Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2019/00229

 

Г ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШШ2018/00775 дугаар шийдвэр,

            Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 223/МА2018/00022 дугаар магадлалтай,

   Г ын нэхэмжлэлтэй,

            Л д холбогдох

            Үндэслэлгүй хөрөнгөжсөн 29,910,382.00 төгрөг гаргуулах, 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр буст  тооцуулах үндсэн нэхэмжлэлтэй,

            Зээлийн гэрээний үүрэгт 9,074,000.00 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагч Л , хариуцагчийн өмгөөлөгч Л.Баасан, Б.Энхбаяр, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд: Анх Л гаас 2015 оны 07 сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг зээлж аваад 1 хоногийн дараа 2,060,000 төгрөг өгч хаасан. 2015 оны 07 сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг аваад 2015 оны 07 сарын 30-нд 650,000 төгрөг, 2015 оны 08 сарын 10-нд 1,600,000 төгрөг өгч нийт 20 хоногийн хүүнд 750,000 төгрөг өгсөн. 2015 оны 08 сарын 14-нд 2,000,000 төгрөг авсан. 2015 оны 08 сарын 27-нд 2,520,000 төгрөг өгсөн. 2015 оны 08 сарын 31-ний өдөр 2,500,000 төгрөг авч, 2015 оны 09 сарын 08-нд 3,240,000 төгрөг өгсөн. 2015 оны 09 сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг авч, 2015 оны 10 сарын 15-нд 9,000,000 төгрөг өгсөн. 2015 оны 10 сарын 19-ний өдөр 1,500,000 төгрөг, 2015 оны 11 сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг авсан. 2015 оны 11 сарын 05-ны өдөр 395,000 төгрөг төлсөн. Л н мобайл банк ашиглан Улаанбаатар хотод байгаа охин руугаа 660,000 төгрөг шилжүүлж мөнгийг нь тэр дор нь бэлнээр тоолж өгсөн. 2015 оны 11 сарын 21-ний өдөр 320,000 төгрөг, 2015 оны 11 сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг төлсөн. 2015 оны 11 сарын 30-ны өдөр 6,500,000 төгрөг авсан. 2015 оны 12 сарын 03-ны өдөр 260,000 төгрөг, 2015 оны 12 сарын 14-ний өдөр 200,000 төгрөг, 2015 оны 12 сарын 16-ны өдөр 210,000 төгрөг, 2015 оны 12 сарын 18-ны өдөр 398,000 төгрөг, 2015 оны 1,000,000 төгрөг, 2015 оны 12 сарын 26-ны өдөр 8,500,000 төгрөг төлсөн. 2016 оны 01 сарын 19-ний өдөр 1,100,000 төгрөг, 2016 оны 01 сарын 27-ны өдөр 1,700,000 төгрөг, 2016 оны 02 сарын 05-ны өдөр 3,500,000 төгрөг авсан. Ингээд 2016 оны 02 сарын 05-ны өдөр 8,000,000 төгрөг өгсөн. 2016 оны 02 сарын 05-ны өдөр Хас банкнаас Г  би 26,500,000 төгрөгийн зээл авч тухайн өдрөө Л н дансанд 8 удаагийн гүйлгээгээр нийт 8,000,000 төгрөг төлж байсан. Энэ мөнгийг би 6 дугаар сар хүртэл хүү, алдангийн хамт төлж давхар хохирсон. Үүнээс хойш одоог хүртэл би төлөөгүй учир шүүхээс шийдвэр гарчихсан Шийдвэр гүйцэтгэх газар миний өмчлөлийн эд хөрөнгө хураах гэж байна. 2016 оны 02 сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод байгаа хүүхэд рүүгээ бараа захих болж Л н мобайл банкаар 100,000 төгрөг шилжүүлэн авсан. 2016 оны 02 сарын 15-ны өдөр 15,340,000 төгрөг авч, 2016 оны 02 сарын 16-ны өдөр 15,000,000 төгрөг өгсөн. 2016 оны 02 сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөг хүүхдийнхээ эмчилгээний зардалд зээлж авсан. Үүнээс хойш бэлнээр болон дэлгүүрээсээ бараа материалаар мөнгө төлдөг байсан. Дээрх хугацаанд Л гаас 48,100,000 төгрөг зээлсэн боловч бидний хооронд ямар нэгэн зээлийн гэрээ буюу хүү алданги тооцох талаар тохиролцсон хэлцэл огт байхгүй. Мөн би 2015 оны 07 сарын 07-ны өдрөөс Л н дансанд 2016 оны 02 сарын 16-ны өдрийг дуустал 48,317,992 төгрөг, бэлнээр 20,984,400 төгрөг, бараагаар 5,867,90 төгрөг, нийт 76,010,308 төгрөг төлсөн байдаг. Гэтэл Л  намайг өөрийг нь залилсан гэж үзэж 2016 оны 04 сарын 01-нд Төв аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн гэмт хэрэг үүсгүүлэн шалгуулсан. 2016 оны 09 сарын 16-ны А305 тоот прокурорын газрын тогтоолоор надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ хугацаанд Төв аймгийн Цагдаагийн газраас бидний хоорондох мөнгөний тооцооны өгөө авааг нарийн гаргуулах зорилгоор Төв аймгийн “Тэд-Од Аудит” ХХК-иар дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлтээр бидний хоорондох 22 удаагийн 48,100,000 төгрөг зээлсэн боловч ямар нэгэн зээлийн гэрээ болон бусад анхан шатны баримт байхгүй учир хүү бодох боломжгүй, 2015 оны 07 сарын 07-ны өдрөөс Л н дансанд 2016 оны 02 сарын 16-ны өдрийг дуустал 48,317,992 төгрөг, бэлнээр 20,984,400 төгрөг, бараагаар 5,867,990 төгрөг, нийт 76,010,308 төгрөг төлж нийт төлбөл зохих 48,100,000 төгрөгөөс 27,910,382 төгрөг илүү төлсөн байна. Энэхүү зээлийн хүү нь өнөөдөр мөрдөж байгаа банкны сарын бизнесийн зээлийн дундаж хүү 2.5 хувь, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, барьцаат зээлдүүлэгчийн хүү сард дунджаар 10-15 хувь байна. Дээрх тооцооноос хүүг үзвэл сард 90-93 хувь байгаа учир хэт өндөр хүү тооцож байна гэж үзлээ гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтийн аудитад төлөх 500,000 төгрөгийг Цагдаагийн байгууллагаас 2 тал хуваан төл гэсэн боловч Сүндалай төлөхгүй гэсэн учир Цагдаагийн байгууллага надаар төлүүлсэн. Мөн би дээр нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан учир өмгөөлөгчийг 1,500,000 төгрөгөөр авч хохирсон дээрээ давхар хохирсон. Л  Төв аймгийн Цагдаагийн газрын дэслэгч Г.Булгантогтоход 2016 оны 05 сарын 09-ний өдөр өгсөн тайлбартаа “Урьд өгч байсан мөнгөний үлдэгдэл дээр 2016 оны 02 сарын 06-ны өдрөөс хойш 03 сарын 15-ны өдөр хүртэл хүүтэй гэрээ хийсэн. Хүүгээ зогсоож өгөөчээ гээд 10,000,000 төгрөгийн алдангид өдөр бүр 100,000 төгрөг өгөхөөр тохирсон. Тэр гэрээ хийсэн өдрөөс хойш 926,200 төгрөг болон бараа авсан. 03 сарын 05-ны өдөр хүртэл тухайн мөнгөө өдөр бүр өгч байсан” хэмээн мэдүүлсэн байдаг. Гэтэл энэхүү 10,000,000 төгрөгийн 3,000,000 төгрөг нь үндсэн Сүндалайгаас авсан мөнгө бөгөөд 7,000,000 төгрөг нь хүү алдангийн төлбөр юм. Өөрөөр хэлбэл, үндсэн 3,000,000 төгрөг дээрээ хүү алданги тооцон 7,000,000 төгрөг нэмж нийт 10,000,000 төгрөг дээр нэмэлт гэрээ хүчээр хийлгэсэн. Энэ талаараа Цагдаагийн газрын мэдүүлэгтээ өдрийн 3 хувь, сарын 10 хувийн хүүтэй авна гэдгээ хүлээж мэдүүлсэн байдаг. Миний хүүхдийн өвчтэй, зовлонтой, гачигдалтай байдлыг далимдуулан Л  нь надад өдрийн 3 хувь, мөн дахин сарын 10 хувийн хүүтэй мөнгө өгч байсан учир би сүүлдээ эдийн засгийн уналтад орсон. Одоо манай дэлгүүр, бүх бизнесийн үйл ажиллагаа зогсож, шүүхээс олон удаагийн шийдвэрээр өр төлбөртэй болсон. Сүүлд би хүнээс зөвлөгөө авахад Иргэний хуулинд зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулах, мөн хүү алдангиа зээлийн гэрээгээр тохирч баталгаажуулаагүй тохиолдолд хүү хүүлэх эрх Л д байхгүй гэж хэлсэн. Иймд Л г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж түүнд илүү төлсөн 27,910,382 төгрөг, аудитын төлбөр болох 500,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг, нийт 29,910,382 төгрөгийг Л гаас гаргуулан хохирогч Г ын зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад: Би 2016 оны 03 сарын 15-ны өдөр бэлнээр Л гаас 10,000,000 төгрөг аваагүй. Дээрх хэлцлийг задруулан тайлбарлахад чиний өмнө зээлсэн мөнгөний үлдэгдэл 4,200,000 төгрөг үлдсэн, үүнийгээ баталгаажуулж авна гэж дарамталдаг байсан. Гэрээнд дараа нь бичсэн 3,000,000 төгрөг нь 2016 оны 02 сарын 29-ний өдөр Л гаас авсан 3,000,000 төгрөгийг өдрийн 3 хувийн хүүтэй зээлсэн, зээлэхдээ бидний дунд аман яриагаар мөнгөө өгч авалцсан, бичгээр ямар нэг гэрээ байгуулаагүй мөнгө юм. Дээрх 3,000,000 төгрөгийг өдрийн 3 хувийн хүүтэй өгч 2,119,000 төгрөг гэж тэгшитгэн эдгээр мөнгө нийлээд 10,000,000 төгрөгийн эх үүсвэр болсон. Ингээд гэрээ хийсэн өдрөөс хойш байнга 100,000 төгрөгөөс дээш бараа, мөнгө авдаг байсан, энэ тооцоогоор би түүнд 1,140,000 төгрөг өгсөн байхад 926,000 төгрөг хасаад 9,074,000 төгрөг нэхэмжилж байна. Дээрх зээлсэн 10,000,000 төгрөгийн 3,000,000 төгрөг нь үндсэн зээл, бусад нь хүүгийн мөнгө юм. Иргэний хуульд хүү авах тухай бичгийн гэрээ байгуулаагүй тул хүү авах эрхээ алдана гэж заасан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4, 56.1.8, 60.1, 57.2, 57.3-т зааснаар 2016 оны 03 сарын 15-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г ын нэхэмжлэлд дурдсан 29,910,382 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Түүний хүсэлтийн дагуу 2015 оноос хойш би удаа дараа мөнгө зээлдүүлж байсан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 281-286 дугаар зүйлд заасны дагуу хэрэгжсэн. Мөнгө зээлдүүлэхдээ зарим тохиолдолд амаар, зарим үед бичгээр хэлэлцэн тохирсон байдаг. Нэхэмжлэлд дурдсан 29,910,382 төгрөг нь нэхэмжлэгч өөрийнхөө санаа бодлоор бичсэн тоо бөгөөд үүнийг 2016 оны 03 сарын 15-ны өдөр харилцан тохиролцсон баримтаас харж болно. Энэ тохиролцооны дагуу надад 10,000,000 төгрөг 2016 оны 05 сарын 15-ны өдөр төлөх үүрэг үүссэн боловч энэ үүргээ Г  биелүүлээгүй тул би цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан, 10,000,000 төгрөг төлнө гэдгээ цагдаад өгсөн мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Нэхэмжлэлд дурдсан аудитын дүгнэлтийн төлбөр 500,000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн 1,500,000 төгрөгийг би хариуцахгүй, аудитын дүгнэлт гаргуулах, өмгөөлөгч ажиллуулах санаачилгыг би гаргаагүй, нэхэмжлэгчийн санаачилгаар явагдсан тул би буруугүй болно. Харин нэхэмжлэгч Г  намайг 9,074,000 төгрөгөөр хохироож байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргана. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд 2016 оны 03 сарын 15-ны өдрийн баримтаар бидний хооронд өгч, авалцах мөнгө, үлдэгдэл мөнгөний хүү, төлбөр төлөх хугацааг тодорхойлсон. Г  гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул би цагдаагийн байгууллагад хандсан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. Нэмэгдүүлсэн шаардлага бол түүний үндсэн нэхэмжлэлтэй холбоогүй, хариуцагчийн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлтэй холбоотой шаардлага болно. Тэрээр шүүхэд 2018 оны 04 сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа энэ шаардлагаа мэдээгүй байсан гэдэг нь эргэлзээтэй. 2016 оны 03 сарын 15-ны өдөр өр, авлагын үлдэгдэл, хүү төлөх хугацааг Л , Г  бид тохиролцож, Г ын охин Дуламсүрэн тохиролцооны эхийг бичиж, гарын үсэг зуралцсан тул энэ хэлцэл хууль ёсны хэлцэл болно. Иймд нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд: Г ын хүсэлтээр Л  миний бие 2015 оноос хойш түүнд мөнгө зээлдүүлж байсан. Тэрээр надаас 29,910,382 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хоорондын тооцоо хийсэн баримтыг үл огоорон үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан тул 2016 оны 03 сарын 15-ны өдөр тохиролцсон баримтыг үндэслэн сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Г  нь Л  надад 2 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон 10,000,000 төгрөгөөс төлөөгүй үлдсэн 9,074,000 төгрөгийг Г аас гаргуулж өгнө үү гэжээ.           

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШШ2018/00775 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г ын зээлийн хүү 27,912,382 төгрөг, аудитын дүгнэлт 500,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөг нийт 29,910,382 төгрөгийн гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г ын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн зээлдүүлэгч Л  зээлдэгч Г  нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 282.2-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага 9,074,000 төгрөгөөс 7,200,000 төгрөгийг Г аас гаргуулан нэхэмжлэгч Л д олгож, илүү нэхэмжилсэн 1,874,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380,200 төгрөг, Л н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 7,200,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 130,150 төгрөгийг хариуцагч Г аас гаргуулан нэхэмжлэгч Л д олгож шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 223/МА2018/00022 дугаар магадлалаар: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШШ2018/00775 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Л , Г  нарын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай” гэж, 3 дугаар заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасан үндэслэлгүй тул Г аас 9,074,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Л гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 4 дүгээр заалтын “... хэвээр үлдээж” гэснийг “... хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 223/МА2018/00022 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс харьцуулан үзэж тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж бодитой дүгнэлт хийсний үндсэн дээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн боловч үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 29,910,382 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүйд гомдолтой байна. Үндэслэл нь: Давж заалдах шатны шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа “....өмнөх хэлцлүүдээр мөн удаа дараа өндөр хувьтай, өдрийн хүү тогтоож зээлийн хамт авч байсан зэрэг хэргийн нөхцөл байдлууд баримтаар тогтоогдож байна...” гэж дүгнэсэн мөртлөө өмнөх хууль бус хэлцлүүдийн үндсэн дээр хариуцагчаас нэхэмжилсэн 29,910,382 төгрөгийг хангалгүй орхисон нь давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянах үүргээ орхигдуулсан гэж үзэхээр байна. Мөн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн дээр дурдсан хэсгийг хангахгүй орхисон үндэслэлээ “харин бичгээр байгуулсан зээлийн гэрээгүй боловч хүү төлөхийг зөвшөөрсөн зээлдэгчийн эрхийг хязгаарлахгүй болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г  нь удаа дараа амаар тохиролцож болон өөрийн гарын үсэг бүхий баримтаар тухайн үед зээлсэн мөнгөө хүүтэй төлөхөөр хүлээн зөвшөөрч зээлийн хүүд 27,910,382 төгрөг төлснийг буруу гэж үзэх, улмаар уг төлбөрийн хэмжээгээр Л г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй болно.” гэжээ. Харин хэрэгт авагдсан баримтуудаар миний зүгээс тухайн үеийн мөнгөний хэрэгцээ, хариуцагчийн дарамт шахалтаар зээлсэн мөнгөө маш өндөр хүүтэй тооцож буцаан өгч байсан нь тогтоогддог. Ийм учраас миний зүгээс Л гийн бусдаас мөнгө хүүлдэг хууль бус үйлдэл буюу хууль зөрчсөн үйлдэл байгааг тогтоолгож, улмаар уг хууль зөрчсөн хэлцлийн үндсэн дээр төлсөн хүүг буцаан нэхэмжилсэн юм. Энэ тохиолдолд шүүхээс дээрх удаа дараагийн хэлцлүүдийг хууль бусад тооцох Иргэний хууль болон бусад хууль тогтоомжийг үндэслэн шийдвэрлэх хариуцагчаас 29,910,382 төгрөгийг гаргуулах ёстой байсан гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдэд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдмаагийн хяналтын журмаар гаргасан гомдолд:  Төв аймаг дахь сум дундын иргэний хэрийн анхан шатны шүүхийн 2018.07.23-ны өдрийн 151/ШШ2018/00775 тоот шийдвэр, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 223/МА2018/00022 тоот магадлалаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч үндсэн нэхэмжлэл болох 29,910,382 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172, 172.2.1 заасан үндэслэлээр шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр доорх гомдлыг гаргаж байна. Давж заалдах шат анхан шатны шүүх 29,910,382 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281.1, 282.1, 282.3, 492.1.1-д нийцсэн гэсэн дүгнэлт хийснийг доорх байдлаар үгүйсгэж байна.

ИХ-ийн 281.1-д зээлдэгч зээлсэн мөнгийг тохирсон хугацаанд буцааж өгөх гэж хуульчилсан байна. Гэтэл зээлдүүлэгч Сүндалай зээлдэгч Дуламжавад нэг өдрийн 3 хувийн хүүтэй 22 удаа зээл өгөхдөө 19 удаад зээлийн хугацааг огт тохиролцоогүй байсан. Үүнтэй холбоотой жишээ дурдахад 2015.07.20-нд 1,500,000 төгрөг аваад 2,250,000 бэлнээр, 150,000 бараагаар өгсөн нь 20 хоногт 900,000 төгрөгийн хүү өгсөн байна. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 3, 4 дэх заалт, мөн гэрээ нь хугацаатай байх заалтуудыг зөрчсөн. 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүүг тогтоож болно. гэж хуульчилсан байна. Гэтэл 22 удаа мөнгө авахдаа түүний зөвхөн 3 удаад нь талууд гэрээ байгуулж бусад 19 удаагийн авалтаар талууд огт гэрээ хийж гарын үсэг зураагүй, зарим нэг мөнгө өгсөн тэмдэглэлд зөвхөн зээлдэгчээр гарын үсэг зуруулсан нь талуудын хооронд хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэхээргүй баримт хэрэгт байдаг. Энэ нь Иргэний хуулийн 42.1, 42.2, 42.7. 43.1-д заасан заалтуудыг зөрчсөн. 282.3 Шүүхээс хүү авах эрхээ алдана гэсэн заалтыг үндэслэсэн атлаа, хүү зөвшөөрсөн зээлдэгчийн эрхийг хязгаарлаагүй, сайн дураараа зөвшөөрч төлсөн нь хариуцагч Л г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь мөнгө авах үед Г ын 23 настай охин хүндээр өвдсөн учир түүнд яаралтай мөнгөний хэрэгцээ гарч мөнгө өгсөн Л гийн удаа дараагийн дарамт шахалтад орж байсан гэдгээ шүүхэд удаа дараа тайлбарлан хэлж гэрч н.Аззаяа, н.Цолмон нараас асуусан асуулт зэрэг нотлох баримт хавтас хэрэгт авагдсан байхад шүүх сайн дураараа хүүд 27,910,382 төгрөг өгсөн гэж дүгнэсэн байна. Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно. Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж ИХ-ийн 182.2, 182.3-т зааснаар шүүх өөрийн эрх хэмжээгээр зээлдэгчийн хүсэлтээр хүүд төлсөн 27,910,382 төгрөгийн талыг ч болов зээлдэгчийн эрх ашиг сонирхолд илт хохиролтой үндэслэлээр хүүг багасгаад шийдвэрлэх боломж, эрх шүүхэд бүрэн байсан.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хяналтын хэсэгт “Өмнөх хэлцлүүдээр мөн удаа дараа өндөр хувьтай, өдрийн хүү тогтоож зээлийн хамт авч байсан зэрэг хэргийн нөхцөл байдлууд баримтаар тогтоогдож байх тул зээлдэгчийн мөнгө, санхүүгийн сул дорой байдлыг ашиглан хийсэн мөлжлөгийн шинж чанартай, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.1 заасан бичмэл нотлох баримтад хамаарах тул мөн хуулийн 40.1, 40.2-т заасан журмаар хэргийн бусад баримттай харьцуулан үзэж үнэлэх боломжтой байхад анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлт гэж үзэх боломжгүй гэснээр хязгаарлан тухайн бичмэл нотлох баримтын маргааны үйл баримтыг тогтооход хамаарал бүхий байх, ач холбогдолтой байх зэрэг шинжийг үгүйсгэсэн нь хуульд нийцээгүй байна гэсэн дүгнэлтүүдийг өгсөн байтлаа дээрх дүгнэлтүүдтэй холбоотойгоор шаардаж нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 29,910,382 төгрөгийг анхан шатны шүүхийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцжээ гэж үзсэн нь хоорондоо зөрчилтэй эргэлзээтэй дүгнэлтүүдийг хийсэн байна.

492.1.1. ИХ-ийн 281.1, 282.3 дах заалтыг зөрчин ихэнх зээлийн гэрээг бичгээр хийгээгүй, гэрээнд талууд гарын үсэг зураагүй, хүүгийн гэрээг бичгээр хийгээгүй. Зээлийн хүү нь өнөөдөр мөрдөж байгаа банкны сарын бизнесийн зээлийн дундаж хүү 2,5 хувь, Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, барьцаат зээлдүүлэгчийн хүү 4-10 хувь байна. Л нд өгсөн мөнгөний хүү нь 2016 оны 06 сарын 02-ны өдрийн Төв аймгийн Цагдаагийн газрын ХБ,МБ тасгийн дарга Ю.Чулуунбаатарын Шинжилгээ хийлгэх шинжээч томилсон тогтоолоор хийгдсэн “Тэд Од Аудит” XXК 2016.06.05-ны өдрийн 03 тоот дүгнэлтээр хүүг тооцож үзвэл сард 90-93 хувь байгаа учир хэт өндөр хүү тооцож байна гэж дүгнэлт хавтас хэрэгт авагдсан нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагч Тэд-Од Аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч энэ дүгнэлтийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямарч гомдол, хүсэлт гаргаагүй байж зөвхөн шүүх хурал дээр л дүгнэлтийг зөвшөөрөхгүй тухайгаа хэлдэг. Дээрх шатуудад гомдол хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан. Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндсэн шаардлага болох 29,910,382 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, нэмэлт өөрчлөлт оруулж Л гаас үндэслэлгүй хөрөнгөжсөн 29,910,382 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Давж заалдах шатны шүүхийн магадлалд ИХШХШХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар "... хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Учир нь давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо дараах дүгнэлтүүдийг хийжээ. Үүнд: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зохигчдын хооронд хийсэн 2016 оны 03 сарын 15-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 56.1.1-д нийцээгүй байна гэж дүгнэжээ. Шүүх энэхүү дүгнэлтийг хийхдээ “хариуцагч дээрх хэлцлээр нэхэмжлэгчид 10,000,000 төгрөг бодитойгоор шилжүүлэн өгөөгүй байхаас гадна өдрийн 3 хувийн хүүтэй гэж бичсэн боловч, өдөрт 100,000 төгрөг авахаар тохирсон” гэж хэлцлийн тохироог буруу ойлгосон тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцээгүй гэж үзжээ. Гэтэл Л  анхан шатны болон давж заалдах шатны шүүхэд “хэлцэлд заасан 4,200,000+687,000+3,000,000 ба 3,000,000 төгрөгийн өдрийн 3 хувийн хүү, нийт 15 хоног болсон тул үндсэн болон хүүгийн төлбөр 10,000,000 төгрөг болсон болно. Харин энэ 10,000,000 төгрөгөө л 2 сарын хугацаанд өдөрт 100,000 төгрөг өгч барагдуулах тухай тохирсон” гэж тайлбарладаг. Сөрөг нэхэмжлэлээ гаргахдаа ч энэ хэлцлийн дараа Г ын өгсөн 926,000 төгрөгийг хасаад 9,074,000 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг Г  ч хүлээн зөвшөөрдөг буюу 2018 оны 06 сарын 04-ний өдрийн Төв аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “би 1,140,000 төгрөг өгсөн” гэж маргадаг боловч нийт 10,000,000 төгрөг гэдгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь хариуцагч өгсөн авснаа тооцож 2017 оны 03 сарын 15-нд 10,000,000 төгрөг зээлсэн хүүг тохиролцон бичгийн хэлцлийг илэрхийлэл байхад үүнийг үгүйсгэсэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Гэтэл дээрх тохиролцоог давж заалдах шатны шүүх “өдрийн 3 хүүтэй боловч, өдөрт дахин 100,000 төгрөг” авахаар байна гэж ойлгож дүгнэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 281.1, 56.1.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэхэд хүрчээ. Иймээс шүүх “...зээлдэгчийн мөнгө, санхүүгийн сул дорой байдлыг ашиглаж хийсэн мөлжлөгийн шинж чанартай, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Харин дээрх хэлцлийн хүрээнд зөвхөн 3,000,000 төгрөгөнд 3 хувийн хүү тооцсон гэдгийг шүүх анхаарна уу. Энэхүү 3 хувийн хүүтэй 3,000,000 төгрөгийн хэлцлийг 2016 оны 02 сарын 29-ний өдөр хийсэн бөгөөд харин 2016 оны 03 сарын 15-ны өдрийн хэлцэлд тооцоо нийлж нэгтгэсэн. Энэ 3,000,000 төгрөг бол “үндсэн зээл” гэж Г  тайлбарладаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан ажиллагааны журмаар шаардлага хангаж хэрэгт авагдсан “Тэд-Од Аудит” ХХК-ийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтад хамаарна хэмээн дүгнэжээ. Энэ бол энэ хэрэгт хамааралгүй баримт байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүйд гомдолтой байна. “Тэд-Од Аудит”ын дүгнэлт нь зөвхөн Г ын гарын үсэгтэй баримт, тайлбарыг үндэслэснийг давж заалдах шатны шүүх анхаарч шинжлээгүй тул ИХШХШХ-ийн 166 дугаар зүйлийг зөрчсөн. Дээр дурдсан үндэслэлээр Төв аймгийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 сарын 20-ны 223/МА2018/00022 тоот магадлалд өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Г  нь ...өдрийн 3 хувийн хүүтэй 48,100,000.00 төгрөгийг хариуцагчаас зээлсэн боловч 76,010,308.00 төгрөг буцаан төлж, бичгийн гэрээгүйгээр зээлийн хүү гэж 27,910,382.00 төгрөг илүү төлснөөр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж аудитын төлбөр 500,000.00 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,500,000.00  төгрөгийн хамт нийт 29,910,382.00 төгрөг гаргуулах, 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагуудыг гаргажээ.

Хариуцагч Л  дээрх шаардлагуудыг эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт дутуу төлөгдсөн 9,074,000.00 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, маргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 7,200,000.00 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Л , Г  нарын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг хангаж, хариуцагч Л гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 15-ны хооронд  удаа дараагийн хэлцлээр 48,100,000.00 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлж авч байсан байна.

Нэхэмжлэгч нь ... 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 16-ны хооронд Л гийн дансанд 48,317,992.00 төгрөг, бэлнээр  20,984,400.00 төгрөг, бараагаар 5,867,090.00 төгрөг, нийт 76,010,308.00 төгрөг төлсөн гэж тайлбар гаргаж, харин хариуцагч нь түүнээс 54,850,000.00 төгрөгийг буцаан авсан гэжээ.

Иргэний хуулийн хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдах зохицуулалт нь зээлдүүлэгчийн шаардах эрхэд хамааралтай, төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн зээлдэгчийн үйлдэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т заасан зохицуулалтыг зөрчихгүй буюу талууд гэрээг бичгээр байгуулаагүй боловч нэхэмжлэгч Г  нь удаа дараа амаар тохиролцож, өөрийн гарын үсэг бүхий баримтаар тухайн үед зээлсэн мөнгөө хүүтэй төлөхөөр хүлээн зөвшөөрч, зээлийн хүүд 27,910,382.00 төгрөг сайн дураар төлснийг  буруу гэж үзэх, энэ хэмжээгээр хариуцагч Л г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 281.1, 282.1, 282.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцсэн гэж үзнэ.

Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдмаагийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

Зохигчдын хооронд үүссэн маргаанд хамаарах 2016.03.15-ны өдөр гэж огноологдсон бичмэл баримтад 4200,000+687000 урьдны зээлийн төлбөр + 3000,000-ны төлбөр нь 3%-ийн хүүтэйгээр /өдрийн/ нийт 15  хоног байх тул үндсэн болон хүүгийн төлбөр нь 10,000,000 төгрөг болсон болно. Энэхүү төлбөрийг 3 сарын 15-наас 5 сарын 15 дотор төлж барагдуулахыг зээлдүүлэгч хүсч байна. 2 сарын хугацаанд өдөрт-100,000 Зээл барагдуулах хугацаа-2 сар гэсэн бөгөөд талууд гарын үсэг зурсан нь хэрэгт авагджээ.

Дээрх баримтыг нэхэмжлэгч нь “хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлагынхаа үндэслэл болгосон бол хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 9,074,000.00 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэл болгосон байна.

2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 56.1.1-д нийцээгүй, шаардлагын үндэслэл болгож буй дээрх баримтыг зохигчдын тайлбар болон хэргийн бусад баримт, хэргийн нөхцөл байдалтай харьцуулан үнэлж чадаагүй байна.

Зохигчдын хооронд хийгдсэн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хэлцлийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 10,000,000.00 төгрөгийг бодитойгоор шилжүүлэн өгөөгүйгээс гадна өдрийн 3 хувийн хүүтэй гэж бичсэн боловч өдөрт 100,000.00 төгрөг авахаар тохирсон, түүнчлэн өмнөх хэлцлүүдээр удаа дараа өндөр хувьтай, өдрийн хүү тогтоож, зээлийн хамт авч байсан зэрэг хэргийн нөхцөл байдлууд баримтаар тогтоогдож байх тул зээлдэгчийн мөнгө, санхүүгийн сул дорой байдлыг ашиглаж хийсэн, мөлжлөгийн шинж чанартай, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д нийцсэн гэж үзнэ. 

 Иймээс үндсэн нэхэмжлэлээс хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна. 

Хариуцагч Л гаас 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан Төв аймгийн Прокурорын газраас нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг шүүх  хангаж, тус газраас шүүгчийн захирамжид заагдсан нотлох баримтуудыг эрүүгийн хэргээс хуулбарлан Төв аймгийн Прокурорын газар эрүүгийн хэргийн салбар архив Хуулбар үнэн гэсэн тэмдэгтэй шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлагад нийцсэн гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байх тул хариуцагчийн энэ үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй.

            Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 223/МА2018/00022 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Г ын хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,500 /гурван зуун долоон мянга таван зуу/ төгрөг, хариуцагч Л гийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,150.00 /нэг зуун гучин мянга нэг зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.УНДРАХ

                                  ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН