н нэхэмжлэлтэй иргэний

                                                   хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШШ2018/00775 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Г.Д-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.С-д холбогдох,

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 29 910 382 төгрөг гаргуулах, 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” үндсэн нэхэмжлэлтэй, “зээлийн гэрээний үүрэгт 9 074 000 төгрөг гаргуулах” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Г.Дуламжав, түүний өмгөөлөгч С.Сувдмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Дуламжав, түүний өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагч Л.С , түүний өмгөөлөгч Б.Энхбаяр, Л.Баасан,  нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Анх би Л.С гаас 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2 000 000 төгрөг зээлж аваад 1 хоногийн дараа 2 060 000 төгрөг өгч хаасан. 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1 500 000 төгрөг аваад 2015 оны 07 дугаар сарын 30-нд 650 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 10-нд 1 600 000 төгрөг өгч нийт 20 хоногийн хүүнд 750 000 төгрөг өгсөн. 2015 оны 08 дугаар сарын 14-нд 2 000 000 төгрөг авсан. 2015 оны 08 дугаар сарын 27-нд 2 520 000 төгрөг өгсөн. 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 2 500 000 төгрөг авч, 2015 оны 09 дүгээр сарын 08-нд 3 240 000 төгрөг өгсөн. 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2 000 000 төгрөг авч, 2015 оны 10 дугаар сарын 15-нд 9 000 000 төгрөг өгсөн. 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1 500 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1 000 000 төгрөг авсан. 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 395 000 төгрөг төлсөн. Л.С н мобайл банк ашиглан Улаанбаатар хотод байгаа охин руугаа 660 000 төгрөг шилжүүлж мөнгийг нь тэр дор нь бэлнээр тоолж өгсөн. 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 320 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1 000 000 төгрөг төлсөн. 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 6 500 000 төгрөг авсан. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 260 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 200 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 210 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 398 000 төгрөг, 2015 оны 1 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 8 500 000 төгрөг төлсөн. ... 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 1 100 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1 700 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 3 500 000 төгрөг авсан. Ингээд 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 8 000 000 төгрөг өгсөн. 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хас банкнаас Г.Д  би 26 500 000 төгрөгийн зээл авч тухайн өдрөө Л.С н дансанд 8 удаагийн гүйлгээгээр нийт 8 000 000 төгрөг төлж байсан. Энэ мөнгийг би 06 дугаар сар хүртэл хүү, алдангийн хамт төлж давхар хохирсон. Үүнээс хойш одоог хүртэл би төлөөгүй учир шүүхээс шийдвэр гарчихсан Шийдвэр гүйцэтгэх газар миний өмчлөлийн эд хөрөнгө хураах гэж байгаа. 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод байгаа хүүхэд рүүгээ бараа захих болж Л.С н мобайл банкаар 100 000 төгрөг шилжүүлэн авсан. 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 15 340 000 төгрөг авч, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 15 000 000 төгрөг өгсөн. 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 3 000 000 төгрөг хүүхдийнхээ эмчилгээний зардалд зээлж авсан. Үүнээс хойш бэлнээр болон дэлгүүрээсээ бараа материалаар мөнгө төлдөг байсан. Дээрх хугацаанд Л.С гаас 48 100 000 төгрөг зээлсэн боловч бидний хооронд ямар нэгэн зээлийн гэрээ буюу хүү алданги тооцох талаар тохиролцсон хэлцэл огт байхгүй юм. Мөн би 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс Л.С н дансанд 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг дуустал 48 317 992 төгрөг, бэлнээр 20 984 400 төгрөг, бараагаар 5 867 90 төгрөг, нийт 76 010 308 төгрөг төлсөн байдаг. Гэтэл Л.С  намайг өөрийг нь залилсан гэж үзэж 2016 оны 04 дүгээр сарын 01-нд Төв аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн гэмт хэрэг үүсгүүлэн шалгуулсан. 2016 оны 09 дүгээр сарын 16-ны А305 тоот прокурорын газрын тогтоолоор надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ хугацаанд Төв аймгийн Цагдаагийн газраас бидний хоорондох мөнгөний тооцооны өгөө авааг нарийн гаргуулах зорилгоор Төв аймгийн “Тэд-Од” Аудит ХХК-иар 201619000330 тоот хэрэгт дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлтээр бидний хоорондох 22 удаагийн 48 100 000 төгрөг зээлсэн боловч ямар нэгэн зээлийн гэрээ болон бусад анхан шатны баримт байхгүй учир хүү бодох боломжгүй, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс Л.С н дансанд 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг дуустал 48 317 992 төгрөг, бэлнээр 20 984 400 төгрөг, бараагаар 5 867 990 төгрөг, нийт 76 010 308 төгрөг төлж нийт төлбөл зохих 48 100 000 төгрөгөөс 27 910 382 төгрөг илүү төлсөн байна. Энэхүү зээлийн хүү нь өнөөдөр мөрдөж байгаа банкны сарын бизнесийн зээлийн дундаж хүү 2.5 хувь, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, барьцаат зээлдүүлэгчийн хүү сард дунджаар 10-15 хувь байна. Дээрх тооцооноос хүүг үзвэл сард 90-93 хувь байгаа учир хэт өндөр хүү тооцож байна гэж үзлээ гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтийн аудитад төлөх 500 000 төгрөгийг Цагдаагийн байгууллагаас 2 тал хуваан төл гэсэн боловч Л.С  төлөхгүй гэсэн учир Цагдаагийн байгууллага надаар төлүүлсэн. Мөн би дээр нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан учир өмгөөлөгчийг 1 500 000 төгрөгөөр авч хохирсон дээрээ давхар хохирсон.

Л.С  Төв аймгийн Цагдаагийн газрын дэслэгч Г.Булгантогтоход 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өгсөн тайлбартаа: “Урьд өгч байсан мөнгөний үлдэгдэл дээр 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хүүтэй гэрээ хийсэн. Хүүгээ зогсоож өгөөчээ гээд 10 000 000 төгрөгийн алдангид өдөр бүр 100 000 төгрөг өгөхөөр тохирсон. Тэр гэрээ хийсэн өдрөөс хойш 926 200 төгрөг болон бараа авсан. 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл тухайн мөнгөө өдөр бүр өгч байсан” хэмээн мэдүүлэгтээ өгсөн байдаг.

Гэтэл энэхүү 10 000 000 төгрөгийн 3 000 000 төгрөг нь үндсэн Л.С гаас авсан мөнгө бөгөөд 7 000 000 төгрөг нь хүү алдангийн төлбөр юм. Өөрөөр хэлбэл үндсэн 3 000 000 төгрөгөн дээрээ хүү алданги тооцон 7 000 000 төгрөг нэмж нийт 10 000 000 төгрөгөн дээр нэмэлт гэрээ хүчээр хийлгэсэн. Энэ талаараа Цагдаагийн газрын мэдүүлэгтээ өдрийн 3 хувь, сарын 10 хувийн хүүтэй авна гэдгээ хүлээж мэдүүлсэн байдаг. Миний хүүхдийн өвчтэй, зовлонтой, гачигдалтай байдлыг далимдуулан Л.С  нь надад өдрийн 3 хувь, мөн дахин сарын 10 хувийн хүүтэй мөнгө өгч байсан учир би сүүлдээ эдийн засгийн уналтад орсон. Одоо манай дэлгүүр, бүх бизнесийн үйл ажиллагаа зогсож, шүүхээс олон удаагийн шийдвэрээр өр төлбөртэй болсон. Сүүлд би хүнээс зөвлөгөө авахад Иргэний хуулинд зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулах, мөн хүү алдангиа зээлийн гэрээгээр тохирч баталгаажуулаагүй тохиолдолд хүү хүүлэх эрх Л.С-д байхгүй гэж хэлж байсан. Иймд Л.С г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж түүнд илүү төлсөн 27 910 382 төгрөг, аудитын төлбөр болох 500 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 500 000 төгрөг, нийт 29 910 382 төгрөгийг Л.С гаас гаруулан хохирогч Г.Д-н зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Би 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр Л.С гаас 10 000 000 төгрөг аваагүй юм. Дээрх хэлцлийг задруулан тайлбарлахад чиний өмнө зээлсэн мөнгөний үлдэгдэл 4 200 000 төгрөг үлдсэн, үүнийгээ баталгаажуулж авна гэж дарамталдаг байсан. Гэрээнд дараа нь бичсэн 3 000 000 төгрөг нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Л.С гаас авсан 3 000 000 төгрөгийг өдрийн 3 хувийн хүүтэй зээлсэн, зээлэхдээ бидний дунд аман яриагаар мөнгөө өгч авалцсан, бичгээр ямар нэг гэрээ байгуулаагүй мөнгө юм. Дээрх 3 000 000 төгрөгийг өдрийн 3 хувийн хүүтэй өгч 2 119 000 төгрөг гэж тэгштгэн эдгээр мөнгө нийлээд 10 000 000 төгрөгийн эх үүсвэр болсон. Ингээд гэрээ хийсэн өдрөөс хойш байнга 100 000 төгрөгөөс дээш бараа, мөнгө авдаг байсан, энэ тооцоогоор би түүнд 1 140 000 төгрөг өгсөн байхад 926 000 төгрөг хасаад 9 074 000 төгрөг нэхэмжилж байна. Дээрх зээлсэн 10 000 000 төгрөгийн 3 000 000 төгрөг нь үндсэн зээл, бусад нь хүүгийн мөнгө юм. Иргэний хуульд хүү авах тухай бичгийн гэрээ байгуулаагүй тул хүү авах эрхээ алдана гэж заасан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4, 56.1.8, 60.1, 57.2, 57.3-т зааснаар 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа шүүхэд  гаргасан тайлбартаа: “Анх Л.С гаас  2015 оны 7 дугаар сараас эхлэн 5 сарын хугацаанд нийтдээ 48 000 000 төгрөг зээлсэн байдаг. Тухайн зээлээ эргэн төлөхдөө 76 103 082 төгрөг болгон төлсөн байдаг.  Одоо шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бол үндсэн зээлийн төлбөрийг төлөхдөө өөрт хохиролтой байдлаар нэхэмжлэгч Г.Д  нь иргэн Л.С-д 29 910 382 төгрөгийг илүү буюу үндэслэлгүйгээр төлсөн гэж үзэж байгаа. Дээрх илүү төлсөн гэх мөнгөн дүнг задалж яривал өмгөөллийн хөлс 1 500 000 төгрөг, аудитын дүгнэлт гаргуулахад 500 000 төгрөг, хүүнд 27 910 382 төгрөг нийт 29 910 382 төгрөг болж байгаа юм. Мөн хариуцагч талын сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулаад нэхэмжлэгчийн зүгээс нэмэгдүүлсэн шаардлагын тал дээр тайлбарлая. 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Л.С гаас өдрийн 3 хувийн хүүтэй 3 000 000 төгрөгийг зээлсэн байдаг. Ингээд зээл авсан өдрөөс хойш 16 өдрийн дараа буюу 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Л.С  нь нэхэмжлэгч Г.Д  дээр машинтай ирээд гэрээ байгуулахыг шаардаж улмаар 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэхэд 10 000 000 төгрөг төлөх гэрээг хүчээр байгуулсан байдаг. Мөн тус гэрээнд Г.Д  нь Л.С-д өдөр бүр 100 000 төгрөг өгнө гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс өдөр бүр 100 000 төгрөг өгсөөр байгаад 1 000 000 төгрөг төлсөн байгаа. Хариуцагчийн өмгөөлөгч нар зээлсэн мөнгийг 3, 4 удаа хувааж төлж байсан, мөн гэрээ байгуулсан талаар яриад байх шиг байна. Тэгэхээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 10 000 000 төгрөгтэй холбоотой ганцхан л гэрээ байгуулсан байдаг. Өөр байдлаар гэрээ байгуулаагүй. Энэ тал дээр бид хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дээрх 10 000 000 төгрөгийн гэрээг хийсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Яагаад гэвэл энэ гэрээг хийсэн гарын үсэг зурсан өдөр нь 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байдаг боловч мөнгө өгсөн өдөр нь буюу урд зээлийн хүүгийн үлдэгдэл 4 900 000 төгрөгийг 2016 оны 2 дугаар сарын 9-ний өдөр авсан байдаг. Мөн хариуцагч Г.Л.С  нь цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ бид нарын хооронд гэрээ байгуулсан зүйл байдаггүй гэж хэлсэн байдаг. Гэтэл өнөөдөр түүний өмгөөлөгч юуг үндэслэж ингэж яриад байгааг би ойлгохгүй байна. Тийм учраас энэ гэрээ  хууль зөрчсөн шаардлага хангахгүй гэрээ тул хүчин төгөлдөр бусад тооцуулах саналтай байна. Үндсэндээ манай талаас ямар байдлаар нэхэмжлэл гаргасан бэ гэхээр юуны түрүүнд хариуцагч Л.С  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тодруулбал Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 281, 282 дугаар зүйлийн 282.3-т зээлийн гэрээ болон зээлийн  гэрээний хүүгийн талаар заасан байдаг. Энэ хэрэг дээр ганц л гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус, дээрх хуулийн заалтуудад нийцээгүй гэрээ хийж мөнгийг өгөлцөж авалцсан байдаг. Дараагаар нь 10 000 000 төгрөг дээр Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж ямар хэлцлийг хэлэх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн байгаа. Тухайн гэрээ хийсэн өдөр энэ 10 000 000 төгрөгийг аваагүй байгаа. Гэтэл хэсэг хугацааны дараагаар мөнгө нэмэх зорилгоор гэрээг хүчээр хийлгэж гарын үсэг зуруулсан  байдаг. Мөн энэ хэрэг дээр миний үйлчлүүлэгчид эрүүгийн хэрэг үүсгэсэн ба би өөрийн биеэр Г.Д-н өмгөөлөгчөөр ажилласан. Ингэхдээ өмгөөллийн хөлсөө 1 500 000 төгрөгөөр тохирсон. Мөн дээр нь аудитын дүгнэлт гаргуулахад 500 000 төгрөг зарцуулаад давхар хохирсон байгаа. Ингээд дээрх  үндэслэлүүд болон хуулийн заалтуудыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Д-н нэхэмжлэлд дурдсан 29 910 382 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм. Түүний хүсэлтийн дагуу 2015 оноос хойш би удаа дараа мөнгө зээлдүүлж байсан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 281-286 дугаар зүйлд заасны дагуу хэрэгжсэн. Мөнгө зээлдүүлэхдээ зарим тохиолдолд амаар, зарим  үед бичгээр хэлэлцэн тохирсон байдаг. Нэхэмжлэлд дурдсан 29 910 382 төгрөг нь нэхэмжлэгч өөрийнхөө санаа бодлоор бичсэн тоо бөгөөд үүнийг 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр харилцан тохиролцсон баримтаас харж болно. Энэ тохиролцооны дагуу надад 10 000 000 төгрөг 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төлөх үүрэг үүссэн боловч энэ үүргээ Г.Д  биелүүлээгүй тул би цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан, 10 000 000 төгрөг төлнө гэдгээ цагдаад өгсөн мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Нэхэмжлэлд дурдсан аудитын дүгнэлтийн төлбөр 500 000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн 1 500 000 төгрөгийг би хариуцахгүй, аудитын дүгнэлт гаргуулах, өмгөөлөгч ажиллуулах санаачилгыг би гаргаагүй, нэхэмжлэгчийн санаачилгаар явагдсан тул би буруугүй болно. Харин нэхэмжлэгч Г.Д  намайг 9 074 000 төгрөгөөр хохироож байгаа тул сөхрөг нэхэмжлэл гаргана.

 

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн баримтаар бидний хооронд өгч, авалцах мөнгө, үлдэгдэл мөнгөний хүү, төлбөр төлөх хугацааг тодорхойлсон. Г.Д  гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул би цагдаагийн байгууллагад хандсан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. Нэмэгдүүлсэн шаардлага бол түүний үндсэн нэхэмжлэлтэй холбоогүй, хариуцагчийн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлтэй холбоотой шаардлага болно. Тэрээр шүүхэд 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа энэ шаардлагаа мэдээгүй байсан гэдэг нь эргэлзээтэй байна. 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өр, авлагын үлдэгдэл, хүү төлөх хугацааг Л.С , Г.Д  бид тохиролцож, Г.Д-н охин Дуламсүрэн тохиролцооны эхийг бичиж, гарын үсэг зуралцсан тул энэ хэлцэл хууль ёсны хэлцэл болно. Иймд нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Г.Д-н хүсэлтээр Л.С  миний бие 2015 оноос хойш түүнд мөнгө зээлдүүлж байсан. Тэрээр надаас 29 910 382 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хоорондын тооцоо хийсэн баримтыг үл огоорон үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан тул 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тохиролцсон баримтыг үндэслэн сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Г.Д  нь Л.С  надад 2 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон 10 000 000 төгрөгөөс төлөөгүй үлдсэн 9 074 000 төгрөгийг Г.Д-с гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс Л.С гийн зээлүүлсэн мөнгийг хүүтэй болон хүүгүй зээлсэн гэж 2 хувааж байгаа. Ингэхээр бас дансаар болон бэлнээр өгсөн мөнгө, хүүгүй болон хүүтэй өгсөн мөнгө гэж ялгаж, салгах хэрэгтэй болоод байгаа юм. Ингээд хүүгүй шилжүүлсэн мөнгөнөөс нь эхлээд ярья. 2015 оны 07 дугаар сарын 06 өдөр 2 000 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1 500 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 2 000 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 2 500 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 50 000 төгрөг мөн өдрөө 2 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 200 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1 500 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр 660 000, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 350 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 100 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 3 500 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 100 000 төгрөг бэлнээр, 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 3 000 000 төгрөг бэлнээр өгсөн байдаг. Эдгээр нь гэрээ байгуулаагүй хүүгүй зээлсэн мөнгө бөгөөд нийлээд 20 460 000 төгрөг болж байгаа. Одоо харин гэрээ байгуулж өгсөн мөнгөө ярья. 2015 оны 01 дүгээр сарын  4-ний өдөр 3 500 000 төгрөгийг бэлнээр 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлсэн. Энэ мөнгө нь хүүтэйгээ нийлээд 3 850 000 төгрөг болно. 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1 500 000 төгрөгийг /дансаар/ 2 хувийн хүүтэй 5 хоногийн хугацаатай зээлсэн. Энэ мөнгө нь хүүтэйгээ нийлээд 1 650 000 төгрөг болно. 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 1 500 000 төгрөгийг /дансаар/ 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн. Энэ нь 1 650 000 төгрөг болж байгаа. Мөн энэ өдрөө хүүхдийн эмчилгээнд 1 300 000 төгрөгийг хүүгүй зээлснээс 1 100 000 төгрөгийг нь дансаар, үлдсэн 200 000 төгрөгийг бэлнээр авсан байдаг. Энэ хэсэг мөнгө нийлээд 7 800 000 төгрөг, үүн дээр хүү болох 650 000 төгрөгийг нэмэхээр нийт 8 450 000 төгрөг болж байгаа. Үүнтэй холбоотой гэрээг өнөөдөр шүүхэд гаргаж өгсөн. Үүний дараагаар мөн гэрээ байгуулан 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1 700 000 төгрөгийг 5 хоногийн хугацаатай  400 000 төгрөгийн хүүтэй өгсөн. Энэ нь нийтдээ 2 100 000 төгрөг болно. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 6 500 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 8 500 000 төгрөг болгож өгөхөөр тохиролцсон хэлцэл байдаг. 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 15 340 000 төгрөгийг бэлнээр 687 000 төгрөгийн хүүтэй зээлсэн байдаг. Ингээд гэрээний дагуу болон аман тохиролцоогоор бэлнээр болон дансаар шилжүүлсэн мөнгө нийлээд 54 850 000 төгрөг болсон. Одоо Г.Д-с Л.С  руу зээлийн төлбөрөө шилжүүлсэн мөнгийг яръя. Г.Д  нь Л.С  руу 15 670 000 төгрөгийг бэлнээр өгсөн байдаг боловч, 8 500 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн баримттай давхцаж байдаг. Өөрөөр хэлбэл дансаар ч шилжүүлээд бэлнээр ч өгөөд гарын үсэг зуруулсан байдаг. Мөн Аудитын дүгнэлтийг харвал дансаар 48 317 992 төгрөг, мөн 1 300 000 төгрөгийг хүүхдийн эмчилгээнд өгснөөс 760 000 төгрөгөөр бодож хивэг өгсөн. Эдгээр нь нийлээд 56 647 992 төгрөг болж байна. Ингэхээр нэхэмжлэгчийн хэлээд байгаа 76 103 082 төгрөгийг Л.С  аваагүй гэдэг нь дээрх тооцооноос харагдаж байгаа юм. Үүн дээр нэмээд хэлэхэд 10 000 000 төгрөгийн гэрээн дээр өмнөх 7 800 000 төгрөгийн үлдэгдэл 4 200 000 төгрөг, нэмээд 15 640 000 төгрөгийн хүү гэх 687 000 төгрөг үүн дээр үндсэн зээл болон /3 000 000/ үндсэн зээлийн хүү 1 350 000 төгрөг, үүн дээр дахин 15 340 000 төгрөг зээлсэн боловч 15 000 000 төгрөгийг нь дансаар шилжүүлсэн боловч 350 000 төгрөг нь үлдсэн үүнийг мөн нэмсэн. Эндээс 1 300 000 төгрөгөөс 700 000 төгрөгийн тэжээлийн хивэг авсан мөнгөө хасаад бодохоор 540 000 төгрөг үлдсэн. Эдгээр мөнгийг нэмэхээр 10 110 000 төгрөг болж байгаа. Тэгэхээр 10 000 000 төгрөгийн гэрээ хүчин төгөлдөр бус гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл бол Аудитийн дүгнэлт байгаа. Энэ дүгнэлт  06 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай баримт юм. Энэ баримтын зүйл бүр нь хууль зөрчсөн баримт гэж бид үзэж байгаа. Дээрх дүгнэлтийн 1 дүгээр зүйл дээр Г.Дуламжавыг 48 100 000 төгрөг шилжүүлсэн гэсэн байдаг. Учир нь гэрээгээр өгсөн 3 500 000 төгрөг, 700 000 төгрөгийн тоо баримтуудыг тусгаагүй учраас энэ дутуу гарсан дүгнэлт юм. Эрүүгийн хавтаст хэрэгт нь бидний сая гаргаж өгсөн тоо баримт, гэрээ хэлцлүүд байсаар атал эдгээрийг дүгнэлтдээ тусгаагүй, Г.Д-н  гараар бичсэн хар дэвтрийг үндэслэн гаргасан байгаа тул дээрх дүгнэлтийг хууль зүйн шаардлага хангасан дүгнэлт гэж үзэх боломжгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэрэг болон нотлох баримттайгаа сайн танилцах хэрэгтэй. 10 000 000 төгрөгийн гэрээ бол гэрээ гэхээсээ илүү тооцоо нийлсэн акт юм. Тэр 7 800 000 төгрөгийн гэрээ ч мөн ялгаагүй тооцоо нийлсэн акт, 3 000 000 төгрөгийн гэрээ ч тооцоо нийлсэн акт юм. Өмнөх үлдэгдлүүдээ тооцоод 2 тал гарын үсэг зурсан. Мөн дээр нь нэхэмжлэлд шаардаж байгаа мөнгөнүүдийг нэмж  хасаад бодохоор 29 910 382 төгрөг гарна гэж нэхэмжлэгч тал ярьж байна. Энэ бол тийм биш, яаж ч бодсон тийм мөнгө гарахгүй байгаа учраас нэхэмжлэл өөрөө тодорхойгүй байна. Бас өмгөөлөгчийн хөлс 1 500 000 төгрөг нэхэмжлэлд дурдагдсан байгаа энэ нь хавтаст хэрэгт баримтаар байдаггүй. Аудитын дүгнэлт 500 000 төгрөг гэсэн байдаг бид энэ аудитын дүгнэлтийг хууль бус гэж үзэж байгаа учраас мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэ хэрэг дээр нэг л гэрээ байгаа гээд яриад байдаг. Энэ хэрэгт 3 гэрээ байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Мөн нэмэгдүүлсэн шаардлага болон аудитын дүгнэлт үндэслэлгүй гэдгийг эхний тайлбартаа хэлсэн. Тэр тайлбараа ч мөн дэмжиж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага ерөөсөө тодорхойгүйн дээр бараа 5 000 000 төгрөгөөр тооцож өгсөн гээд байгаа боловч яг Л.С  хүлээж авсан гэсэн баримт бас байдаггүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлэхдээ мөнгөө баталгаажуулахын тулд гэрээг байгуулсан гэнэ. Мөнгө зээлсэн хүн мөнгөө баталгаажуулах нь зүйн хэрэг шүү дээ. Гэрээг хэдийд ч хийж болно. 2 тал өөр хоорондоо хүсэл зориг нийлээд л гэрээ хийсэн байж таараа гэж бодож байна. Ингээд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Баасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4 зааснаар ойлгомжгүй, тодорхой бус байна. Гаргасан мөнгөн дүн, тоо хэмжээ нотлох баримтад үндэслээгүй өөрийн хийсвэр бодлоороо таамаг төдий гаргасан байна. Мөн өмгөөлөгч Б.Энхбаярын хэлсэнчлэн Аудитийн дүгнэлт бол нэг талыг барьсан дүгнэлт төдийгүй 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гарсан дүгнэлт байдаг. Тэгэхээр өнөөдрийн хэрэг маргааныг шийдэхэд төдийлөн ач холбогдолгүй гэж харж байгаа учраас нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Өөр нэг зүйл байгаа нь “Тэд-од” ХХК-ийн дүгнэлт гэж байгаа нь албан бус гэж бодож байна. Компани юм бол компанийн захирал бусад эрх бүхий субъектүүд гарын үсэг зурах ёстой байтал Дашдаваа гэх ганцхан захирал нь гарын үсэг зурсан байдаг. Бид хууль зүйн хүрээнд мэтгэлцэж байгаа учраас үүнийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэл байхгүй гэсэн санааг хэлэхийг хүсч байна. Үндсэн нэхэмжлэлтэй холбоотой хэлэхэд 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Г.Д  өөрөө гэрээн дээр гарын үсгээ зурсан байдаг. Ямар нэгэн байдлаар албадаагүй гэдгээ хариуцагч хэлж байгаа. Ийм учраас сөрөг нэхэмжлэл бол үндэслэлтэй. Үндсэн нэхэмжлэл бол хууль зүйн нотолгоо байдаггүй. 2015 оны 07 сараас хойш аман болон бичгийн хэлцлээр мөнгө төгрөг өгч авалцаад явсан байдаг. Гэрээний тал дээр маргах зүйл байхгүй гэж үзэж байна. Иргэний хуульд зааснаар хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар баталгаажна гэж заасан байгаа. Хэргээс харахад Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж шүүхээр хамгаалагдах хүртэл зөрчигдөөгүй байна. Мөнгө зээлсэн, буцааж төлсөн ийм л зүйл болсон байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой байна гэсэн заалтыг хангахгүй байгаа. Тооцоо хийгээд үзвэл нэхэмжлэлийн шаардлага болох 29 910 382 төгрөг яав ч гарахгүй байгаа. Өмгөөлөгчийн хөлс 1 500 000 төгрөгийн тал дээр хэрэгт лав байхгүй байсан. Гэрээ байлаа ч мөнгө шилжүүлсэн баримт байх ёстой, ийм зүйл  байгаагүй. Мөн нэхэмжлэгч Г.Д  нь зээлээ эргүүлэн төлөөд өөрөө тооцоо хийж байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул гэрээ болон хэлцлийг хүлээн зөвшөөрөөд яваад байна гэсэн үг юм. Мөн дээр би ярьсан, аудитын дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй. Энэ дүгнэлт нь яг энэ хэлэлцэгдэж байгаа иргэний хэргээс өмнө гарсан баримт байдаг. Ингээд нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус нэхэмжлээд байгаа мөнгөний тооцоо болон мөнгөн дүн тодорхой бус, хэрэгт авагдсан цуглуулсан нотлох баримтууд хууль зүйн үндэслэлгүй байгаа тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Д-н зээлийн хүү 27 912 382 төгрөг, аудитын дүгнэлт 500 000 төгрөг, өмгөөллийн хөлс 1 500 000 төгрөг нийт 29 910 382 төгрөгийн гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Д-н 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн зээлдүүлэгч Л.С  зээлдэгч Г.Д  нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 282.2-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага 9 074 000 төгрөгөөс 7 200 000 төгрөгийг Г.Д-с гаргуулан  нэхэмжлэгч Л.С-д олгож, илүү нэхэмжилсэн 1 874 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Д-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380 200 төгрөг, Л.С н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160 150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 7 200 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 130 150 төгрөгийг хариуцагч Г.Д-с  гаргуулан нэхэмжлэгч Л.С-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

 

Нэхэмжлэгч Г.Дуламжав, түүний өмгөөлөгч С.Сувдмаа нар давж заалдах гомдолдоо: “...Төв аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн 151/ШШ2018/00775 тоот шийдвэрийг эс зөвшөөрч доорх үндэсгэлээр давж заалдаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж харилцан үүрэг хүлээсэн болох нь нотлох баримтаар тогтоогдож байгаа тул тэдний хооронд үүрэг үүсээгүй гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч Л.Сүндайлайгийн өмгөөлөгчид Г.Дуламжавт зээлүүлсэн мөнгийг хүүтэй болон хүүгүй зээлүүлсэн гэж хоёр хувааж тайлбарласан. Л.С  хэзээ ч надад хүүгүй мөнгө өгөөгүй. Тэгвэл хүүтэй өгсөн гэрээ байгуулж өгсөн гэх мөнгө нь:

-2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 6,500,000 төгрөгийг гэрээ хийж зээлүүлсэн. 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 8,500,000 төгрөг болгож өгнө гэж тохирсон өдрөө өгсөн. Нэг сарын дотор хүүд 2,000,000 төгрөг нэмж өгсөн. Энэ тухай өгсөн, авсан гарын үсэгтэй баримт хэрэгт байгаа.

-2016.01.04-ны өдөр 3.500,000 төгрөг 10%-ийн хүүтэй нэг сарын хугацаатай 2016 оны 02 сарын 07-ны өдөр 3,850,000 төгрөг болгож өгсөн баримт гарын үсэгтэй баримт хэрэгт байгаа.

-2016.01.06-ны өдөр 1,500,000 төгрөг 2% хүүтэй  /энд хугацаа заагаагүй/

-2016.01.19-ний өдөр 1.500,000 төгрөг 10%-ийн хүүтэй нэг сарын хугацаатай нийт 5.500.000 мянган төгрөгийг цувруулж он, сараар нь бичсэн боловч зээлдэгч гарын үсэг зураагүй. Дор нь Г.Д-р нийт 7,800,000 төгрөг авсан гэж гарын үсэг зуруулсан байдаг. Энэ байдлаас гэрээтэй өгсөн мөнгө нь 13,000,000 сая төгрөг л хүүтэй гэрээ гэж хариуцагч тал тайлбарлаж байгаа боловч хавтас хэргээс үүнийг зээлдэгч,  зээлүүлэгч нарын хооронд үүссэн гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна Үүнийг өмгөөлөгч нар нь ч тооцоо нийлсэн акт юм гэдгээ хэлсэн. Учир нь 2016.01.06-ны өдөр өгсөн 2%-ийн хүүтэй 1,500 000 төгрөг нь хугацаа заагаагүй, зээлдэгч өөрөө гарын үсэг огт зураагүй байж шүүх хурал дээр өмгөөлөгч Б.Энхбаяр нь 5 хоногийн хугацаатай өгсөн гэж хэлж байгаа нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байна Гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Зээлийн гэрээ хугацаатай байна гэсэн шаардлагад нийцэхгүй байна.

Хариуцагч талын тайлбарлаж байгаагаар 13,000,000 төгрөгийг хүүтэй өгөөд үлдсэн 35 100 000 төгрөгийг зээлийн гэрээ болон хүүгийн гэрээ байгуулаагүй өгсөн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн хариуцагчийн өөрийн тайлбараар хүүгүй зээлсэн буюу огт гэрээ байгуулаагүй мөнгө 20,460,000 төгрөг гэж худал хэлдэг. Зээлдүүлэгч мөнгө өгөөд зээлдэгч зөвхөн авсан гэж гарын үсэг зурсан, зарим мөнгөнд зээлийн хугацаа заагаагүй, зээлдүүлэгч, зээлдэгч талууд гарын үсэг зураагүй хэрэгт байгаа баримтууд нь Иргэний хуульд заасан хүү авах гэрээг бичгээр хийгээгүй байхад шүүх банк, ломбард, банк бус санхүүгийн байгууллагын эрхгүй хүүлэх эрхгүй, хүүлэх эрхтэй байгууллагын хүүгээс хэт их өндөр хүүлсэн хүний хийсэн хууль бус үйлдлийг өөгшүүлэн шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна.

Энхбаяр өмгөөлөгч зөвхөн Л.С гийн дансанд Г.Д-с орж ирсэн мөнгө 20 хэдэн сая төгрөг байхад аудит 48,000,000 төгрөг шилжүүлсэн гэсэн нь зөрүүтэй байна гэж худал хэлж нотлох баримтыг үгүйсгэсэн. Би даргалагч шүүгчээс Л.Сундалайгийн шүүхэд өгсөн дансны хуулгыг шүүх хурал дээр нэг бүрчлэн судлаж үзэхэд Аудитын тооцоотой таарч 40 хэдэн сая төгрөг болж байсан. Би данстай нь тулгаж байхад Энхбаяр өмгөөлөгч Л.С г яах гэж дансны хуулгаа авч ирж өгсөн юм бэ? гэж загнаж байсан. Хавтас хэргийн 32-р хуудсанд Л.С  миний дансанд Л.Дуламжаваас орж ирсэн 45,183.000 төгрөг гэж өөрийн гараар бичсэн нотлох баримт нь хэрэгт байгаа болно. Энэ нь өмгөөлөгч нарынх нь хэлээд байгаа мөнгийг үгүйсгэж харин аудитын дүгнэлт, Л. Л.С гийн дансны хуулга, түүний шүүхэд өгсөн гар бичмэл зэрэгтэй нь миний гаргаад байгаа тооцоо нийлдэг. Мөн данснаас гадна бэлнээр тушаасан баримт хавтас хэргийн 25-р хуудаснаас харагдаж байхад нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлож чадахгүй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хавтас хэргийн 59-р хуудсанд татварын албан тоот, хавтас хэргийн 26-р хуудсанд Тэд-Од аудитын Төв аймгийн Цагдаагийн газарт явуулсан дүгнэлтээс цагдаагийн байгууллагын санаачлагаар хийгдсэн гэдэг нь тодорхой харагдана.

Л.С  Цагдаагийн газарт 2016.05.09-ний өгсөн мэдүүлэгтээ “Бид нарын хооронд гэрээ байгуулсан зүйл байдаггүй. 10,000,000 төгрөгний гэрээний хувьд урьд өгч байсан мөнгөний үлдэгдэл дээр 2016.02-03-ны өдрөөс хойш 2016.03.15-ны өдрийг хүртэл хүүтэй гэрээ хийсэн. Хүүгээ зогсоож өгөөчээ гээд 10,000,000 төгрөгийн алдангид өдөр бүр 100,000 төгрөг өгөхөөр тохирсон. Энэ дагуу би 1140,000 төгрөг өгөөд байхад 926.000 төгрөг нэхэмжлэх үндэслэлгүй. Тэр гэрээ хийсэн өдрөөс хойш 2016 03.15-ны өдөр хүртэл тохирсон 100,000-н төгрөгөө өгч байсан гэж хэлсэн энэ тэмдэглэл нь шүүхийн шийдвэрт тусгагдсан байхад шүүх түүнийг үл ойшоон 3% хүү тооцсон байсныг багасгаж шийдсэн гэж заасан нь буруу”. Энэ мэдүүлгээс 2016.03.15-ны өдрийн 10,000.000 төгрөгний гэрээ нь талууд гар дээрээ мөнгө төгрөг өгч авалцаагүй урьд тооцоо дээр дахин хүүлсэн нөхөн хийсэн нь батлагдсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн.

Хоёр дахь шаардлагын хувьд : 2016.03.15-ны өдөр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нь: Г.Д  нь дээрх 2016.03.15-ны өдөр намайг гарын үсэг зурж зөвшөөрсөн гэрээ байна гэж шүүхийн үзээд байгаа 10,000,000 төгрөгний 3,000,000 төгрөг нь 2016.02 29-ний өдөр шилжүүлэн авсан мөнгө юм. Хавтас хэргийн 108-д байгаа ноорог тэмдэглэлд 3.000,000 төгрөг 3% хүүтэй гэж бичсэн нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ гэж үзэх үндэслэл муутай байна. Харин дээрх 2016.03.15-ны өдөр буюу мөнгө өгснөөс хойш дээрх гэрээг 16 хоногийн дараа Г.Д-н янз бүрийн байдлаар дарамтлан загнаж мөнгөө баталгаажуулах цагдаад баримт болгох зорилгоор нөхөж хийсэн хүчээр байгуулсан гэрээ байхад шүүх Г.Дуламжавыг зөвшөөрч гэрээнд гарын үсэг нь ИХ-ийн 281.1 заасан заалтыг  зөрчөөгүй гэж үзэх үндэслэлгүй. Зээлдэгчийн өмчлөлд энэ өдөр мөнгө шилжиж ирээгүй юм. Ийм учир бид дараагийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа. 7 сая төгрөг нь 3 сая төгрөг болон урьд хүүний үлдэгдэл 4,200,000 төгрөгний нийлбэр юм гэж тайлбарласаар байхад шүүх 4,200,000 төгрөгийг хэдэн сарын хэдний өдөр зээлсэн, хэдэн төгрөгний үлдэгдэл вэ? эсвэл хэдний хэдэн төгрөгний хүү юу? талаар нарийн тооцож гаргаагүй атлаа хариуцагчийн тайлбарыг үл харгалзан хүүлэх эрхгүй хүний хийсэн үйлдлийг өөгшүүлэн нэхэмжлэгчийг хохирсон дээр нь улам хохироож шүүхэд гомдол гаргасан нэхэмжлэгчийн эрх ашгийг сэргээн хамгаалахын оронд түүнд улам дарамт үзүүлэн 7.200.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна.

Анхан шатны шүүх Г.Д-с мөнгө авсан өмгөөлөгч нь өөрийн биеэр орж авсан мөнгөө хэлээд эрх зүйн туслалцаа үзүүлж хийсэн гэрээгээ хавсаргасан. Г.Д-с . Л.С г яаж дэлгүүр дээр ирж дарамталдаг талаар гэрч Аззаяагаас шүүх хурал дээр асууж байсан, шинжээчийн дүгнэлт нь хуурамч хууль бус гэж үзэх үндэслэлгүй байхад өмгөөлөгчийн мөнгө нь энэ хэрэгт хамааралгүй. Эрүүгийн хэрэгт хамааралтай. Өмгөөлөгчид мөнгө төлсөн баримт шүүхэд өгөөгүй учир нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч хариуцагчийн дарамтанд байсан гэдэг боловч үүнийг нотлох баримт байхгүй шинжээчийн дүгнэлтийг хүчин төгөлдөр дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн нь хэт нэг талд ашигтай, түүний хууль бус үйлдлийг өөгшүүлэн шийдвэрлэсэн.

Аудитын дүгнэлтийн талаар: Эрүүгийн хэрэг дээр Л.С г хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж 3-н удаа шат шатанд өмгөөлөгчийн хамт гомдол гаргасан болохоос харин шинэжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй талаар болон дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах талаар гомдол гаргаагүй. Гэтэл энэ дүгнэлтийг өнөөдөр ямар ч байгууллагаас хууль бус үндэслэлгүй дүгнэлт гэж үгүйсгэсэн баримт байхгүй байхад хэргийн эсрэг тал болон шүүх хүчин төгөлдөр дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэнд гомдолтой байна. Энэ дүгнэлт Төв аймгийн Цагдаагийн байгууллагьн санаачлагаар хийгдсэн болохоос манай талын хүсэлтээр дүгнэпт гаргуулаагүй. Маргалдагч талын нэг нь аудитын дүгнэлтийг албан бус дүгнэлт гэж хэлэхээр л албан бус болохгүй өөр хөндлөнгийн байгууллагаас дахин үнэлж дүгнэлт гарч байж хууль бус болно. “Тэд од” нэг гишүүнтэй учир захирал өөрөө гарын үсэг зурсан байдаг. Бид эрүүгийн хэрэгт гарсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэт өндөр хүүлсэн тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нотлох баримт болгож өгсөн. Гэтэл энэ хэргээс өмнө гарсан дүгнэлт тул энэ хэрэгт хамааралтай дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй гэж үзэх боломжгүй.  Хэрэг шүүхэд ирээд тодорхой хэмжээгээр удсан. Энэ хугацаанд энэ дүгнэлтийг дахин гаргуулах санал нэг ч удаа гаргаагүй.

Зээлдүүлэгч мөнгө хүүлэх ямар нэгэн зөвшөөрөл, эрх байхгүй атлаа зээлдэгчийг мөнгө хэрэгтэй, хүнд нөхцөлд байсан байдлыг далимдуулан / хүүхэд нь хүнд өвдсөн / хууль зөрчин мөлжлөгийн шинжтэй зах зээлийн болон банк, ломбард, банк бус санхүүгийн байгууллагын хүүнээс хэт өндөр хүүг өөрийн дураар 5-хан сарын дотор зээлдэгчид өгч түүний улмаас зээлдэгчид өрийн сүлжээ үүсгэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд гэр, байшин эд зүйлээ хураалгахад хүрсэн.

Дөнгөж сургуулиа төгсөөд ажил амьдралын гараагаа эхэлж байгаа ид цэцэглэж хийж бүтээх насан дээрээ ирж байгаа охин үрээ хүнд өвчин тусахад эцэг, эх нь түүнийг үхүүлэхгүй амьд мэнд эдгээхийн тулд дээрх мөнгийг яг л зээлдэгчийн хэлсэн өдрийн 3%-н хүүд өдрийн 100,000 төгрөг, сарын 10%-ийн хүүг зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрсэн.  Мөн дэлгүүрт нь ирж зээлдэгч, түүний нөхөр, хүүхэд нь хүүний мөнгөнд нь байнга бараа авч, хүнд хүртэл бараа авч өгдөг байсан байна. Зээлдүүлэгч өөрөө хүүгээ тооцоод түүндээ байнга бараа авч байсан нь хэргээс харагдана. Мөн хүүгээ одоо тэд болсон гэж нэхэх бүрт нь өгч байсан. Хүүгээ одоо бич урьд үлдэгдлээ бич гэж байнга хэлэхэд мөнгө авсан хүн бичиж өгөхөөс өөр аргагүйд хүрнэ. Яаж дарамталдаг байсан талаар гэрч Аззаяагаас нэхэмжлэгч Г.Д  шүүх хурал дээр асуусан. Эхнэр чинь манай дэлгүүрт орилж цагдаад өгнө одоо бүх мөнгөндөө гарын үсэг зурж өг гэж хашигчаад байхад би чамайг чи ирж эхнэрээ ав гэхэд чи ирж авч явсан биз дээ? гэхэд тийм гэж хариулсан. Гэтэл шүүх хурлын тэмдэглэлд эсэргээрээ мэдэхгүй гэж бичсэн байна. Мөн хэдэн оноос эхлэн мөнгө зээлдүүлсэн бэ? гэж асуухад 2013 оноос хойш гэж хэлсэн үүнийг хассан байна. Чамаас 6,500,000 төгрөг аваад буцааж төлөхдөө 8.500.000 төгрөг болгож төлсөн давхардсан тоо бий юу? гэхэд байхгүй гэсэн эдгээрийг шүүх хурлын тэмдэглэлд бичээгүй байна.

Хэргээс хэдийгээр талууд хүсэл зоригоо илэрхийлэн мөнгө өгч авдаг байсан ч Иргэний хуулийн доорх заалтуудад хүүтэй мөнгө өгч байсан нь хууль зөрчиж явагдаж байсан. Монгол улсын хуульд иргэн бүр захирагадаж бид хуулийн дор амьдрах ёстой. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонихролд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасаж болно. 282.3-т “хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” Анз алданги нь ИХ-ийн 232.6-д “0,5% иас хэтрэхгүй” 232.3 “Анзын гэрээг бичгээр хийнэ”. 232.3. Анзын гэрээг бичгээр хийнэ. 232.4 “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй”. 232.8. “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэсэн үндэслэлээр Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх  хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж бодитойгоор үнэлэх, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүйгээс үндсэн нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын заримыг  хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байна.

 

Нэхэмжлэгч Г.Д  нь ...өдрийн 3 хувийн хүүтэй 48 100 000 хариуцагчаас зээлсэн боловч 76 010 308 төгрөг буцаан төлж, зээлийн хүүд бичгийн гэрээгүйгээр илүү  төлсөн 27 910 382 төгрөгөөр хариуцагчийг  үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж аудитын төлбөр 500 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 500 000 төгрөгийн хамт нийт 29 910 382 төгрөгийг гаргуулах, зохигчдын хооронд хийгдсэн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн хэлцлийг хууль зөрчсөн үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох  шаардлагуудыг гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Л.С гаас  зээлийн гэрээний үүрэгт илүү төлөгдсөн төлбөрийг буцаан шаардсан бол хариуцагч Л.С  нэхэмжлэлийг татгалзсанаас гадна зээлийн гэрээний үүрэгт дутуу төлөгдсөн 9 074 000 төгрөгийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэгчид холбогдуулан  сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд удаа дараагийн хэлцлээр 48 100 000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Д-с зээлж авсан үйл баримтыг маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч буюу зээлдэгч нь  “...би 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 16-ныг дуустал хугацаанд 48 317 992 төгрөг  Л.С гийн дансанд, бэлнээр  20 984 400 төгрөг, бараагаар 5 867 090 төгрөг нийт 76 010 308 төлсөн гэсэн бол  хариуцагч буюу зээлдүүлэгч  нь зээлдэгчээс  54 850 000 төгрөгийг авсан гэж тайлбар гаргаж маргасан байна.

 

 Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн  зарим шаардлагад хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой үүргийн дагуу шаардсан 29 910 382 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281.1, 282.1, 282.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцжээ.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээг талууд тохиролцон амаар болон бичгээр байгуулах боломжтой байдаг бол мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба 282.3-т заасны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алддаг байна.

Хүү авах эрхийг зээлдүүлэгч эдэлдэг учир хуулийн дээрх хязгаарлалт зээлдүүлэгчийн шаардах эрхэд хамааралтай болно.

Харин бичгээр байгуулсан зээлийн гэрээгүй боловч хүү төлөхийг зөвшөөрсөн зээлдэгчийн эрхийг дээрх зохицуулалт хязгаарлахгүй болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.Д  нь удаа дараа амаар тохиролцож болон өөрийн гарын үсэг бүхий баримтаар тухайн үед зээлсэн мөнгөө хүүтэй төлөхөөр хүлээн зөвшөөрч зээлийн хүүд 27 910 382 төгрөг сайн дураар төлснийг буруу гэж үзэх, улмаар уг төлбөрийн хэмжээгээр хариуцагч Л.С г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй болно.  

Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн зээлдэгчийн уг үйлдэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т заасан зохицуулалтыг зөрчихгүй юм.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зохигчдын хооронд хийсэн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн заримыг хангаж  шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 56.1.1-д нийцээгүй байна.

Хэргийн 51 дүгээр талд авагдсан “2016.03.15-ны өдөр гэж огноологдсон, 4200,000+687000 / урьдны зээлийн төлбөр + 3000,000-ны төлбөр нь 3%-ийн хүүтэйгээр /өдрийн/ нийт  15 нийт хоног байх тул үндсэн болон хүүгийн төлбөр нь 10,000,000 төгрөг болсон болно. Энэхүү төлбөрийг 3 сарын 15-наас 5 сарын 15 дотор төлж барагдуулахыг зээлдүүлэгч хүсч байна. 2 сарын хугацаанд өдөрт- 100,000  Зээл барагдуулах хугацаа- 2 сар” гэсэн бичвэр бүхий баримтыг талууд үйлдэж гарын үсгээ зуржээ. Энэхүү баримтыг нэхэмжлэгч нь хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын үндэслэл болгосон бол хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 9 074 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэл болгосон байна.

 

Анхан шатны шүүх  зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны нөхцөл байдлыг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу тодорхойлж чадаагүй, дээрх баримтыг зохигчдын тайлбар болон хэргийн бусад баримт, хэргийн нөхцөл байдалтай харьцуулан авч үзэж үнэлэлт өгөөгүй нь учир дутагдалтай байна. Хариуцагч дээрх хэлцлээр нэхэмжлэгчид 10 000 000 төгрөгийг бодитойгоор шилжүүлэн өгөөгүй байхаас гадна өдрийн 3 хувийн хүүтэй гэж бичсэн боловч , өдөрт 100 000 төгрөг авахаар тохирсон, өмнөх хэлцлүүдээр мөн удаа дараа өндөр хувьтай, өдрийн хүү тогтоож зээлийн хамт авч байсан зэрэг хэргийн нөхцөл байдлууд баримтаар тогтоогдож байх тул зээлдэгчийн мөнгө, санхүүгийн сул дорой байдлыг ашиглаж хийсэн мөлжлөгийн шинж чанартай, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан  хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаан дээр уг  баримтын талаар тайлбарлахдаа “... 10 000 000 төгрөгийн гэрээ бол гэрээ гэхээсээ илүү тооцоо нийлсэн акт,...өмнөх үлдэгдлүүдээ тооцоод 2 тал гарын үсэг зурсан...гэжээ.

 

Хариуцагч Л.С  2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан нотлох баримт бүрдүүлэх ажиллагаанд шүүхийг оролцуулах тухай хүсэлт гаргаж,  Төв аймгийн Прокурорын газраас Г.Дуламжавт холбогдох 201619000330 дугаартай эрүүгийн хэргээс “Тэд-Од Аудит” ХХК-ийн  2016 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлт болон Г.Д-с Л.С-д мөнгө, бараагаар төлбөр төлсөн баримтууд, Л.С гийн Г.Д-с төлбөрийг мөнгө болон эд зүйлээр хүлээн авсан баримтууд болон бусад баримтыг гаргуулах хүсэлтийг шүүх 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 151/ШЗ2018/02276 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэжээ. Төв аймгийн Прокурорын газраас шүүгчийн захирамжид заагдсан нотлох баримтуудыг эрүүгийн хэргээс хуулбарлан Төв аймгийн Прокурорын газар эрүүгийн хэргийн салбар архив “Хуулбар үнэн” гэсэн тэмдэгтэй  шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэсэн шаардлагад нийцсэн байна./хх-ийн 109-134-р тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан ажиллагааны журмаар хуулийн шаардлага хангаж хэрэгт авагдсан  эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааны шатанд хийгдсэн “Тэд-Од Аудит” ХХК-ийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлт гэж үзэх боломжгүй нь ойлгомжтой  боловч мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.4-т заасан бичмэл нотлох баримтад хамаарах тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасан журмаар хэргийн бусад баримттай харьцуулан үзэж үнэлэх  боломжтой байхад анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлт гэж үзэх боломжгүй гэснээр хязгаарлан тухайн бичмэл нотлох баримтын маргааны үйл баримтыг  тогтооход хамаарал бүхий байх, ач холбогдолтой байх зэрэг шинжийг  үгүйсгэсэн нь хуульд нийцээгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, сөрөг нэхэмжлэлийн заримыг хангасан нь үндэслэлгүй тухай давж заалдсан гомдлын үндэслэлийг хүлээн авах, давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд  үндсэн нэхэмжлэлийн заримыг буюу хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй  болгож шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШШ2018/00775  дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар  заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Л.С , Г.Д  нарын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай” гэж,

“3 дугаар заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасан үндэслэлгүй тул Г.Д-с 9 074 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Л.С гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж

“4 дүгээр заалтын “... хэвээр үлдээж ..” гэснийг “... хэвээр үлдээсүгэй ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч Г.Д-н гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 343 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ЭНХМАА  

           

                  ШҮҮГЧИД                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                        Ц.ӨРНӨНДЭЛГЭР